БАРИМТ 1
Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улс нь 1,104,300 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африкийн эвэр буюу Африк тивийн баруун хэсэгт байрлалтай далайд гарцгүй орон. Эиоп улс Эритрей (хойд), Жибути (хойд), Сомали (зүүн болон зүүн хойд), Кени (урд), Өмнөд Судан (баруун), Судан (баруун хойд) гэх улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Этиоп улсын нийт хүн ам нь 117.8 сая бөгөөд тэдний 67 гаруй хувь нь христийн шашинтай бол 30 хувь нь исламын шашинтай. Уг тоогоороо дэлхийд 14 дүгээр байранд жагсдаг ба Африк тивдээ хоёрдугаар байранд бичигддэг. 80 гаруй өөр үндэс угсаатай хүмүүс нийлж Этиоп улсын хүн амыг бүрдүүлдэг. Тэднээс хамгийн их хүн амтай үндэстнүүд нь Оромо болон Амхара нар юм.
БАРИМТ 3
Этиоп улсын нийслэл хотыг Аддис Абаба гэдэг ба тус хотын хүн ам нь ойролцоогоор 3 сая. Анатомын хувьд хүн төрөлхтөн одоогийн Этиоп улсын газар нутгаас Ойрхи Дорнод руу тархсан бөгөөд дунд палеолитын үед дэлхийн өнцөг булан бүр лүү шилжин суурьшсан. Манай эриний өмнөх нэгдүгээр мянганд үүссэн Сабайн хаант улс бол Этиоп улсын газар нутаг дахь анхны эртний улс юм.
БАРИМТ 4
Этиоп улсад христийн шашин манай эриний IV зуунд, исламын шашин VII зуунд тус тус нэвтэрсэн. Тус улсад Аксумын хаант улс III зуунд үүссэн бөгөөд тухайн үедээ Африк тивийн хамгийн хүчтэй гүрнүүдийн нэг байсан. Улмаар X зуунд Аксумын эзэнт гүрэн задран унасны дараа одоогийн Этиоп улс хэд хэдэн хаант улсуудад харьяалагдах болсон.
БАРИМТ 5
Аксумын хаант улсын үргэлжлэл болох Загве эзэнт гүрэн одоогийн Эритрей болон Этиоп улсын хойд хэсгийг хамран гурван зууны турш оршсон. Улмаар уг хаант улсын дараа төрөн гарсан Этиопын эзэнт гүрэн газар нутгаа тэлж гадаад дэлхий дэх нэр хүндээ өсгөсөн. XVIII зууны дунд үед Этиоп улс дотроо хагаралтай байсан хэдий ч төд удалгүй дахин нэгдсэн.
БАРИМТ 6
Мөн Африк тивийг колоничлох үйл ажиллагааны үеэр өөрсдийн бүрэн эрхээ хамгаалж чадсан цор ганц Африк тивийн улс бол Этиоп. Тэд 1896 онд Итали улсыг ялж Аддис Абабагийн тунхгийг байгуулснаар өөрсдийн ялалтаа баталгаажуулсан. 1878-1904 онд эзэн хаан II Менелик хэд хэдэн бүс нутгууд руу довтолж орчин үеийн хил хязгаараа баталгаажуулсан.
БАРИМТ 7
Италийн эзэнт гүрэн 1935 онд Этиоп улсыг түр зуур колоничлосон. Тухайн үед Итали улс Этиоп, Эритрей, Сомалиланд гэх улсуудыг нэгэн зэрэг удирдаж байсан ба тэдгээр улсууд нь Зүүн Африк дахь Итали гэх нэртэй байсан. Гэхдээ 1941 онд Британи болон Этиопын ард иргэдийн нэгдсэн арми Итали улсын ноёрхлыг нураасан.
БАРИМТ 8
Цаашлаад 1974 онд Зөвлөлт Холбоот улсын дэмжлэгтэй хунта Дерг гэх коммунист цэргийн захиргааны зөвлөл Этиоп улсыг 17 жилийн турш удирдсан. Тухайн цаг үед Этиоп улсад иргэний дайн, цуст хэлмэгдүүлэлт, өлсгөлөн, Эритрейн салан тусгаарлагчдын бослого гэх зэрэг маш олон хар бараан үйл явдлууд тохиолдож байв. Улмаар Дерг зөвлөлийг Этиопын ардын хувьсгалт ардчилсан фронт бут цохисон.
БАРИМТ 9
Этиоп улс угсаатан холбоотны парламентын бүгд найрамдах засаглалтай бөгөөд одоогийн Ерөнхийлөгч нь Сахле-Ворк Зевде. Тус улс нь НҮБ-ыг байгуулсан анхдагч орнуудын нэг бөгөөд Африкийн эв нэгдлийн байгууллага, Африкийн холбоо, Пан Африкийн худалдаа аж үйлдвэрийн танхим, Африкийн бэлэн байдлын хүчин, НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс гэх мэт олон улсын байгууллагын гишүүн.
БАРИМТ 10
Этиоп улсын эдийн засаг 2010-2020 оны хооронд 9.4 хувиар өссөн хөгжиж буй орон. Гэхдээ тус улс нь хүний хөгжлийн индекс, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, хүний эрх, ядуурлын хэмжээ, ард иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал гэх мэт үзүүлэлтүүдээсээ болж ядуу буурай орнуудын эгнээнд багтдаг.
БАРИМТ 11
Этиоп улсын эдийн засгийн тал гаруй хувийг нь хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Хөдөлмөр эрхэлдэг этиопчуудын 80 гаруй хувь нь уг салбарт ажилладаг. Этиоп гэх нэрийг грек хэлнээс орчуулбал “Шатсан царай” гэх утгатай. Тус улс нь одоогийн Үндсэн хуулиа 1995 онд баталсан бөгөөд хэзээ ч албан ёсоор аль нэг оронд колоничлогдож байгаагүй.
БАРИМТ 12
Этиоп улсын 18-аас доош насны иргэд хүнтэй гэрлэх нь хуулийн дагуу хориотой. Гэхдээ уг хууль маш ховор хэрэгждэг. Таван этиоп охидын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө нөхөрт гардаг ба нийт этиоп охидын 20 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэдэг гэх судалгаа бий. Мөн Этиоп улсад ихэр хүүхэд төрөх нь золгүй байдлыг илтгэдэг. Тэд ихэр хүүхдүүдийг далдын сүнснүүдийг дууддаг гэдэгт итгэдэг.
БАРИМТ 13
Этиопчууд шинэ жилийг жил бүрийн есдүгээр сарын 11-нд тэмдэглэдэг ба уг баярыг нь “Энкутаташ” гэдэг. Мөн Этиоп улс бол 13 сартай дэлхийн цор ганц улс юм. Улмаар тэдний календар дэлхий нийтийнхээс долоон жилээр хоцорч явдаг ба Этиоп улсын аялал жуулчлалын салбарын уриа нь “Арван гурван сарын нарны туяа” гэх утгатай.
БАРИМТ 14
Этиоп улсаас хамгийн эртний хүний чулуужсан араг яс олдсон. Уг ара яс нь ойролцоогоор 3 сая жилийн настай. Дэлхийн бүх оронд өргөн хэрэглэгддэг уух зүйлсийн нэг болох эспрессо Этиоп улсад үүссэн. Этиопын нэгэн малчин кофены ургамал идсэн ямаанууд нь ядрах цуцахыг мэдэхгүй гүйж байхыг харснаар кофег анх хүн төрөлхтөн нээж илрүүлсэн гэх яриа байдаг.
БАРИМТ 15
Ийм учраас Этиоп улс кофены маш баялаг түүх болон соёлтой. Хэрэв танд этиопчууд хамт кофе уух санал тавих юм бол битгий татгалзаарай. Кофе уух саналаас татгалзах нь Этиоп улсад маш бүдүүлэг үйлдэлд тооцогддог. Мөн та Этиоп улсад гэрийн аргаар нэрсэн дарсыг амсах боломжтой. Уг дарсыг зөгийн бал болон гешо гэх ургамлуудыг ашиглан хийдэг.
БАРИМТ 16
Илжиг болон тэмээ гэх амьтдыг хамгийн анх этиопчууд гаршуулсан. Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт есөн өв Этиоп улсад бий. Тэд уг тоогоороо Африк тивдээ тэргүүлдэг. Уг өвүүдээс дурдвал Симиений үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Консо соёлын байгалийн цогцолборт газар болон хадны сүг зургууд гэх зэргээр үргэлжилнэ.
БАРИМТ 17
Этиоп улсын үндэсний хоолыг “Ват” гэдэг. Уг хоолыг тахиа эсвэл хонины мах ашиглан тараг болон олон төрлийн амтлагчаар амтлан хийдэг. Этиоп улс бол дэлхийн хамгийн анхны христийн шашинтай улс. Мөн Этиоп улсын иргэн Астер Толосса бол дэлхийн хамгийн анхны эсрэг талын онгоцыг сөнөөсөн эмэгтэй нисгэгч. Тус улсын нийслэл Аддис Абаба бол дэлхийн дөрөв дэх хамгийн өндөрт оршдог нийслэл.
БАРИМТ 18
Этиопын үндэсний сууцыг “Тукул” гэдэг. Уг байшингуудын шал нь хөрс бөгөөд дээвэр ханыг нь шавраар хийдэг. Этиоп нь халуун орон тул уг сууцыг дулаалах шаардлага байхгүй. Уг улсад лхагва болон баасан гарагуудад мах идэх хориотой. Мөн тус улсын хамгийн том нуур болох Тана нуур бол Нил мөрний эх үндэс юм.
БАРИМТ 19
Этиоп улсын үндэсний бүжиг нь могойн хөдөлгөөнөөс үүсэлтэй. Дэлхийн хамгийн эртний хөлөг тоглоом болох “Гебета” Этиоп улсаас гаралтай. Этиопчууд манай эриний 7-8-аар зуунд уг тоглоомоор тоглодог байсан гэх хэд хэдэн баримтууд байдаг. Мөн тус улсын 100,000 иргэнд 2.6 эмч оногддог. Ихэнх этиоп эмч нар барууны орнуудыг зорьдог.
БАРИМТ 20
Этиоп улс афар, амхарик, оромо, сомали, тигриняа гэх таван албан ёсны хэлтэй. Мөн тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Бирр” гэдэг. Өнөөдрийн байдлаар 51 бирр нэг ам.доллартай тэнцэж байна. Этиоп улсын иргэд харьцангуй боловсрол муутай бөгөөд тэдний 50 хувь нь л бичиж уншиж чаддаг. Гэхдээ уг тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа.
БАРИМТ 21
Этиоп улсын төрийн далбаа нь ногоон, шар, улаан өнгийн хэвтээ зурааснуудаас бүрддэг ба төв хэсэгтээ цэнхэр дэвсгэртэй улсынхаа төрийн сүлдийг багтаасан байдаг. Цэнхэр өнгө нь энх тайвныг, улаан өнгө нь эрх чөлөө болон тэгш байдлын төлөө гаргасан золиосыг, шар өнгө нь итгэл найдварыг, ногоон өнгө нь Этиоп улсын байгалийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 22
Олимпын наадамд түрүүлсэн анхны хар арьст Африк тамирчин болох Абебе Бикила Этиоп улсын иргэн байсан. Тэрээр 1960 оны Ромын олимпын эрэгтэйчүүдийн марафоны уралдаанд олимпын дээд амжилтыг эвдэн түрүүлсэн. Мөн Абебе Бикила тухайн уг уралдаанд хөл нүцгэн уралдаж байсан нь үзэгчдийг ихэд алмайруулсан. Уг явдлаас дөрвөн жилийн дараа Токиогийн олимпд тэрээр гуталтай уралдаж дахин түрүүлсэн.
БАРИМТ 23
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрос Аданом Гебреисус бол 1965 онд Этиоп улсад мэндэлсэн тус улсын иргэн. Тэрбээр 2020 оны “Time’s” сэтгүүлийн дэлхийн хамгийн нэр нөлөө болсон 100 хүний жагсаалтад багтсан ба одоогийн албан тушаалдаа томилогдохоосоо өмнө 2005-2012 онуудад Этиопын Эрүүл мэндийн сайд, 2012-2016 оны хооронд Этиопын Гадаад хэргийн сайдын албыг тус тус хашиж байсан.
БАРИМТ 24
Этиоп улс бол дэлхийн хамгийн их хүн амтай далайд гарцгүй орон. Тус улсын иргэдийн дундаж наслалт нь эрчүүдийн хувьд 56 байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд 60. Мөн Италийн эзлэн түрэмгийллийн үеэр Этиоп улсад 75,000 гаруй Итали хүмүүс амьдардаг байсан ба тэдний ихэнх нь 1976 оны иргэний дайны улмаас тус улсыг орхин гарсан. Гэхдээ 2000 оны үеэр маш олон Итали компаниуд Этиоп улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.