БАРИМТ 1
Бүгд Найрамдах Ботсван улс нь 581,730 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн урд хэсэгт байрладаг далайд гарцгүй орон. Газарзүйн хувьд ихэвчлэн тэгш талаас бүрддэг бөгөөд нийт газар нутгийн 70 хувь нь Калахари цөл. Тус улсын нийслэлийг Габороне гэдэг ба уг хотод Ботсван улсын нийт хүн амын 10 гаруй хувь нь амьдардаг.
БАРИМТ 2
Улсынхаа урд болон зүүн урд талаар Өмнөд Африк улстай, баруун болон хойд хэсгээрээ Намиби улстай, зүүн хойд талаараа Зимбабве улсуудтай хиллэдэг. Мөн Замби улстай Замбези голын Казунгула гэх гүүрээр холбогддог. Ботсван нь Африк тивийн орон гэхэд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ болон хүний хөгжлийн индексээрээ дэлхийд дундуур жагсдаг.
БАРИМТ 3
Ботсван улсын нийт хүн амын тоо нь 2.4 сая бөгөөд тэдний 80 гаруй хувийг Цвана, 10 гаруй хувийг нь Каланга үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Уг улсад хамгийн ихээр давамгайлсан шашин бол христийн шашин. Нийт батсванчуудын 73 хувь христийн шашныг шүтдэг бол 20 гаруй хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй.
БАРИМТ 4
Ботсван улс нь өргөн уудам газар нутагтай боловч харьцангуй цөөн хүн амтай. Ийм учраас дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орнуудын жагсаалтад багтдаг. 1960-аад оны үед Ботсван улс нь дэлхийн хамгийн ядуу улс байсан боловч өнөөдрийн хувьд тус улсын эдийн засаг нь маш хурдацтай өссөөр байна.
БАРИМТ 5
Ботсван улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн 200,000 жилийн өмнө анх суурьшсан бөгөөд манай эриний 600 онд Цвана үндэстний угсаа гаралтай хүмүүс ихэвчлэн газар тариалан болон мал аж ахуйн хөдөлмөр эрхэлж амьдардаг байжээ. Гэвч 1885 онд британичууд Ботсван улсыг эзлэн авч өөрсдийн колон улс болгосон.
БАРИМТ 6
Их Британийн колоничлолд байх үедээ Ботсван улс Бечуаналанд гэх нэртэй оршиж байсан ба 1966 оны есдүгээр сарын 30-нд өнөөдрийн Ботсван гэх нэр доороо тусгаар тогтносон. Тухайн цаг үеэс хойш Ботсван нь бүгд найрамдах улс болж ардчилсан сонгууль зохиодог болсноос гадна 1998 оноос хойш Африк тивийн хамгийн бага авилгын хувьтай улсаар нэрлэгдсээр байна.
БАРИМТ 7
Ботсван улсын эдийн засгийн нөхцөл байдал нь уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал гэх салбаруудтай шууд холбоотой. Ботсван улс Нэг хүнд оногдох улсын нийт орлогоороо Африк тивдээ дөрөвдүгээр байранд ордог ба хүн амьдрахад хамгийн тохиромжтой Африк тивийн улсуудын нэг юм.
БАРИМТ 8
Ботсван улс нь НҮБ, Хамтын нөхөрлөлийн орнууд, Африкийн холбоо, Өмнөд Африкийн хөгжлийн нийгэмлэг, Өмнөд Африкийн гаалийн холбоо гэх зэрэг олон улсын холбоонуудын гишүүн орон. Мөн Ботсван улсын хамгийн том аюул бол ДОХ-ын халдвар. Тус улсын нийт хүн амын 20 гаруй хувь нь ДОХ-ын халдварыг тээдэг. Ботсван улс уг вирусийг эмчлэх арга замыг олж ард иргэддээ өвчөнөс сэргийлэх аргуудыг заасаар байгаа хэдий ч өвчний тархалт буурахгүй байгаа.
БАРИМТ 9
Ботсван улсын албан ёсны хэлнүүд нь англи болон сетсвана (цвана). Тус улс нь парламентын гүйцэтгэх засаглалтай. Одоогийн төрийн тэргүүнүүдийг нь Мокветси Масиси (Ботсван улсын тав дахь ерөнхийлөгч), Слумбер Цогване (Ботсван улсын ес дэх дэд ерөнхийлөгч), Панду Скелемани (үндэсний ассамблейн дарга) гэдэг.
БАРИМТ 10
Ботсван улсын нэр нь тус улсын хүн амын ихэнх хувийг бүрдүүлэгч Цвана үндэстний нэрээс гаралтай. Африк тивийн хамгийн алдартай амьтдын нэг бол хуурай газрын хамгийн том амьтад болох заан билээ. Тэгвэл Африк тив дэх ихэнх зааны төрөлх нутаг нь Ботсван улс. Одоогоор тус улсад 130,000 гаруй Африкийн заан амьдарч байна.
БАРИМТ 11
Ботсван улсын газар нутгийн ихэнх хэсгийг бүрхэн оршдог Калахари цөлийн нэр нь цвана хэлэнд “Их цангах” болон “Усгүй газар” гэж хоёр янзаар орчуулагддаг. Бусад Африк тивийн орнуудын адилаар Ботсван улс маш халуун уур амьсгалтай. Тус улсад арваас дөрвөн сарын хооронд хур тунадас буудаг ба өвлийн улирал нь манай улсын тав болон наймдугаар сарын уур амьсгалтай төстэй.
БАРИМТ 12
Ботсван улс Их Британийн колон улс болж тэдний хамгаалалтад орсноор Герман улсад эзлэгдэх аюулаас мултарсан. Герман улс тухайн үед Африк тивийн өмнөд хэсгийн улсуудыг эзлэн түрэмгийлж байсан ба Ботсван улсын хөрш Намиби улсыг эзлээд байсан. Харин Их Британи улсын ачаар германчууд Африк тив дэх эзлэн түрэмгийллээ зүүн тийшээ чиглүүлсэн.
БАРИМТ 13
Ботсван улс бол Бамангвато, Баквена, Бангвакеце, Бакгатла, Баролонг, Бамалете, Батавана, Батлоква гэх үндсэн найман овог аймгуудын эх нутаг. Овог бүр нь ахлагчтай бөгөөд түүнийг Кгоси гэж дууддаг. Бүх кгосинууд тэргүүлэгчдийн танхим гэх зөвлөлд харьяалагддаг. Мөн уг зөвлөл нь Ботсван улсын парламентын зөвлөх байгууллагын үүргийг гүйцэтгэдэг.
БАРИМТ 14
Батсванчууд бол усыг чандмань эрдэнэ мэт дээдэлдэг ард түмэн. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Пула” гэдэг бөгөөд уг үгийг орчуулбал бороо гэсэн утгатай. Ботсван улсын газар нутгийн 40 гаруй хувь нь зэрлэг амьтдын гэр болсон үндэсний паркууд. Тиймээс та тус улсад Африк тивийн гайхамшиг болсон зэрлэг амьтдыг хялбархан олох боломжтой.
БАРИМТ 15
Ботсван улсад 150 өөр төрөл зүйлийн хөхтөн амьтад, 460 төрлийн шувууд, 200 төрлийн хоёр нутагтан болон хэвлээр явагчид амьдардаг. Уг улсын үндэсний бэлгэдэл болсон шувуу бол Кори тоодог. Энэхүү шувуу нь Африк тивд амьдардаг хамгийн хүнд нисдэг шувуу бөгөөд ихэвчлэн Намиби болон Ботсван улсуудын газар нутгаас олддог.
БАРИМТ 16
Харин тус улсын бэлгэ тэмдэг болсон амьтан нь алаг тахь. Та хоёр ширхэг алаг тахийн дүрсийг Ботсван улсын төрийн сүлд дээрээс олж харах болно. Ботсван улсын иргэнийг бостван гэж дууддаг ба олон тоон дээр батсванчууд гэдэг. Мөн тус улс нь дэлхийн хоёр дахь их хэмжээний алмазыг олборлогч улс юм. 2016 онд тус Ботсван улсаас 40 сая каратын алмаз олдож байсан удаатай.
БАРИМТ 17
Ботсван улсын үндэсний хоолыг “Сесваа” гэдэг. Уг хоол нь эрдэнэ шишийн гурилтай, үхэр эсвэл ямааны махтай стью юм. Харин та тус улсад өөр содон хоол амсаж үзэхийг хүсвэл бид танд Мопан өтийг санал болгож байна. Уг өт нь маш их хэмжээний уураг агуулдаг. Ботсван болон Замби улсуудын хил нь дөнгөж 150 метрийн урттай. Энэхүү хил нь дэлхийн хамгийн богино урттай хил юм.
БАРИМТ 18
Ботсван улсын хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Ботсван улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь 2012 оны Африкийн цомд эрхээ авч оролцож байсан. Энэ нь тус шигшээ багийн хамгийн том амжилт юм. Хөлбөмбөгөөс гадна Ботсван улсад крикет, теннис, регби, бадминтон, гольф, гандбол, болон хөнгөн атлетикийн спортууд нэлээд алдартай.
БАРИМТ 19
Ботсван улсын тамирчид 1980 оны Москвагийн олимпоос хойш 11 удаа зуны олимпд оролцсон. Тэд одоогийн байдлаар олимпын хоёр л медальтай. Найжел Амос Ботсван улсыг төлөөлөн 2012 оны олимпын наадмын эрэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан бол 2020 оны олимпын наадмын эрэгтэйчүүдийн 4 х 400 метрийн багийн буухиа уралдаанд Ботсван улсын шигшээ баг хүрэл медалийг хүртсэн.
БАРИМТ 20
Ботсван улсын төрийн далбаа нь хөх, цагаан, хар өнгөнүүдээс бүрддэг. Хар болон цагаан өнгөнүүд нь тус улсын үндэсний амьтан болох алаг тахийг бэлгэддэг бол цэнхэр өнгө нь амьдрал болон усыг илтгэдэг. Үүнээс харахад Ботсван улсын төрийн далбаа нь улсынхаа үнэт зүйлсийг маш ойлгомжтой багтаажээ.
БАРИМТ 21
Ботсван улсаас олддог алмазууд маш том хэмжээтэй байдаг ба үүнийгээ дагаад маш их үнэ хүрдэг. Уг үнэт чулуулгуудыг зарсан орлого нь тус улсын эдийн засагт нэлээд их нөлөө үзүүлдэг. 2016 онд Ботсван улсын дундаж агаарын хэм Цельсийн 41 температур хүрч аймшигтай ган гачиг нүүрлэсэн. Мөн Ботсван улсад аялах өртөг хөрш зэргэлдээх орнуудынхаас нэлээд өндөр.
БАРИМТ 22
Учир нь тус улсын засгийн газар бага тооны чанартай жуулчдыг хүлээн авч байгаль орчноо хамгаалж үлдэх бодлогыг явуулдаг. Ботсван улсын соёлд хурим, хүүхэд төрөх гэх зэрэг онцгой үйл явдлууд тохиож буй өдөр бороо орвол тэнгэрээс өгч буй бэлэг гэж үздэг. Харин хуримын үеэр шуурга шуурвал хосууд хоёр тийшээ болох ч тохиолдол байдаг юм байна.
БАРИМТ 23
Ботсван улсад та хүнээс юм авах үедээ зүүн гараараа огтхон ч авч болохгүй. Тэд үргэлж хоёр гараараа эсвэл баруун гарын тохиогоо зүүн гараараа түшиж хэн нэгнээс юм авдаг. Мөн хоёр хүний голоор алхаж гарах нь маш бүдүүлэг үйлдэлд тооцогддог. Ботсван улсад хурим хийх их зардалтай. Тиймээс тус улсын нийт хосуудын 50 гаруй хувь нь зөвхөн гэрлэлтээ батлуулаад хамт амьдарч эхэлдэг.
БАРИМТ 24
Ботсванчууд улаан өнгө аянга цахилгааныг татдаг гэж үздэг. Тиймээс тэд шуурга шуурч байхад хэзээ ч улаан өнгийн хувцас өмсөхгүй. Хөтлөлцөх нь тус улсад итгэл, дотно байдал болон найз нөхдийн холбоог илэрхийлдэг. Тиймээс Ботсван улсад эрэгтэй хүмүүс гараа хөтлөлцөөд гудамжаар явах нь тийм ч ховор үзэгдэл биш.