БАРИМТ 1
Бүгд Найрамдах Мальта улс нь 316 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба уг хэмжээгээрээ дэлхийн хамгийн жижиг 10 улсын эгнээнд бичигддэг. Мальта улс нь Газар дундын тэнгист байрладаг хоёрхон улсын нэг юм. Харин нөгөө улс нь бидний саяхан онцолсон Кипр улс билээ. Арлын орон тул ямар нэгэн улстай шууд хиллэдэггүй боловч Ливи, Итали, Тунис гэх томоохон улсуудтай ойрхон оршдог.
БАРИМТ 2
Тус улсын нийт хүн амын тоо нь ойролцоогоор 516,000 бөгөөд тэдний 90 хувь нь христийн шашинтай. Ийм учраас Мальта улсын хууль, эрх зүйд христийн шашин гүн нөлөө үзүүлдэг. Харин ард иргэдийнх нь үндэс угсааг задалж үзвэл 80 хувь нь үндсэн мальтачууд байдаг бол үлдсэн 20 хувийг нь өөр улсаас гаралтай хүмүүс бүрдүүлдэг.
БАРИМТ 3
Мальта улсын газар нутаг дээр манай эриний өмнөх 5,900 оноос хүн төрөлхтөн амьдарч эхэлсэн. Уг арлын газар зүйн байршил нь Газар дундын тэнгис дэх маш чухал цэг байсан тул түүхийн уртад Финик, Ром, Грек, Араб, Норман, Арагон, Франц, Их Британи гэх томоохон гүрнүүд Мальта улсыг өөрсдийн эзэмшилдээ байлгаж байсан.
БАРИМТ 4
Мальта улс 1813 онд Их Британийн колон болсон. Их Британи улс Мальтагийн газар нутгийн ашигтай байрлалыг ашиглан дэлхийн хоёрдугаар дайны үед хүчтэй нөлөө үзүүлж байсан ба Газар дундын тэнгис болон Африк тивийн хойд хэсгүүдэд үйл ажиллагаа өрнүүлсэн. Улмаар тэд 1964 онд Мальта улсын тусгаар тогтнолыг баталж хоёрдугаар Элизабетийг тус улсын хатан хааны хувиар үлдээсэн.
БАРИМТ 5
Мальта улс 1974 онд Бүгд Найрамдах улс болсон ба 2004 онд Европын холбоонд элссэн. Газар нутгийн хувьд аль тивд харьяалагдах нь эргэлзээтэй хэдий ч Мальта улс Европ тивийн нэг хэсэг болж үлдсэн. Тус улсын нийслэл хотыг Валлетта гэдэг боловч НҮБ, Европын комисс гэх зэрэг олон улсын байгууллагууд Мальта улсыг тэр чигтээ нэг том хот гэж үзэн хот-улс хэмээн тодорхойлдог.
БАРИМТ 6
Мальта улсын албан ёсны хэлнүүд нь англи болон мальта. Гэхдээ тус улсын иргэдийн 66 хувь нь тус хоёр хэлнүүдээс гадна итали хэлээр ярих чадвартай гэх судалгаа байдаг. Мальта улс парламентын засаглалтай бөгөөд одоогийн ерөнхийлөгчийг нь Жорж Велла гэдэг.
БАРИМТ 7
Уг улсад түүхийн дурсгалт олон газар байдгаас гадна цаг агаар нь маш тохиромжтой дулаан байдаг тул аялал жуулчлалын салбар маш өндөр түвшинд хөгжсөн. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь евро бөгөөд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 28-аар байранд жагсдаг. Улсынх нь эдийн засгийг хүн амын тоонд нь харьцуулан үзвэл Мальта бол яах аргагүй өндөр хөгжилтэй орон.
БАРИМТ 8
Мальта улсын нэр нь грек хэлний зөгийн бал гэх үгнээс гаралтай. Учир нь тус арал дээр ховор төрлийн зөгий амьдардаг ба тэдний бал нь маш өвөрмөц амттай. Ийм учраас эрт үед Мальта улсыг зөгийн балаар нь бусад гүрнүүд мэддэг байжээ. Мөн манай эриний 395-525 оны Мальта улсын түүхийг өгүүлсэн ямар нэгэн баттай эх сурвалж байдаггүй.
БАРИМТ 9
Арабчууд Мальта улсыг ойролцоогоор 200 жил удирдсан. Үүнээс болж одоогийн мальта хэлэнд араб хэлтэй төстэй хэд хэдэн шинж чанарууд хадгалагдан үлдсэн. Мөн нэгэн цагт Мальта улс исламын шашинтай орон байсан. Мальта улсад одоо хүртэл оршиж буй дэлхийн хамгийн эртний хөшөөнүүд байдаг байх магадлалтай. Тус улсаас олдсон Мегалитийн долоон сүм гэх хөшөө нь 7,000 жилийн настай.
БАРИМТ 10
Уг хөшөөнөөс гадна дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн хоёр өв Мальта улсад бий. Тэдгээр нь нийслэл хот Валлетта болон Хал-Сафлиени гэх газар доорх бүтээл юм. Мальта улс руу Их Британийн колон байх үед нь Италийн усан цэргүүд довтолж байсан ба Герман болон Италийн агаарын хүчин тус арлыг бөмбөгдөж байжээ.
БАРИМТ 11
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Мальта улс “Сувилагч арал” гэх нэртэй болсон. Учир нь шархдаж гэмтсэн цэргүүд тус арал дээр тайван эмчлүүлэх боломжтой байв. Мальта улсын эзэмшилд Комино гэх бараг хүн суурьшаагүй арал байдаг. Мальта улсын иргэд есдүгээр сарын 8-ыг “ялалтын баяр” хэмээн тэмдэглэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр уг өдөр Италийн усан цэргүүд Их Британид бууж өгч байжээ.
БАРИМТ 12
Мальта улс нь хүн амын нягтшилтаараа дэлхийд дөрөвдүгээр байранд жагсдаг. Мөн нийслэл хот Валлетта нь Европ тивийн хамгийн жижиг нийслэл. Тус улсын үзэсгэлэнт байгаль дээр Холливүүдийн хэд хэдэн алдартай кинонууд зураг авалтаа хийсэн. Тэднээс дурдвал Game of Thrones, Gladiator, Troy гэх мэт үргэлжилнэ.
БАРИМТ 13
Мальта улс үл хөдлөх хөрөнгөөс татвар авдаггүй өндөр хөгжилтэй цөөн орнуудын нэг. Үр хөндөлт бол дэлхий нийтэд тохиож буй хүний эрхийг зөрчсөн хамгийн ноцтой асуудлуудын нэг билээ. Тэгвэл маш цөөн хүн амтай Мальта улс үр хөндөлтийг хуулийн дагуу хориглодог.
БАРИМТ 14
Мальта улс нийт долоон арлаас бүрддэг боловч тэд нарын алин дээрээс ч та гол юм уу ой моддыг олж чадахгүй. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 253 метрийн өндөрт орших Та’ Дмейрек гэх уул. Манай улсын хамгийн нам доорх газар болох Хөх нуур далайн түвшнээс дээш 560 метрт оршдог билээ.
БАРИМТ 15
Мальтачууд жил бүр баяр ёслолтой холбоотой жил 14 амралтын өдөртэй байдаг. Энэхүү тоо нь Европ тивд нэлээд ихэд тооцогддог. Мөн тус улсад 365 сүм байдаг. Тиймээс та нэг жилийн өдөр бүр өөр сүмд очин залбирал үйлдэх боломжтой. Жуулчид мальта улсад ирэх үед тус улсын хүн ам дор хаяж гурав дахин нэмэгддэг.
БАРИМТ 16
1946 онд Мальта улс бүх хүүхдүүдийг бага сургуульд, 1971 онд дунд сургуульд заавал сургах тухай хуулиудыг баталсан. Улсын сургуулиуд болон христийн сүмүүд хүүхдүүдэд үнэгүй боловсрол олгодог бөгөөд Мальта улсын иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал нь 94.5 хувь. Мөн тус улсад ганц их сургууль байдаг ба уг сургууль нь 1592 онд байгуулагдсан дэлхийн хамгийн эртний их сургуулиудын нэг юм.
БАРИМТ 17
Далайд шумбагчид Мальта улсыг олноороо зорьдог. Учир нь тус улсын далайн эргийн хавиар дэлхийн хоёрдугаар дайны үеэр сөнөсөн маш олон байлдааны онгоцнууд байдаг. Олон улсын хэд хэдэн байгууллагуудын гаргасан нийтлэлүүд дээрээс харахад Мальта улс бол дэлхийн хамгийн таатай цаг ууртай орон юм.
БАРИМТ 18
Мальта улсад ямар нэгэн гол горхи байдаггүй гэж дурдсан. Мөн тус улс нь далайгаар хүрээлэгдсэн арлын орон тул цэвэр усны хязгаарлагдмал нөөцтэй. Их Британийн колон байсан улсуудын адилаар Мальта улсын жолоочид замынхаа зүүн талаас замын хөдөлгөөнд оролцдог. Манай улсаас эсрэг гэсэн үг.
БАРИМТ 19
Мальта улсын оршдог арал маш жижигхэн тул та тус улстай хэдхэн цагийн дотор бүрэн танилцах боломжтой. Тус улсад хамгийн алдартай ундаа нь “Kinnie” гэх нэртэй жүржийн амттай исгэлэн ундаа юм. Мальтачууд уг ундааг аль болох хүйтнээр нь уухыг хүсдэг. Та Мальта улсад очвол энэхүү ундааг хаанаас ч хамаагүй худалдаж авах боломжтой.
БАРИМТ 20
Мальтачууд бол машинд туйлын дуртай ард түмэн. Тус улсын арван хүн тутмын долоо нь авто хэрэгсэл эзэмшдэг ба 2021 оны тавдугаар сард Мальта улсад 404,303 ширхэг авто хэрэгсэл бүртгэгджээ. Мөн тус улсын үндэсний хоол нь туулайн махтай стью юм. Монголчууд бидэнд уг хоол этгээд сонсогдож байж магадгүй. Гэхдээ хоол шүүмжлэгчид уг хоолонд нэлээд өндөр үнэлгээ тавьдаг юм байна.
БАРИМТ 21
Мальта улсад ямар нэгэн мэргэжлийн спорт өндөр түвшинд хөгжөөгүй. Тус улсын тамирчид нийт 17 зуны, 2 өвлийн олимпд оролцсон хэдий ч нэг ч медаль хүртэж байгаагүй юм байна. Гэхдээ Мальтад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Мальтачууд шигшээ баг нь өндөр амжилт үзүүлдэггүй хэдий ч дэлхийн бусад шигшээ багууд болон клубуудын тоглолтуудыг шимтэн үзэх дуртай.
БАРИМТ 22
Мальта улсын төрийн далбаа нь төрийн сүлдийхээ загвартай тун төстэй. Уг далбааг улаан болон цагаан өнгийн ижил хэмжээтэй босоо зурааснууд болон христийн шашны загалмай нар бүрдүүлдэг. Улаан өнгө нь эх орноо хамгаалан тулалдсан дайчдыг, цагаан өнгө нь энх тайван, хайр дурлал, болон өөдрөг байдлыг, загалмай нь эр зоригийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 23
Мальта улсын эрүүл мэндийн салбар арвин түүхтэй. Уг улс дахь хамгийн анхны албан ёсны эмнэлэг 1372 онд бүртгэгдсэн ба анхны эмэгтэйчүүдийн эмнэлэг 1625 онд үүд хаалгаа нээсэн. Мальта улсын бүх иргэд улсаас үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ авдаг ба тэдний дундаж наслалт нь 82.6. Энэ нь нэлээд өндөр үзүүлэлт.
БАРИМТ 24
Тус улсын үндэсний нисэх онгоцны компанийг “Эйр Мальта” гэдэг ба Европын болох Хойд Африкийн 36 чиглэл рүү шууд нислэг үйлддэг. Далайгаар хүрээлэгдсэн улс тул Мальта улсыг зорьж буй ихэнх жуулчид уг компанийн онгоцоор дамжин Мальта улсад хүрдэг. Уг компанийн 98 хувийг улс эзэмшдэг бол үлдсэн 2 хувийг нь хувийн хөрөнгө оруулагчид эзэмшдэг юм байна.
Сэтгэгдэл (1)