БАРИМТ 1
Холбооны Бүгд Найрамдах Сомали улс нь 637,657 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африкийн эвэр гэгддэг тус тивийн хамгийн зүүн захын бүс нутагт байрладаг. Тус улс нь баруун талаараа Этиоп, баруун хойд хэсгээрээ Жибути, баруун урд талаараа Кени улсуудтай тус тус хиллэдэг ба зүүн хэсгээрээ Энэтхэгийн далайд гарцтай.
БАРИМТ 2
Сомали улс нь Африк тивийн хамгийн зүүн талын орон гэдгээсээ гадна тивийнхээ хамгийн урт далайн эрэгтэй улс гэдгээрээ алдартай. Тус улсын далайн эргийн урт нь ойролцоогоор 3,000 километр байдаг. Мөн уг улсын газар нутаг нь ихэвчлэн тэгш тал болон өндөрлөг газруудаас тогтдог. Сомали улсад Жилийн турш халуун уур амьсгал давамгайлдаг ба үе үе хар салхи шуурдаг.
БАРИМТ 3
Сомали улсын нийт хүн амын тоо нь 16 сая бөгөөд тэдний 85 хувь нь нутгийн уугуул хүмүүс болох Сомали үндэстнүүд. Африк тивийн ихэнх орнуудын хүн амыг олон өөр үндэстнүүд бүрдүүлдэг бол Сомали улсын нөхцөл байдал арай өөр гэсэн үг. Мөн Сомали улсын албан ёсны шашин нь исламын шашны Санни урсгал.
БАРИМТ 4
Тус улсын нийслэл хотыг Могадишо гэдэг ба тус хотод 2 сая гаруй хүн амьдардаг. Мөн албан ёсны хэлнүүд нь англи болон араб хэл боловч ихэнх сомаличууд англи болон итали хэлээр мөн ярих чадвартай. Эрт дээр үед Сомали улс худалдаа наймааны чухал цэг байсан гэдгийг дурдах нь зүй ёсны хэрэг.
БАРИМТ 5
Сомали улсын газар нутгийг дундад зуунд хэд хэдэн хүчирхэг улсууд эзэмшиж байв. Харин 19-ээр зууны сүүл үеэр тэдгээр улсуудыг Итали, Британи болон Этиоп улсууд колоничлосон. Улмаар Европын колоничлогчид эзэлсэн газар нутгаа Италийн Сомалиланд болон Британийн Сомалиландын хамгаалалтын бүс гэх хоёр хэсэг болгон нэгтгэсэн.
БАРИМТ 6
Энэ үед Мохаммед Абдулла Хассанаар удирдуулсан Сомали улсын уугуул овог аймгууд эвлэлдэн нэгдэж гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг 20 гаруй тэмцэж байсан ч эцэст нь ялагдал хүлээсэн. Итали улс Сомали улсын ихэнх газар нутгийг өөрсдийн эзэмшилдээ байлгаж байсан боловч 1960 онд сомаличууд иргэдээр удирдуулсан засаглалтай улсыг байгуулж тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан.
БАРИМТ 7
Улмаар 1969 онд Хувьсгалт дээд зөвлөл төрийн эрхийг гартаа авч Сомалиландын хойд хэсэгт өрнөж байсан дайныг дарахын тулд маш хэрцгий аргуудыг хэрэглэж байснаас гаднаа Бүгд Найрамдах Сомали улсыг байгуулсан. Гэвч Сомали улс дахь иргэний дайны улмаас уг зөвлөл 1991 онд ямар ч эрх мэдэлгүй болж нуран унасан.
БАРИМТ 8
Мөн Сомалиланд өөрсдийн тусгаар тогтнолоо зарласан. Тэд Сомали улсын баруун хойд хэсэгт (улсын нийт газар нутгийн 27 хувь) өнөөдрийг хүртэл оршдог бөгөөд олон улсад бүрэн эрхт тусгаар тогтносон улсын хувиар хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа. 1991 оноос хойш шашны хууль болон зан заншил нь Сомали улсад эргэн ирэх шиг л болсон.
БАРИМТ 9
Сомали улсад 2000-аад оны эхээр хэд хэдэн холбооны түр захиргаа байгуулагдсан. Тэдгээрийг дагаад Шилжилтийн үндэсний засгийн газар (2000), Холбооны шилжилтийн засгийн газар (2004) болон Сомалийн зэвсэгт хүчин нар бас үүссэн. Сомали улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн үндсэн хуулиа 2012 онд баталсан.
БАРИМТ 10
Сомали улсын эдийн засаг нь мал аж ахуй, харилцаа холбоо болон гадаадад ажилладаг сомаличуудын нөхцөл байдлаас шууд хамааралтай. Мөн Сомали бол Араб лиг, Африкийн холбоо, НҮБ, Исламын хамтын ажиллагааны байгууллага, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гэх зэрэг олон улсын холбоонуудын гишүүн.
БАРИМТ 11
Сомали улсын нийгэмд эрчүүдийн эрх давамгайлдаг. Тус улсад 1990-ээд оны сүүл үе хүртэл эмэгтэйчүүд эрчүүдтэй гадуур хоол идэх боломжгүй байсан ба өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүд нь эрчүүдийн хоолыг хамгийн эхэнд бэлтгэж гэрийн эзнийг хоолоо идэж дууссаных нь дараа гэрийн эзэгтэй хүүхдүүдийнхээ хамт ширээний ард сууж хоолоо иддэг заншилтай юм байна.
БАРИМТ 12
Зарим сомаличууд орчин үед хоолыг халбага сэрээ ашиглан идэх болсон ч тэдний ихэнх нь гарын эхний гурван хуруугаа ашигладаг. Сомали эмэгтэйчүүд исламын шашны толгойн нөмрөгийг зүүж царайгаа далдлах шаардлагагүй боловч олон нийтийн газар эрчүүдтэй харьцаж болохгүй. Сомали улсад эмэгтэйчүүд эрчүүдэд зөвхөн захирагдаж тэдний хий гэсэн болгоныг хийдэг.
БАРИМТ 13
Сомали улсын нүүдэлчид монголчуудын адилаар бэлчээрийг бүгд хувааж хэрэглэдэг. Тэд хүссэн газартаа малаа бэлчээх боломжтой ба аливаа нэг газрыг эзэмшихийг хүсвэл тэндээ малын хашаа барих эсвэл худаг гаргахад л болно. Тус улсад хамгийн ихээр хүндлэгддэг амьтан бол тэмээ. Учир нь сомаличууд тэмээний сүү болон махыг маш ихээр хэрэглэдгээс гадна тухайн амьтныг тээвэрт ашигладаг.
БАРИМТ 14
Сомали улс дахь иргэний дайн Этиоп, гэмт хэргийн бүлэглэлүүд болон АНУ-ын хооронд 1991 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Одоогийн байдлаар уг дайнаас болж хамгийн багадаа 500,000 гаруй хүний амь нас эрстээд байна. 1994 онд АНУ, Сомали улсаас цэргээ татан авсан.
БАРИМТ 15
Иргэний дайн эхэлснээс хойш 20 жилийн турш Сомали улсад нэг ч гадаадын жуулчин очоогүй. 2010 онд Канад улсын иргэн Майк Спенсер Браун гэх залуу Сомали улс руу жуулчны хувиар нэвтэрснээр дэлхий нийтийн тус улсын тухай хэд хэдэн буруу ойлголтуудыг засаж залруулсан. Мөн уг дайнаас болж Сомали улсын нийслэл нь дэлхийн хамгийн аюултай нийслэл хотуудын нэгээр нэрлэгддэг.
БАРИМТ 16
Дайнаас болж Сомали улс дотор хоол хүнс тээвэрлэх маш хэцүү бөгөөд тус улсын иргэд ихэвчлэн хоол хүнсний дутагдалд орсон байдаг. Мөн хур тунадас маш хэмжээгээр унадаг тул Сомали улс ихэнх үед ган гачигт нэрвэгдсэн байдаг. Дайныг одоо цагт идэвхтэй үргэлжлүүлсээр байгаа хоёр талын удирдагчдыг Мохамед Фарах Аидед болон Али Махди Мохамед гэдэг.
БАРИМТ 17
Тулааны үеэр амиа алдсан 500,000 хүнээс гадна гэм зэмгүй 350,000 гаруй иргэд өвчин болон өлсгөлөнгөөс болж нас барсан. Уг дайнаас болж Сомали улсын эдийн засаг огцом унаж өдгөө уг улс нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болоод байна. Сомали улсын бараг бүх үйлдвэрүүд гадаад орнуудын тусламжаар баригдсан.
БАРИМТ 18
Сомали улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Сомалийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг тийм ч хүчтэй биш бөгөөд одоогийн байдлаар дэлхийн чансааны 202-аар байранд бичигдэж байна. Мөн тус улсад сагсанбөмбөгийн спорт нэлээд алдартай. Хөгжил буурай орон тул Сомали улсад мэргэжлийн спортууд хөгжих дэд бүтэц хараахан хөгжөөгүй.
БАРИМТ 19
Сомали улсын хөдөлмөр эрхэлдэг иргэдийн талаас их хувь нь бизнес эзэмшигч, фермер болон малчид гэх зэрэг хувиараа ажил хийдэг. Мэдээж иргэний дайнтай байгаа улсын төрийн албанд ажиллана гэдэг туйлын бэрх. Уламжлал ёсоор Сомали гэр бүлийн ууган хөвгүүд тэмээ хариулах мэтийн чухал ажлуудыг хийдэг бол охидууд болон бага хөвгүүд нь хонь, ямаа зэргийг хариулдаг.
БАРИМТ 20
Иргэний дайны үеэр маш олон тооны Сомали эрчүүд нас барсан тул тус улсад ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд үнэхээр их. Сомали эмэгтэйчүүд маш хүчирхэг бөгөөд аливаа орчинд дасан зохицох, бизнес эрхлэх гэх зэрэг байгалиас заяасан ховор авьяастай. Харамсалтай нь тэдний ихэнх нь улсынхаа нөхцөл байдал болон уламжлалаасаа болж эдгээр чадваруудаа ашигладаггүй.
БАРИМТ 21
2009 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сомалийн далайн дээрэмчид АНУ-ын “Maersk Alabama” гэх хөлөг онгоцыг барьцаалсан. Улмаар АНУ-ын усан цэргүүд тэдгээр дөрвөн далайн дээрэмчдийн гурвыг нь буудан хөнөөж үлдсэн нэгийг нь амьдаар нь баривчилсан. Түүнд АНУ-ын шүүх 33 жилийн хорих ялаар шийтгэсэн. Уг явдлаас сэдэвлэсэн “Captain Phillips” гэх кино хүртэл байдаг.
БАРИМТ 22
Сомали улсын төрийн далбаа нь хөх өнгө болон цагаан өнгийн таван хошуунаас (од) бүрддэг. Энэхүү од нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй сомаличууд болон эв нэгдлийг бэлгэддэг. Мөн хөх өнгө нь НҮБ-ын далбааны өнгөтэй холбоотой. Харин Сомали улсын төрийн сүлд уг далбааны дүрс болон тус улсын бэлгэ тэмдэг болсон ирвэсний дүрсээс бүрддэг.
БАРИМТ 23
Сомали тэмээнүүд 800 килограмм хүртэл жинтэй байдаг бөгөөд Африк тив дэх хамгийн том тэмээний төрөл зүйл юм. Сомали улс дэлхий даяар хамгийн олон тооны дүрвэгчидтэй орнуудын жагсаалтын тавдугаар байранд бичигддэг. Мөн тус улс нь жуулчдын хувьд хамгийн аюултай арван орны нэг.
БАРИМТ 24
Их Британийн хамгийн алдартай хөнгөн атлетикийн тамирчин болох Мо Фара 1983 онд Сомали улсад төрж 1991 онд Их Британи руу дүрвэсэн. Тэрбээр 2012 болон 2016 оны олимпын эрэгтэйчүүдийн 5,000, 10,000 метрийн уралдаануудад түрүүлсэн олимпын дөрвөн алтан медальтай тамирчин билээ.