БАРИМТ 1
Бүгд Найрамдах Гватемал улс нь 108,889 хавтгай дөрвөлжин газар нутагтай (Монгол улсаас 14.36 дахин бага) ба Төв Америк буюу Хойд Америк тивийн урд бүсэд байрладаг. Улсынхаа урд болон зүүн урд хэсгээрээ Номхон далайд, зүүн хойд талаараа Атлантын далайд гарцтай Гватемал улс Мексик (хойд, баруун), Белиз (зүүн хойд), Хондурас (зүүн), Эль Сальвадор (зүүн урд) гэх улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Гватемал улсын нийт хүн ам нь 17.2 сая бөгөөд тэдний 88 гаруй хувь нь христийн шашныг шүтдэг бол 10 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Харин тус улсын хүн амын үндэс угсааны 56 хувийг латин америкчууд, 42 хувийг маяачууд тус тус бүрдүүлдэг. Мөн Гватемал улс нь нийт Америк тивийн 11 дэх хамгийн их хүн амтай орон бөгөөд Төв Америкийн хамгийн олон хүн амтай орон юм.
БАРИМТ 3
Төв Америкийн бүсээр тархан суурьшсан Хойд Америкийн хамгийн хүчирхэг овог аймгуудын нэг болох маяачуудын соёл иргэншлийн гол үндэс одоогийн Гватемал улсын газар нутгаас гаралтай. Гэхдээ тус газар нутгийн ихэнх хэсэг нь 16-аар зуунд Испанийн эзэнт гүрний мэдэлд орж колон улс болсон.
БАРИМТ 4
Улмаар гватемалчууд 1821 оны есдүгээр сарын 15-нд Испанийн эзэнт гүрнээс, 1823 оны долдугаар сарын 1-нд Анхны Мексикийн эзэнт гүрнүүдээс тус тус салан тусгаарлаж Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах улсад элсэн орсон. Гэвч гватемалчууд 1839 онд өөрсдийн улсаа байгуулан тусгаар тогтнолоо зарласан. Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах улс ч мөн адил 1841 онд бүрэн задарсан.
БАРИМТ 5
Гватемал улсад АНУ-ын дэмжлэгтэй засгийн газар болон зүүний босогчдын дунд 1960-1996 оны хооронд иргэний дайн өрнөсөн. НҮБ-ын энхийн хэлэлцээрээс хойш Гватемал улсад ядуурал, гэмт хэргийн олон тохиолдлууд, хар тамхины бүлэглэл, улсын тогтвортой бус байдал гэх зэрэг сөрөг үр дагаврууд гарсаар байгаа хэдий ч тус улсын эдийн засаг амжилттай өсөж мөн ардчилсан сонгуулийг эх орондоо амжилттай нэвтрүүлсэн.
БАРИМТ 6
Гватемал улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн төрийн эрхийг барьж буй ерөнхийлөгчийг нь Алехандро Джамматтеи гэдэг. Тус улс нь одоогийн үндсэн хуулиа 1985 онд баталсан бөгөөд улсын албан ёсны хэл нь испани. Мөн Гватемал улсын нийслэлийг Гватемал хот гэдэг ба тус хотод 3 сая гаруй хүн амьдардаг.
БАРИМТ 7
Уг улсын төрийн дууллыг Гватемал хүн бус Хосе Хоакин Пальма гэх Куба зохиолч бичсэн. Мөн тус улсын уриаг испани хэлнээс орчуулбал “Эрх чөлөөтэй, үржил шимтэйгээр өсөн дэвжих” гэх утгатай. Харин Гватемал улсын үндэсний бэлгэдэл болсон цэцэг бол цагаан гэлэнмаа цахирмаа цэцэг.
БАРИМТ 8
Гватемал улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон шувууг “Кецаль” гэдэг ба уг шувуу нь халуун уур амьсгалтай газар, ихэвчлэн ой модонд амьдардаг тод ногоон, цэнхэр өнгийн гадаад төрх болон жижиг биетэй шувуу юм байна. Мөн кецаль шувууны дүрс тус улсын мөнгөн тэмдэгт дээр байдаг ба эртний маяачууд уг шувууны өдийг мөнгөн тэмдэгтийн хувиар ашигладаг байжээ.
БАРИМТ 9
Гватемал улсын үндэсний хэл нь испани хэл боловч тус улсад эртний маяачуудын 21 хэл устаж үгүй бололгүй хадгалагдсаар байгаа. Төв Америкийн орнуудад дор хаяж 6 сая хүн эдгээр ховор хэлнүүдээр ярьж чаддаг. Мөн тус улстай холбоотой нэгэн сонирхолтой баримт байгаа нь цэнхэр жинсний материал Гватемал улсаас гаралтай.
БАРИМТ 10
Тус улс нь озоны агууламжаараа дэлхийд хоёрдугаар байранд ордог. Гватемал улсын газар нутаг нь өндөр эгц галт уулс, өргөн уудам ширэнгэн ой болон эртний маяачуудын дурсгалт газруудаараа алдартай. Гватемалын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 4,220 метрт оршдог Тажамулко гэх галт уул.
БАРИМТ 11
Латин Америкийн хамгийн өндөр гэмт хэргийн хувьтай орнуудын нэг бол Гватемал. Тус улсад долоо хоног бүр 101 хүн амины хэрэг бүртгэгддэг бөгөөд 2014 онд нийт 6,000 хүн амины хэрэг гарчээ. Ийм учраас Гватемал улс руу аялахаар төлөвлөж буй жуулчдыг аюулгүй байдлаа маш сайн хангаж үргэлж сонор сэрэмжтэй байхыг аяллын мэргэжилтнүүд болон нутгийн иргэд сануулдаг.
БАРИМТ 12
Гватемал улс дахь хамгийн урт гол нь Мотагуа гол бөгөөд 402 километрийн урттай. Уг гол нь тус улсын зүүн бүсийн хөндийд ургадаг кофе, гадил, болон бусад жимснүүдийг тээвэрлэх гол зам болдог. Мөн тус улсад Төв Америкийн хамгийн гүнзгий ба дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нууруудын нэг Атитлан гэх нуур байдаг. Тус нуурыг жуулчид олноороо зорин очдог.
БАРИМТ 13
Гватемал улсад нийт 33 галт уул байдаг бөгөөд тэдний гурав нь өнөөдрийг хүртэл идэвхтэй хэвээр. Тэдгээр галт уулсыг Фуэго, Пакая, Сантьягуито гэдэг. Гватемал улсын хүн амын тэн хагас нь газар тариалангийн салбарт ажилладаг ба тус улсын хамгийн ихээр экспортолдог бараа бол кофе.
БАРИМТ 14
Харин тус улсын хоёр дахь том салбар нь аялал жуулчлал. Уг салбарт Гватемал улсын хүн амын 35 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Үлдсэн хөдөлмөр эрхэлдэг гватемалчуудын 15 хув нь аж үйлдвэр болон худалдааны төвүүдэд ажилладаг. Тус улсын бүс нутгууд жигд бус хөгжсөн байдаг нь улс орны газрын баялгийг тэгш бус тараасантай холбоотой.
БАРИМТ 15
Гватемал улсын ард иргэдийн 14 хувь нь өдөрт 3,000 төгрөгийн төсөвтэй амьдардаг. Мөн урсаж буй халуун лаваг харахыг хүссэн жуулчид Пакая галт уулыг зорин очдог. Коронавирусын цар тахлаас өмнө Гватемал улс руу жил бүр 1.2 сая жуулчид зорчдог байсан гэх судалгаа бий.
БАРИМТ 16
Гватемал улсад дэлхийн үнэт өвийн хувиар ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван дурсгалт газар бий. Тэдгээр нь Тикал үндэсний цэцэрлэгт хүрээлэн (онгон дагшин байгаль), Антигуа Гватемал болон Археологийн цэцэрлэгт хүрээлэн, Квиригуа балгас нар юм. Тикал үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь түүхийн болон байгалийн үнэт өвөөр нэрлэгдэн ЮНЕСКО-д бүртгэгдэж байсан анхны газар юм.
БАРИМТ 17
Гватемал улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Гвателамын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд 1967 онд ганц удаа түрүүлж байсан ба ДАШТ-д одоогийн байдлаар хараахан оролцож амжаагүй байна. Мөн тус улсад заалны хөлбөмбөг буюу футзалын спорт нэлээд алдартай.
БАРИМТ 18
Гватемал улсын баг тамирчид 1952 оны олимпын наадамд анх оролцож байсан ба 1968 оны олимпоос хойших бүх зуны олимпд алгасахгүй оролцсоор ирсэн. Мөн 1988 оны өвлийн олимпд Гватемал улс оролцсон. Тус улсын тамирчид түүхэндээ цор ганц удаа олимпын наадмаас медаль хүртэж байсан. 2012 оны Лондонгийн олимпын эрэгтэйчүүдийн спорт алхааны төрөлд Эрик Баррондо мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.
БАРИМТ 19
Гватемал улсын хоол хүнс нь шош, эрдэнэ шиш болон чинжүүг ихээр агуулдаг ба маяачууд болон испани хоолнуудын холимог гэсэн үг. Гватемалчууд Пачас гэх төмсөөр хийсэн тамалег пүрэв гараг бүр зооглодог. Харин уух зүйлсийн хувьд гватемалчууд бага зэрэг чихэрлэг амттай, сүүтэй кофег бараг л өдөр бүр хэрэглэдэг.
БАРИМТ 20
Маяа үндэсний хүмүүс өөрсдийн өв соёлын онцлогийг шингээсэн тод өнгийн цамц, даашинз, нөмрөгийг өдөр тутамдаа өмсдөг. Тосгон бүр өөрсдийн гэсэн өвөрмөц загварын хувцастай байдаг тул Маяа хүмүүсийг өмссөн хувцсаар нь ялгах бүрэн боломжтой. Гэхдээ уламжлалт хувцсыг ядуу буурай хүмүүс ихэвчлэн өмсдөг бол чинээлэг гватемалчууд барууны загвартай хувцсыг өмсдөг.
БАРИМТ 21
Гватемалчууд гэр бүлийн харилцааг нэн түрүүнд чухалчилдаг бөгөөд тэд нас биед хүрсэн хэдий ч эцэг эхтэйгээ амьдрах нь энгийн үзэгдэл. Хөдөө орон нутаг дахь гватемалчууд туйлын ажилсаг бөгөөд эрчүүд нь тариалангийн талбайд ажиллаж эмэгтэйчүүд нь гэртээ хүүхдүүдээ асрахын хажуугаар даавуу нэхдэг.
БАРИМТ 22
Гватемал улсын төрийн далбаа нь хөх болон цагаан өнгөнүүдээс бүрддэг ба улсынхаа төрийн сүлдийг төв хэсэгтээ багтаасан байдаг. Хоёр өөр хөх судлууд нь Гватемал улстай хиллэдэг Атлантын болон Номхон далайг, цагаан өнгө нь энх тайван болон цэвэр ариун байдлуудыг тус тус бэлгэддэг. Мөн тус улсын төрийн сүлд дээр кецаль шувуу дүрслэгдсэн.
БАРИМТ 23
Гватемалд хүүхэд мэндэлсний дараа хүүхдийн ээжид нь халуун тортилла уулгадаг. Уг ундааг ууснаар шинэхэн ээжийн хөхний сүүг ихэсгэдэг гэдэгт гватемалчууд итгэдэг. Мөн хүүхдийг муу санаатай хүмүүс болон сүнснээс хамгаалахын тулд баруун гарт нь улаан бугуйвч зүүдэг.
БАРИМТ 24
Гватемал улсад хүн нас барсны дараа цогцсыг модон авсанд хийж хэдхэн цагийн дараа оршуулдаг. Энэ нь талийгаачийн сүнсийг төөрөхөөс сэргийлдэг ба тэдний амьд байх үедээ хэрэглэдэг байсан нандин эд зүйлсийг нь хамт оршуулдаг. Мөн он солигдох мөчид гватемалчууд тэнгэр лүү бууддаг уламжлалтай. Гэвч тэнгэрээс бууж ирсэн суманд оногдож жил бүр хэдэн арван хүний амь нас эрстдэг.