БАРИМТ 1
Дани улс нь 42,933 хавтгай дөрвөлжин газар нутагтай ба Европ тивийн хойд хэсэгт оршдог. Тус улс нь Данийн вант улсын эдийн засаг болон улс төрийн гол цэг бөгөөд Фарерын арлууд болон Гренланд нар тус улсын эзэмшилд байдаг гэсэн үг. Швед, Норвеги, Герман гэх орнуудаар хүрээлүүлэн оршдог Дани улс бол хамгийн урд байрлалтай Скандинавын орон юм.
БАРИМТ 2
Газарзүйн хувьд ихэвчлэн элсэрхэг далайн эрэг, тэгш тариалангийн талбайгаас бүрддэг Дани улсын мэдэлд 443 арал байдаг. Тэд дундаас хамгийн том хэмжээтэй арлууд бол Зеланд, Фунен болон Хойд Жутландын арал. Фарерын арлууд 1948 онд, Гренланд 1979 онд тус тус дотоод засаглалтай болсон ба Гренландын хувьд 2009 онд нэмэлт бие даасан байдлыг олж авсан.
БАРИМТ 3
Дани улсын нийт хүн амын тоо нь 5.8 сая ба тэдний 75.8 хувь нь христийн шашинтай бол 19.1 хувь нь шашин шүтлэггүй. Хүн амынх нь 86.11 хувь нь үндсэн Дани үндэстнүүд байдаг бол үлдсэн 13.89 хувь нь өөр улсаас цагаачлан ирсэн хүмүүс. Дани улсын нийслэл хот нь Копенхаген бөгөөд тус хотод 800,000 гаруй хүн амьдардаг.
БАРИМТ 4
Данийн нэгдсэн вант улс нь 8-аар зууны дунд үед Балтын тэнгисийг өөрсдийн хяналтад авахын тулд далайн хүчирхэг гүрэн болсон. Тэд 1397 онд одоогийн Швед болон Норвеги улсуудтай Калмарын холбоог байгуулсан боловч 1523 онд Швед улс уг холбооноос гарч Дани-Норвеги улсууд хамт оршин тогтнох болсон.
БАРИМТ 5
Гэвч 17-аар зуунд идэвхтэй өрнөж байсан олон дайнууд тус улсын оршин тогтнолд хүчтэй заналхийлж байсан бөгөөд Наполеоны дайны дараа Норвеги улс Шведийн вант улс руу нэгдэн орохдоо Дани улсад Фарое арлууд, Гренланд болон Исландыг үлдээсэн. Улмаар 19-ээр зуунд үүссэн үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн 1848 оны Шлезвигийн (Хойд Герман болон Данийн хооронд өрнөсөн дайн) нэгдүгээр дайнд ялагдал хүлээсэн ба 1864 онд Шлезвигийн хоёрдугаар дайнаас болж Прусс буюу Хойд Германд их хэмжээний газар нутгаа алдсан.
БАРИМТ 6
Дани улс 1849 онд үндсэн хуулиа баталсан бөгөөд 1660 онд одоогийн парламентын засаглал руугаа шилжиж бүрэн эрхт хаант засаглалыг халсан. Одоогийн Дани улсын хатан хааныг хоёрдугаар Маргрете гэдэг ба ерөнхий сайдыг нь Метте Фредериксен гэдэг. Тэд хоёул эмэгтэй хүмүүс тул Дани улсын удирдлагыг одоогийн байдлаар эмэгтэйчүүд гартаа аваад байгаа гэсэн үг.
БАРИМТ 7
19-ээр зууны хоёрдугаар хагаст зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог байсан Дани улс 20-аар зууны эхэнд нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлсэн нь одоогийн дэвшилтэд холимог эдийн засгийн үндэс болсон. Дани улс дэлхийн нэгдүгээр дайны үед төвийг баримталж байсан хэдий ч 1920 онд Шлезвигийн дайны үед алдсан нутаг дэвсгэрээ буцаан авсан.
БАРИМТ 8
Гэвч дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацист Герман Дани улс руу халдсанаар тус улсын төвийг сахисан байр суурь өөрчлөгдсөн. Германы эзлэн түрэмгийллийн үеэр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байх үед 1944 онд Исланд улс тусгаар тогтнолоо зарласан ба 1945 онд Дани улс бүрэн чөлөөлөгдөж энх тайван цаг ирсэн. Мөн Дани улс нь Европын Холбооны гишүүн орон боловч евро бус “Дани Крон” гэх өөрсдийн мөнгөн тэмдэгтийг ашигладаг.
БАРИМТ 9
Дани улс бол боловсрол, эрүүл мэнд, иргэний эрх чөлөө, ардчилсан засаглал, ижил хүйстнүүдийн эрх, аз жаргалын индекс гэх мэт олон үзүүлэлтүүдээр дэлхийд дээгүүр байранд жагсдаг маш өндөр хөгжилтэй орон. Тус улс нь НАТО, НҮБ, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага гэх мэт олон улсын хэд хэдэн холбоонуудыг үүсгэн байгуулсан анхны гишүүдийн нэг.
БАРИМТ 10
Дани улсын төрийн далбаа нь тусгаар тогтносон улсын ашигладаг хамгийн эртний далбаануудын нэг. Уг далбаа нь загварын хувьд бусад Скандинавын орнуудын далбаатай төстэй ба улаан болон цагаан өнгөнөөс бүрддэг. Цагаан өнгийн загалмайн дүрс нь христийн шашныг бэлгэддэг ба 1219 оны зургадугаар сарын 15-нд Эстони улсын газар нутагт өрнөж байсан дайны үеэр анх мандсан.
БАРИМТ 11
Дани улсын хаант засаглал нь бүрэн эрхээ алдсан хэдий ч одоо болтол 1,000 жилийн турш оршин тогтносоор байгаа. Уг үзүүлэлтээрээ Данийн хаант засаглал одоо хүртэл идэвхтэй байгаа дэлхийн гурав дахь эртний хаант засаглалаар нэрлэгддэг. Мөн Дани улс нь 1792 онд боолчлолыг халсан Европын анхны орон болсон.
БАРИМТ 12
Дани улсын парламентын сонгуульд 1918 онд анх эмэгтэйчүүдэд нэр дэвших боломжтой нээгдсэн. Тус сонгуулийн дараа Дани улс 12 эмэгтэй парламентын гишүүдтэй болсон. Та Дани улсын аль хэсэгт байсан хамаагүй далайн эрэгт хүрэхийн тулд хамгийн ихдээ 52 километр замыг туулахад л хангалттай. Мөн Дани улс нь тэр чигтээ хавтгай бөгөөд тус улсын хамгийн өндөрлөг цэг болох Моллежо далайн түвшнээс дээш дөнгөж 171 метрийн өндөрт оршдог.
БАРИМТ 13
Дани улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Дани улсад ойролцоогоор 32,000 мэргэжлийн хөлбөмбөгчид байдаг ба тус улсын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д зургаан удаа оролцож байсан. Мөн тэд 1992 оны ЕАШТ-д түрүүлж байсан удаатай. Хөлбөмбөгөөс гадна Дани улсад гандболын спорт маш өндөр түвшинд хөгжсөн.
БАРИМТ 14
Даничууд өдөр тутамдаа ихэвчлэн унадаг дугуйгаар зорчдог. Тус улсын нийслэл Копенхаген хотод хүн амаас нь олон тооны унадаг дугуй байдаг юм байна. Ийм учраас Дани улсад зам тээврийн түгжрэл гэж бараг л байдаггүй. Мөн 1946 онд АНУ Дани улсад Гренландыг 100 сая ам.доллараар худалдаж авахаар санал тавьж байсан ч Дани улс татгалзаж байжээ.
БАРИМТ 15
Дани улсын 15-64 насны нийт иргэдийн 75 хувь нь ямар нэгэн ажил хийж цалин авдаг гэж судалгаа бий. Гэхдээ тус улсын тухай нэг сөрөг баримт байгаа нь Дани улс хорт хавдрын тохиолдлын хувь нь 100,000 хүн тутамд 328. Энэ нь нэлээд өндөр үзүүлэлт боловч уг жагсаалтыг ихэвчлэн өндөр хөгжилтэй орнууд тэргүүлдэг. Учир нь буурай хөгжилтэй орнуудын иргэд хорт хавдар туссан хэдий ч уг өвчнөө тэр бүр оношлуулаад байдаггүй юм байна.
БАРИМТ 16
Дани улс бол дэлхий дахинд хамгийн их хэмжээний гахайн мах экспортолдог орон. Тус улс нь 5,000 гаруй фермтэй бөгөөд жилд 28 сая гахайг нядалдаг. Эгээр гахайн махныхаа 10 хувийг дотооддоо хэрэглэж үлдсэн 90 хувийг нь экспортолдог. Мөн дэлхий нийтэд алдартай жижиг дүрсүүдийг эвлүүлэн төрөл бүрийн зүйлсийг бүтээж болдог “Лего” тоглоомын компани Дани улсад үүссэн.
БАРИМТ 17
Дани бол хамгийн өндөр амьдрах зардалтай Европын Холбооны орон. Тус улсад ижил хүйстнүүдийн гэрлэлт 2012 онд хуулийн дагуу зөвшөөрөгдсөн. Даничууд маш ухаалаг хүмүүс бөгөөд нийт 11 Дани хүн Нобелийн шагнал хүртэж байсан. Мөн Дани улс турбины үйлдвэрлэлээрээ дэлхийн бусад орнуудыг тэргүүлдэг.
БАРИМТ 18
Дани улсын иргэд өөрсдийн олж буй орлогоосоо шалтгаалж өөр хувийн татвар төлдөг. Хэт өндөр орлого олдог даничууд 42 хувийн татвар төлдөг бол дундаж давхаргын даничууд 27 хувийн татварыг төлдөг юм байна. Дани улсад дэлхийн 200 гаруй орны хүмүүс ажиллаж амьдардаг ба тэд дунд хамгийн их хувийг туркчууд эзэлдэг.
БАРИМТ 19
Даничууд дунджаар 33 насандаа гэрлэдэг. Дани эрчүүдийн хамгийн түгээмэл нэрс бол Петр, Женс бол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэрс нь Анне болон Кирстен. Дани улс нь дэлхийн хамгийн өндөр хувийн нийгмийн хөдөлгөөнтэй ба орлогын тэгш байдалтай орон юм. Мөн Дани улсын авилгын хувь маш бага.
БАРИМТ 20
Дани эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээсээ өмнө дөрвөн долоо хоногийн турш мөн хүүхдээ төрүүлснээсээ хойш 14 долоо хоногийн турш цалинтай чөлөө авах боломжтой. Хүүхдийн эцэг эх нарт хүүхэдтэй болсноос нь хойш 52 долоо хоногийн турш цалинтай чөлөө олгодог. Дани улсад хүүхдэд өгөх боломжтой нэрсийн жагсаалт байдаг ба уг жагсаалтад байхгүй нэр хүүхдэд өгөхөөр болбол заавал тусгай зөвшөөрөл авдаг. Мөн Дани улсад хүүхдийн хүйсэнд тохироогүй нэрсийг хүүхдэд өгөх хориотой байдаг юм байна.
БАРИМТ 21
Даничууд хүүхдүүдээ маш эрх чөлөөтэй өсгөдөг. Тэд хувийн орон зайд нь халдаад байдаггүй бөгөөд хүүхдүүдээ хүссэн зүйлсийг нь хориглолгүй хийлгэдэг. Гэхдээ хүүхдийн амь нас аюулд орох боломжтой үед эцэг эхчүүд арга хэмжээ авцгаадаг. Даничууд долоо хоногт 34-37 цаг ажилладаг. Энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад маш бага цаг юм.
БАРИМТ 22
Дани улсад гэмт хэргийн тохиолдол маш бага бүртгэгддэг. Тэд хөдөө орон нутагт машин болон мотоциклоо түгжилгүй орхидог гэнэ. Мөн Дани эцэг эхчүүд хүүхдүүдээ 6-7 насанд сургуульд ормогц нь бие дааж унадаг дугуйгаар сургуульдаа явахыг нь зааж өгдөг юм байна. Даничууд дэлхийн хамгийн аз жаргалтай улс үндэстний жагсаалтад үргэлж дээгүүр байранд жагсдаг.
БАРИМТ 23
Эрдэмтдийн үзэж буйгаар цэнхэр нүдтэй хүмүүс хоорондоо хамааралтай нэг угсаа гарлын хүмүүс байдаг юм байна. Тэгвэл ихэнх Дани хүмүүс цэнхэр нүдтэй. Та Дани улсад зорчих үедээ 3,000 кроноос их үнийн дүнгээр торгуулах юм бол та тус улсын иргэншлийг хэзээ ч авах боломжгүй болно. Мөн Копенхаген хотод бүртгэгддэг нийт гэмт хэргийн 75 хувь нь гадаадын иргэдтэй холбоотой байдаг.
БАРИМТ 24
Ихэнх даничууд одоогийн ажлын албан тушаалдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд тушаал дэвшихийг тэгж их хүсээд байдаггүй. Учир нь цалин нэмэгдэх хэдий ч тэдний төлөх татвар дагаад нэмэгддэг ба тэдний ажлын байран дээр хүлээх үүрэг хариуцлага улам нэмэгддэгтэй холбоотой. Мөн Дани нэрс цаг үетэйгээ маш их холбоотой байдаг тул хүний нэрийг сонсоод л насыг нь таах боломжтой.