БАРИМТ 1
Бүгд Найрамдах Азербайжан улс нь 86,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Зүүн Европ болон Баруун Азийг дамнаж оршдог. Тус улс нь Кавказын бүс нутагт харьяалагддаг бөгөөд зүүн талаараа Каспийн тэнгист гарцтай. Мөн хойд хэсгээрээ ОХУ (Дагестан), баруун хойд талаараа Гүрж, баруун хэсгээрээ Иран болон Турк, урд талаараа Иран улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Азербайжан улсын нийт хүн ам нь 10,2 сая бөгөөд тэдний олонх буюу 97 хувь нь исламын шашинтай. Бүгд Найрамдах Ардчилсан Азербайжан улс 1918 онд Армен, Гүрж, Азербайжан, Орос, Туркийн нутаг дээр оршиж байсан Закавказын Ардчилсан Холбооны Бүгд Найрамдах улсаас салан тусгаарласнаар анхны исламын шашин давамгайлсан ардчилсан улс болсон.
БАРИМТ 3
Гэвч 1922 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан улс гэх нэрийн дор Зөвлөлт Холбоот улсын мэдэлд орсон. Улмаар Азербайжан улс 1991 оны наймдугаар сарын 30-нд Зөвлөлт Холбоот улс бутрахын өмнө тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан.
БАРИМТ 4
Армен үндэстнүүдийн голчлон амьдардаг Уулын Карабахын бүс нутаг 1991 оны есдүгээр сард өөрсдийн улсыг байгуулсан. Гэвч тус бүс нутгийг хүрээлэн оршдог долоон дүүрэг нь бүгд Азербайжан улсын эзэмшилд байдаг тул Армен болон Азербайжан улсуудын хооронд хүчтэй маргаан үүссээр ирсэн.
БАРИМТ 5
Тус бүс нутаг 1994 онд Уулын Карабахын нэгдүгээр дайны дараа тусгаар тогтносон боловч 2020 оны Уулын Карабахын дайны дараа буцаад Азербайжан улсын мэдэлд шилжсэн. Азербайжан улс нь бие даасан зургаан Түрэг улсын (Турк, Азербайжан, Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистан) нэг бөгөөд дэлхийн 182 оронтой дипломат харилцаатай хамтран ажилладаг.
БАРИМТ 6
Тус улс нь ерөнхийлөгчийн болон парламентын хосолсон засаглалтай. Азербайжан улсын ерөнхийлөгчийн албыг Ильхам Алиев 2003 оноос хойш хашиж байгаа бол дэд ерөнхийлөгчийн албыг түүний эхнэр Мехрибан Алиева хашдаг. Азербайжан улс НҮБ-д 1992 онд элсэн орсон ба одоогийн үндсэн хуулиа 1995 онд баталжээ.
БАРИМТ 7
Хүн амынх нь бараг бүгд исламын шашныг шүтдэг хэдий ч Азербайжан улс хуулийн дагуу ямар нэгэн шашныг улсынхаа албан ёсны шашнаар нэрлээгүй. Мөн хүний хөгжлийн индексээр Азербайжан улс дэлхийд 88-аар байранд бичигддэг ба өндөр эдийн засаг, бага ажилгүйдлийн хувьтай хөгжиж буй орон.
БАРИМТ 8
Азербайжан улсын албан ёсны хэл нь азербайжан хэл ба нийслэл хот нь Баку. Эртний азербайжанчууд галыг бурхан гэж үзэн шүтдэг байсан ба азер гэх нэр нь гал гэсэн утгатай. Азербайжан улсыг “Галын орон” гэж мөн нэрлэдэг. Харин Азербайжан гэх нэр нь тус бүс нутагт амьдарч байсан Туркийн эртний овог аймгуудаас гаралтай гэж түүх шинжээчид үздэг.
БАРИМТ 9
Азербайжан улсын төрийн далбаа нь хөх цэнхэр, улаан, ногоон өнгийн дэвсгэр дээрх цагаан өнгийн хавирган сар болон найман хошуутай одыг дүрслэн үзүүлдэг. Хөх өнгө нь азербайжанчуудын өвөг дээдэс болон өв соёлыг нь, улаан өнгө нь орчин үе болон ахиц дэвшлийг, ногоон өнгө нь исламын шашныг тус тус бэлгэддэг бол од болон хавирган сар нь Түрэг үндэсний бэлгэ тэмдэг болдог.
БАРИМТ 10
Азербайжан улсын гол асуудлуудын нэг бол авилга. Тус улсын нийслэл Баку хот нэгэн цагт Торгоны замын хамгийн гол цэг байсан. Каспийн тэнгисийн эрэг дээр байрладаг уг хотоор явган зугаалах хамгийн тохиромжтой бөгөөд Баку хот нь далайн түвшнээс доош 28 метрт оршдог.
БАРИМТ 11
Азербайжан улсаас олон шилдэг шатрын их мастерууд төрөн гарсан. Тэднээс жишээ татвал Гарри Каспаров болон Теймур Раджабов нарыг дурдаж болно. Теймур Раджабов нь дэлхийн чансааны 14-ээр байранд эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 2012 онд дөрөвдүгээр байр хүртэл дэвшиж байсан. Харин Гарри Каспаровын хувьд 1984 оноос 2005 онд зодог тайлах хүртлээ 255 сарын турш дэлхийн чансааг тэргүүлсэн домогт шатарчин.
БАРИМТ 12
Азербайжан улсын газар нутгийн 60 хувийг нь өндөр уулс бүрхдэг бол үлдсэн хэсэг нь тэгш тал нутгаас бүрддэг. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 4,466 метрийн өндөрт хүрдэг оргилтой Базардюзю уул юм. Мөн Азербайжан улс нь олон төрлийн эрдэст усуудаараа алдартай. Уг улсад 1,000 гаруй шавхагдашгүй их эрдэст усны нөөц байдаг юм байна.
БАРИМТ 13
Азербайжан улс 8,400 гаруй жижиг гол горхитой бөгөөд тэдний 24 нь 100 километрээс урт зайг туулан урсдаг. Мөн Баку хотын тухай өөр баримтуудыг дэлгэхэд тус хот нь 5,500 жилийн настай. Баку гэх нэрийг “Салхин хот” болон “Толгод дээрх хот” гэж хоёр өөр янзаар орчуулдаг.
БАРИМТ 14
Хүн төрөлхтний соёл иргэншил үүссэн цагаас хойш Азербайжаны хөвөн болон торго Евразийн орнуудад алдартай болсон. Монгол орны адилаар Азербайжан улс байгалийн эрс тэс уур амьсгалтай. Азербайжан улсад өвлийн цагт Цельсийн -33 хэм хүртэл хүйтэрдэг бөгөөд зуны улиралд Цельсийн 46 хэм хүртэл халдаг юм байна.
БАРИМТ 15
Азербайжан улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан бол морь. Тэр дундаа Карабах адуу нь авхаалж самбаа, тэсвэр тэвчээр болон оюун ухаанаараа бусад үүлдрийн морьдууд онцгойрдог. Мөн Азербайжан улсын цайны соёл ард иргэдийнх нь хувьд нэлээд чухал. Бараг бүх олон нийтийг хамарсан нийгмийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр дээр цай уух цаг багтдаг.
БАРИМТ 16
Азербайжаны үндэсний баяр бол Наурыз. Уг баяр нь өвөл дуусаж хаврын урин цаг ирж буйг бэлгэддэг бөгөөд гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд тохиолддог. Мөн Азербайжан улсад ЮНЕСКО-гийн үнэт өвөөр нэрлэгдсэн түүхийн дурсгалт хоёр газар бий. Тэд бол Гобустаны хадны сүг зургийн байгалийн цогцолбор газар (ЮНЕСКО-д 2007 онд бүртгэгдсэн), Ширваншахын ордон болон цамхагтай Бакугийн ханан хот (ЮНЕСКО-д 2000 онд бүртгэгдсэн) нар юм.
БАРИМТ 17
Азербайжан хивс дэлхий нийтэд маш алдартай. Улс орны уран сайхны мэдрэмж, төрөл бүрийн бэлгэ тэмдэг болсон дүрсүүдийг байгалийн өнгөөр хослуулан харуулдаг уг хивсийг ихэвчлэн эмэгтэйчүүд уралдаг. Мөн азербайжанчуудын мод, металл болон торгоор урласан гоёл чимэглэлийн хэсгүүд дэлхийн олон тооны музейнүүдэд хадгалагддаг.
БАРИМТ 18
Азербайжан улсад хивсний музей байдаг бөгөөд уг барилга гаднаасаа хуйлсан хивс мэт харагддаг. Тус улс нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаараа дэлхийд дээгүүр бичигддэг тул том хотууд нь нэлээд агаарын бохирдолтой. Мөн KFC түргэн хоолны сүлжээ рестораны хамгийн том салбар Баку хотод байдаг.
БАРИМТ 19
Азербайжан улсын эдийн засгийн байдал газрын тосны олборлолттой шууд холбоотой. Мөн шавран галт уулын дэлхий дээрх хамгийн том бүс нутаг Азербайжан улсад оршдог. Дэлхийн нийт шавран галт уулсын 40 хувь нь Азербайжан улсад байдаг гэх судалгаа мөн байдаг. Шавран галт уулс нь бусад галт уулсыг бодвол маш хүйтэн байдгаараа онцлог. Азербайжан улсад шавран галт уул 2001 онд дэлбэрч байсан ба 300 метрийн өндөр хүрч ойролцоох бүс нутгаа шавар болон өтгөн хар утаагаар бүрхсэн.
БАРИМТ 20
Азербайжан улсын үндэсний спорт бол чөлөөт бөх. Олон улсын тэмцээн болон Олимпын наадамд Азербайжаны бөхчүүд өндөр амжилт үзүүлдэг. Харин тус улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Азербайжаны хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Европ тивд харьяалагдаж олон улсын тэмцээнүүдэд оролцдог тул өндөр амжилт гаргаж байгаагүй. Эдгээр спортуудаас гадна жүдо, бокс, волейбол гэх спортууд Азербайжан улсад өндөр түвшинд хөгжсөн.
БАРИМТ 21
Азербайжан улсад 1950 оноос хойш уулыг хүрээлэн шатдаг гал бий. Уг газар нь жуулчдын олноороо цугладаг цэг бөгөөд газар доороос ялгардаг их хэмжээний байгалийн хий уг галыг тэтгэж дүрэлзэн асаасаар байдаг гэнэ. Мөн тус улсад галт рашаан бий. Тус рашааны ус нь метан хийн өндөр агууламжтай тул гал асаах үед хамт шатдаг юм байна.
БАРИМТ 22
Азербайжан бол Кавказын бүс нутгийн хамгийн нөхөрсөг иргэдтэй орнуудын нэг. Тус улсын иргэд таныг гэртээ урьж бүр хэд хоногийн турш гэрт нь үлдэхийг ч зөвшөөрнө. Мөн Азербайжаны цагдаа нар гадаадын жуулчдыг гудамжаар явж байхад нь зогсоож визаг нь маш олон удаа шалгадаг. Хугацаа нь өнгөрсөн визатай тус улсад байх нь маш хатуу шийтгэлтэй.
БАРИМТ 23
Азербайжан улсын иргэдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 99.9%. Зөвлөлт Холбоот улсаас тусгаар тогтносноосоо хойш Азербайжан улсын хамгийн эхэнд баталсан хуулиудын нэг нь кирилл цагаан толгойг ашиглахаа больж улс даяараа латин цагаан толгойг ашиглаж эхлэх байжээ. Мөн тус улсын бүх хүүхдүүд нь есөн жилийн турш сургуульд сурах үүрэгтэй.
БАРИМТ 24
Аялал жуулчлалын салбар Азербайжаны эдийн засгийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. 1990-ээд оны үеэр өрнөсөн Карабахын дайн жуулчдын Азербайжан улсыг харах өнцгийг нэлээд өөрчилж тус улсын аялал жуулчлалын салбар нэг хэсэг уналтад орсон. Азербайжан улс руу 63 орны иргэд ямар нэгэн визагүйгээр тодорхой хугацааны дотор зорчих боломжтой.