БАРИМТ 1
Бүгд Найрамдах Чили улс нь 756,096 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд Өмнөд Америк тивд Андын нуруудаас Номхон далай хүртэл урт сунаж оршдог. Чили улс дэлхийн хамгийн зүүн захад оршдог орон ба Антарктик тивтэй хамгийн ойрхон оршдог улс билээ. Мөн Номхон далайн хэд хэдэн арлууд тус улсын эзэмшилд байдаг.
БАРИМТ 2
Чили улсын нийт хүн амын тоо нь 18 сая ба тэдний 63 хувь нь христийн шашинтай бол 36 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Мөн хүн амын олонх нь Европ болон нутгийн уугуул иргэдийн цус холилдсон хүмүүс байдаг. Тус улсын нийслэл нь Сантиаго бөгөөд уг хотод хүн амынх нь гуравны нэг хэсэг нь амьдардаг.
БАРИМТ 3
Чили улс Антарктик тивийн 1,250,000 хавтгай дөрвөлжин газар нутгийг өөрсдийн эзэмшилдээ байлгадаг хэдий ч бүрэн хяналт тавьдаггүй. Улсынхаа хойд хэсгээр Перу, зүүн талаар Аргентин, зүүн хойд хэсгээр Болив улсуудтай тус тус хиллэдэг бөгөөд баруун болон урд талаараа Номхон далайд гарцтай.
БАРИМТ 4
Анх Инка эзэнт гүрний нэг хэсэг байсан Чили улсад 16-аар зууны дунд үед Испанийн ноёрхол тогтсон. Гэхдээ испаничууд Мапунче буюу Өмнөд бүсийн Чилийг эзэлж чадаагүй. Улмаар Чили улс 1810 онд өөрсдийн засгийн газраа байгуулж, 1818 онд Испани улсаас салж тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 5
Хүний хөгжлийн индекс болон эдийн засгийн хувьд нэлээд хүчтэй Чили улс нь хурдацтай хөгжиж буй орнуудын эгнээнд багтдаг бөгөөд Латин Америкийн орнуудыг олон улсад өрсөлдөх чадвар, нэг хүнд оногдох орлогын хэмжээ, даяаршил, энх тайван байдал, эдийн засгийн эрх чөлөө, авилгын тухай ойлголт бага зэрэг олон үзүүлэлтүүдээр тэргүүлдэг.
БАРИМТ 6
Чили улс төрийн тогтвортой байдал, ардчилсан хөгжлөөрөө бүс нутагтаа дээгүүр жагсдаг бөгөөд хамгийн бага хүн амын хэрэг үйлдэгддэг гэх үзүүлэлтээр Америк тивдээ хоёрдугаар байранд ордог. Чили улс одоогийн үндсэн хуулиа 1980 онд баталсан бөгөөд НҮБ-ын анхны гишүүн орнуудын нэг юм.
БАРИМТ 7
Чили улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд тус улсын ерөнхийлөгчийн албыг Габриэль Борич энэ оны гуравдугаар сарын 11 буюу дөнгөж арван хоногийн өмнөөс хашиж эхлээд байна. Мөн Чили улсын албан ёсны хэл нь испани хэл. Гэхдээ олон төрлийн нутгийн уугуул иргэдийн ашигладаг хэлнүүд Чили улсад хэрэглэгдсээр байгаа.
БАРИМТ 8
Чиличүүд талхны хэрэглээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд бичигддэг. Тэд маш олон төрлийн амттай талхнуудыг үйлдвэрлэдэг тул уг баримтад гайхаад байх зүйлгүй. Мөн Чили улсын нутаг дэвсгэрт байдаг Атакама элсэн цөл нь дэлхийн хамгийн хуурай цөл юм. Уг элсэн цөлд жилд дунджаар 1.5 см хур тунадас унадаг.
БАРИМТ 9
Чили улсын газар нутаг хойноос урд зүг хүртэл 4,329 километр урттай. Энэхүү хэмжээний тусламжтайгаар Чили улс дэлхийн хамгийн урт газар нутагтай орнуудын жагсаалтад гуравдугаар байранд жагсдаг. Уг жагсаалтад Чили улсын өмнө ОХУ (баруунаас зүүн) болон Бразил (хойноос урд) улсууд бичигддэг.
БАРИМТ 10
Галын цагираг болон Өмнөд Америкийн газрын гадаргын доор байрлах наска хавтангийн субдукц нарын нөлөөнөөс болж Чили улс нь газар хөдлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын нэгээр нэрлэгддэг. Чили улсад 1960 онд 9.4-9.6 магнитуудын хүчтэй газар хөдлөлт (Валдивиагийн газар хөдлөлт) тохиолдож байсан нь өнөөдрийг хүртэл дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт юм.
БАРИМТ 11
Гэхдээ одоо цагт Чили улсын ихэнх барилгууд газар хөдлөлт болон байгалийн бусад гамшигт маш тэсвэртэй байхаар баригдах болсон. Ийм учраас хүчтэй газар хөдлөлтүүд Чили улсад их хэмжээний хохирол учруулж чаддаггүй юм байна. Мөн тус улсад теремото буюу испани хэлэнд газар хөдлөлт гэх утгатай алдартай коктел байдаг гэнэ.
БАРИМТ 12
Чили улсын төрийн далбаа нь улаан, цагаан, цэнхэр өнгөнүүдээс бүрддэг бөгөөд хэд хэдэн утга агуулдаг. Цагаан өнгө нь Андын нурууны мөнх цаст оргилуудыг, улаан өнгө нь эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж амь үрэгдсэн дайчдын цусыг, цэнхэр өнгө нь тэнгэрийг, цагаан өнгийн таван хошуу нь нэр хүнд болон ахиц дэвшлийг тус тус бэлгэддэг юм байна.
БАРИМТ 13
Чили улс хойд бүс нутгаа эргүүлэн авахын тулд Перу болон Болив улсуудтай 1879-1883 онуудын хооронд Номхон далайн дайныг хийж ялалт байгуулсан. Улмаар 20-аар зууны эхэн болон дунд үед Чили улсын хүн ам хурдацтай өсөж, зэсийн борлуулалт дээр тулгуурлан эдийн засаг нь томорч байлаа.
БАРИМТ 14
Гэхээ тус улсад 1960 болон 1970-аад оны үед барууны болон зүүний улс төрийн туйлшрал явагдаж олон төрлийн үймээн самуун, жагсаал цуглаан өрнөх болсон. Улмаар 1973 онд Чили улсад төрийн эргэлт болж Аугусто Пиночетийн 16 жилийн турш үргэлжилсэн цэргийн дарангуйлал тогтсон.
БАРИМТ 15
Уг дарангуйллын үр дүнд 3,000 гаруй хүн амь насаа алдсан бөгөөд 1988 онд бүх нийтийн санал асуулга явагдаж 1990 онд Чили улс дахь цэргийн дарангуйлал зогссон. Тэрхүү хар өдрүүдэд нэг сарын дотор нисдэг тэрэг дээрээс 73 гэмгүй хүнийг буудан хөнөөж байсан гэдэг.
БАРИМТ 16
1970 онд Чили улсад коммунизм тогтсон ч 1980-аад оны сүүлээр буцаад ардчилсан нийгэмтэй болсон. Чили улсыг Аргентин болон Перу улсуудаас заагладаг хил нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байгаа. Мөн Чили болон Болив улсууд геостратегийн шалтгаануудын улмаас хоорондоо таагүй харилцаатай байдаг.
БАРИМТ 17
Чили улсын зэвсэгт хүчин тийм ч сул дорой биш. Тус улсын армид 45,000 идэвхтэй цэргийн алба хаагчид харьяалагддаг бөгөөд нийт зургаан өөр ангилалд хуваагддаг. Нийт 25,000 усан цэрэгтэй бөгөөд 4 шумбагч онгоц Чили улсын армид байдаг. Мөн тус улсын агаарын хүчинд 12,500 цэрэг болон бусад хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд онгоцнууд харьяалагддаг.
БАРИМТ 18
Чили улс 2017 онд цөмийн зэвсгийг эсэргүүцэх олон улсын тогтоолд гарын үсэг зурсан. Тус улсын газар тариалангийн салбар маш өндөр түвшинд хөгжсөн. Тэд жилд дунджаар 2 сая тонн усан үзэм, 1.7 сая тонн алим, 1.4 сая тонн үр тариа, 1.1 сая тонн эрдэнэ шишийг хурааж авдаг.
БАРИМТ 19
Далайд гарцтай орон тул Чили улсын загас агнуурын аж ахуй нэлээд алдартай. Тэд салмон загасыг олборлодог хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Мөн Чили улсын нийт экспортын барааны 13 хувийг нь модон бүтээгдэхүүнүүд дангаараа бүрдүүлдэг. Эднээс гадна Чили улс их хэмжээний байгалийн баялагтай орон гэдгийг мартаж болохгүй.
БАРИМТ 20
Чили улсад хамгийн алдартай спорт бол мэдээж хөлбөмбөг. Чили улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг 1962 онд зохион байгуулсан бөгөөд тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь ДАШТ-д нийт есөн удаа оролцсон. Мөн тэд тивийнхээ аварга буюу Копа Америка тэмцээнд 2015 болон 2016 онуудад түрүүлсэн.
БАРИМТ 21
Чилийн уран зохиолчид хосгүй авьяастай. Чили зохиолч Габриэла Мистраль 1945 онд Нобелийн шагналыг уран зохиолын салбарт хүртсэн бөгөөд уг шагналыг авсан анхны Латин Америк хүнээр тодорсон. Мөн түүнээс хойш 1971 онд Чили зохиолч Пабло Неруда тус шагналыг уран зохиолын салбарт хүртсэн.
БАРИМТ 22
Чили улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн зургаан дурсгалт газар бий. Тэднийг нэрлэвэл Чилийн сүмүүд, Валпараисо далайн боомт хотын түүхэн үлдэц, Сьюэлл уул уурхайн хот гэх зэргээр үргэлжилнэ. Мөн уг жагсаалт цаашид нэмэгдэх боломжтой. Учир нь Чили улс дахь 18 түүхийн дурсгалт газар ЮНЕСКО-д бүртгүүлэхээр нэрээ өгөөд байгаа юм байна.
БАРИМТ 23
Газар хөдлөлтийн тухай дурдах үедээ Галт цагираг гэх нэрийг дурдсаныг та бүгд санаж байгаа байх. Тэгвэл тус бүс нутагт олон тооны идэвхтэй болон унтарсан гал уул оршдог. Чили улсад 2,900 гаруй галт уул байдаг боловч идэвхтэй галт уулсын тоо нарийн тогтоогдоогүй. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлдгээр 80-90 ширхэг идэвхтэй галт уул Чили улсын газар нутагт байдаг юм байна.
БАРИМТ 24
Хэрэв та одон орон сонирхогч бол Чили улс таны хувьд диваажин л гэсэн үг. Тус улсад дэлхийн хамгийн хуурай бүс нутаг харьяалагддаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл Атакама цөл нь агаар дахь чийгшлийг багасгаснаар одон орончдын хувьд оддыг болон сүүн замыг ажиглахад илүү хялбар болдог.