БАРИМТ 1
Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь зүүн Азид байрладаг ба дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг юм. Нийт 1.4 тэрбум хүн амтай (дэлхийд тэргүүлэх үзүүлэлт) бөгөөд 9,596,961 хавтгай дөрвөлжин километр (дэлхийд гуравдугаар байранд жагсдаг) газар нутагтай. Мөн БНХАУ нь дэлхийн хамгийн олон улстай хиллэдэг улс юм. Нийт 14 улстай хилийн зурвасаа хуваалцдагийн нэг нь манай Монгол Улс билээ.
БАРИМТ 2
БНХАУ нь дэлхийн хамгийн том албан ёсны шашингүй орон бөгөөд хүн амын 74.5 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй бол 18.3 хувь нь буддын шашинтай. Мөн тус улс нь нэг намын тогтолцоот социалист бүгд найрамдах улс бөгөөд 1912 онд Манж Чин гүрний засаглалыг нурааснаас хойш БНХАУ-д хаант засаглал дахин оршин тогтноогүй.
БАРИМТ 3
БНХАУ-ын газар нутгийн хуваарилалт нь 23 аймаг, таван автономит муж, дөрвөн хотын захиргаа, болон хоёр тусгай засаг захиргааны бүсүүдээс (Хонконг, Макао) бүрддэг. Хятад үндэсний хоолнууд бүс нутгаасаа шалтгаалан өөр өөр амттай байдаг бөгөөд нутаг бүр өөрсдийн үндэсний хоолтой. Тиймээс та бүхэн БНХАУ-д нэг идсэн хоолоо дахин амтлах боломжгүй тул олон өөр бүс нутгийн хоолнуудыг амталж үзэхийг уриалж байна. Олон төрлийн хоолыг нэгэн зэрэг бэлтгэж хамтдаа суун хооллодог гэдгийг нь та бүхэн мэдэх байх. Хятад хоол нь чихэрлэг, исгэлэн, гашуун, давслаг, мөн халуун ногоотой гэх таван төрөл байдаг ба хятадууд тэднийг тэнцүү хуваарилан бэлтгэдэг.
БАРИМТ 4
Тус улсад амьдардаг хамгийн алдартай амьтан нь хулсны панда. Устан үгүй болох аюулд өртөж дэлхийн улаан номонд бүртгэгдсэн уг баавгайн төрөл зүйл нь зөвхөн БНХАУ-н нутаг дэвсгэрт амьдардаг. Тэдний хайр хүрэм гадаад төрх нь дэлхий нийтэд маш алдартай бөгөөд панда нь өдрийн 10-16 цагийг хулс идэж өнгөрүүлдэг. Энэ нь унтахдаа зарцуулдаг цагаасаа их хугацааг юм идэхдээ зориулдаг гэсэн үг юм.
БАРИМТ 5
Хятадууд цагаан сарын баярыг 15 хоногийн туршид тэмдэглэн өвлийг үдэж хавар цагийг угтан авдаг уламжлалтай. Дэлхий нийтээрээ уг баярыг хятадын шинэ жил гэх нэрээр нь сайн мэдэх бөгөөд баярын өдрүүдэд гэр бүлээрээ цуглан ганц бие залуус болон хүүхдүүдэд улаан дугтуйнд хийсэн мөнгийг бэлэг болгон өгч үндэснийхээ хоолнуудыг бэлтгэн иддэг. Мөн хотын гудамжаар луу болон арслангийн өмсгөл өмссөн бүжигчид баярын жагсаалд оролцон үзүүлбэр үзүүлдэг ба салют буудуулж галт үзүүлбэрүүд хаа сайгүй тохиолддог. Энэ жилийн хувьд хятадын цагаан сар хоёрдугаар сарын 1-нд буюу Монголын цагаан сараас нэг хоногийн өмнө эхэлсэн.
БАРИМТ 6
БНХАУ-ын 35 сая гаруй иргэд өнөө цагт агуй дотор амьдардаг. Энэ нь манай улсын нийт хүн амаас 11 дахин их тоо юм. Тэдний ихэнх хэсэг нь Шеньси мужид амьдардаг ба хятадын хойд хэсгээр нутагладаг иргэд барихад хямд, өвөл дулаацуулахад хялбар, мөн зун сэрүүхэн байдаг тул агуйд амьдрахыг илүүд үздэг гэнэ.
БАРИМТ 7
Дэлхий дээр усталгүйгээр үлдэж чадсан цор ганц дүрс ашиглан бичигддэг бичиг хятад хэлнийх. Тус улсын иргэд өөрсдийн оршин сууж буй бүс нутгуудаасаа хамааран албан ёсны хэлнээсээ гадна 300 гаруй өөр хэлнүүдээр (монгол хэл багтдаг) хоорондоо харилцацгаадаг. Тэдгээр нь хятад хэлнээс олон шинж чанаруудаараа ялгаатай бөгөөд шинээр сурахад маш хүнд хэлнүүдийн жагсаалтад багтдаг.
БАРИМТ 8
Сүүлийн гучин жилийн туршид тус улсын эдийн засаг хамгийн хурдан өсөж байгаа. Гурван аравны туршид жилд ойролцоогоор 10 хувиар нэмэгдсээр байгаа гэнэ. Дэлхий нийтийн хэрэглэж буй ихэнх бараа бүтээгдэхүүнүүд ажиллах хүч ихтэй БНХАУ-д үйлдвэрлэгддэг. Дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд хоёрт бичигддэг бол улсын нийт хөрөнгийн хэмжээгээрээ мөн л хоёрдугаар байранд бичигддэг.
БАРИМТ 9
БНХАУ-д ойролцоогоор 660 хот байдаг бол тэдний 18 нь арваас олон сая хүн амтай. Харин тэдний 90 хувь нь нэг саяас олон хүн амтай юм байна. Тус улсын нийслэл нь Бээжин бол хамгийн олон хүн амтай хот нь Шанхай (24 сая хүн амьдардаг). Шанхай хотын хүн ам л гэхэд манай улсынхаас 7 дахин их байгаа юм.
БАРИМТ 10
Тус улсад байдаг нийт төмөр замуудын урт нь дэлхийн бөмбөрцгийг гурван удаа ороох урттай. БНХАУ нь дэлхий дээрх хамгийн урт хурдны галт тэрэгний замтай (38,000км) бөгөөд нийт галт тэрэгний замын уртаараа (146,000км) дэлхийд хоёрдугаар байранд бичигднэ. Мөн тус улсад дэлхийн хамгийн урт далайг гаталсан гүүр байдаг. Уг гүүр нь Хонконг-Жухай-Макао гэх газруудыг холбодог бөгөөд 55 километр үргэлжилдэг.
БАРИМТ 11
Бүх өнгөнүүд өөр өөрийн гэсэн бэлгэдэл шиж чанаруудтай. Хятадуудын хамгийн дуртай өнгө нь улаан өнгө ба аз жаргалыг бэлгэддэг. Эртний хятадын түүхэнд цагаан өнгө үхэлтэй холбогддог бол шар өнгө хаантай холбоотой. Мөн тоонуудын хувьд ч азтай азгүй хэмээн ангилагддаг. 8 (эд хөрөнгө, амжилт), 6 (аз ёндоо), болон 9-н (урт удаан, үүрд мөнх) тоонуудыг азтай дугаарууд хэмээн хятадууд ихэд бэлгэддэг бол 4-н тоог үхэл гэх үгтэй төстэй дуудагддаг тул цээрлэдэг.
БАРИМТ 12
БНХАУ-д хүн болгон хоолоо савх ашиглан иддэг. Харин эрт цагт савхыг хоол идэхэд бус хоол хийхэд ашигладаг байжээ. Хятад хүмүүс савхыг 5,000 гаруй жилийн хугацаанд ашиглаж байгаа бөгөөд 2,400 жилийн өмнөөс хоол идэхдээ ашиглаж эхэлсэн. Мөн цай нь хятадын соёлын салшгүй нэг хэсэг билээ. Хятад цай нь 3,000 жилийн түүхтэй ба барууны орнуудтай цай ашиглан солилцоо наймаа хийдэг байжээ. Ихэнх хятад ресторанд хоолны өмнө цайгаар үйлчилдэг. Ахмад настандаа цай бэлтгэн өгөх нь хятадын соёлд хүндлэлээ харуулах хамгийн энгийн аргуудын нэг юм. Тус улсад ногоон цай хамгийн алдартай.
БАРИМТ 13
Тус улсын газар нутгийн онцлог нь 33 хувь уулын бүс, 26 хувь өндөрлөг бүс нутаг, 19% элсэн цөл болон сав газрууд, 12 хувь тэгш тал, 10 хувь дов толгодоос бүрддэг. Мөн БНХАУ-н нутаг дэвсгэрт ази тивийн хамгийн урт гол болох янгтзе оршдог. Уг гол нь улсын эдийн засаг болон соёлын хөгжилд маш том нөлөө үзүүлдэг.
БАРИМТ 14
БНХАУ нь жуулчдын хамгийн ихээр цуглардаг бүс нутгийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Тус улс нь нийт 56 ширхэг (Итали улс 58 өв эзэмшиж дэлхийд тэргүүлдэг) ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн байгаль болон соёлын үнэт өвүүдийг хадгалдаг. Тэднээс дурдвал Цагаан хэрэм (дэлхийн хамгийн урт хана хэрэм), Хятадын хориотой хот (дэлхийн хамгийн том хааны ордон), Денсягийн газрын тогтоц, Терракотын арми нар багтана. Мөн тус улсыг зорих хамгийн тохиромжтой цаг үе бол намрын улирал.
БАРИМТ 15
Улсын төрийн далбаа нь улаан дэвсгэр шар өнгөтэй нэг том дөрвөн жижиг таван хошуунаас бүрддэг. Улаан өнгө нь хятадын коммунист хувьсгалыг илэрхийлдэг бол шар өнгө нь хятад хүмүүсийг бэлгэддэг. Харин том таван хошуу нь коммунист намыг, дөрвөн жижиг таван хошуунууд хятадын нийгмийн дөрвөн үе давхаргыг (үндэсний хөрөнгөтнүүд, хотын жижиг хөрөнгөтнүүд, ажилчин анги, болон тариачид) бэлгэддэг.
БАРИМТ 16
Нэг гэрт гэр бүлээрээ амьдрах нь хятадын соёлд амжилт ирэхийн бэлгэдэл болдог. Үр хүүхдүүд нь үргэлж эцэг эхийгээ асран хамгаалах үүрэгтэй бөгөөд тус улсад ахмадуудын эрхийн тухай хууль хүртэл байдаг. Мөн хүүхдүүдэд бага наснаас нь хятадын түүхийг заан сургаснаар бүх иргэд нь улсынхаа түүхийн тухай маш өндөр мэдлэгтэй.
БАРИМТ 17
Хятадын хойд хэсэгт Шар мөрнийг түшиглэн хүн төрөлхтний анхны соёл иргэншлүүдийн нэг үүссэн гэж үздэг. Эртний Хятадын домч нар 1628 онд Европ эрдэмтэн Уилльям Харви цусны тухай ойлголтыг нээн тогтоохоос даруй 2,000 жилийн өмнө тогтоочихсон байсан. Мөн тус улс маш том газар нутагтай ба дэлхийн зургаан өөр цагийн бүсэд хуваарилагддаг ч зөвхөн нийслэл хот Бээжингийн цагийг ашигладаг.
БАРИМТ 18
Та бидний идэх дуртай амттануудын нэг болох зайрмаг нь 4,000 жилийн өмнө БНХАУ-д үүссэн. Тухайн хятадууд үед сүү, цагаан будааны хольц, болон цасыг хооронд нь хольж зайрмагийг хийж иддэг байсан. Мөн дэлхий дээр амьдардаг гахайнууд нь тал хувь нь БНХАУ-д амьдардаг.
БАРИМТ 19
2008 оны зуны олимпын наадам Бээжин хотод зохиогдож манай улс анхны олимпын алтан медальтнуудаа өлгийдөн авч байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр дахин Бээжин хотод олимпын наадам үүд хаалгаа нээж байгаа бөгөөд энэ удаад зуны бус өвлийн олимпыг тэд зохион байгуулж байгаа юм. Энэ нь Бээжин хотыг зуны болон өвлийн олимпын наадмыг хоёуланг нь зохион байгуулсан цор ганц хот болгож байна.
БАРИМТ 20
Спортын хувьд бүх төрлийн спортууд өндөр түвшинд жигд хөгжсөн цөөн хэдэн орнуудын нэг бол яах аргагүй БНХАУ. Хятадын ширээний теннисийн тамирчдыг дэлхийд дийлдэшгүй гэж хэлэхэд хол буруутахгүй. Хэдийгээр мэргэжлийн спортоор тогтмол хичээллэхгүй ч ихэнх иргэд нь өглөө бүр тогтмол дасгал хийж эрүүл мэнддээ анхаардаг үлгэр жишээ дадалтай улс. Мөн дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Азийн наадмыг энэ жилийн есдүгээр сарын 10-25-ны хооронд БНХАУ зохион байгуулахаар болсон.
БАРИМТ 21
БНХАУ-н тэнгэр баганадсан өндөр барилгууд дэлхийд алдартай. Тус улсад таван өдөр тутамд шинэ цамхаг баригддаг бөгөөд жилд дор хаяж 73 шинэ зуун метрээс илүү өндөртэй барилгууд баригддаг гэсэн үг. Мөн хөлбөмбөгийн спорт Европ тивд анх үүссэн гэж үздэг боловч 2,200 жилийн өмнө хятадууд тус спортоор хичээллэдэг байсныг нотлох ширээр хийсэн бөмбөг гэх мэт хэд хэдэн баримтууд олдсон.
БАРИМТ 22
Хятад хүмүүс дэлхийн дунджийг бодвол харьцангуй ухаалаг. Тэдний дундаж IQ 104 байдаг бөгөөд энэ нь дэлхийд дөрөвдүгээр байранд эрэмбэлэгдэх үзүүлэлт. Харин БНХАУ-ын нэг хэсэг болох хонконгчууд гуравдугаар байранд бичигддэг. БНХАУ-ын дунд сургуулиа төгсөж буй сурагчдын 90 хувь нь ахлах анги руу дэвшин ордог ба тэдний ойролцоогоор 60 хувь нь их дээд сургуульд элсэн суралцдаг. Олон хүн амтай улс тул улсын шилдэг сургуулиуд болох, Пекин их сургууль, Цинхуа их сургуулиудад орохын тулд сурагчид хэдэн жилийн туршид шаргуу хөдөлмөрлөдөг.
БАРИМТ 23
Хүн амын хэт их өсөлтийг бууруулахын тулд БНХАУ 1980 оноос 2015 он хүртэл гэр бүлийг зөвхөн нэг хүүхэдтэй байх тухай хуулийг хэрэгжүүлсэн. Уг хуулийн хүрээнд хүн амын өсөлтийг хязгаарлаж чадсан ч эрэгтэй хүүхэдтэй болохын тулд эхэлж гарсан эмэгтэй хүүхдээ зулбуулах, төрснийх нь дараа эзэнгүй хаях гэх мэт хэргүүд цөөнгүй илэрсээр байсан. Мөн тус бодлогын үеэр ихэр хүүхэд төрүүлбэл тус гэр бүл хүүхдүүдээ хамтад нь өсгөхийг зөвшөөрдөг байсан. Харин сүүлийн жилүүдийн хувьд уг бодлогыг хэрэгжүүлэхээ зогсоосон хэдий ч БНХАУ-н хүүхэд төрөлтийн хувь огцом багассаар байна.
БАРИМТ 24
Манай улсын иргэд урд хөрш БНХАУ руу 30 хүртэлх хоногийн хугацаатай ямар нэгэн визагүйгээр зорчих боломжтой.
Сэтгэгдэл (4)