БАРИМТ 1
Хүнд ил ертөнцөөс бэлэглэсэн махан бие, ясан бие, цусан биеэс гадна сүнсэн бие, гэрлэн бие гэсэн нийт таван бие байдаг. Энэ таван биеийг билэгдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг уламжлалтай юм. Харин тавгийн идээний сууриас дээш явах үений тоо нь гэрийн эзний наснаас хамаардаг ажээ. Өөрөөр дээшлэх үе нь нас, доод тойрог нь бие гэсэн үг юм.
БАРИМТ 2
Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг. Ингэхдээ тухайн өрхийн тэргүүний нас сүүдэр, үр хүүхэд, ач зээгийн тооноос хамаарч “тэдэн улыг элээжээ хэмээж” хэдэн давхар байхаа тооцон гаргадаг уламжлалтай. Мөн суурийг таван биеийг бэлгэдэж таван боовоор засдаг уламжлалтай. Жаран наснаас наян нас хүртэл таваар таван үе, наян наснаас зуун нас хүртэл таваар долоон үе. 100-аас дээш насалсан хүн таваар есөн үе засдаг уламжлалтай. Хэрэв гэрийн эзэн нас бараад гурван жил болоогүй бол хүндэтгэл үзүүлж, таваар есөн үе тавгийн идээ засдаг.
БАРИМТ 3
Талийгчийн хүндэтгэлд зассан идээ тусдаа тавигдана. Эцгээ явсны хойно гурван жил хугацаанд бүсгүй хүн ул тавихыг цээрлэдэг. Харин хойчийн буй юмыг билэгдэж өвчүү тавьдаг. Бурхан болоочид зориулагдсан тавгийн идээг ширээнийхээ хойморьт засна. Хүндэтгэл идээ учраас зочид хүрэхийг цээрлэдэг. Харин зочид цагаан идээ нэмж тавьж болно. Цагаан сар өнгөрсний дараа бурхан болоочид зориулсан тавгийн идээг хураагаад хүртэж, амсдаггүй бөгөөд галын тахилганд өргөдөг байна.
БАРИМТ 4
Эрт үеэс уламжлагдан ирсэн ёс журмаар бол тавганы идээн дээр еэвэн тавьдаггүй байжээ. Энэ ёс манжийн эзлэн түрэмгийллийн үед Монголд орж иржээ. Зүй нь бол зассан тавгийн идээний дээр өрөм дэвсэж өгдөг байна. Энэ ёс нь гэрийн эзэн өөрийн тэргүүн, магнайгаа билэгдсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл нүнжигтэй, оюунлаг байхыг илэрхийлж буй юм.
БАРИМТ 5
Тавгийн идээг гэрийн эзнээ хүндэтгэн засдаг. Тиймээс зочид айлд ормогцоо шууд гол тавгийн идээнд хүрч болдоггүй. Гол идээнд хүрэхээсээ өмнө дан цагаан идээгээр зассан жижиг тавагтай идээнээс амсдаг учиртай. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа хэрэг юм. Цай ухаасаа өмнө цагаан идээнээс амсах ёстой ажээ. “Цай” бол ус дээр сүүг нэмж хийсэн ундаа учраас ариун цагааныг илэрхийлдэггүй юм байна. Тийм учраас цагаан идээнд эхэлж хүрдэг байна. Хэдэн ч удаа зочин ирсэн гол идээндээ гэрийн эзэн түрүүлж хүрдэг ёстой.
БАРИМТ 6
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.
БАРИМТ 7
Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.
БАРИМТ 8
Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
БАРИМТ 9
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай.
БАРИМТ 10
Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө.
БАРИМТ 11
Битүүнд үс угаахгүй. Үсний хар, усны хар, битүүний хар /харанхуй/ гурван их давхцал болох учир тэр. Усны ганг усаар, дөрвөлжийг /ширээ/ баян сав гэж бэлгэдэн нэрлэнэ. Аргал түлшгүй хоосон байлгах нүгэл гэдэг халтар аргал /зөөлөрч хагараагүй хатуу/, түлшээр дүүргэнэ.
БАРИМТ 12
Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь уралдуулах, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.
БАРИМТ 13
Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
БАРИМТ 14
Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
БАРИМТ 15
Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.
БАРИМТ 16
Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.
БАРИМТ 17
Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Жил гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
БАРИМТ 18
Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.
БАРИМТ 19
Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг улбааг зөрчихийг цээрлэнэ.
БАРИМТ 20
Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.
БАРИМТ 21
Битүүний өдөр нохой зодохыг цээрлэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
БАРИМТ 22
Гэр орондоо хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр, улс орон амар тайван бус байх бөлгөө хэмээн цээрлэдэг заншилтай.
БАРИМТ 23
Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг.
БАРИМТ 24
Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.