БАРИМТ 1
Малайз улс нь зүүн өмнөд азид байрладаг 330,803 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай улс. Өмнөд Хятадын Тэнгис нь Малайз улсын газар нутгийг Баруун Малайз болон Калимантан арал дахь Зүүн Малайз гэсэн хоёр хэсэгт салангид зааглан тэдний голд оршдог.
БАРИМТ 2
Зүүн Малайз нь Тайланд улстай хиллэдэг бөгөөд далайн хилээ Вьетнам, Сингапур, болон Индонез улсуудтай хуваалцдаг. Баруун Малайзын хувьд улсын хойд хэсгээрээ Бруней улстай хиллэж далайн хилээ Индонез, Вьетнам, болон Филиппин улсуудтай хуваалцдаг.
БАРИМТ 3
Тус улсын нийт хүн ам нь 32 сая бөгөөд 61.3 хувь нь исламын, 19.8 хувь нь буддын, 9.2 хувь нь христийн, 6.3 хувь нь хиндийн гэх шашнуудыг тус тус шүтдэг. Хүн амын ихэнх хувиа дагаад Малайз улсын албан ёсны шашин нь исламын шашин. Албан ёсны хэл нь малайз хэл ба ихэнх иргэд нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг.
БАРИМТ 4
Малайз улсын нийслэл нь Баруун Малайзын баруун хэсэгт далайн эргээс 40км-ийн зайд орших Куала-Лумпур. Тус хотод Малайз улсын яамдууд болон шүүхийн байгууллагууд байдаггүй. Учир нь Куала-Лупураас урд зүгт 25 км зайнд орших Путражая гэх хоёр дахь нийслэл хот руугаа улс төрийн томоохон байгууллагуудаа нүүлгэсэн. Малайз улс нь хүн амын суурьшан амьдардаг болон улсын чухал ажлууд явагддаг хоёр нийслэл хоттой гэсэн үг.
БАРИМТ 5
XVIII зууны үеэс эхлэн Их Бринтанийн колоничлолд байсан хоёр хэсэг Малайзчууд 1946 онд нэгдэж, Малайзын холбоог үүсгэн байгуулж 1948 онд бүтцийн өөрчлөлт хийн Малайз улсын холбоог байгуулж, 1957 оны наймдугаар сарын 31-нд улсынхаа тусгаар тогтнолыг албан ёсоор зарласан.
БАРИМТ 6
Малайз улсын иргэд олон төрлийн үндэс угсаатай мөн соёл уламжлалтай тул энэхүү олон талт байдал нь тус улсын улс төрийн бодлогод багагүй нөлөө үзүүлдэг. Нийт хүн амын тал орчим хувь нь үндсэн Малайз үндэстэн бол үлдсэн хэсгийг нь Хятад, Энэтхэг тэргүүтэй өөр улсаас гаралтай хүмүүс бүрдүүлдэг. Ийм учраас улсын үндсэн хэл нь Малайз хэл боловч малайз бус үндэстнүүддээ зориулан англи хэлийг хоёр дахь хэлээрээ сонгосон. Мөн Малайз нь хаант засаглалтай (одоогийн хааныг нь Абдулла гэдэг) бөгөөд таван жил тутамд хаан нь 13 мужийн сонгуулийн үр дүнгээр солигддог өвөрмөц тогтоцтой улс. Харин Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб.
БАРИМТ 7
Малайзын холбоог 1946 онд байгуулсны дараа тэд өөрсдийн төрийн далбаагаа бүтээх шаардлагатай болсон бөгөөд 1963 онд 29 настай Мохамад Хамза гэх архитекторын бүтээл Малайз улсын төрийн далбаагаар сонгогдсон. Далбааны дээд буланд орших хавирган сар болон од нь исламын шашныг, шар өнгө нь Малайзын захирагчдын өнгийг, цэнхэр өнгө малайзчуудын эв нэгдлийг, 13 ширхэг улаан болон цагаан өнгийн хөндлөн зураас нь Малайзын 13 мужийг тус тус бэлгэддэг. Тус хөндлөн зураасууд адилхан хэмжээтэй байдаг нь бүх мужууд ижил тэгш эрхтэй байхын бэлгэдэл.
БАРИМТ 8
Хэрвээ та олон төрлийн амттай хоолнуудыг амсаж үзэх дуртай бол Малайз улс төгс тохирно. Малайзчууд өдөрт таван удаа хооллодог бөгөөд Пенанг хотын гудамжаар явах үед Энэтхэг болон Хятад үндэстний онцлогийг агуулсан хоолнууд хаа сайгүй тааралдана. Мөн дэлхийн хоолны нийслэлийг Малайз улсад байдаг хэмээн жуулчид үздэг.
БАРИМТ 9
450 метрийн өндөртэй 88 давхар Малайзын Петронас цамхаг нь 2004 он хүртэл дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгддэг байсан. Мөн тус цамхаг нь ихэр бөгөөд дэлхийн хамгийн өндөр ихэр цамхаг гэх амжилтыг өнөөдрийг хүртэл эзэмшсээр байна. Улсын нийслэлд орших энэхүү цамхгийг Баруун Малайзад очсон бүх жуулчин очиж үздэг бичигдээгүй уламжлалтай.
БАРИМТ 10
Дэлхийн хамгийн муухай үнэртэй жимс тус улсад ургадаг. Уг жимсийг “Дуриан” гэдэг бөгөөд ази тивийн ихэнх улс олон нийтийн газар түүний өмхий үнэр болон эвгүй амтнаас нь шалтгаалж зочид буудал болон метроны зогсоол гэх мэт газруудад худалдаалах болон идэхийг хориглодог гэнэ. Харин Малайз улсын хувьд энэхүү жимс нь нэлээн том бизнес. Дурианыг идэх үед зөөлөн мөртлөө яг л муудсан сонгино мэт амтагддаг бөгөөд түүний эвгүй үнэр амнаас нэг хэсэг салдаггүй гэнэ. Тус жимснээс гадна Малайз улс халуун оронд ургадаг жимснүүдийн хамгийн том экспортлогч орон.
БАРИМТ 11
Хүн төрөлхтний DNA-тай 98 хувь адилхан DNA-тай орангутанууд Калимантан арлын Зүүн Малайзаас гаралтай. Малайз хэлэнд оранг-утан гэх үг нь ойн хүмүүс гэх утгатай бөгөөд орангутан нь сармагчны нэгэн төрөл зүйл билээ. Гэвч Малайз улсын ой моддын хэмжээ огцом багасч байгаа тул орангутан нь аль хэдийнээ ховордсон амьтдын жагсаалтад багтаж эхэлсэн. Мөн та бүхэн дэлхий дээр ердөө 350 ширхэг үлдсэн Малайзын бар тус улсад амьдардаг гэдгийг мэдэх байх.
БАРИМТ 12
Олон төрлийн ховор жимснүүд болон орангутанаас өөр нэгэн сонирхолтой зүйл Малайз улсад байдаг нь дэлхийн хамгийн том цэцэг юм. Раффлеси Арнольди гэх цэцэг нь Зүүн Малайзад ихэвчлэн ургадаг бөгөөд тус цэцэгний диаметр нь дунджаар нэг метр хүрдэг. Жуулчдын ихэд зорьж очин сонирхдог уг цэцэг нь бидний сайн мэдэх сараана цэцэгтэй төстэй олон шинж чанаруудыг агуулдаг. Дэлхийн хамгийн том цэцэг гэх баримтаас гадна раффлеси цэцэгний өөрөөсөө ялгаруулдаг өмхий үнэр нь энэхүү цэцгийг улам алдартай болгодог.
БАРИМТ 13
Малайз улс зарим тохиолдолд гэмт хэрэгтнүүдэд ташуурдуулах шийтгэл оногдуулдаг. Одоо цагт ийм төрлийн шийтгэлийг улс орнууд өгөхөө бараг л больсон. Тус улсад эмэгтэйчүүдэд болон 10-аас доош насны эрэгтэй хүүхдэд ташуурдуулах шийтгэл өгөх боломжгүй. Энэ шийтгэлийг оногдуулахдаа хамгийн ихдээ 24 удаа л ташуурдахыг зөвшөөрдөг.
БАРИМТ 14
1963-1965 онуудын хооронд Сингапур улс Малайз улсын нэгэн хэсэг байсан. Гэвч олон төрлийн ялгаатай соёлын бүлгүүдийн эдийн засаг болон улс төрийн үймээн самуунаас үүдэн Сингапур улс тусдаа гарч бие даан оршин тогтнох болсон. Англи хэлэнд Малайз улсын нэрийг “Malaysia” гэдэг бөгөөд уг нэрэнд Сингапур улсыг бэлгэдсэн “si” гэх хэсэг байдаг. Хэдийгээр Сингапурчууд тусдаа гарч улсын нэг хэсэг байхаа больсон ч Малайзчууд улсынхаа нэрийг дахин солилгүйгээр хэвээр үлдээсэн.
БАРИМТ 15
Дэлхийн хамгийн том цэцэг Малайз улсад ургадаг бол халуун орны хамгийн өндөр мод мөн л Малайз улсад ургадаг. Туаланг гэх тус модны иш нь 3 метр, өндөр нь 80 метр тус тус хүрдэг. Тус улсын үндэсний хоолыг “Наси Лемак” гэх бөгөөд агшаасан будааг коконатын сүүтэй хольж гадил жимсний навчинд ороон бэлтгэдэг
БАРИМТ 16
Харин үндэсний ундааг “Тех Тарик” гэдэг. Уг ундааг бэлтгэх явцдаа бэлтгэгдсэн Мамак залуус нэг аяганаас нөгөө аяга руу ойролцоогоор нэг метрийн зайнаас юүлдэг. Уг үйлдлийг анхандаа ундааг хөргөх зориулалтаар хийдэг байсан ч цаг хугацааны эрхэнд Малайз улсын соёлын нэг хэсэг болтлоо хөгжсөн.
БАРИМТ 17
Малайз улсад бороо их хэмжээгээр ордог бөгөөд улсын нийслэл Куала-Лумпурт жилийн 365 өдрийн 200 нь бороотой байдаг. Мөн Баруун болон Зүүн Малайз нь өөрсдийн гэсэн цагаачлалын тухай хуультай тул малайзчууд хүртэл хоёр арлын хооронд зорчихдоо гадаад пасспортоо биедээ авч явах ёстой.
БАРИМТ 18
Цагаан сар нь малайзчуудын тэмдэглэдэг хамгийн том баяруудын нэг бөгөөд жил бүр өөр өөр өдрүүдэд тохиолддог. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 1-ний өдөр Малайзын цагаан сар тохиож байгаа бөгөөд малайзчуудын цагаан сарыг тэмдэглэх арга байдал нь хятадуудтай нэлээн төстэй. Хамаатан саднаараа зочилж гэр бүл зохиогоогүй нэгэндээ улаан дугтуйтай мөнгийг шинэ жилийн бэлэг болгон өгч гудамжаар луугийн болон арслангийн өмсгөлтэй бүжигчид үзүүлбэр үзүүлдэг.
БАРИМТ 19
Малайз улсад очоод зарим барилгын дөрөвдүгээр давхрыг олохгүй байвал гайхах хэрэггүй. Учир нь хятад хэлэнд дөрвийн тоо нь үхэл гэх үгтэй төстэй сонсогддог тул хятадууд дөрвийн тоог ихэд цээрлэдэг. Малайз улсын хүн амын тодорхой хэмжээг хятад үндэстэн бүрдүүлдэг тул уг соёл Малайз улсад нэлээд өргөн тархсан. Дөрөвдүгээр давхрыг 3A хэмээн тэмдэглэдэг.
БАРИМТ 20
Малайз улсын хамгийн өндөр цэг нь Кинабалу гэх нэртэй далайн түвшнээс дээш 4,000 метрийн өндөрт орших уул. Тус уулыг ЮНЕСКО-гийн үнэт өвөөр бүртгэн авсан тул энэхүү уул нь ариун дагшин хүний хөл бараг хүрдэггүй газар. Малайзчууд энэхүү ууланд нас барсан хүмүүсийн сүнс тэнгэрийн орныг зорихынхоо өмнө очдог газар хэмээн үздэг. Сонирхуулахад 2015 онд гаднын хэсэг жуулчин уг уулан дээр төрсөн өдөр тэмдэглэж хувцсаа тайлсан явдал нь малайзчуудын уур бухимдлыг ихээр хүргэсэн бөгөөд долоо хоногийн дараа Малайзад хүчтэй газар хөдөлж 18 хүн амиа алдсан. Энэхүү үйл явдлыг Кинабалу уулыг хилэгнүүлсэнтэй холбоотой гэж нутгийн иргэд үздэг.
БАРИМТ 21
Кинабалу уул нь байгалийн болон соёлын гэх хоёр ангиллаар ЮНЕСКО-гийн үнэт өвөөр бүртгэгдсэн. Харин уг уулнаас гаднаа ЮНЕСКО-д бүртгэгдсэн хоёр чухал газар Малайз улсад бий. Тэдгээр нь олон төрлийн байгалийн онцлогийг агуулсан Гунунг Мулу гэх байгалийн цогцолборт газар болон Археологийн үнэт өв болсон Ленггонгийн хөндий юм. Уг хөндийд хүн төрөлхтөн 2 сая жилийн өмнө амьд байсан гэх онолыг дэмжих нотолгоонууд болон 11,000 жилийн настай хүний бүтэн араг яс олдож байсан.
БАРИМТ 22
Малайз улсын спортын хувьд хөлбөмбөг хамгийн алдартай нь бөгөөд тус улсын шигшээ баг 2034 оны ДАШТ-д оролцох зорилго тавиад байгаа. Харин олон улсад малайзчуудын хамгийн хүчтэй өрсөлддөг спортын төрөл бол яах аргагүй бадмингтон. Уг спортод Малайзчууд бусад зүүн өмнөд Азийн орнуудын эсрэг дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлддөг бөгөөд 1980 онд Малайзын Сидек ах дүү нар бадминтоны түүхэн дэх хамгийн хүчтэй мөн зогсоох боломжгүй өөрсдийн нэрээр нэрлэсэн Сидек гэх давуулалтыг зохион хэрэгжүүлж эхэсэн. Гэвч 1982 онд Олон Улсын Бадминтоны Холбоо уг давуулалтыг хориглосон. Энэхүү давуулалт нь бөмбөгийг доороос эргүүлэгтэй зөөлөн цохисноор өрсөлдөгч тамирчны тал руу бөмбөг орсон даруйдаа чиглэлээ өөрчлөн доошилж эхэлдэг. Хэдийгээр эхний бөмбөгийг тогтоон авч болох ч сул бөмбөг нөгөө тал руу ордог тул давуулалт хийсэн тамирчин өрсөлдөгчөө бэлэн бус байх үед нь хүчтэй довтолгоо хийж амархан оноог авдаг.
БАРИМТ 23
Малайзчууд нуруу намтай ард түмэн. Эрэгтэй Малайз хүний дундаж өндөр 165 см байдаг бол эмэгтэйчүүдийн дундаж өндөр 153 см. Малайз улс нь ижил хүйстнүүдийг хуулийн дагуу хориглодог ч иргэдийн хувьд тэднийг гадуурхах бус дэмжих хандлагатай байдаг.
БАРИМТ 24
Малайз улс нь дэлхийн хамгийн тайван 25 орны нэг бөгөөд аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн ард иргэд нь ч үүнийгээ дагаад гадаадын иргэдэд аюул учруулах нь ховор. Гэвч коронавирусын тархалтаас шалтгаалан одоогийн байдлаар тус улс жуулчдыг хүлээн авахгүй байгаа.