БАРИМТ 1
Төрөөс эрчим хүчний салбарт баримталсан урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хугацаа, хамаарлыг оновчтой тодорхойлоогүй байна. Үүнээс үүдэн бодлогын хэрэгжилтийн явцыг өнөөгийн үр дүнгээр хэмжихүйц, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүй байна.
БАРИМТ 2
“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг 2015 онд боловсруулж батлан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр заасан байсан боловч уг хөтөлбөрийг Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор баталж, 3 жилийн хугацаа алдсан байна.
БАРИМТ 3
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт 2016-2020 онд хүрэх үр дүнг эрчим хүчний хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодын эх үүсвэрээр хангахаар тодорхойлсон ч 2020 оны байдлаар 80.7 хувийг дотоодын эх үүсвэрээс хангасан байна. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбар импортоос хамааралтай, эрчим хүчээр найдвартай хангах чадамж алдагдсан, бодит өртөг, ашгийн зохих түвшнийг хангасан үнэ тарифын тогтолцоо бий болоогүй байна.
БАРИМТ 4
Хэрэв манай улс нийт хэрэглээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах буюу Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулж, “Оюутолгой” ХХК-ийн хэрэглээг хангаж чадсан бол жилд 349 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжтой байжээ.
БАРИМТ 5
Хэрэв манай улс нийт хэрэглээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байсан бол жилд 49.5 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгох байжээ.
БАРИМТ 6
Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2014 оныхтой харьцуулахад 2 дахин нэмэгдээгүй, бодит үнэ тарифын тогтолцоо бүрдээгүй байна.
БАРИМТ 7
Үнэ тарифыг өртгөөс багаар тооцож байгаа тохиолдолд алдагдлыг татаасаар бүрэн санхүүжүүлэхгүй байгаа нь төрийн бодлогын цогц байдал алдагдсаныг харуулж байна.
БАРИМТ 8
Нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэж, үр дүнгээр 7.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн байна. Энэхүү өр төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдвэрлээгүй байна.
БАРИМТ 9
Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр ажиллаж буй төрийн өмчит компаниудын алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдэж, 2020 оны байдлаар 62.4 тэрбум төгрөгт хүрчээ. Эрчим хүчний үнэ тарифыг өртгөөс нь баг тогтоосон нь ийнхүү алдагдал хүлээхэд хүргэсэн байна.
БАРИМТ 10
Нарны болон салхин цахилгаан станц ашиглалтад орж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдэх хэрээр сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф нэмэгдэнэ. Ингэснээр хэрэглэгчийн төлбөр нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд үүний зэрэгцээ эрчим хүчний салбарын санхүү, эдийн засагт дотоодын үйлдвэрлэгчийн орлого буурах сөрөг нөлөөллийг үзүүлж байна.
БАРИМТ 11
Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээтэй уялдуулан нэгдсэн сүлжээний найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохих шатны арга хэмжээг авч ажиллах нь салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг. Гэвч өнөөдрийн байдлаар хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжиж эхлээгүй байна.
БАРИМТ 12
“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-т тусгасан арга хэмжээнд нийт 11.2 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. 2015 онд төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого баталснаас хойш тус салбарт хийсэн хөрөнгө оруулалтыг авч үзвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 301.4 тэрбум, гадаад зээлээр 602.9 тэрбум, концессын "барих-шилжүүлэх" төрлөөр 67.7 тэрбум, гадаад тусламжаар 21.2 тэрбум, нийт 993.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн 8.8 хувьтай тэнцэж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадаагүйг илтгэж байгааг аудитын тайланд онцолжээ.
БАРИМТ 13
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс дотоодод үйлдвэрлэж байгаа эрчим хүчний хэмжээ 2020 оны байдлаар 2,273.5 сая кВт.цаг болж 2016 оныхоос 2,031.0 сая кВт.цагаар нэмэгдсэн байна. Гэвч уламжлалт эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж байж байгаль орчинд нөлөөлөх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой юм.
БАРИМТ 14
Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс гаргадаг эрчим хүчний гурвалсан бодлого гэдэг нь түлш, эрчим хүчний асуудлыг эдийн засаг, нийгэм, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллөөр нь авч үнэлдэг индексээр Монгол Улс 2021 оны байдлаар 73-т эрэмбэлэгдэж, өмнөх оноос 14-өөр урагшилсан байна. Гэвч эрчим хүчний гүйцэтгэл муутай улсын жагсаалтаас гараагүй байна.
БАРИМТ 15
Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцуудын хувьд хэтэрсэн байна.
БАРИМТ 16
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76.0 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24.0 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.
БАРИМТ 17
Улсын хэмжээнд дулааны эрчим хүчний хэрэглээний 71.7 хувь нь Улаанбаатар хотын хэрэглэгч эзэлж байна. Улаанбаатар хотод 2021 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 1.5 сая хүн ам, 414.3 мянга гаруй айл өрх амьдарч байгаагаас 42 хувь нь гэр хороололд, 58 хувь нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон орон сууцанд амьдарч байна.
БАРИМТ 18
Өрхүүд дунджаар 11 жил болсон, дундаж хэмжээ нь 47 м.кв сууцанд амьдарч байна. Гэр хорооллын нэг өрх жилд 3 тонн сайжруулсан түлш хэрэглэхэд нийт 450 мянган төгрөгийг зарцуулж байна. Харин адил хэмжээтэй орон сууцанд амьдардаг айл өрхийн дулааны төлбөр жилийн 234.2 мянган төгрөг байна. Хот, хөдөөгийн гэр хороолол, малчин өрх төвлөрсөн дулаанд холбогдсон өрхүүдээс илүү өндөр зардлаар буюу хүйтний улиралд дулааны хэрэгцээгээ хангаж байгаа ч амьдралын чанар ялгаатай байна.
БАРИМТ 19
Цахилгаан эрчим хүчний 2017-2020 оны нийт борлуулалтын орлогын 16.9-23.5 хувийг импортын эрчим хүчний төлбөр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн төлбөрт төлсөн байна. Үлдсэн 76.5 хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд төлжээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийн үнэ тарифаас сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф 1.5-3.0 дахин, импортын үнэ 2.2-2.4 дахин их байгаатай холбоотой байна.
БАРИМТ 20
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх цахилгаан эрчим хүчний 1 кВт.цагийн үнийг салхинд 0.01, наранд 0.045 ам.доллароор тус тус бууруулсан боловч тус тарифыг мөрдөж эхлээгүй нь хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид үнэ тарифаа батлуулсантай холбоотой байна.
БАРИМТ 21
Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифт тооцсон зардлыг гүйцэтгэлтэй харьцуулахад 2017 онд 2.7 хувь буюу 19 тэрбум, 2018 онд 1.4 хувь буюу 11.7 тэрбум, 2019 онд 1.9 хувь буюу 17.7 тэрбум, 2020 онд 5.4 хувиар буюу 50.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагааны үнэ тарифыг зардлаа нөхөх түвшинд тогтоож чадаагүйтэй холбоотой байна.
БАРИМТ 22
Төрийн өмчит компанийн алдагдалд оруулж буй нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийж,шалтгааныг бүрэн тодорхойлох, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Төлөөлөн удирдах зөвлөл, төрийн өмчийн компаниудад сайн засаглалыг бий болгох зөвлөмжийг Эрчим хүчний сайдад хүргүүлжээ.
БАРИМТ 23
Эрчим хүчний салбарын тариф тооцоход ашиглаж буй норм стандартуудыг шинэчлэх, шинээр боловсруулж, батлуулах шаардлагатай гэж Үндэсний аудитын газраас үзсэн байна.
БАРИМТ 24
Эрчим хүчний тухай хуулиар олгосон Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийг хараат бусаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Үндэсний аудитын газраас Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөжээ.