БАРИМТ 1
Шинэ Үндсэн хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлав. Ингэснээр энэхүү Үндсэн хууль нь Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль боллоо.
БАРИМТ 2
Ардчилсан Үндсэн хуулийг АИХ 1991 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 1992 оны нэгдүгээр сарын 13-ныг дуустал хоёр сар гаруй хугацаанд хэлэлцжээ.
БАРИМТ 3
Ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны 12.00 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн 9-ний идрийн барилдлагатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас улс даяар дагаж мөрджээ.
БАРИМТ 4
БНМАУ-ын АИХ 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар тогтжээ.
БАРИМТ 5
Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгов.
БАРИМТ 6
БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат 1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх мөн болой” хэмээсэн батламж бичигт гарын үсэг зуржээ.
БАРИМТ 7
Дөрөвдүгээр Үндсэн хуулийн эх эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд төрийн хамгаалалтад хадгалагдаж байна.
БАРИМТ 8
1992 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын II хуралдаанаар “БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийг баталжээ.
БАРИМТ 9
Ардчилсан Үндсэн хуулийг батлахад БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр П.Очирбат, Ардын Их Хурлын даргаар Ж.Уртнасан ажиллаж байв.
БАРИМТ 10
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй.
БАРИМТ 11
Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу 1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Төрийн сүлд, далбааны эхийг залах ёслолыг Ардын Их Хурлын танхимт зохион байгуулжээ.
БАРИМТ 12
Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, мөн 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцжээ.
БАРИМТ 13
Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 75 хоног хэлэлцжээ.
БАРИМТ 14
Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Ардын Их Хуралд 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид нэг бүрчлэн уншин сонсгожээ.
БАРИМТ 15
Ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны 11.35 цагт баталсан юм.
БАРИМТ 16
Ардчилсан Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
БАРИМТ 17
Үндсэн хуулийн эх баригч, гавьяат хуульч Б.Чимид “Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухайн үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах шаардлага гарна” хэмээж байв.
БАРИМТ 18
Ардчилсан Үндсэн хуулийн долоон зүйлд 2000 онд өөрчлөлт оруулж байв. Энэ өөрчлөлтийг дордуулсан долоон өөрчлөлт хэмээсэн гуншин дагаж явдаг.
БАРИМТ 19
УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 оны аравдугаар сарын 23-ны өдөр баталжээ. Энэ хуулийн төсөл дээр Үндсэн хуулийн эх баригч, гавьяат хуульч Б.Чимид ажилласан билээ.
БАРИМТ 20
Үүний дараа 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй билээ.
БАРИМТ 21
Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байв. Уг төслийг УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хороодоор 36 удаа, 105.9 цаг хэлэлцжээ.
БАРИМТ 22
Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хулийн төслийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүдийн 100 хувийн саналаар эцэслэн баталжээ. Уг өөрчлөлтийг тухайн өдрийн морин цаг буюу 11.40 цагаас улс даяар мөрдөж эхэлсэн юм.
БАРИМТ 23
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр нотлон баталгаажуулсан юм.
БАРИМТ 24
Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөнджээ. Ингэснээр 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн алдаа гажуудлыг засаж, Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг ханггах, гүйцэтгэх эрх мэдлийг сайжруулах, шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, нутгийн удирдлагыг бэхжүүлэх эрх зүйн үндсийг төгөлдөржүүлэхэд чиглэсэн байна.
Сэтгэгдэл (2)