БАРИМТ 1
Гадаадад гацсан иргэдийн төлөөлөл нэгдэж “Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ыг байгуулсан байна.Тэдний эрх ашгийг хамгаалах, шүгэл үлээх үйл ажиллагаа явуулдаг. Тэдний санаачилгаар “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат киног бүтээжээ.
БАРИМТ 2
Г.Эрдэнэзул Япон улсад 167 хоног гацсан: Бид энэ киног хийж хэн нэгнийг шүүмжилж, хэн нэгэнд бурууг өгөх гэсэнгүй. Зөвхөн хүмүүсийн туулж ирсэн бодит үнэн энэ юм шүү гэдгийг хэлэхийг хүссэн.
БАРИМТ 3
Г.Эрдэнэзул: Японд сургуулиа төгсөөд гурван сард Монголруу буцах гэж байлаа. Ажлын урилга ирсэн байсан учраас Монголдоо очиж ажиллах байсан юм. Тэнд надаас гадна 5000 орчим монголчууд байдаг. Зарим нь сурах гээд ирчихсэн, зарим нь эмчилгээ хийлгэх гэж, аяллаар, ажлаар гээд түр ирсэн хүмүүс зөндөө байсан. Энэ үед өөрөө түрүүлж явахаас илүү бусдыгаа түрүүлж явуулахыг л хичээж байсан. Тэнд хамт тэмцэж байсан залуучууд маань Хачико нохойн хөшөөн дээр цуглаад л явдаг байсан.
БАРИМТ 4
Э.Энхтуул БНСУ-д 180 хоног гацсан: Хүний нутагт зургаан сар байхдаа айж, бэтгэрч, сэтгэл санаагаар унаж хүнд үеийг ганцаараа туулсан. Маш их хямарснаас болж бие маань өвдөж байсан ч тэндхийн эмнэлгийн зардал маш өндөр тул яах ч аргагүй эх орондоо ирээд эмнэлэгт үзүүлнэ гээд гүрийсэн. Харин Монголдоо ирээд эмчдээ үзүүлтэл намайг ходоодны хорт хавдрын хоёрдугаар зэрэг гэж оношлоход цочролд орж хэлэх ч үггүй болдог юм билээ. Ингээд ходоодныхоо 50 хувийг тайруулсан. Одоо ч тэр үеийг бодоход хэцүү байдаг.
БАРИМТ 5
Э.Энхтуул олон химийн эмчилгээ хийлгэж бие нь сайжирсан ба одоогоор нөхөр хүүхдүүдийн хамт элэг бүтэн амьдарч байна.
БАРИМТ 6
Т.Даваасүрэн БНСУ-д 45 хоног гацсан: Нөхөр маань тусгаарлалтын 10 дахь хоногт нас барж үлдсэн 11 хоног эмнэлгийн өрөөнд ганцаараа яг л галзуугийн эмнэлэгт байгаа юм шиг байсан. Хүүхдүүдээ аавтай нь сүүлийн удаа уулзуулчих юмсан гэж их л бодсондоо. Тухайн үед биднээс ковид илрээгүй, Монголд ковид гараагүй байсан үе.
БАРИМТ 7
Т.Даваасүрэн: Цэргийн төв эмнэлгийн эмч “Хүүхдүүдээ ядаж коридорын цонхоор харах уу?” гээд коридорын цонхыг нээж өгч, хүүхдүүд маань тэнд байсан контейнер дээр гарч зогсож байж аавыгаа харсан” тэр эмчид их баярладаг. Өрөөнөөсөө ч гарч болохгүй гэж байхад коридорт аваачиж цонх нээж өгсөн юм. Маргааш нь нөхөр маань өөд болсон. Хэрвээ 21 хоног тусгаарлаагүй байсан бол ядаж хүүхдүүд маань аавыгаа хараад сүүлийн удаа үнэсүүлэх байсандаа.
БАРИМТ 8
Т.Даваасүрэн энэ явдлын дараа хөдөө гарч амьдрахаар төлөвлөжээ. Түүний сэтгэлийн хөндүүрийг сэвэлзэх салхи л намдаах биз ээ.
БАРИМТ 9
Д.Мөнхбат БНСУ-д 240 хоног гацсан: Анх “Энхсаран сувилалд хэвтэж байхдаа УОК, шуурхай байдлын албатай холбогдох гэж их үзсэн. Нэг нь ч утсаа аваагүй. Ингээд аргагүй эрхэнд лайв хийсэн. Гэтэл намайг худал мэдээлэл тараасан гээд байцааж эхэлсэн. Тусгаарлалтаас гараад цагдаа дээр зөндөө дуудагдаж, зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгуулсан. Дээрээс нь ажлаа алдсан. Тэнд тусгай үүргийн нислэгт багтахын тулд хүмүүсийг зовлонгоор нь шалгуур тавьж байсан.
БАРИМТ 10
Д.Мөнхбат: Хүмүүсийн зовлонд тулгуурлаж мөнгө олдог хүмүүс ч байсан. Тусгай үүргийн нислэгт багтааж өгье гэх мэт. Нэг хүнээс асууж үзэхэд “ДОЛООН САЯ ТӨГРӨГӨӨР нислэгт багтааж өгнө. Мөнгөө Монголд очоод тусгаарлалтын 21 хоногтоо өгч болно”\Гар утасны хоолойн бичлэг\ гэж байв.
БАРИМТ 11
Кинонд иргэдийн хувийн архиваас зарим видео баримтыг тусгасан байв. Жишээлбэл иргэн Д.Мөнхбат “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхад орон доогуур хулгана гүйж байгаа бичлэг, стандарт бус шүршүүр бохир байдлыг харуулсан байв.
БАРИМТ 12
Д.Мөнхбат ажлаа шинэ онтой угтаж амжилт бүтээлээр дүүрэн байгаа гэнэ. Тэрээр стэнд ап комедид хөл тавьсан ба комедиан болох ажлаа эхэлжээ.
БАРИМТ 13
Б.Оюуномин Африк улсын Нигер улсад 158 хоног гацсан: Ковид гарснаас хойш гудамжаар явахад ч хэцүү болсон. Чи Хятад гэж дуудна, бидэнд ковид авч ирсэн гэж элдвээр хэлнэ. Дэлгүүр ороход намайг хөөж, надад үйлчлэхгүй гэж бараг таван дэлгүүрээс хөөгдсөн. Ингээд гэрээсээ ч гарахаа больсон. Надад нислэгийн мөнгө байгаагүй. Харин сайхан сэтгэлт Монголчуудын ачаар хоёр хоногт 3400 доллар цуглаж гэртээ ирж байсан. Онгоцонд суух мөчид өөртөө ч итгээгүй үнэхээр их баярласан.
БАРИМТ 14
Н.Алтанхундага ОХУ-д 45 хоног гацсан: Алтанбулагийн хилээр орж ирэхэд хоёр рейлбусанд биднийг ачаатай нь хамт оруулаад 18 цаг битүү орчинд хориотой байлгасан. Цонх онгойлгож болохгүй та нар эндээс гарч болохгүй гээд. Битүү орчинд олон цагаар байсан хүмүүс нэгнээсээ халдвар авах нь мэдээж. Ингээд лайв хийж нөхцөл байдлын талаар хэлэхэд маргаашийн 11 цагийн мэдээнд тандалтын албаны дарга миний нэр усыг хэлж өөрөө халдвар авч ирчхээд хүмүүст худал мэдээлэл тараалаа гэж хэлж байсан. Уг нь өвчний тухай мэдээлэл, халдварт өвчтэй хүний нэр усыг ил болгох ёсгүй.
БАРИМТ 15
С.Ганзориг БНЭУ-д 186 хоног гацсан: Хүмүүс маш олон сөрөг сэтгэгдэл үлдээж байсан. Лам болохын оронд эх орондоо хэрэгтэй мэргэжил сонгосон бол дээр байсан юм. Цэргийн хүн болсонгүй, инженер болсонгүй гэх мэт. Тэндээ сурахад, гадуур явахад ч хүндрэлтэй болж байлаа. Биднийг яг л вирус гэж харж байсан.
БАРИМТ 16
С.Ганзориг бурхны зам мөрөө дагаж, үргэлжлүүлэн БНЭУ-д сурч байна.
БАРИМТ 17
Т.Долгорсүрэн БНСУ-д 102 хоног гацсан: Арай гэж эх орондоо ирээд тусгаарлалтад байхад хүмүүс хоолоо голсон гэх мэдээллүүд явж эхэлсэн. Тэр үед хэсэгхэн хүмүүсээс болж биднийг нийтээр нь элдвээр хэлж байсан. Гадаадад тансаглаж байгаад ирсэн эд нар хоол голлоо гээд л. Хүн чинь тэр сөрөг сэтгэгдлийг хараад өөрийн эрхгүй сэтгэлээр унадаг юм билээ. Зарим хамаатнууд маань залгаж хоолоо битгий голоорой, зүгээр идээрэй гэж байсан.
БАРИМТ 18
Н.Пагмадулам АНУ-д 143 хоног гацсан: Хүүхдээ маш их санасан. Хүүхэд дээрээ ирэхийг тулд долоон улсын хил давсан. Бүхий л арга хайж ОХУ-ын хил нээлттэй гэдгийг сонсоод Лондонгоос нисээд ирэхэд яг өмнөх орой 12 цагт ОХУ хилээ хаасан байсан. Эргээд явахаас өөр аргагүй болж Лондон явсан. Тэндээ хэсэг байсны дараа БНСУ-аар дамжиж эх орондоо ирсэн. Солонгост байх хугацаандаа гацаж, Монголдоо ирэх гэж урт хугацааг туулсан.
БАРИМТ 19
Б.Баяржаргал БНСУ-д 180 хоног гацсан: Удаан хугацаанд гацсаны дараа зургаан сарын 18-нд Монголдоо ирэхэд маргааш нь манай ээжийн ажил явдал болж байсан. Монголдоо байгаа ч очиж чадаагүй, ээжийгээ сүүлийн удаа харж чадаагүй. Видеокалл хийгээд ээжийнхээ хөлд нь мөргөөд үлдсэн. Хэцүү бас харамсмаар. Түүний дараа аав минь ковидоор нас барсан. Бид бас л сүүлийн удаа уулзаж чадаагүй явуулсан.
БАРИМТ 20
А.Золбоо Ухань хотод сурч байсан оюутан: Биднийг хүн гэж харахаа больчихсон вирус байна гэж хардаг байсан. Тэд нарыг авч ирж яах гээв, тэнд нь алчих гэх мэтээр. Үндсэн хуулинд "...эх орондоо ирэх эрхтэй" гэж заасан. Эргэж ирээд эх оронтой хүн гэдгээ мэдрэх хамгийн сайхан байсан.
БАРИМТ 21
Б.Батсүх ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч: Тусгай үүргийн онгоцоор иргэдээ авч ирэх гээд явахад хоёр ихэр хүүхэд эх барьж авсан. Тухайн ээж маань долоон сартай жирэмсэн даралт өндөр, хавантай биеийн байдал сайнгүй байсан. Үүнээс болж ус нь гарч эх барьж авахаар болсон. Аз болж онгоцонд байсан хүмүүс дунд эх баригчаар ажиллаж байсан сувилагч, ЭХЭМҮТ-ийн эмч гэх мэт дөрвөн хүн байсан. Бид эхний ихрийг эх барьж авснаас 19 минутын дараа хоёр дахь ихэр төрсөн. Удаагүй байтал эхний ихрийн зүрх зогссон. Бидэнд байсан хүчилтөрөгчөө өгч иллэг, массаж хийсний эцэст зүрхний цохилт орж ирсэн. Ганцхан байсан хүчилтөрөгчөө хоёр нярайдаа өгсөөр онгоц буухтай зэрэгцээд дууссан. Маш сайхан үйл явдал.
БАРИМТ 22
Г.Золжаргал Соёлын гавьяат зүтгэлтэн, кино зохиолч: Хүнд нөхцөл байдал үүсэхэд хүмүүс бие биедээ яаж ханддаг тухай, хүмүүсийн ухамсар, сэтгэлийн асуудалд ямар болоод байгааг энэ киноноос ойлгох болов уу. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Үүний цаана хэчнээн гэр бүл, хэчнээн хүмүүс хохирсныг бид мэдэхгүй.
БАРИМТ 23
Б.Сувд АНУ-д 150 хоног гацсан: Биднийг Ази хүмүүс гээд гадуурхаж Хятад гэж хэлүүлж, хойноос хашхирч байсан. Ийм нөхцөл байдалд хүн удаан байвал үнэхээр сэтгэцэд өөрчлөлт орно. Ковидийн үед энэ сэтгэл зүйг дааж чадалгүй амиа хорлосон хүмүүс зөндөө байгаа.
БАРИМТ 24
Б.Дөлгөөн ХӨСҮТ-ийн их эмч: Болоод өнгөрсөн хэдий ч тухайн үед юунд итгэж найдаж байсан юм бэ? Бүгд л айж сандарсан, биднийг авна гэсэн хоосон итгэл найдвараар энэ бүхнийг туулжээ гэж боддог.
Сэтгэгдэл (1)