ЭШЛЭЛ 1
Улс төрийн нам мэргэжлийн байгууллага байх ёстой. Олон намын тогтолцоотой парламентын засаглалыг бэхжүүлэх нь бидний хүсээд байгаа ардчилсан нийгмийн гол үндэс. Ардчилсан тогтолцоог хамгаалах, хадгалах нь улс төрийн намуудын хамгийн чухал үүрэг байх ёстой.
ЭШЛЭЛ 2
1990-ээд оноос хойш улс төрийн намуудын хөгжил төлөвшил нь хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Урт хугацааны төлөлвлөлтгүй, сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаж ирсэн. Сонгууль бүрээр солигдоод явдаг, дахиад шинээр эхэлдэг энэ байдал намуудыг хариуцлагагүй, хариуцлага хүлээх чадваргүй болгож байна.
ЭШЛЭЛ 3
Улс төрийн намуудад, улстөрчдөд, төрд тавьж байгаа олон нийтийн шаардлагуудыг бодитоор хүлээж авч байх хэрэгтэй. МАН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулсны нууц нь олон нийтийн зүгээс улс төрийн намуудад тавьж байгаа шаардлагыг хангахын төлөө хичээж байгаад л байна.
ЭШЛЭЛ 4
Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи хамгийн том ололт олон намын тогтолцоонд шилжсэн парламентын тогтолцоо. Харин алдаа нь улс төрийн намууд хүрэх ёстой төвшиндөө хүрч чадаагүй.
ЭШЛЭЛ 5
Намууд ялагдахаараа сонгогчдод буруугаа өгдөг. Хүмүүс буруу сонголт хийсэн, худалдагдсан гэдэг. Гэтэл бид сонгогчдын үг үйлдэлд нийцсэн олон зүйлийг хийх шаардлагатай болж байгаа юм. Хэлсэн ярьснаа үйлдэлтэйгээ нэгтгэж сурах ёстой. Олон нийтийн хүсээд байгаа зүйлийг үйл ажиллагаа бодлогодоо оруулах шаардлагатай болдог. Гэтэл үүнийг орхигдуулснаас намуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг суларч, олон нийтийн итгэл үнэмшил байхгүй болжээ. Ингээд парламентын ардчилсан тогтолцоогоо алдах хэмжээнд хүрсэн байна гэж үзээд байна.
ЭШЛЭЛ 6
Энэ бүхнээс үүдээд “Та ямар засаглал дэмжих вэ” гэсэн асуулга явуулбал Ерөнхийлөгчийн засаглал гэх хариу давамгайлах нөхцөл байдал орж байна. Тиймээс олон намын тогтолцоотой парламентын засаглалаа хамгаалж үлдэх ёстой гэдэг зарчим руугаа анхаарч улс төрийн намууд мэргэшсэн улс төрийн институцын үүргээ ухамсарлах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 7
Дараалсан олон ялалтын дараа улс төрийн намын удирдлагууд вакумд орохгүйн тулд чих онгорхой, нүд нээлттэй, шүүмжлэлд бэлэн байх ёстой. Энэ шаардлагын үүднээс нийгмийн хүсэл сонирхолыг өөрсдөө хайж, судлах ёстой гэж үзээд байгаа. Тиймээс намын дэргэдэх судалгааны байгууллагыг эрчимжүүлэх ажлыг хийж эхэлсэн. Социологи, сэтгэл зүйн, бодлогын судалгааг тогтмол хийж тэндээс олон нийтийн хүсч байгаа, шүүмжлэлтэй байгаа зүйлийг нэг бүрчлэн гаргахын төлөө ажиллаж байна.
ЭШЛЭЛ 8
Намууд дөрөв дөрвөн жил засгийн эрхийг бариад ирэхээр иргэд итгэхээ больчихсон ерөнхий хандлагаар хандаад байгаа учраас тэдэнд нэг нам олон жил засгийн эрхийг барих нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг харуулах нь бидний туйлийн зорилго болж байна.
ЭШЛЭЛ 9
Нам дотор ямар нэг байдлаар эрх мэдлээ давуулж урвуулан ашиглах дангаар ноёрхох боломж байдаггүй. Байх ч ёсгүй.
ЭШЛЭЛ 10
Нам гэдэг олны үзэл санаан дээр эвлэлдэн нэгдэх ёстой болохоос биш хэн нэгний эрх ашгийг хэрэгжүүлэх байгууллага биш. МАН-ын хөгжил, төлөвшил дэвшилтэт байх шаардлагатай гэж үзээд намын гишүүн, намын дарга ижил тэгш оролцоотой, ижил эрхтэй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.
ЭШЛЭЛ 11
Цар тахлын үед өөрсдийгөө толинд харж, нөхцөл байдлыг дүнгэх боломжийг бүрдүүллээ. Сул болон давуу тал нь түүнээс шалтгаалсан боломж бас аюулыг олж харсан гэж бодож байна. Энэ ч үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” зургаан бодлогыг тавьж ажилласан. Энэ цагт олж авсан сургамжаасаа үүдэлтэй шинэ алхмыг хийх шаардлагатай болж байна.
ЭШЛЭЛ 12
Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг байдлыг халах ёстой. “Сонгуулийн ялалтыг ард иргэдийн төлөө олдсон боломж” гэж харах, бодлого болгож ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд нэн тэргүүний зорилго болгож байгаа. Харин УИХ-ын дарга “Шударга татварын тогтолцоог бий болгох” гэдэг асуудлыг хөндөж байгаа. Энэ ч утгаараа намын хөтөлбөртөө социал демократ нам болсноо тодорхойлоод намын үндсэн хууль буюу үндсэн хөтөлбөрөө гаргасан. Уг хөтөлбөрөөр олон жил шийдэгдэж чадахгүй байгаа татварын тогтолцоог бий болгох буюу дэвшилтэт татварын тогтолцоог зорилго болгосон. Орлого олж байгаа хэмжээнээсээ хамаарч татвараа төлдөг байх, орлого сайтай нь нөгөөхөө дэмжих санаа суурь нь болдог Скиндинавийн орны жишиг рүү зорьж байна.
ЭШЛЭЛ 13
Өнгөрсөн 30 жилийн турш нийгмийн асуудлыг тулгамдсан үед нь яаруу байдлаар шийдэх гэж оролддог байснаас болж тодорхой салбаруудад томоохон хэмжээний алдаа дутагдал гарах нөхцөлийг бүрдүүлжээ. Шүүхийн тогтолцоо, хүний эрхийн асуудал зэргийг яриад л өнгөрдөг биш, асуудлын суурийг олох хэрэгтэй. МАН-ын хөтөлбөрт хүний эрхийн асуудлыг тойрсон орчин нөхцөлийг сайжруулах, үүнээс улбаатай Монгол Улсын хүний эрхийг хуульчилан хамгаалах алхмыг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Олон намын тогтолцоотой болсон нь ололт хэдий ч үүнийгээ цааш нь хөгжүүлэх алхмыг дутуу хийсэн нь бидний алдаа болсон.
ЭШЛЭЛ 14
Анхдугаар үндсэн хуулийн оршил хэсэгт “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно” гэсэн зорилго тавьсан. Гэтэл тухайн үеийн тодорхойлолтоор энэ нь “Хүний бодлыг бүхний дээгүүрт тавьж шийдэж, өмнөө тавьж байгаа ардчилсан төрийн тогтолцоог хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох байгууллага гэнэ” гэж тайлбарласан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хууль эрх зүйн орчин энэ тайлбарыг бүрэн гүйцээх хэмжээнд үзэл санаандаа үнэнч байж чадсан уу үгүй юү гэдэг үнэлгээ хангалттай биш байгаа.
ЭШЛЭЛ 15
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын урдаа барьдаг 40 орчим хуульчтай хамтран хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 800 орчим хуулийн заалт бүрээр ялгаж, хүний эрхийг хязгаарлаж, зөрчиж байгаа заалт байна уу үгүй юү гэдгийг дүн шинжилгээ хийж үзсэн. Нийт 11900 орчим заалтад дүн шинжилгээ хийж үзэхэд урьдчилсан байдлаар 800 гаруй заалт хүний эрхийг ямар нэгэн байдлаар зөрчиж байна гэж гарч ирсэн. 30 жилийн өмнө баталсан хуулийн хэрэгцээ шаардлага энэ цаг үед хоцрогдсон байна гэдгийг гаргаж ирлээ. Ирэх жилүүдэд шинэчлэх сайжруулах ажлыг хийх нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг хэлбэр юм.
ЭШЛЭЛ 16
Хуульд байгаа хүний эрхийн зөрчлүүдийн талаар эхний ээлжинд тодорхой тоон баримжаатай болсон, хоёрдугаарт ажлын төлөвлөгөөг УИХ дахь бүлэгтэйгээ хамтраад багц хуулиудын өөрчлөлтийг хэдий хугацаанд буюу хууль хэлэлцэх цаг хугацаанд уялдуулах вэ гэдэг талаар хэлэлцсэн. Энэ ажлыг бүтэн хийж дуусахын тулд нэг парламентийн хугацаанд амжих үгүйг хэлэхэд хэцүү. Гэхдээ бидний зорилго бол хурдан хугацаанд засах.
ЭШЛЭЛ 17
Төрийн эрх барьж байгаа намын хувд эрх барьж байх хугацаандаа хүний эрхийг дээдэлсэн, хариуцлагатай төрийн албыг бий болгоно гэдэг зорилго зарчмыг тавьж ажиллана. Энэ зарчмаас гарч, дэмжиж чадахгүй гэдэг албан тушаалтан иргэдийн өмнө үүргээ биелүүлэх боломжгүй болно.
ЭШЛЭЛ 18
Өмнө нь төрийн оролцоотой байна гэдэг байсан бол одоо эдийн засгийн хувьд төрийн зохистой оролцоог бий болгох буюу төр юунд оролцох ёстой, ёсгүй вэ гэдгийг гаргаж ирнэ. Төр хувийн хэвшлээ бодлогоор дэмжинэ, харин орлогоосоо хамаарсан дэвшилтэт татварын тогтолцоонд хамрагдаж үйл ажиллагаа явуулна, орлого сайтай хэсэг нь бага орлоготой хэсгүүдээ тодорхой хэмжээнд дэмжиж хамтарч явна гэдгийг тусгаж өгч байна.
ЭШЛЭЛ 19
Зарим тохиолдолд намын гишүүд үзэл баримтлалаа ойлгоогүй, дагаж ажилахгүй байгаа жишээнүүд ажиглагддаг. Үүнийг засаж, улс төрийн намын нэгдсэн хариуцлага талаас анхаардаг байх ёстой. Нам, нэр дэвшигчид ч тэр иргэний өмнө байнгын хариуцлагаа хүлээж байх ёстой.
ЭШЛЭЛ 20
Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй, улс төрийн дэмжлэг авч ажиллах боломжгүй гэдэг заалтыг намын хөтөлбөртөө батлаад Улсын дээд шүүхээр батлуулсан.
ЭШЛЭЛ 21
Илтэд ёс зүйн зөрчил гаргасан этгээд намаас гарсанд тооцно гэсэн заалтыг баталсан. Энэ хөтөлбөр дүрмээрээ нам өөрөө аливаа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гаргасан этгээдүүдтэй нэг эгнээнд байхгүй гэдгээ зарлаж байна гэсэн үг.
ЭШЛЭЛ 22
Нам өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандана. Алдаа дутагдлаа засаж залруулна, нийтлэг эрх ашгийг хангахын тулд хариуцлагатай ажиллахыг төрийн бүх төвшинд зарчим болгож ажилна.
ЭШЛЭЛ 23
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд намынхаа санхүүжилтыг нээлттэй болгож байгаа. Хэнээс, хаанаас ямар хэмжээний хандив цуглуулж, юунд зарцуулж байна гэдгийг ил болгож байгаа. Хандив өгөх гэж байгаа хүн хуулийн хүрээнд мөн өөрийн цэвэр орлогоос гэдэг зарчмыг барьж ажилласан. Намуудын үйл ажиллагаатай холбоотой сүүлийн үед сайн дураар хандив өгөх тохиолдол багассан.
ЭШЛЭЛ 24
Манай нийгэмд нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх байдал дутмаг болчихоод байгаа. Хамтын үйл ажиллагаа сул. Яг үүнтэй адил нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүйгээсс болж нам доторх үл ойлголцол гарч, олон боломжуудыг алдаж байгаа. Үүнийг засч байгаа байгаа газраа хариуцлагатай байцгаая, хийх ёстой үүргээ ухамсарлаж нийтийн эрх ашгийг эрхэмлэж өөрийгөө зориулж сурцгаая.
Сэтгэгдэл (23)