ЭШЛЭЛ 1
Төрийн хариуцлагын тогтолцоо, бүтээмжийг сайжруулахын тулд сонгодог парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэх учиртай.
ЭШЛЭЛ 2
Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина.
ЭШЛЭЛ 3
Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч байх ёстой.
ЭШЛЭЛ 4
Цар тахлаас улбаалж, эдийн засаг хасах 5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа.
ЭШЛЭЛ 5
Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна.
ЭШЛЭЛ 6
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого нь ШИНЭ ЗУУНЫ гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөн.
ЭШЛЭЛ 7
Хөгжлийг боомилогч хүчин зүйлсийг богино хугацаанд шийдвэрлэж, эдийн засгийн суурь багтаамжийг цаг алдалгүй тэлж чадвал ядуурлыг тав дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.
ЭШЛЭЛ 8
Хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжиж, төрийн үйлчилгээний хүртээмж, цалин тэтгэвэр, амьдралын чанарын суурь үзүүлэлтүүдийг СКАНДИНАВЫН орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
ЭШЛЭЛ 9
Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг болох нөхцөлийг бүрдүүлнэ.
ЭШЛЭЛ 10
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангах зорилтоо хэрэгжүүлнэ.
ЭШЛЭЛ 11
Монгол хүүхдийн төрөлх гарваль шинж, давтагдашгүй онцлогт тулгуурлан тэдний олон талт авьяасыг нээн хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэл хийнэ.
ЭШЛЭЛ 12
Монгол бол залуучуудын орон. Залуучууд зорилготой, орлоготой, орон сууцтай, өөрийн хуримтлалтай байхад чиглэсэн дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бүрдүүлнэ.
ЭШЛЭЛ 13
Шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн ИНЖЕНЕРҮҮДИЙГ төрийн зүгээс бодлогоор дэмжиж бэлтгэх болно.
ЭШЛЭЛ 14
Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай.
ЭШЛЭЛ 15
Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ.
ЭШЛЭЛ 16
Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг боллоо.
ЭШЛЭЛ 17
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна.
ЭШЛЭЛ 18
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай намын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм.
ЭШЛЭЛ 19
Эрдэнэтийн зэс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд ГАНГИЙН үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна.
ЭШЛЭЛ 20
Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлаггүй байдлын төлөөс юм.
ЭШЛЭЛ 21
Зарим томоохон асуудлыг шууд ардчиллын хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байгаа.
ЭШЛЭЛ 22
Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ.
ЭШЛЭЛ 23
Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно.
ЭШЛЭЛ 24
Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна.