Төрийн болон төсвийн, мөн Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн даатгалын 254.9 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд байршиж байгаа. Гэвч төрийн энэ мөнгийг тухайн банкууд анхны шаардлагаар гаргаж өгөөгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Энэ мөнгөний 140.8 тэрбум нь Чингис хаан банкинд, 114.1 тэрбум нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байгаа юм. Тэгвэл төрийн мөнгийг байршуулаад анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй байгаа Чингис хаан банкны өмчлөгчид, хувьцаа эзэмшигчид хэн бэ гэдгийг энэ удаа сонирхуулъя.
“Чингис хаан”банкны эзэмшигч нь “Ньюстандарт финанс” ХХК эзэмшдэг. Харин энэ компанийн хувьцаа эзэмшигч нь Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар. Д.Батаа 40.6, Ш.Бүтэд 31.4, Ц.Баярсайхан 28 хувийг эзэмшдэг гэдэг нь улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээр ил байна. Энэ банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Д.Батаагийн хувьд МАН-ын Хотын гэгддэг фракцын хүн. “Стандарт”-ын Д.Батаа гэгддэг тэрбээр Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын сэйфээс олдсон асар их мөнгөний хэрэгт холбоотойгоор шалгуулж байсан. Өөрөөр хэлбэл, Н.Хүрэлбаатарын эх үүсвэрээ нотолж чадаагүй энэ мөнгийг авилга, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн түүний баз хүргэн болох Д.Батааг холбогдуулан шалгаж байсан юм. Хотын фракцид харьяалагдаж байсан тэрбээр Туулын эрэг дагуух газруудыг наймаалсан гэгддэг. “Номин констракшн”-ы “Ривер гарден” хотхоны газрыг Д.Батаа тэдэнд өгсөн гэдэг бөгөөд Туулын эрэг дагуух бас нэгэн хотхон болох “Хан хиллс” нь түүний барьсан хотхон юм.
Харин 31.6 хувийн эзэмшигч Шүхэртийн Бүтэд бол “Нүүдэлчин” группийн ТУЗ-ийн дарга, гавьяат эдийн засагч Б.Шүхэртийн охин. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн төрсөн эгч. Харин хүргэн дүү нь АНУ-д Элчин сайдаар ажиллаж байгаад буцаан татагдаад удаагүй байгаа Ё.Отгонбаяр.
Ц.Баярсайханы хувьд Ш.Бүтэдийн төрсөн дүү, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан “Мон дулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Түүний нөхөр Б.Батхүү нь “Степ гоулд”-ын хувьцаа эзэмшигч. “Степ гоулд” нь Дорнодын Цагаан-Овоо суманд Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд жилдээ 150 унци алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг төслийн удирдагч нь хэвлэлд ярьж байсан юм.
Хамгийн сонирхолтой нь төрийн мөнгийг байршуулаад анхны шаардлагаар буцаан төлж чадахгүй байгаа энэ банкны хамгийн том зээлдэгчид нь энэ гурван хувьцаа эзэмшигч нь байгаа юм. Д.Батаа найман тэрбум, Ш.Бүтэд 30 тэрбум, Ц.Баярсайхан 31 тэрбум төгрөгийн зээлийг өөрсдийн хувьцаа эзэмшдэг Чингис хаан банкнаас авчээ. Энэ банкинд төрийн хадгалуулсан мөнгө 140.8 тэрбум төгрөг, харин эздийнх нь банкнаасаа зээлсэн мөнгө 68 тэрбум төгрөг. Товчхондоо эзэд нь ийм их мөнгө зээлснээс болоод банкны үйл ажиллагаа нь доголдсон.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)