БАРИМТ 1
1904 онд Австри улсын Вена хотод анхны сонгомол бөхийн ДАШТ болж байсан бол эрэгтэй чөлөөт бөхийн анхны ДАШТ 1951 онд Финлянд улсын Хельсинки хотод зохиогдож, багийн дүнгээр Туркийн баг тэргүүлж байв. Харин эмэгтэй чөлөөт бөхийн анхны ДАШТ 1987 онд Норвеги улсын Лоренског хотод зохиогдож байлаа.
БАРИМТ 2
2005 хүртэл тус гурван төрөл нь тусдаа ДАШТ-ийг зохион байгуулдаг байсан бол 2005 оны Унгар улсад зохион байгуулагдсан ДАШТ-ээс эхлэн нэг дор дэлхийн аваргуудыг тодруулдаг болсон.
БАРИМТ 3
Мөн энэ үеэс эхлэн хоёр тамирчинд хүрэл медаль олгож эхэлсэн. Өмнө нь зөвхөн нэг тамирчин хүрэл медалийн хүртдэг байжээ.
БАРИМТ 4
Бүх цаг үеийн медалийн хүснэгтийг Зөвлөлт Холбоот улс 253 алтан медальтайгаар тэргүүлдэг бол Япон улсын шигшээ баг 117 алтан медальтайгаар удаалж, ОХУ 111 алтан медальтайгаар гуравдугаар байрт жагсаж байна.
БАРИМТ 5
Харин манай улсын шигшээ баг долоон алт, 21 мөнгө, 35 хүрэл медальтайгаар 28 дугаар байрт бичигддэг.
БАРИМТ 6
Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулж буй Норвеги улсын Осло хот нь 1981 оны сонгомол бөхийн ДАШТ-ийг зохион байгуулж байсан туршлагатай.
БАРИМТ 7
Эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг 30 удаа зохион байгуулагдахад багийн дүнгээр Япон улсын эмэгтэй шигшээ баг нийт 23 удаа тэргүүлсэн илт давамгай амжилтыг үзүүлдэг.
БАРИМТ 8
Харин сонгомол болон эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Зөвлөлт Холбоот улс задарснаас хойш ОХУ илт давуу амжилт үзүүлсээр ирсэн бол Иран болон АНУ-ын шигшээ багууд хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг.
БАРИМТ 9
Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд ДАШТ-д хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Болгар улсын домогт бөх Валентин Ёорданов юм. Тэрээр 1983-1995 онуудын хооронд 52 кг-ын жинд барилдаж, ДАШТ-ээс долоон алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 10
Тэгвэл сонгомол бөхийн тамирчдыг Зөвлөлт Холбоот улс болон ОХУ-ын дахин давтагдашгүй Александр Карелин аварга 130 кг-ын жинд 13 жилийн хугацаанд ДАШТ-нд есөн удаа түрүүлсэн амжилттайгаар тэргүүлдэг.
БАРИМТ 11
Тэгвэл эмэгтэйчүүдийн төрөлд та бидний хуучны танил Япон улсын тамирчин Саори Ёшида 13 жил дараалан түрүүлсэн түүхэн амжилтыг эзэмшдэг. Тэр бүх цаг үеийн хамгийн шилдэг бөх.
БАРИМТ 12
Энэ жилийн ДАШТ нь олимпын наадмаас ердөө гурван сарын дараа болж байгаагаараа бусад тэмцээнээс онцгойрч байна.
БАРИМТ 13
Энэ жилийн ДАШТ-нд оролцох бөхчүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн тамирчин бол сонгомол бөхийн 130 кг жинд өрсөлдөх Куба улсын бөх олимпын дөрвөн удаагийн, дэлхийн таван удаагийн аварга Михаин Лопез Нунез юм. Тэрээр хэдхэн сарын өмнө олимпын аварга болсныг та бүхэн мэдэж байгаа.
БАРИМТ 14
Мөн Токиогийн олимпын наадмын хамгийн сонирхолтой барилдаануудын нэгээр зүй ёсоор нэрлэгдэх барилдааныг бид бүхэнд толилуулсан олимпын аваргууд болох Дэвид Тэйлор, Хассан Яаздани нарын дахин нэгэн түүхэнд бичигдэх тулаан Осло хотод өрнөх маш өндөр магадлалтай байна.
БАРИМТ 15
Үүнээс гадна бид бүхэн дахин нэг олимпын аваргуудын тулааны гэрч болох боломжтой. Энэхүү тулаан нь эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОХУ-ын Абдулрашид Садулаев болон АНУ-ын Кайл Снайдер нарын хооронд өрнөх магадлалтай.
БАРИМТ 16
Чөлөөт бөх нь 1896 онд эртний Грекийн олимпын хөтөлбөрт багтаж байсан спортын төрлүүдийн нэг билээ.
БАРИМТ 17
Олимпын наадамд зургаан жингийн ангилалд бөхчүүд өрсөлддөг бол ДАШТ-нд арван жинд тамирчид өрсөлддөгөөрөө ялгаатай. Мөн энэ нь илүү олон тооны тамирчдыг оролцох боломжоор хангаж байгаа үйл явдал юм.
БАРИМТ 18
Өнгөрөгч олимпын наадамд нэг жинд дөнгөж арван зургаан тамирчин өрсөлдсөн нь олон шилдгүүдийг тус тэмцээний гадна үлдээсэн. Тиймээс тэдгээр тамирчид энэхүү ДАШТ-нд маш хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
БАРИМТ 19
Хоорондоо хүчтэй өрсөлддөг ОХУ болон АНУ-ын ДАШТ-нд оролцох эрэгтэй чөлөөт бөхийн баг тамирчид аль хэдийнэ ил болсон. АНУ олимпод оролцсон бүтэн багаа (125 кг жингийн олимпын аваргыг эс тооцвол) илгээж байгаа бол ОХУ шигшээ баг олимпын хошой аварга Абдулрашид Садулаев болон олимпын хүрэл медальт Артур Найфанов нарыг эс тооцвол залуу багийг энэ удаагийн дэлхийн аваргад илгээж байна.
БАРИМТ 20
Осло хотод зохиогдсоны дараа 2022 оны есдүгээр сарын 10-18 өдрүүдэд Серби улсын Белград хотод дараагийн ДАШТ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Харин 2023 оны ДАШТ-ий ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдана.
БАРИМТ 21
Манай улсын хувьд 2015 оны Лас Вегасын дэлхийн аваргаар нэг алт, гурван мөнгө, нэг гүрэл медаль хүртэж оргил амжилт үзүүлж байсан удаатай.
БАРИМТ 22
Чөлөөт бөхийн ДАШТ 1904 оноос хойш 69 өөр хотод зохион байгуулагдаад байна.
БАРИМТ 23
ДАШТ-ий нийлбэр дүнгээр, чөлөөт бөхийн гурван төрлийн аль нэгээр 115 жилийн түүхэнд зөвхөн 14 улсын баг тамирчид тэргүүлж байсан түүхтэй. Тэдний ихэнх хувийг Зөвлөлт Холбоот улс, ОХУ, Япон, Турк, Иран, АНУ-ын шигшээ баг бүрдүүлдэг бол БНХАУ, Гүрж, Азербайжан, Болгар, Куба, Унгар, Норвеги, Швед гэх зэрэг улс орнууд тус жагсаалтад багтдаг.
БАРИМТ 24
Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 10 жинд оролцохоор баг тамирчид Норвеги улсыг зориод байна.