Засгийн газраас УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй. Тэд Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болгохоор хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суухаар зэхэж байна.
Оюутолгойн асуудлын талаар
Урьдчилсан байдлаар далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй. Дээр нь 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто компани Засгийн газарт ирүүлсэн талаар энэ оны нэгдүгээр сард ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо мэдээлж байсан. Мөн “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оны хоорондох албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалтыг үндэслэн өнгөрөгч арванхоёрдугаар сард тогтоосон татварын актын нэхэмжлэлийг барагдуулах шаардлагыг удаа дараа хүргүүлсний дүнд Татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулсан.
Гэхдээ уг асуудал Арбитрын шүүх дээр явж байгаа бөгөөд хэрэв манай тал ялагдвал тэднээс авсан татварын актыг эгүүлэн төлөх нөхцөл байдал үүсэх юм.
Одоо үүсээд байгаа гол асуудал нь ашиглалтын ардал хэтэрсэнтэй холбогдуулан Оюутолгойн далд уурхайн төсөл төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж чадахгүй байгаа. Уг асуудлаар Засгийн газар олон улсын хөндлөнгийн шинжээчдийн байгууллагад хандахад, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэж гарсан тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.
Үүний дараа Рио-Тинто компани Арбитрын маргааныг түр хойшлуулж, бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах тухай саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хаяглан илгээсэн.
Ингэхдээ Монголын талын 34 хувийн хүү болон бусад хүүг хэлэлцэж бууруулах, татварын актаас гадна улсын төсөвт гурван жил дараалан нэг их наяд төгрөгийг нэмэлт орлого болгон төвлөрүүлэх зэрэг санал тавиад буй. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ажлын хэсэг хэлэлцээрийн ширээний ард удахгүй суухаа мэдэгдсэн.
Одоо үүсээд байгаа гол асуудал нь зээлийн хэмжээг дахин 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх эсэх асуудал юм.
Оюутолгойн далд уурхайн төсөл ашиглалтад орох хугацаанаасаа хойшилж, зардлын хэмжээ 10 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдээд байгаа бөгөөд хэрэв зардал дахин нэмэгдвэл ногдол ашиг авах хугацаа хойшлох нөхцөл байдалд хүрэхийг арим гишүүд онцолж байна.
Энэ талаар ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Рио-Тинтогийн санал УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын эрх ашгийг хэр хангаж байгааг авч үзэх ёстой. Түүнээс биш 1 их наядын сургаар тухайн асуудлыг шийдэж болохгүй. Нэг их наяд төгрөг бол гадагшаа урсаж байгаа мөнгөний хажууд өчүүхэн жаахан мөнгө. Хэрэв манай улс Арбитрын маргаанд ялбал авах мөнгө нь л 1 их наяд юм шүү дээ” хэмээсэн юм.
Тиймээс зээлийн болон менежментйг хүүг бууруулах зэрэг асуудалд ул суурьтай хандах шаардлагатай бөгөөд бидэнд илгээсэн захидлын төлөө Арбитрын шүүхээс нэхэмжлэлээ татаж авах шаардлагагүй гэдэг байр суурийг өгсөн.
Оюутолгойн гэрээ Монголд үр ашигтай байх ёстой. Гэвч манай тал ашиг хүртэж чадахгүй байгаа шалтгаан нь “хүү”. Гишүүний дээрх хэлсэн үгнээс харвал Рио-Тинто манай улсад нэмэлт орлого болгон өгье гэсэн мөнгө тус компани Арбитрын шүүхэд ялагдвал өгөх мөнгөний хэмжээ бөгөөд тэд ч ялагдах магадлал өндөр байгаагаа хүлээж буй хэрэг. Сөрөг нэхэмжлэлээ хойшлуулж, бүтээн байгуулалтын ажлаа урагшлуулъя гэж санал тавьснаас нь харвал шүү дээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)