БАРИМТ 1
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Зургаадугаар сарын давалгаа долоодугаар сарын эхэн гэхэд тогтворжиж, нэлээд буурсан. Гэсэн хэдий ч наймдугаар сарын эхнээс халдварын тохиолдол нэмэгдлээ. Сарын эхнээс өнөөдрийг хүртэл халдварын тоо тогтмол өссөн.
БАРИМТ 2
Монгол Улсын хувьд халдварын тархалт өндөр гэсэн ангилалд багтаж байгаа. Ийм үед тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулахыг олон улсад журамласан байдаг. Үүний дагуу БШУЯ болон ЭМЯ түр журмаа боловсруулсан.
БАРИМТ 3
Журмын дагуу, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлуулахаас гадна тухайн сургуулийн нэг ангид гарсан өвчлөл, давхарт нь гарсан өвчлөл гэдгээр нь бид нөхцөл байдалд хариу арга хэмжээ авна. Түүнээс биш улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим руу шилжүүлэх арга хэмжээг дэлхийн улс орнууд хэрэгжүүлээгүй.
БАРИМТ 4
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах нь хамгийн эцсийн шатанд авах арга хэмжээ юм. Учир нь хүүхдүүдийн боловсролын алдсан цаг хугацаа эргэж хэзээ ч нөхөгдөхгүй.
БАРИМТ 5
Халдварын тархалтын давлагаа эхэлсэн ч сургууль дээр нэг ангиас халдвар гарахад тухайн ангийн хүүхдүүд л цахим хэлбэрт шилжиж хичээллэнэ. Харин бусад нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж үргэлжлүүлэн танхимаар хичээллээд явах боломжтой.
БАРИМТ 6
Вирусний хувилбар илрүүлэх шинжилгээний явцад нийт эерэг тохиолдлдуудын 34.7 хувь нь дельта хувилбар байгааг тогтоосон. Дельт хувилбараар өвчилсөн хүмүүсийн 37.4 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
БАРИМТ 7
Вакцины үр нөлөө буурах хувиар тооцоолбол, халдвар 17.5 хувиар буурахад халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 1600-1800 тохиолдол хамгийн дээд тал нь 2500 бүртгэгдэхээр байна.
БАРИМТ 8
25 хувиар буурахад халдварын оргил үе мөн адил есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 2500 орчим тохиолдол бүртгэдэх бөгөөд хамгийн дээд тал нь 3500 орчим тохиолдол бүртгэгдэх тооцоолол хийгдсэн.
БАРИМТ 9
Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан: 12-17 насны 290 мянга гаруй хүүхэд манай улсад байдаг. Үүнээс 253 мянган хүүхэд нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдаад байна.
БАРИМТ 10
Хүүхдийг төрөхөөс нь эхлээд товлолын дагуу халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх вакцин хийдэг. Товлолын вакцин хийлгэсний дараа тухайн хүүхдэд ямар нэг ноцтой хариу урвал үзүүлэх нь харьцангуй бага.
БАРИМТ 11
Вакцин хийлгэсний дараа зарим тохиолдолд ноцтой урвал хүндрэл гарч болох ч маш олон хүнийг аюулаас хамгаалж байгаа. Тиймээс хүүхдүүдийг вакцинд хамруулснаар хэвийн амьдралдаа эргэн орох, нийгэмших, олон дунд ороход эрсдэлгүй байх зэрэг давуу талтай.
БАРИМТ 12
Дэлхийн улс орнууд ч хүүхдийг дархлаажуулахыг зөвлөж буй. Хүүхэд ч гэсэн коронавирусний халдвараар маш хүнд өвдөх, нас барах ч эрсдэлтэй тул түүнээс сэргийлж хүүхдүүдэд вакцин хийж байгаа юм.
БАРИМТ 13
12-оос доош насны хүүхдүүдэд зарим улс орон хийж эхэлсэн. Харин манай улсын хувьд бусад орны туршлагыг харгалзан, аюулгүй байдлыг нухацтай судалсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
БАРИМТ 14
Оксфордын их сургуулийн судалгаа болон мэргэжлийн холбоодын зөвлөмжийг харахад, АстраЗенека вакцины нэмэлт тун буюу гуравдугаар тунг хийсний дараа альфа, бетта, дельта хувилбараас сайн хамгаалж байгаа гэх үр дүн бий.
БАРИМТ 15
АстраЗенека вакцины нэмэлт тунг хийлгэснээр дельта хувилбарт коронавирусээс хамгаалах тул иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж байгаа.
БАРИМТ 16
Аль ч үйлдвэрийн вакциныг хийлгээд халдвар авч болно. Гэхдээ уг өвчнөөр хүндэрч нас барахгүй байгаа нь хамгийн чухал нь гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
БАРИМТ 17
Коронавируст халдварын эсрэг вакцин нь хүндрэл, нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ хувилбарт халдвараас ч сэргийлж байгаа.
БАРИМТ 18
Харвардын их сургуулиас гаргасан мэдээллээс харахад бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байдаг учраас шинэ төрлийн коронавирусний халдвараар нийт хүүхдүүд өвчлөхдөө хүндрэх эрсдэл байгааг дурдсан байна.
БАРИМТ 19
ЕБС-ийн хувьд танхимаар болон цахимаар хичээллэх бөгөөд эцэг эхчүүд ямар хэлбэрээр хичээлд хамруулахаа сонгож болно.
БАРИМТ 20
Хэрвээ коронавирусний халдвар 10 жил үргэлжилбэл хүүхдээ тухайн хугацаанд гэрт нь байлгаж болохгүй. Хүүхдийн тархи эрчимтэй хөгжиж байгаа үед нь нийгмийн харилцаанд оролцуулах, ганцаардах, сэтгэл гутралаас хамгаалах ёстой.
БАРИМТ 21
Хүүхэд хөдөлгөөнтэй байж мэдрэлийн эсүүдийг сэргээж хөгжүүлдэг. Тийм учраас хүүхдээ сургуульдаа явах нөхцөлөөр хангахын тулд эцэг эхчүүд хурим найр хийхгүй байх, олуулаа уулзахаас татгалзах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй.
БАРИМТ 22
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Танхимын сургалт эхэлсэн байгаа улс орнуудын статистикийг харвал сурагчид анги танхимаас гэхээсээ илүүтэй гэр бүлийнхнээсээ халдвар авах тохиолдол өндөр байна.
БАРИМТ 23
Нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцож буй 30 орчим насныхны вакцины хамрагдалт бусад насны бүлгийнхэнтэй харьцуулахад хамгийн бага байгаа. Түүнчлэн яг энэ насны бүлгийнхэн бага насны хүүхэдтэй. Тиймээс энэ насныхан хариуцлагатай байх хэрэгтэй.
БАРИМТ 24
Сургууль эхэлснээр халдвар нэмэгдэж байгаа юм биш. Халдварын давалгаа хэдийн эхэлсэн. Энэ давалгааг даамжруулахгүй байх боломж эцэг, эхчүүдэд бий.
Сэтгэгдэл (2)