Сүүлийн үед цахим сүлжээнд хөрөнгийн зах зээл, койны талаар мэдээлэл цацагдаж, иргэд ч ихээр сонирхож буй. Тэгвэл койны талаар хэн юу хэлснийг хүргэж байна.
О.Батчулуун:Манай улсад койн хэмээх цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ гэж алга
Эдийн засагч О.Батчулуун: Эхний хүн койн авна. Дор хаяж 3-5 хүн ятган үнэмшүүлж, халдвар тараана. Тэр хүмүүс дараагийн хүмүүстээ гэх мэтээр халдвар нийгэмд тархана. Ингээд л эхнээсээ бага үнээр орсон нөхдүүд ашгаа олж, сүүлд орсон хэд нь хохироод үлдэнэ. Мэдээж тухайн койны санаачлагчид шимтгэлээр, койны нийлүүлэлтээр ашгаа хангалттай хийх болно. Их хэмжээний койн тэдэнд өгснөөр тэд өөрийнхөө дагагч нараараа тахил өргөнө. Үнийг улам өсөхөд нөлөөлнө. Гэхдээ үнэ өсгөх процесс удаан үргэлжлэхгүй. Яагаад гэвэл энэ бүхний цаана ямар ч бодит бизнес байдаггүй, ямар ч бодит баялаг бүтээгдэхгүй. Тиймдээ ч урамшуулал, бонус, олны танил хүмүүсийг татах ажил дуусах тэр үед койны үнэ өсөх шалтгаан байхгүй. Яг хүмүүс худалдаж авахаа болих тэр үед л тэр койн хогийн сав руу шидэгдэнэ.
Манай улсад койн хэмээх цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ гэж алга. Хэн дуртай нь 5, 10, 30 тэрбум төгрөг хүмүүсээс татаад түүнийгээ хаана юунд хийх гэж байгаагаа ч тайлагнахгүй. Зүгээр л гоё тийм хиймэл оюун ухаан, ирээдүй гэсэн зүйлс ярина.
Ч.Ганхуяг: Өр тавьж койнд орж болохгүй. Өөрийнхөө хэрэглээг багасгах, амьдралдаа өөрчлөлт оруулах хэмжээнд орж болохгүй
"Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: Монголын хөрөнгийн бирж 30 жилийн түүхэнд анх удаа 6 сарын 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ковидын үед хөрөнгийн зах зээл ингэж идэвхжинэ гэдэг нь маш чухал үйл явдал. Эдийн засгийг сэргээх том алхам. Иргэд маш идэвхтэй арилжаанд оролцсон. Үүний 77 хувийг Ард санхүүгийн нэгдэлтэй холбоотой. Хийж буй ашигийн дийлэнхэд манай компаниуд нөлөөлж чадсан гэсэн үг.
Би бол аваад дарчих гэж зөвлөнө. Хөрөнгө оруулалт гэдэг нь урт хугацааных байдаг. Дийлэнх хүмүүс үүнийг үнэгүй авсан байдаг. Түрүү жил койн 3 төгрөг байсан бол өдийд 132 болсон. Нэг жилийн дотор 40 дахин өссөн гэсэн үг. Монголд олон койнууд дагаад гараад ирсэн. Эхэндээ хоцорсон хүмүүс шинэ койн руу ороод Ардкойн шиг ашиг хийчихнэ гэж бодсон байх.
Нэг л зүйлийг хэлмээр байна. Өр тавьж орж болохгүй шүү. Өөрийнхөө хэрэглээг багасгах, амьдралдаа өөрчлөлт оруулах хэмжээнд орж болохгүй. Орчихвол мартаад цаашаа явчих хэмжээнд ороорой гэж зөвлөмөөр байна.
“Датаком”-ын Д.Энхбат: Койн гаргасан хүн буцааж авдаггүй
Хэн нэгний гаргасан койныг авах гэж байна уу. Сайн бодоорой. Хэрэв тэр хүн цаасан мөнгө гаргавал та бас авч хэрэглэх байсан уу. Бусад хүмүүс түүнийг хэрэглэх юм болов уу. Дараа нь та авснаа буцаагаад зарж чадах уу. Койн гаргасан хүн буцааж авдаггүй.
Математикийн боловсрол ямар хэрэгтэй юм гэж үү. Ядахдаа хожих шаансаа мэдэж сугалаа авна. Ер нь мэдмэгц сугалаа авахгүй дээ. Мөн койноор баяжих шаансаа бодчихно. Койн бүрийн тарах хүрээ, оролцогчдын тоо, санхүүгийн суурь эрс өөр учир тэд нэр нэгтэй ч огт адилгүй гэдгийг тооцчихно6 Койн $1000 хүрлээ гэдэг нь хэн нэг нь койноо $1000-аар заржээ гэсэн үг болохоос бүх койн, түүний дотор таны койн баталгаатай $1000 болчихлоо, та яг баян болчихлоо гэсэн үг биш. Та койндоо $1000-аар авах шинэ эзэн олж, мөн мөнгөжүүлж чадвал л баян болно. Энэ бол хамгийн хэцүү нь.
Р.Алтан
Сэтгэгдэл (2)