УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын эхээр том мөнгөн дэвсгэрт гаргахыг судлахыг Монголбанкинд үүрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж, мөнгөн дэвсгэртээ томруулбал манай улсын эдийн засагт асар их хор хөнөөл дагуулаад зогсохгүй төгрөг үнэгүйдэж, иргэдийн худалдан авах чадвар буурна. Бараг Венесуэлийн алдааг давтаж байгаатай адил хэмээсэн юм.
Учир нь Венесуэлд мөнгөнийх нь ханш унаж, цаас шиг болсон нь улс төрийн буруу бодлогын дүн шүү дээ.
Ийм зүйл ойрхон байгааг эдийн засагчид сануулж байгаа. Тиймээс УИХ-ын даргын олон зөвлөх дундаас энэ талаар ойлгуулж, учирлаагүй юм аа гэхэд Монголанк өнгөрсөн хугацаанд хийсэн сайн ажлуудаа баллуурдаж, улс орноо хүнд нөхцөл байдал руу чирэхгүй байх гэж олон хүн найдаж байсан ч өчигдөр тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн том мөнгөн дэвсгэрт гаргахад асуудалгүй хэмээн хэвлэлд ярьжээ.
Тодруулбал, тэрбээр “Төгрөгийн масштабтай холбоотойгоор сүүлийн үед шинэ мөнгөн дэвсгэрт гаргах уу гэдэг асуудал яригдаж байгаа. Монголбанк төлбөр тооцоог зохион байгуулж, төгрөгийг гаргадаг онцгой эрхтэй байгууллагын хувьд энэ талаарх бүх тооцоо судалгаа, төсөөллийг хийгээд явж байгаа.
Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа бэлэн мөнгийг 1993 онд гаргасан. Хамгийн сүүлд 2006 онд 20,000-тын дэвсгэртийг гаргасан.
Тухайн үед 1 ам.доллар 1,000 төгрөгтэй тэнцэж байсан. Өөрөөр хэлбэл, манай хамгийн том мөнгөн дэвсгэрт 20 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 7 ам.доллар болж буурсан. Энэ нь хэрэглээ өндөр болсныг харуулж байгаа. Тиймээс арай том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргах боломж байгаа гэж харж байна.
Түүнчлэн ханштай холбоотойгоор 5, 10, 20-тын дэвсгэртүүдийн хэрэглээ байхгүй, худалдан авах чадваргүй болсон учраас мөнгөний бүтцэд тодорхой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна.
100,000 төгрөг гаргалаа гэж бодоход тэр нь 5 ширхэг 20,000-тын дэвсгэрттэй тэнцэнэ.
Адилхан хэмжээтэй цаас, нууцлал, аюулгүй байдал байна. Тиймээс том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргахад жижиг мөнгөний хэрэглээг багасгаад зардал хэмнэх тооцоо судалгаанууд бий” гэжээ. Эдийн засагчид том мөнгөн дэвсгэрт гаргасны дараа иргэдийн амьдрал туйлдаж, эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэлтэй, энэ нь өнгөрсөн рүү ухралт хийхтэй адил гэдгийг анхааруулсаар байгаа бол Монголбанкнаас дээрх хариултыг өгч байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (12)