Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 20-ны хуралдааны шийдвэрээр спортын холбоодоос ирсэн саналуудыг үндэслэн аливаа тэмцээн уралдааныг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгсөн байдаг. Энэ дагуу зарим аймагт Бүсийн хурдан морины уралдаан, бөхийн барилдаан болж байна.
Нутаг нутгийн бөхчүүд, уяач, унаач хүүхэд олон ирсэн байх юм. Бас дотоодын жуулчид цөөнгүй байна. Баяр наадамд морь нь хурдан, бөх нь хүчтэй, сайхан наадлаа гэхийн цаана наадмын талбайд ирсэн иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй байгаа нь эмч, эмнэлэгийн ажилтнуудын олон хоног нойр хоолоо умартан ажилласан хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж буй нь харамсалтай.
Нэгэн жишээ. Төвийн бүсийн хурдан морины уралдаан Сэлэнгэ аймагт өргөн дэлгэр болсон юм. Тус аймагт коронавирусний халдвар авсан иргэдийн тоо 40-өөс буухгүй байгаа. Үзэгчгүйгээр тэмцээн уралдаан зохион байгуулна гэсэн чиглэл нь Сэлэнгэ аймагт лав хэрэгжсэнгүй. Энэ баяр наадамд ирсэн уяач, унаач хүүхэд наадам дуусгаад нутаг нутгийн зүг явж таарна. Эрсдэл хаана ч бий. Хурдан морины бариа болон хөлсөлгөөний газарт ч халдвар тархах эрсдэлтэй. Сэлэнгийн иргэд морь барианы газар олноор цугларч хүн хоорондын зайг зөрчлөө. Энэ баяр наадмын дараа халдвар өргөн тархвал яах вэ. Мөн өчигдөр Дорнод аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам болоход бөхийн барилдаан үзэх гэсэн иргэд олноор ирсэн байна.
Энэ мэтчлэн Засгийн газар, УОК-оос өгсөн үүрэг чиглэлийг наадам зохион байгуулж буй аймгуудын удирдлагууд үл тоомсорлож байна. Баяр наадам сайхан боллоо гээд өнгөрөх л байх. Хамгийн гол нь баяр наадмын үеэр эрдэнэт хүний эрүүл мэнд, алтан амь эрсдэлд орвол хэн хариуцах вэ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)