Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөх хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг бичигдээгүй хууль бий. Долоодугаар сард шатахууны үнэ хоёр удаа нэмэгдсэн нь нарийн ногоо, махны үнэд нөлөөлж энэ нь бага, дунд орлоготой айл өрхүүдэд хүнд цохилт болж байна. Тэгвэл стратегийн ач холбогдол бүхий шатахууны үнэд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай эсэх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
-Төр бүх зүйлд оролцдогоо багасгах ёстой-
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Удаан хугацаанд барьсан шатахууны үнэ нэмэгдсэн нь ОХУ шатахуунаа хязгаарласан, дэлхийн зах зээлийн үнэ өссөн зэрэгтэй холбоотой юм байна лээ. Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх нь гарцаагүй. Улмаар нийгмийн бага орлоготой, эмзэг хэсэгт энэ нь том цохилт болно. Үүнд санаа зовж байна. Мөн мөнгөний нийлүүлэлт, инфляцийн хүлээлт оны төгсгөлд нэмэгдэх магадлалтай байна.
ОХУ-аас экспортынхоо үнэ, хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа нь тэр улсаас 100 хувь хараат байгаагийн шинж. Тиймээс үүнийг шийдвэрлэх арга зам бидний хувьд мухардмал байгаа юм.
Манай улс өнөөдрийг хүртэл юмны үнийг чөлөөтэй орхиж чадаагүйнхээ гайг одоо хүртэл амссаар байна. Үүний оронд чөлөөтэй орхих хэрэгтэй. Хамгийн зөв арга зам бол төр бүх зүйлд оролцдогоо багасгах юм. Ингэхдээ иргэдийн ажил, орлогтой байх эдийн засгийн суурь дэд бүтцийг хангаж өгөх ёстой. Хэрэв өнөөдөр Монгол Улсын иргэд 3 сая төгрөгийн орлоготой байсан бол шатахууны үнэ зэрэгт санаа зовоод байхгүй шүү дээ. Тиймээс инфляци, барааны үнийн өсөлт иргэдэд дарамт болоод байна. Үүнийг шийдэх зам нь эдийн засгийг бүтцийг засах юм. Бид бодит үнэнтэй нүүр тулах цаг болсон.
-Стратегийн ач холбогдол бүхий шатахууны үнийг төр бодлогоор зохицуулах ёстой-
Эдийн засагч Х.Батсуурь: Шатахуун бол зөвхөн манай улс гэлтгүй дэлхийн бүх улсын стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд ордог. Учир нь шатахууны үнийг дагаад бүх юмны үнэ өөрчлөгддөг, хамааралтай нь үнэн. Тиймээс шатахууныг АНУ, ОХУ, БНХАУ ч ялгаагүй стратегийн бодлогодоо оруулж төр нь зохицуулж байдаг юм. Манай улсад ч ялгаагүй төрөөс зохицуулалт хийх шаардлагатай. Гэвч шатахуун импортлогч компаниуд нь төрөө барьчихсан, давуу эрхтэйгээр өөрсдөө үнээ өсгөдөг.
Гэтэл дэлхийн аль ч улсад стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнд чөлөөт зах зээл гэж байдаггүй юм.
Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч хэлж байсан. Чөлөөт зах зээл дэлхий дээр бодитоор оршин тогтнодоггүй. Төр шаардлагатай зүйлүүдийг зохицуулна гэж хэлсэн шүү дээ. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн тэр дундаа шатахууны импортыг төр зохицуулах, үгүй бол төр монополь тогтоох ёстой. Энэ нь хөгжлийн гол суурь юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)