БАРИМТ 1
Шадар сайд С.Амарсайхан: "КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг анх 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд яаралтай горимоор хэлэлцэн баталж байсан. Монгол Улсад одоогоор 101263 хүн халдвар авсан нь батлагдаж 479 иргэн нас бараад байна. Бүх нийтийн бэлэн байдалд таван удаа шилжиж, хоёр удаа сунгасан.
БАРИМТ 2
Бид бүхий л бололцоогоо дайчлан цар тахалтай тэмцэж буй энэ үед нөхцөл байдал, эдийн засгийн байдал хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэлийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Халдварын тохиолдол ихсэхийн хэрээр оношлуур, эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний нөөц дуусаж байна.
БАРИМТ 3
КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар 40 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь санхүүгийн хүндрэл үүсэхээр байх тул хоёрдугаар заалтыг шинэчлэн оруулж байна. ЭМД-ын сангаас 1,2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн ч 34,2 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
БАРИМТ 4
ЭМД-ын сангийн тухай хуульдаа ЭМД-ын хуулийн заалтыг тусгаагүйн улмаас эмнэлгийн тусламж авч хэвтэн эмчлүүлэх, эмнэлэгт хандахдаа хөнгөлөлт авахад хүндрэл чирэгдэл учруулж байна.
БАРИМТ 5
Өнөөдөр Засгийн газар үндсэн хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу иргэдийнхээ амийг авран хамгаалахаар ажиллаж байна. Хүний эрхийг зөрчиж байгаа мэт зүйл огт ярьж болохгүй. НҮБ-аас өгч байгаа зөвлөмжүүд ч бий. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа үед улс бүр бүх нөөц боломжоо дайчлахыг зөвлөж байгаа жишгийн дагуу бид ажиллаж байна.
БАРИМТ 6
Цар тахлыг хэзээ хэвийн нөхцөлд оруулах нь тодорхойгүй байна. Хэрэв энэ хуулийг сунгахгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэж байгаагаас өөрцгүй юм.
БАРИМТ 7
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдрийн чуулган 479 хүн нас барсан гэсэн мэдээтэйгээр эхэлж байна. Үүний цаана олон хүүхэд өнчирч, олон хүн аав ээжээ алдсан маш ноцтой байдал үүсээд байна. Манай засаглал, эдийн засаг өөрөө тэр чигээрээ ковид туссан байна. Коронагийн хуулиар дамжуулж маш олон хүнийг халсан.
БАРИМТ 8
Коронавирустай тэмц гэж өгсөн мөнгийг сонгуульдаа зарцуулсан. УИХ-ын хурлын үе үеийн гишүүд нийгмийн даатгалын сангаа цөлмөөд дууссан, одоо ЭМД-ын сангаа цөлмөх гэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн эм, шинжилгээний мөнгийг ЭМД-ын сангаас гарахад хуультайгаа зөрчилдөхгүй. Үүнийг яаралтай хийгээч ээ. Харин тэр хууль зөрчөөд батлуулсан хуулиа хүчингүй болго.
БАРИМТ 9
ЭМД-ын мөнгөөр тоног төхөөрөмж аваад баймааргүй байна. 201,5 тэрбум төгрөгөө ЭМД-ын сандаа яаралтай төвлөрүүл. Менежментээс шалтгаалж байна гэж харж байна. Би өөрөө ЭМД-ын ажлын хэсгийг ахалж байсны хувьд гэрээр эмчлэх, амбулаториор эмчлүүлэх гэсэн заалтуудыг оруулах боломжтой гэж бодож байна. Үүнийг нэмэлт өөрчлөлтөөр оруулахад асуудал байхгүй.
БАРИМТ 10
Сангийн сайд Б. Жавхлан: ЭМД-д 1,4 их наяд төгрөг байгаагаас 1,2 их наяд нь ЭМД-ын сан юм. Энэ жилийн 1,2 их наядаас 370 тэрбум нь даатгуулагчдын шимтгэл, 500 тэрбум нь төсвөөс татаас өгч байгаа юм. 250 тэрбум нь өнгөрсөн жилийн үлдэгдэл.
БАРИМТ 11
Өрхийн эмчилгээнд ЭМД-ын сангаас зайнаас зөвлөгөө өгөх, өрхийн эмчилгээнд тарифаараа зарцуулагдаад явж байна. Үүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хийж байгаа ч санхүүжилт нь хоцроод байгаа юм. Тиймээс урьдчилаад өгдөг, дараа нь гүйцэтгэлээр нь зөрүүг нь олгох гэх мэтээр зохицуулах шаардлагатай байна. ЭМД-ын сангаас тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг зогсоож болно. Яаралтай худалдан авалтад зориулсан төсөв гаргахаар ярилцаж байна.
БАРИМТ 12
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийг сунгах нь Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчиж байна. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөн, эх орондоо ирэх, бизнес эрхлэх, орлого олох, боловсрох эрхийг зөрчөөд байгаа юм. Нэг бол онц байдал зарлаад, гамшгийн тухай хуулиараа явъя. Орлого олох нөхцөлийг хязгаарлаж байгаа бол нөхөн олговрыг заавал өгөх ёстой. Нэг хуулийг нөгөө хуулиар нь зогсоож болохгүй шүү дээ.
БАРИМТ 13
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Энэ нөхцөлд эрүүл мэндийн асуудал, төсөв санхүүгийн тодорхой хуульд өөрчлөлт оруулаад хүндрэлтэй байдлаа даваад гарах юм уу. Эсвэл хууль яриад мөнгө төгрөггүй гээд халдвараа нэмээд суух уу. Хариуцлагын асуудал дараа нь болох байх. Жилдээ зарцуулагдаад дуусах ЭМД-ын сангийн мөнгийг эрүүл мэндийнхээ даатгал төлдөг эрүүл мэндэд нь зарцуулахгүй бол өөр юунд зарцуулах гээд дараад байгаа юм. 1.2 их наядын сан байгаа юм байна. Энийг эрүүл мэндэд зарцуулахгүй юм бол иргэдийнхээ амь насаар тоглож дууслаа. Хуулийн өөрчлөлт нь оруулаад явах нь зөв. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.
БАРИМТ 14
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ерөнхий сайд ковидод ялагдчихлаа шүү дээ. Үүнд 4.8 их наяд төгрөг зарцуулж, салхинд хийсгэчхээд одоо бид ковидод ялагдаж, иргэд олноороо амиа алдаж байна. Даатгалын мөнгө бол шимтгэл, иргэд өөрсдийнх нь эрүүл мэнд эрсдэлд орсон үед өөрөө захиран зарцуулахаар төвлөрүүлсэн төсөв. Энэ бол татвар биш. Хэрэв энэ хууль орж ирэх юм бол ТЕГ-ын харьяа Эрүүл мэндийн татварын хэлтэс гэж байгуулаарай. Монголын төр ниймгийн даатгалын 11 их наяд төгрөгийн өртэй. Үе үеийн ЗГ, төр нь даатгуулагчдын мөнгөнөөс хулгай хийдэг. Графикийн дагуу эргүүлж өгнө гэж амлаж байсан, тэр хаана байна вэ.
БАРИМТ 15
Бид УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгууль гээд "шоудчихаад" одоо "шартаж" модоо барин татварын мөнгөө гөвчихөөд, ЭМД-ын мөнгө рүүгээ орж байна. ЭМД-ын сангаас мөнгө зарцуулах гэж байгаагаа нийт даатгуулагчдаасаа асуусан уу, бизнес эрхлэгчдээсээ асуусан уу. Хэрэв асуугаагүй бол энэ бол дээрэм.
БАРИМТ 16
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ковидын хуулийг сунгахыг дэмжихгүй. Энэ хууль үндсэн хууль зөрчиж байна. Төрийн албанд маш олон хүнийг томилсон. Тэр хүмүүсийн ажлыг л сунгах гэж байна. Түр томилгоотой дарга нар, Төрийн албаны шалгалт өгөхгүй томлогдсон. Засгийн газар журам гаргаж, хууль тогтоож болохгүй. Засгийн газар хууль зөрчиж, хууль тогтоох зарчмыг зөрчих гэж байна.
БАРИМТ 17
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн бүхэн энэ амаргүй цаг үед хүртэх ёстой. Коронагаар өвчилсөн энэ цаг үед Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт гаргах шаардлагатай гэдэгт санал нэг байна. Энэ мөнгийг жилийн эцэс гэхэд тэг хүртэл зарцуулсан байх ёстой гэж байна Б.Жавхлан сайд хэллээ.. Энэ үнэн. Гэхдээ тэг хүртэл зарцуулсан байх ёстой гээд зүгээр буруу замаар урсгалаар, ямар ч хяналтгүй байгаад гишүүд бухимдаад байна. УИХ-ын гишүүд өрхийн бүх эмнэлгээр явж байна. Нөхцөл байдал амаргүй байна. УИХ-аас бүх арга хэмжээг тултал авч байгааг та бүхэн мэдэж байгаа.
БАРИМТ 18
УИХ-д орж ирсэн асуудлыг гишүүд маш хурдан шийдэж байгаа. Гэтэл шийдвэрүүд дунд шатандаа очоод гацах, буруу замаар ороод байна. Нэг хоногийн дотор нэг тэрбум төгрөгийн тендер зарлаад явж байна. Дөрөв хоногийн дотор 3.6 тэрбум төгрөгийн тендер зарлаад явчихаад байна. Тэгээд хэлэхээр хугацаа байхгүй гэх юм. Ингэж болохгүй. Хяналтгүй зүйлийг л гишүүд хэлээд байна. Бүх зүйл зөв зарчмаараа явбал энэ олон хүн нас барж, коронагаар хүмүүс өвчлөөд байхгүй. Шуурхай ажиллахын тулд энэ хуулийг сунгах ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ өмнөх мөнгөний зарцуулалтаа тайлагнаад дараагийн санхүүжилт рүү ордог байх ёстой.
БАРИМТ 19
НББХ-нд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг сонслоо. Хариуцлагагүй зүйл маш их байна. Л.Бямбасүрэн даргыг өөрөө ажлаа хийгээч гэж хэлсэн. Тэгэхгүй бол доогуур чинь дэд дарга тэргүүтэй хэсэг хүмүүс энэ мөнгийг өөрөөр урсгаад байгааг хүмүүс баримттай гаргаж тавиад байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭМДЕГ-т шалгалт хийх ажлын хэсэг гаргаж байгаа юм билээ. Гаргаж байгаа мөнгө огт эзэндээ хүрэхгүй байгаа учраас яриад байна. Тайлангаа тавь.
БАРИМТ 20
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэл, Эрүүл мэндийн тухай хуулийн 9.1.1 дээр нийтийг хамарсан цар тахлын үед санхүүжүүлэх эх үүсвэр болохгүй гэдэг заалттай зөрчилдөөд байгаа юм.
БАРИМТ 21
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Иргэд АИ-92 шатахуун түлхүү хэрэглэдэг. Тус шатахууны үнийг сүүлийн жил гаруй хугацаанд 1450 төгрөгт барьж ирсэн. Өнгөрсөн нэг сараас олон улсад шатахууны үнэ нэмэгдэж, манай улсын шатахуун тээвэрлэлтийн компаниуд алдагдалтай ажиллаж өнөөдрийг хүрлээ.
БАРИМТ 22
Энэ хугацаанд шатахуун тээвэрлэлтийн компаниудтай хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийж, иргэдийн амьжиргааны түвшин хүнд байгаа цаг үед шатахууны үнэ нэмэхгүй байхаар тохирсон. Тус хэлэлцээрт коронавирусийн дархлаажуулалт 60 хувьд хүрээд, халдвар аажим аажмаар багасах үед буюу долдугаар сарын 1-ний өдрөөс шатахууны үнээ үе шаттай нэмэхээр тусгасан. Өнөөдөр дархлаажуулалт 60 хувьд хүрсэн болохоор шатахуун тээвэрлэлтийн компаниуд шатахууны үнээ нэмэхийг шаардаж байна.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ-ын даргаа 482 Монгол Улсын иргэн коронавирусний халдвараар нас барлаа. Та хүндэтгэл үзүүлэхгүй юм уу. Иргэд эмээ авч чадахгүй хүнд байна.
БАРИМТ 24
Би энэ хуулийн хугацааг дэмжихгүй байна. Үндсэн хууль зөрчиж байгаа нь үнэн. УИХ энэ хуулиар амаа боомилуулчихсан байгаа. Сүүлийн гурван сард Засгийн газрын стратеги, менежмент бүтэлгүйтсэн. 50 сая хүнтэй Солонгос 200 гаруйхан халдвартай байна. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх ёстой. Хуулийг хугацаагүй сунгаж болохгүй. Засгийн газар шинээр оруулж ир.
Сэтгэгдэл (2)