Монгол улс энэ жилийн төсвөө батлахдаа уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ төлөвлөгөөгөө биелүүлж чадвал түүхэн дэх хамгийн өндөр орлогоо олох юм. Төсвийн орлогын 26%-ийг бүрдүүлэх уг төлөвлөгөөнд зэсийн баяжмалын орлогоос 1.5 их наяд төгрөг, нүүрсний салбараас 1.34 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Сангийн яам 2021 онд зэсийн зах зээлийн үнэ 6500 ам.доллар буюу тэнцвэржүүлсэн үнээс 19 хувиар их байх төлөвтэй хэмээн тооцоолж энэ оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 5456.1 ам.доллар/тонн байхаар таамагласан. Уг ханшийн төлвөөр бол Тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 100.8 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх юм.
Зэсийн ханшийн төлөв сайжирч байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах өөдрөг шинж бүрджээ. Зөвхөн зэсийн зах зээл дээр эрэлт, үнийн өсөлтөөс харахад бидэнд цар тахлын үед хүндэрсэн эдийн засгаа сэргээх боломж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-ны өдөр Лондонгийн металлын биржид болсон фьючерс арилжаагаар нэг тонн зэсийн үнэ 7711 ам.долларт хүрсэн. Коронавирусний ид тархалтын үед буюу 3 дугаар сард 4600 доллар болтлоо унаж байсантай харьцуулбал үнэ нь даруй 60 хувиар өслөө гэсэн үг. Зэсийн үнэ ийнхүү 7000-аас давсан нь 2018 оны 6 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Зэсийн үнэ ингэж өсөхөд Ковид-19-ийн эсрэг вакцинуудын эмнэлзүйн шатны туршилт 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн нь нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Улс орнууд цар тахлын эсрэг вакцинжуулалтанд иргэдээ шат дараатайгаар хамруулж эхэлсэн нь дэлхийн эдийн засаг сэргэх нь гэсэн найдварыг зэсийн зах зээлийн гол оролцогчдод төрүүлснээр зэсийн үнэ тасралтгүй өссөөр байна.
Вакцинаас гадна дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад улсын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээснээр зэсийн импорт нь огцом өсч, энэ нь зэсийн үнэ өсөхөд ихээр нөлөөлсөн.
Зэсийн наймаачид ирээдүйн эрэлтээ Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох Caixin-г маш анхааралтай ажигласны дүнд тодорхойлдог. Онцгой ач холбогдолтой уг индекс 7 дахь сардаа (дараалан) өсөж байгаа. Өнгөрсөн 10 дугаар сард 53,6 байсан Caixin индекс 11 дүгээр сард 54,9 болж өссөн нь зэсийн үнэд эергээр нөлөөллөө. Цар тахлын улмаас зогсчихоод байсан Хятадын үйлдвэрүүд ихэнх шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй богино хугацаанд үйл ажиллагаагаа сэргээж чадсан, үүгээр ч зогсохгүй улс даяарх цахилгаан шугам сүлжээгээ шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас уг төлөвлөгөө тодорхой хугацаанд тасалдаад одоо эрчимтэй хэрэгжиж байна. Хятадын удирдагч Ши Жиньпин “манай улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болно” гэсэн нь цаашдаа тус улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан станц барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг харуулж байна. Түүний дурдсан сэргээгдэх эрчим хүч, нэн ялангуяа салхин цахилгаан станц барих гол түүхий эд нь зэс байх нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөх нь дамжиггүй. Дүн шинжилгээний Capital Economics компани 2020 онд зэсийн эрэлт эрс нэмэгдэн 2021 онд 7500 долларт хүрч, цаашилбал 2025 онд 10 мянган долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” гэж болохоор таамаглалыг дэвшүүлж байв. Энэ онд зэсийн үнэ өссөн нь Capital Economics-ийн таамаг тун оновчтой байгаагийн илрэл юм.
Citicorp компанийн шинжээч Макс Лейтон автомашины үйлдвэрлэл, эрчим хүчний салбар дахь зэсийн хэрэглээ ирэх 5 жилийн хугацаанд 2,3 сая тонноор өсөх төлөвтэй буйг дурдсан гэхчилэн зэсийн хэрэглээ дэлхий нийтээр, тэр дундаа манай урд хөршийн хувьд өсч, эрэлт нэмэгдэхийн хэрээр зэсийн үнэ тонн тутамдаа өссөөр байх нь.
Дэлхийн зах зээл дэх зэсийн ханш тооцоолсноос өндөр байж, ашигт малтмалын салбараас орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах дүр зураг харагдаж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь ойлгомжтой. Энэ онд зэсийн ханш 7500 доллар дээр тогтлоо гэж өөдрөгөөр төсөөлөн тооцоолбол улсын төсөвт зэсээс орох орлогын хэмжээ төсөвт тусгасан орлогоос даруй 15 хувиар өсөж, 1 их наяд 700 тэрбум төгрөгт хүрэхээр байна.
2023 оныг дуусталх хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглалд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт чухал үүрэгтэй байх юм. Олон улсын чансааны Fitch Solutions компани “2022 оноос нааш зэсийн үнэ нэмэгдэхгүй, үнэ яг одоо өснө гэж үзэхэд арай эрт байна” гэсэн харьцангуй “гутранги” таамгийг дэвшүүлж байсан. Fitch Solutions-ийм “гутранги” таамаглалаар ч зэсийн үнэ ойрын жилүүдэд өсч, дунд хугацаанд зэсийн эрэлт нэмэгдэх таатай төлөв ажиглагдаж байна.
Цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн идэвхжил саарч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ эрчимтэй өсөж, цаашдаа өсөлт хадгалагдах төлөв харагдаж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад туслах болно.
Л.Амарсанаа
Сэтгэгдэл (2)