Бадамлхам бурханы тухай сонирхолтой хууч, домог яриа цөөнгүй бий. Нэгэн лам айлд хятад хүн зочилж гэнэ. Тэр үед гэрийн эзэн лам гэрийнхээ хаалганы тотгон дээр гурван мөс тавьж байхыг харсан хятад хүн гурван мөс тавьж буйн учирыг өнөө хятад асуужээ. Лам хариуд нь “Цагаан сараар Лхам бурхан зочилно. Хүргэж ирсэн луус энэ мөсөөр ундаалдаг юм” гэжээ. “Тэр Лхам бурхан айл бүхэнд ирэх үү, ганцхан танайд ирдэг үү” гэж хятад хүн дахин асуухад лам “Огторгуйд байх нар ганц хүнд гэрэл гэгээгээ өгөх үү эсвэл амьтан бүхэнд гэрэл гэгээгээ тэгш өгөх үү? гэж сөргүүлэн асуужээ. Хятад хүн “Амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгнө” гэж хэлсэнд лам “Яг түүнтэй адил Лхам бурхан амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгч айл бүхнийг зорьж морилдог юм” гэж хариулсан гэдэг.
Балданлхам бурханыг монголоор Цог төгс охин тэнгэр (Цогт охин тэнгэр) хэмээн нэрлэдэг. Цогт охин тэнгэр нь эм хүний дүртэй тул ийнхүү охин тэнгэр гэжээ. Балданлхам бурхан хонгор халзан луус хөлөглөсөн, хар бараан догшин дүртэй.
Бадамлхам бурхан эрт цагт бурханы шашныг сахин хамгаалж, дэлгэрүүлэх, амирлуулах, эрхэндээ хураах, хатуу үйлийг буцаах ам тангараг авснаа биелүүлж одоо болон ирээдүй цаг алинд ч амьтан бүхэнд адистидаа хүргэж, шашинд тусыг үйлдэх хийгээд очироор бэлгэдсэн бэрээг баруун мутраар далайхын төдийгөөр шумнас болоод бүд нэрийг хөнөөн устгах, бурханы шашинд сүсэг бишрэлтэй хэн бүхэнд үрээ хайрлах эх мэт нинжин сэтгэлээр хандаж, тэдний номын ариун үйлс явдлыг агшин төдий ч шамшигдуулахгүй, эрхэм дээдээр туслаж чаддаг эгнэшгүй хүчит, ээнэрэнгүй сэтгэлт бурхан ажээ. Балданлхам бурхан дайсан тотгорыг дарж, бурханы шавь болж буй сүм хийдийн лам хуврага төдийгүй сүсэгтэн олныг энэрэн хайрлаж, хамгаалдаг.
Бадамлхам бурханы хонгор халзан луус нь эгэл ажнай хүлгээс ялгарах рид хувилгааны хөлтэй, хээн жигүүртэй, түргэн одохуйн гэсэн гурван зүйл эрдэмтэй. Эдгээр гурван зүйлийн эрдэмт луусынхаа хүчээр Лхам сахиус хаа хүрэх газартаа агшин зуурт хүрдэг ажгуу.
Балданлхам бурханы унаа хонгор халзан луусын хазаар, хударга, олом жирэм, хэрэглэл бүрийг лусын эзэн могойгоор хийсэн нь лусыг захирдагийн бэлгэдэл болно. Хонгор луус хондлойдоо бас хоёр нүдтэй байдаг нь шашин номын эсрэг үйлстэй нэгэн хааны харвасан сум нь хонгор халзан луусны хондлойг оножээ. Бадамлхам бурхан түүнийг нь сугалж авахад шарх нь уудам холыг харах чадвартай нүд болoн хувирсан домогтой.
Өвлийн сүүл сарын 30 буюу битүүний оройн хуралддаг Балданлхам бурханы тахилга хурлын ая дан өөрийн гэсэн онцгой горимтой төдийгүй хуралд эдгээр горим тус бүрийг гүйцээн шөнөжин хурдаг.
Битүүний шөнө Бадамлхам бурхан залран ирэх тул дуган сүмийн гаднах асар гонхонд идээ мөс, чихэр, тос тэргүүтэнг тавьдаг. Бадамлхам бурхан битүүнд 3000 ертөнцийг агшин дор эргэж айл бүрт зочилдог номтой учир монголчууд битүүний өдөр тотгон дээрээ усан тахил буюу мөс тавьдаг. Тэрхүү мөс нь Бадамлхам бурханы луусанд зориулж буй өглөг аж. Харин Балданлхам бурханд балин тахил өргөх учиртай. Бадамлхам бурханд балин тахил өргөсний хүчээр тухайн улс орон, ард түмэн төдийгүй хорвоо ертөнцийн амьтан бүгд ирж буй жилдээ эрүүл энх, амар амгалан байхын учир бэлгэдэлтэй.
Сэтгэгдэл (3)