Рио-Тинто компани 2020 оны үйл ажиллагааны дөрөвдүгээр улирлын шинэчилсэн мэдээллээ гаргажээ.
Манай улс Оюутолгойн гэрээг харилцан ашигтай, Монголд өгөөжтэй байлгах зорилгоор хэлэлцээрийн ширээний ард суухаар зэхэж буй. Уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж оролцоно.
Тодруулбал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоогийн мэдээлснээр одоогийн байдлаар Монгол Улс 2051 он хүртэл ашиг хүртэхгүй гэсэн тооцоог хөрөнгө оруулагч талаас хүргүүлсэн бөгөөд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхийг Засгийн газар зөвшөөрөхгүй. Хэлэлцээрийн ширээний ард сууж эдгээрийг засаж сайжруулах, улмаар гэрээг цуцлах хэмжээний нөхцөл байдал үүсэхгүй байх хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.
Тэгвэл Рио-Тинто компани "Бидний зүгээс Монгол улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурсэс компанитай хамтран УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд ажиллаж, Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг (UDP) сайжруулан, Оюутолгойгоос бүх оролцогч талуудад хүртээх өгөөжийг сайжруулах тухайд нээлттэйгээр, харилцан ашигтай хамтран ажиллах байр суурьтай байсаар байгаа.
Хоёрдугаарт, Рио-Тинтогийн зүгээс Оюутолгойн гүний уурхайн төслийн блоклон олборлох ажлыг 2021 онд эхлүүлэхийн тулд нэмэлт хугацааг тогтоон, тодорхой ажлыг гүйцэтгэх шаардлагатай буйг судлан үзэж буй бөгөөд үүнд Монгол Улсын Засгийн газраас олгох зөвшөөрлүүд, тэр дундаа 2020 оны хоёрдугаар сард хүргүүлсэн Нөөцийн тайлангийн тодотголыг бүртгүүлэх,
2020 оны долоодугаар сард 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсад хүчинтөгөлдөр хэрэгжиж буй хууль журмуудын дагуу боловсруулан хүргүүлсэн шинэчилсэн ТЭЗҮ-г хүлээн авах,
2020 оны есдүгээр сарын Харилцан ойлголцлын санамж бичгээр Туркойз Хилл Ресурсэс компанитай зөвшилцсөн санхүүжилт болон 2020 оны зургадугаар сард Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэн зөвшөөрсөн эрчим хүчний хангамжийн асуудлууд зэрэг багтаж байна. Бид арванхоёрдугаар сарын 16-ны мэдээлэлд заасанчлан Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурсэстэй ирэх саруудад хамтран ажиллаж, дээр дурдсан асуудлуудыг эцэслэн тогтооно.
Гуравдугаарт, арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас хүргүүлсэн Оюутолгой компанийн 2016-2018 оны татвар төлөлтөд хийсэн хяналт шалгалтын үр дүнд тухайн жилүүдэд төлсөн 752 сая ам.долларын татвар дээр ойролцоогоор 228 сая ам.долларын татварын актыг хүлээн авсан.
Оюутолгой компанийн зүгээс энэхүү акт ногдуулсан асуудлыг 2013-2015 онд хамаарах, ижил нөхцөл байдал бүхий маргааныг шийдэж буй олон улсын арбитрын үйл ажиллагаанд нэгтгэн шийдүүлэх хүсэлтээ өгөөд байна" гэжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (12)