Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд Төрийн банк хэрхэн ажиллаж байгаа болоод цаашид халамж, хүүхдийн мөнгийг хэрхэн олгох зохицуулалт хийж байгаа талаар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.
-Өнөөдрийн хамгийн халуун сэдэв халамж, хүүхдийн мөнгийг банкууд, тэр дундаа Төрийн банк хэрхэн олгох вэ гэдэг байна. Энэ талаар хариулт өгнө үү?
- Монгол Улсын Засгийн газраас гаргасан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай №178, №181 тоот тогтоолын дагуу Улаанбаатар хот болон зарим аймагт хөл хорио тогтоосон. Үүний дагуу Төрийн банкны Улаанбаатар хотын салбар нэгжүүд ажиллахгүй байгаа. Харин хөл хорио тогтоогоогүй аймаг, сумын нэгжүүд ажиллаж байна. Төрийн банкны хувьд нийт халамжийн 90, хүүхдийн мөнгөний 51 хувийг олгодог. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед Төрийн банкны ажилчид иргэдийг банканд ирэлгүйгээр зайнаас үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, бүх төрлийн төлбөр тооцоог саадгүй хүргэх тал дээр ажиллаж байна. Иргэдийн хувьд банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах бүрэн боломжтой гэдгийг энд дурдах хэрэгтэй. Халамжийн тухайд бол банканд данс бүртгэлгүй 20 орчим мянган иргэнд эхний ээлжинд данс нээж, картыг нь хэвлэлээ. Мөн хүүхдийн мөнгө авдаг иргэдийг дансжуулж карт олгохоор болж, хэвлэж дууслаа. Зөвхөн нийслэлд л гэхэд 164 мянган хүн хүүхдийн мөнгө авч байна.
Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллагуудтай хамтран ирэх даваа гариг буюу энэ сарын 23-наас салбар нэгжүүдээ нээн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Эхний ээлжинд халамж, хүүхдийн мөнгийг картаар дамжуулан олгох ажлыг хийхээр бэлтгэлээ хангаж байна. Хамгийн гол нь харилцагчид маань энэ өдрүүдэд зөвхөн халамж, хүүхдийн мөнгийг картаар дамжуулан тараана гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бусад бэлэн төлбөр тооцоо нэг ч хийгдэхгүй гэдгийг онцлон хэлье.
Нийслэлийн хувьд, дугаар хорооны иргэн Төрийн банкны аль нэгжээс халамж, хүүхдийн мөнгөний картаа авах вэ гэдгээ халамжийн ажилтнуудаасаа мэдсэн байх шаардлагатай. Мөн иргэд банканд ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, амны хаалт, бээлийгээ зүүн, цагдаагийн болон банкны ажилтнуудын шаардлагыг биелүүлж хоорондын зайгаа баримтлан үйлчлүүлэхийг хүсье.
Банк онгойлоо гээд бөөгнөрөл үүсгэн өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг хүсье. Хэрэв бөөгнөрөл үүсвэл иргэд гэлтгүй банканд ажиллаж буй ажилчдад эрсдэл үүснэ гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй.
-Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Төрийн банк хэрхэн авч, шийдвэрлэж байна вэ?
-Хүсэлтийг эхний ээлжинд онлайнаар авч эхэлсэн. Харилцагч, иргэд, байгууллага гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ Төрийн банкны веб сайтаар нэвтрэн бөглөх шаардлагатай. Үүний дараагаар бид анх зээл авсан нэгжид хувиарлан эргэн мэдэгдэх болно.
Эцэст нь нэмж хэлэхэд Төрийн банкны нийт харилцагчид болон иргэддээ гэртээ байж банкны бүх төрлийн үйлчилгээг цахимаар авахыг уриалж байна. Манай банкны Гялсбанктай байхад бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах боломжтой.
-Энэ өдрүүдэд байр болон цахилгааны төлбөр гарч эхэллээ. Эдгээр төлбөрүүдээ иргэд хэрхэн төлөх вэ. Ялангуяа цахим банкгүй, бусд банкны харилцагчид?
-Төрийн банкны ИБиллинг гэдэг үйлчилгээ бий. Аль ч банкны харилцагч бай Төрийн банкны ИБиллинг цэсээр нэвтрэн бүх төрлийн хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой. ИБиллинг үйлчилгээнд нэвтэрч ороод гэрийн хаягаа оруулахад QR код гарч ирдэг. Түүнийг нь уншуулаад төлбөрөө хялбар аргаар төлөх боломжтой.