Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, ААН-үүдийн орлогыг дэмжихээр “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох санал гаргасан. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгохоор тусгасан. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар уг асуудлаар хэлэлцэж, нарийвчлан судалж үзэхээр болжээ. Иргэдийн орлого буурсан энэ үед бодитой дэмжлэг болох ч бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэх, эдийн засагт сөрөг нөлөөлөл бий болох түүгээр ч барахгүй Венесуэлийн алдааг давтах вий гэсэн болгоомжлол бий. Ингээд дээрх асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Ж.Дэлгэрсайхан: Энэ үйл ажиллагаа хэрэгжвэл бид бас нэг томоохон алдаа гаргаж байгаа хэрэг болно. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, бид цар тахлын хүрээнд иргэдийн амжиргааг дэмжих чиглэлд халамж, иргэдийн орлогыг хамгаалах, чиглэлээр ихээхэн арга хэмжээ авч байгаа хоёрдугаарт, энэ нь сүүлийн жилүүдэд үргэлжилсэн уламжлалт улс төржсөн нийгмийн халамж, хамгаалал нэрийн дор мөнгө тараах үйлдэл болж байгаа хэрэг гэж үзэж байна.
Энэ арга хэмжээг хэрэгжүүлсэнээр богино хугацаанд өрхийн орлого нэмэгдэж, худалдан авалт хийж эдийн засагт эерэг нөлөө харагдах нь тодорхой. Гэхдээ энэ зөв арга хэмжээ биш. Өнгөц харахад зөв мэт боловч энэ мэт томоохон шийдвэрийг гаргахдаа өнөөдөр бид яг ямар байдалд байгаа, цар тахлын сөрөг нөлөөлөл, цаашид гарч болзошгүй богино, дунд хугацааны эрсдэлийг хэрхэн бууруулах вэ гэдгийг судалгаа, тооцоотойгоор шийдэх хэрэгтэй. Гол эрсдэл нь бид хэр хүндэрч үлдэх вэ, ямар хугацаанд сэргэж эдийн засгийн өсөлт, санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх вэ гэсэн асуултын хариулт юм. Үүнийг шийдэхэд энэ арга хэмжээ том тус болохгүй, харин ч ирээдүйн санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлэх талтай. Ер нь энэ мэт арга хэмжээ, мөнгө тараалт нэмэгдэх нь урт хугацаандаа эдийн засаг, нийгмийн томоохон сөрөг нөлөөг бий болгоно.
Эмзэг бүлэг, орлого багатай иргэдийн хувьд 2020 оны хавраас эхэлж одоо үргэлжилж байгаа халамжийн чиглэлийн хөтөлбөр арга хэмжээний хүрээнд тодорхой хэмжээгээр эрсдэлээс хамгаалагдаж байгаа гэж ойлгож байна. Одоо бидний хамгийн гол анхаарал хандуулах зүйл нь төрд дарамт болдоггүй, ажлын байр бий болгож өөрөө өөрийгөө аргацааж эдийн засагт дэм болж байдаг жижиг дунд аж ахуйн нэгж болоод байна. Цаашилбал, бүх чиглэлд бизнес эрхлэгчдийг боломжийн хэрээр дэмжих хэрэгтэй. Энэ цар тахлаас бид эдийн засгийн сууриа хамгийн бага хохиролтой гаргах бодлого баримтлах ёстой. Товчхондоо төрд боломж байгаа бол үүнийгээ дээд хэмжээгээр бизнесийн орчныг хамгаалахад чиглүүлэх нь зүйтэй. Өнөөг хүртэл бид олон жил хэт хэрэглээг дэмжсэн, бэлэн мөнгө тараах үйлдэл хийж Монгол Улсын эдийн засагт хангалттай хохирол авчирлаа. Одоо бид эдийн засгийн суурь болж ажлын байр, татварын орлого, өр төлөх боломжийг бий болгодог ААН-үүдээ дэмжих хэрэгтэй.
Ер нь үндсийг нь услалгүй мөчрийг нь арчлаад нэмэргүй гэдгийг ухаарахад тийм их ухаан хэрэггүй болов уу.
Энэ арга хэмжээг үндэсний үйлдвэр, эдийн засгийг дэмжиж байгаа гэж яаж ч тайлбарлаад бизнесийн орчныг шууд дэмжих татвар, санхүүжилтийн дэмжлэгтэй дүйцэхгүй.
Д.Амгалан: Ерөнхийлөгчийн саналыг одоогийн нөхцөлд дэмжиж байна. Эдийн засгийн байдлаас тайлбарлавал эерэг талаасаа дэмжих боломжоо алдчихсан. Учир цар тахал эхлэхээс өмнө улс төрийн сонгуульд хэт анхаараад халамж тараачихсан. Ямаанд хүртэл мөнгө өглөө. Цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлт хумигдсан. Улмаар барааны хомсдол үнийн өсөлтийг бий болгоно. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан саналд нийлүүлэлтээрээ дамжуулаад эрэлтээ дэмжих бодлого байгаа учраас бидэнд үлдсэн цорын ганц богино хугацааны арга гэж харж байна. Ямар нэг арга хэмжээ авахгүй л бол дэлгүүрийн өрийн дэвтэр зузаарлаа. Жижиг дэлгүүрүүд бараа татах мөнгөгүй өнөөдрөө яая гэж байна. Гэхдээ энэ бол богино хугацааны арга.
Цаашид төсөвтөө зайлшгүй тодотгол хийх хэрэгтэй.
Шавар, цементэд оруулсан мөнгөө болиод ААН-үүдээ дэмжих хэрэгтэй. Бусад улс орнуудын хувьд ААН-үүддээ урт хугацаа, бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр олгох, эсвэл нэг удаагийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Манай улсад ч ялгаагүй урт хугацаанд бага хүүтэй санхүүгийн зээл олгох боломж бий. Төсөвт туссан шаардлагагүй мөнгөө царцаагаад ААН-үүдээ дэмжихгүй бол карентин тавьснаар үйл ажиллагаа сайжирчих зүйл биш.
Өнгөрсөн хоёр сарын хөл хорио хүнд байдалд орсон ААН-ийн зарим нь дампуурлаа. Буцаад хэвийн үйл ажиллагаанд ороход 1.5-3 жилийн хугацаа шаардана. Ерөнхийлөгчийн саналын араас дахиад ААН-ээ дэмжсэн бодлого явуулахгүй бол тун хүнд байдалд орлоо.
С.Оюун: Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Энэ нь эдийн засгийг хурдан сэргээхээр дөхөм болно. Хүмүүс мөнгөтэй болохоороо худалдан хийдэг. Худалдан авалт хийнэ гэдэг нь тэр борлуулалтаар дамжуулаад цаад ААН-ийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ гэсэн үг.
Аль аль талаасаа эсэргүүцэх зүйлгүй.
Иргэдийн зүгээс эрх мэдэлтэй хүмүүс эсвэл өөрсдийнхөө бизнесийг дэмжих байх гэж хардаж байгаа. Гэхдээ дэмжиж болно шүү дээ. Жигд ядуу байж болохгүй. Энэ утгаар үндэсний үйлдвэрлэл л байвал хэнийх нь ч хамаагүй дэмжих ёстой. Хэрэглээ эдийн засгийг дэмждэг. Үйлдвэрлэл, үйлчилгээ хэрэглээнд л зориулагддаг. Тиймээс иргэн, ААН аль аль нь орлоготой байж эдийн засаг хурдан сэргэнэ. Эдийн засгийг дэмжихэд орлого, хэрэглээ маш чухал.
Б.Лхам
Сэтгэгдэл (43)