БАРИМТ 1
Монгол Улсын 112 мянган км авто замын сүлжээний 14 мянган км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь буюу долоон мянган км нь хатуу хучилттай зам байна.
БАРИМТ 2
2020 оны аравдугаар сард Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон.
БАРИМТ 3
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэл 75 хувьтай яваа ба 2021 онд ашиглалтад оруулснаар бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.
БАРИМТ 4
2020 онд гэхэд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 123 чиглэлийн 1,902.7 км авто зам болон 27 байршилд 1376.6 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэжээ.
БАРИМТ 5
Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт-Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км авто замын сүлжээг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
БАРИМТ 6
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс авто замын үндсэн трассаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байна.
БАРИМТ 7
Олон улсын болон улсын чанартай авто замын урсгал засвар арчлалтын ажилд 2020 оны улсын төсөвт батлагдсан 52 тэрбумын санхүүжилтэд багтаан авто замын засвар арчлалтын 32 байгууллага авто замын бэлэн байдлыг ханган ажиллаж, гүйцэтгэл 97.8 хувьтай байна.
БАРИМТ 8
Монгол Улс нийт 1949.4 км төмөр замын сүлжээтэй бөгөөд эдгээр нь Булган, Орхон, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн нутгаар дамжин өнгөрдөг.
БАРИМТ 9
Төмөр замын салбарт ачааны 7380, зорчигчийн 334 вагон, зүтгүүр 205, өртөө, зөрлөг 86, нийт 16606 ажилчин ажилладаг.
БАРИМТ 10
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын төслийн барилгын ажлыг эхлүүлсэн бол газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээж аваад байна.
БАРИМТ 11
Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах, ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлж, 2019 оны наймдугаар сарын 15-наас барилгын ажлыг үргэлжлүүлэх юм.
БАРИМТ 12
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Тавантолгой өртөөнөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг дайран хилийн Гашуунсухайт боомт хүртэл үргэлжлэх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгахаар төлөвлөж байна.
БАРИМТ 13
Төмөр замыг барьснаар жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болох бөгөөд 1300 орчим байнгын ажлын байрыг бий болгож, нүүрсний экспортыг нэмэгдүүлэн, БНХАУ-ын нутаг дэвсгэр, түүний далайн боомт болон гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийх боломж бүрдэх юм.
БАРИМТ 14
Засгийн газрын 2019 оны 232 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэлх төмөр замын шугамын чигийг баталж, 2019 оны зургаадугаар сараас барилгын ажлыг эхлүүлээд байна.
БАРИМТ 15
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2021 онд дуусгахаар төлөвлөсөн ба одоогоор газар шорооны болон хоолойн ажил 100 хувь, гүүрийн ажил 95 хувь, замын дэд бүтцийн барилгын ажил 33 хувийн гүйцэтгэлтэй байна.
БАРИМТ 16
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт боомтод авто зогсоолын барилга байгууламж, Цогтцэций суманд авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2021 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
БАРИМТ 17
Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн хүрээнд Бичигт, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Булган гэсэн авто замын зургаан боомтоор жилд дунджаар 32-34 сая тонн нүүрсийг БНХАУ руу тээвэрлэж байна.
БАРИМТ 18
Автотээврээр экспортолсон нийт нүүрсний 50 орчим хувийг Гашуунсухайт, 40 орчим хувийг Шивээхүрэн боомтоор тээвэрлэж, 337 аж ахуйн нэгж, байгууллагын 17746 жолооч ажиллаж байна.
БАРИМТ 19
Монгол Улс нийт агаарын 16 хаалгатай бөгөөд ОХУ-тай агаарын арав, БНХАУ-тай агаарын зургаан хаалгаар хиллэдэг.
БАРИМТ 20
Агаарын тээврийн салбарт агаарын тээврийн гэрчилгээ эзэмшигч 13 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
БАРИМТ 21
Олон улсын 21, орон нутгийн 12 нийт 33 чиглэлд дотоод, гадаадын агаарын 12 тээвэрлэгч нислэг үйлддэг. Эдгээрээс гадаадын агаарын найман тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна.
БАРИМТ 22
Агаарын тээврийн салбарт Японы хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал” төслийн барилгын ажлыг дуусган улсын комисс хүлээн авч, ”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны долоодугаар сарын 5-ны өдөр концессын гэрээг байгуулсан бөгөөд үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
БАРИМТ 23
Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлыг шинэчлэн сайжруулах ажлыг хийж, ашиглалтад хүлээн авч байна.
БАРИМТ 24
Дорнод, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С болгох, Баянхонгор, Хэнтий аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 3D болгох, мөн ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх дэд бүтцийг байгуулах чиглэлээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл (4)