Засгийн газраас Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг өргөн бариад буй. Энэ хүрээнд ээлжит чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь ирэх оны төсөв болж байна. Ирэх оны төсөв цар тахлын үеийн төсөв гэдгээрээ онцлог. Үүнтэй холбогдуулан зарим өнгөрсөн Засгийн газрын хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэхээр оруулж ирсний нэг нь халамжийн бодлого юм. Засгийн газраас халамжийн бодлогыг ирэх оны эхний хагас жил үргэлжлүүлэхээр тусгаад буй юм. Улсын 2021 оны нэгждсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг, зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв оруулж ирсэн.
Эдийн засагч, судлаачдын үзэж байгаагаар төсвийн алдагдлыг бууруулах боломж байнаа бөгөөд энэ удаагийн төсөвт гол орлого олдог баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого байхгүй байгааг онцолсон юм. Харин халамжийн мөнгийг хавтгайруулах нь цар тахлыг даван туулах сайн арга зам биш гэдэг байр суурь илэрхийлээд байна. Ингээд 2021 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгагдсан зарим онцлох арга хэмжээнүүдээс танилцуулъя.
-Зэсийн баяжмалаас 1.5 их наяд төгрөгийн орлого олно-
Зэсийн зах зээлийн үнийг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн тонн тутамд 6500 ам.доллар, экспортын хэмжээг олон улсын зах зээлийн хандлага, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэн 1.4 сая тонн байхаар тооцож, 2021 онд 1.5 их наяд төгрөгийн орлогыг зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Харин нүүрсний экспортын хувьд 42 сая тонн байна гэж урьдчилан тооцоолж буй. Судлаачдын зүгээс хэт өөдрөг тооцоо гэж шүүмжлэлтэй хандаж буй эрх баригчдын зүгээс өөдрөөг төсөөлж байж өдий зэргийг экспортонд гаргаж чадна хэмжээн тайлбарлаж байгаа юм.
2020 онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч коронавирусний цар тахалтай холбоотойгоор нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнээс бага байсан. Тиймээс Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар хэлцсэн. Энэ хүрээнд ийн өндөр тооцжээ.
-НДШ-ийг 17 хувь хүртэл бууруулна-
Иргэндээ ээлтэй эрүүл мэндийн шинэчлэлийг хэрэгжүүлж, чанарыг дээдэлсэн боловсролын шинэчлэлийг эхлүүлэхээр тусгажээ. Цар тахлын эрсдэлтэй үед нийт иргэдийн орлогыг хамгаалах, нийгмийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болжээ.
Тодруулбал, шимтгэлийн чөлөөлөлтийн арга хэмжээг энэ оныг дуустал олгогч таван хувь, даатгуулагч таван хувь байхаар тооцож холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Тэгвэл 2021 оны төсвийн төсөлд хувийн хэвшлийн аж ахуй нэгжид ажиллаж байгаа даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахаар төсөвт тусгажээ. Одоо 20-22 хувь байгаа НДШ-ээс ажилгүйдэл, тэтгэмжийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 3-5 пунктээр бууруулж 17 хувьд хүргэх юм байна.
-ЖДҮ-ийн зээл олгохгүй-
Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна.
Б.Лхам