Эдийн засаг Д.Амгалантай ярилцлаа.
-Засгийн газраас 2021 оны төсвийн төслийг өргөн бариад байгаа. Ингэхдээ 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв оруулж ирсэн. Та төсвийн төслийн тухай өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Зарлага нь орлогоосоо давж байгаа үзэгдлийг төсвийн алдагдал гээд байгаа. Төсвийн алдагдлыг гадна болон дотоод эх үүсвэрээс нөхдөг. Манай улсад дотоод эх үүсвэрээсээ нөхөх боломж хараахан байхгүй байна. Сүүлийн хоёр жилд сонгуультай холбоотойгоор 2019 онд гэхэд өмнөхөөс гурав дахин, 2020 онд 2.7 дахин их мөнгөөр хөрөнгө оруулалтын зардлыг тэлсэнтэй холбоотой. Ингэхдээ орлого олдоггүй, үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулж байна. 2021 оны төсөвт ч гэсэн энэ байдал үргэлжлэхээр харагдаж байна. Соёл, спорт, байшин барилгын зардалд 2.1 их наяд төгрөгөөс танаад 1.6 их наяд төгрөгөөр төсөвлөсөн байна. Уг нь тэвчиж болох зардлуудын нэг юм. Мөн халамжийн бодлого хавтгайрч байна. Манай улс 1.2 сая хүүхэдтэй. Сард 100 мянган төгрөг өгч байгаа. 800 гаруй тэрбум төгрөг. Халамжаас тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Эдгээрийг хагас жил үргэлжлүүлнэ гэж байна.
Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний 110 жилийн ойд зориулж Соёлын яаманд их хэмжээний төсөв батлах шинжтэй байна. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өмнө нь 13.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ удаад 30 гаруй тэрбум төгрөгийн зардлыг тусгасан байна лээ. Энэ мэтчилэн эдийн засгийг эрэмбэлээгүй, тансаглах маягийн нөгөөтээгүүр, орлого олдоггүй зүйлд төсөв зарцуулаад байгаа нь дараа дараагийн төсөв тааруу байх гол нөхцөлийг бүрдүүлээд байна. Жилээс жилд төсвийн зарлага нэмэгдэж байна. Энэ байдлыг дагаад өрийн хэмжээ, дарамт нэмэгдэж байдаг. Эдгээрийг хаанаас санхүүжүүлэх вэ гэдэг асуудал гарна. Дахиад л өр зээлийн асуудал яригдаж байна. Саяхан Японоос 25 гаруй сая иенийн зээл авлаа. Энэ зээлээр чухам юуг санжүүлэх юм тэр нь тодорхойгүй.
-Төсвийн төслийн алдагдлыг бууруулах боломж бий юу?
Энэ алдагдлыг бууруулах боломж бий. Дээр дурдсан хавтгайрсан халамжаас татгалзах, орлого олдоггүй зүйлд хөрөнгө хаяахаа багасгах, макро эдийн засгийн санхүүгийн асуудлаа эрэмбэлэх хэрэгтэй байна. Эдийн засгийн хүндрэлийг даван гарахын тулд иргэн, аж ахуйн нэгж нь орлоготой байх нөхцөл боломжийг хэрхэн хангахад чиглэх ёстой. Жилээс жилд өрийн дарамт нэмэгдэж байна. Үүнийгээ өр дарсан мэтээр тайлбарлаад байдаг. Гэтэл бодит байдал дээр өрийн хэмжээ улам л нэмэгдэж байна.
-Сая Засгийн газраас “Намод” бонд гаргаж их хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр дарлаа гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?
-“Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг “Намод” бонд гаргаж 600 сая ам.долларын зээл нэмж авлаа. Хугацааг нь хойшлуулж байгаа л асуудал шүү дээ. Өмнө нь Хөгжлийн банкны өрийг дарахын тулд Хуралдай бонд гаргасан. “Чингис” бондын өрийг дарахын тулд “Гэрэгэ” бонд гаргасан. Энэ мэт өрийг дарахын тулд нэмж өр авсаар 31.5 тэрбум ам.доллар давлаа. 2019 оны байдлаар 29.7 тэрбум ам.долларын өртэй байсан. Өр нь улам л нэмэгдээд байдаг. Энэ нь макро эдийн засагтаа нөлөөлөөд байна. Өр нэмэгдээд байдаг. Төсөвт илүү гарч байгаа зардлаа үүгээрээ санхүүжүүлээд байдаг.
Эцсийн дүндээ валютын ханш нэмэгдэхэд нөлөөлж байна. Үүний хор уршиг нь бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа хэрэглэгчийн нуруун дээр хүндрэл болж ирдэг. Ийм тойрог руу яваад байна. Тиймээс эдийн засгаа ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй. Эдийн засгаа нөхцөл байдалтай нь уялдуулан өөр бүтцээр явуулах хэрэгтэй байна. Төсвийн мөнгөний 80 хувь нь татвар төлөгчийн мөнгөнөөс бүрддэг. Ялангуяа үндэсний баялаг бүтээгчдийн олсон орлогын тодорхой хувь нь төсвөөр дамжин хуваарилагддаг. Гэтэл гол орлого олдог салбараа дэмжсэн бодлого 2021 оны төсөвт байхгүй байна. Төсвийн төсөл Их Хурал дээр ороод онцын өөрчлөлтгүйгээр батлагдах байх. Хуулиараа тийм зохицуулалт орчихсон шүү дээ.
-Халамжийн бодлогыг дахин хагас жилээр үргэлжлүүлэхээр болсон. Эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учраас иргэдийнхээ орлогыг ингэж дэмжих нь зөв гэж тайлбарлаж байна. Гэтэл эргээд халамж хавтгайрахад хүрлээ. Нэг аймгийн иргэдийн 60 гаруй хувь нь халамжаас мөнгө авдаг байх жишээний. Ер нь халамжийн бодлогыг үргэлжлүүлэх шаардлага байна уу гэдэг асуудал урган гарч байна?
-Улс төр талаасаа эрх баригчдын гаргасан бодлого иргэдэд таалагддаг. Энэ чигийг л бариад байгаа хэрэг. Хүүхдийн мөнгө гээд жишээ авахад энэ мөнгө юунд очиж байна вэ. Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайханд зарцуулагдаж байна уу гэдэг эргэлзээтэй. Хүүхдийн 100 мянга, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж, талон гээд энэ бүгд эргээд нийгэмд ямар сөрөг нөлөө үүсгэж байна гэхээр дунд, урт хугацаандаа амьдралаа авч явах, орлого олох, ажлын байраа хадгалж үлддэг тэр зүйлийн эсрэг ухагдахуун болж хувирахад хүрч байна. Өнөөдөр сарын 500-600 мянган төгрөгийн цалинтай ажил хийх хүн олдохгүй байна гэсэн асуудал ярьж байна. Учир нь хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөөрөө амьдраад болоод байгаа учраас нийгмийг авч явдаг бодит салбар унаад байгаад юм. Энд зарцуулж байгаа мөнгөө баялаг бүтээгчдээ дэмжсэн бол ажлын байр хадгалагдана. Улмаар иргэдийн орлоготой байх баталгаа хангагдана. Халамж, хүүхдийн мөнгийг өгөөд байх төсөв ч цаашид байхгүй. Удаан хадгалагдахгүй гэсэн үг. Үнийн ханш, инфляцийн хөөрөгдлийг бий болгож төсөвт дарамт болно уу гэхээс биш тухайн гэр бүлийг орлогыг дэмжих зүйл биш.
-Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээ өмнөх үеэс нэмэгдсэн байна?
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв 13.7 тэрбум орчим төгрөг байсан. Ирэх оны сонгуульд 30.5 тэрбум төгрөг суусан байна. Үүнээс гадна орон нутгийн Засаг захиргааны байгууллага, соёлын төвийн барилгад зардал тусгасан нь эдийн засаг хүнд байгаа энэ үед үнэхээр утгагүй. Ач холбогдлоор нь эрэмбэлвэл 10-аас хойш байх асуудал. Үүнийгээ түр царцааж байгаад аж ахуйн нэгж байгууллага, айл өрхөө орлоготой байхад анхаарсан бол илүү дээр байх байлаа. Орлого олдоггүй зүйлдээ төсвийнхөө хамаг мөнгийг зарцуулчихаар дараа дараагийн төсөв өөдтэй харагдахгүй байна.
-Ирэх оны төсвийн төсөл яригдаж эхэлсэнтэй холбогдуулан төрийн өмчийн компаниудын орлогын асуудал гол сэдэв болж байна. Цаашид төрийн өмчийн компани байх хэрэгтэй эсэх талаар гишүүд байр сууриа илэрхийлж байсан. Ер нь төсөвт бараг орлого оруулдаггүй, алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниуд байх шаардлагатай юу?
-Төрийн өмчийн компаниуд байнгын алдагдалтай ажилладаг ийм газар болж хувирсан. Төрийн өмчийн компаниудын худалдан авалтын үйл ажиллагааг харахаар зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэтэй тохижилт, бүтээн байгуулалт хийдэг. Хэн нэгний шахаа явж байдаг. Ийм нөхцөлд төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллана гэж байхгүй. Авлига, албан тушаалтай холбоотой асуудал, санхүүгийн хямралыг чангаруулахгүйгээр төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллаж чадахгүй. Нийгмийг ганц авч явж байгаа нь хувийн хэвшлийн компаниуд л байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)