Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан-Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” судалгааны дүнг танилцуулжээ.
Дэлхийн Банкны шинээр гаргасан тайлан нь сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө 1 центийг хойч үедээ хуримтлуулж буй туршлагыг хөнджээ. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатай гэв.
Монгол Улс уул уурхайн томоохон орд газруудаа 2004 оноос ашиглаж эхэлснээс хойш эдийн засаг нь жил бүр дунджаар 7.2 хувиар өсч, дэлхийн хурдтай өсч буй эдийн засгуудын нэг болсон билээ. Эдийн засгийн энэхүү өсөлт нь ядуурлыг багагүй бууруулж, амьжиргааны түвшинг ахиулахад тодорхой хувь нэмэр оруулсан. Түүнчлэн хүн капиталын нөөц харьцангуй сайн, дэд бүтэц сүүлийн гучаад жилийн хугацаанд сайжирсан ч нийт газар нутгийн хэмжээ, хүн амын нягтаршил бага зэргийг тооцвол хангалтгүй хэвээр байна. Дээрх ололт амжилтын дийлэнх нь өгөөмөр нийгмийн халамжийн тогтолцоо, мөн уул уурхайн орлого болон гадаад эх үүсвэрээр санхүүжсэн их хэмжээний улсын хөрөнгө оруулалтаас голлон шалтгаалсныг тус тайланд онцолжээ.
Уул уурхайн баялгийн өгөөжийг илүү төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгон хувиргахын оронд Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна. Үүний зэрэгцээ чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчнээ дутуу ашиглаж, мөн институцийн чанар доройтсоор байна” гэж Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлоод “Хүн болон инстутитуци гэх мэт өгөгдсөн суурь баялгаа дутуу ашиглаж байгаагаас үйлдвэрлэл болон экспортыг төрөлжүүлж чадахгүй, улмаар дэлхийн түүхий эдийн зах зээлээс улам хараат болж, үнийн савалгаанд улам өртөмтгий болж байна. Энэ мухардмал байдлаас гарахын тулд уул уурхайд хөрөнгө оруулдаг шигээ “оюун ухаан” буюу хүнээ болон институцээ хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулдаг болох хэрэгтэй” гэв.
Сэтгэгдэл (1)