2020 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй. Үүнтэй холбоотой зарим асуудлаар эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Ингэхдээ төсвийг 900 гаруй тэрбумаар нэмж оруулсан нь ихээхэн шүүмжлэл дагууллаа. Эрх баригч намын зүгээс төсвийг нэмэгдүүлсэн биш харин 180 гаруй тэрбумаар танасан гэсэн тайлбар өгсөн. Төсвийн тодотголын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийн үед хүүхдийн мөнгө, нийгмийн халамж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих зорилгоор нэмбэл зохих зардал байгаа нь үнэн. Гэхдээ дөрвөн их наяд төгрөгийн алдагдал гэдэг том хэмжээний төсвийн алдагдал учраас Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Иймд ийм хэмжээний алдагдлыг хүлээн зөвшөөрөхийн тулд сайн төсөв байх шаардлагатай.
Өмнө нь хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан төсвийн зардлаас төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг танах эсвэл үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах боломжтой байсан. Хэрэв алдагдлыг бууруулахгүйгээр эдийн засгийг тэтгэнэ гэж үзэж байгаа бол зөвхөн өнөөдрийг харсан биш ирээдүйд үр өгөөжөө өгөх эдийн засгийн суурь дэд бүтцүүдийг дэмжих чиглэлийн хөрөнгө оруулалт хийх ёстой байсан юм. Тухайлбал, Дарханы зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, цахилгаан станц зэрэг өнөөдөр эдийн засгаа дэмжих, ирээдүйд тэтгэх хөрөнгө оруулалт ярьсан бол илүү үр өгөөжтэй байсан гэж харж байна. Гэтэл бидний хийж байгаа зүйл нь нөгөө л байшин барих. Энэ нь хэрэгтэй байж болох ч өнөөдөр мөн эсэх, нөгөө талаас ирээдүйд эдийн засгийг тэтгэх бус урсгал зардлыг нэмэгдүүлж дарамт болох талтай. Бид эдийн засгийг хөгжүүлэх, хямралаас сэргийлэх сайн боловсруулсан төлөвлөгөөгүй тул зам, барилга мэт бэлэн хөрөнгө оруулалтыг хийдэг бололтой.
-Төсвийн тодотголд аж ахуйн нэгжийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах зэрэг чиглэлд дорвитой заалт тусгагдсан уу. Төсвийн тодотголын баримт бичгүүдтэй танилцаж амжсан уу?
-Танилцсан. Эдийн засгийг сэргээх чиглэлд дорвитой өөрчлөлт тусгаагүй байна лээ. Өнөөдөр бид иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах тал дээр дорвитой сайн ажиллаж байна. Үүний тулд байгаагаа гөвж, нэмж зээлэхэд хүрээд байна. Гэтэл бизнесийн орчныг дэмжих Эдийн засгийг сэргээх асуудлын хүрээнд өнөөдөр явуулж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэх, төрийн албаны үйлчилгээг цахим хэлбэр рүү шилжүүлэх зэрэг асуудлыг ярьснаас биш аж ахуйн нэгжүүдийг аврахын тулд ийм дэмжлэг үзүүлнэ гэсэн шинэлэг зүйл ховор байсан.
-Төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхөх тухай яригдаж байна. Өнөөдрийн нөхцөлд хэр тохиромжтой шийдэл вэ?
-Төсвийн дөрвөн их наяд төгрөгийн алдагдлын тодорхой хэмжээг гаднын зээл тусламжаар, нэг их наяд гаруй төгрөгийг дотоодын зах зээл дээр бонд гаргаж босгох боломжтой гэж үзэж байгаа юм байна лээ. Үүнтэй санал нэг байна. Учир нь дотоодын зах зээлд Засгийн газар сүүлийн жилүүдэд бонд гараагүйгээс Монголбанкны оролцоо хэт нэмэгдэж, мөнгөний зах зээлийн тэнцвэр тодорхой хэмжээгээр алдагдсан. Засгийн газар зах зээл дээр тодорхой нэг тоглогч байх ёстой.
Хоёрдугаарт, энэхүү эх үүсвэрийг дотоодын зах зээл дээрээс татсанаар мөнгөний эргэлт нэмэгдэх боломжтой. Харин дурын хүн худалдан авах боломжтойгоор зарна гэдэг нь гол тоглогч нь банк санхүүгийн байгууллага болох болов уу гэж харж байна.
-Түүх соёлын барилга, музей, бассейн, соёлын төв зэргийг барихаар төсөвт суугдсан. Эдгээр барилгууд ашиглалтад орсноор аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, иргэдийн орлогыг хамгаалахад дэм болно гэж тайлбарлаж байна. Бодитой дэмжлэг болж чадах уу?
-Төр худалдан авалт хийх замаар эдийн засгийг дэмжих хандлага байдаг. Гэхдээ энэ дэмжлэг нь юу байх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Музей, соёлын төв зэрэг барилга нь барилгын салбарт дэмжлэгтэй байж болох ч эдийн засгийг хамгаалах цогц арга хэмжээний түвшинд хүрч чадахгүй. Тиймээс дээр дурдсанчлан ирээдүйд эдийн засгаа дэмжих чиглэлд хөрөнгө оруулаач гэдэг зүйлийг яриад байгаа юм. Нэг салбарыг дэмжиж байгаа энэ байдал нь нийт эдийн засгийг аврах гэдэг ойлголтоос гажаад байна шүү дээ.
-Ирэх оноос бондуудын өр зээл эхэлнэ. Өрийг хэрхэн дарах тухай тодорхой арга зам одоогоор яригдаагүй байна. Ирэх онд тулгарах хүндрэлүүдийг хэрхэн даван туулах боломжтой вэ?
-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах, өрийг өрөөр дарах хувилбар руу шилжих болов уу. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед богино хугацаанд өрийг өөрөө дарах бололцоо байхгүй.
-Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан ирэх оноос эдийн засаг огцом сайжирна гэсэн таамаг дэвшүүлж байна. Та эдийн засагчийн хувьд юу гэж харж байна вэ?
-Ирэх оны эдийн засгийн төсөөллийг хэлэхэд эрт байна. Учир нь цар тахал түүний үргэжлэх хугацааг эцсийн байдлаар тогтоож чадаагүй. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаантай хямрал учраас цар тахлын нөлөөлөл буурсан тохиолдолд эдийн засаг сэргэх магадлал өндөр гэж үзэж байгаа. Ирэх аравдугаар сард илүү тодорхой болох байх. Ямартай ч ирэх оны эдийн засгийг энэ жилийнхээс илүү өөдрөгөөр харж байгаагаа хэлэх байна.
Б.Лхам