УИХ-ын нэр бүхий гишүүд банкны зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор банкны зээлийг хүүг бууруулах эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. Тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд тайлбар хийжээ.
Тэрбээр “Хадгаламж, зээлийн хүүнд дээд хэмжээ тогтоох эрх Төв банкинд байхгүй. Өмнөх парламентын үеэр зээлийн хүүгийн дээд хязгаар гэж яригдаад хуулийн төсөл өргөн барьж байсан. Зээлийн хүүнд дээд хязгаар тогтооно гэвэл олон төрлийн бүтээгдэхүүнд тус бүрд нь хязгаар тогтооно.
Ийм зүйл олон улсын практикт байдаггүй юм билээ. Харин ямар хэмжээний хүү авч байгааг мөнгө хүүлэлт гэж үзэх вэ гэдгийг тоогоор илэрхийлдэ. Японд 20 хувиас дээш хувийг мөнгө хүүлэлт гэж үздэг. Тиймдээ ч Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргасан байдаг.
УИХ мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргавал хүүний дээд хязгаар тогтоож болно. Мөнгө зээлж байгаа бүх субъект үүнд хамаарна. Банк, банк бус, хоёр хоорондоо зээл өгөхөд ч хамаарна. Бусдаар хадгаламж, зээлийн хүүнд хязгаар тогтоох боломжгүй.
2016 онд зээлийн хүү 20.3 хувь байсан. Өнөөдөр 16.3 хувь буюу дөрвөн нэгжээр буурсан байна.
Дөрвөн жилийн хугацаанд яаж дөрвөн нэгжээр бууруулсан, юу нөлөөлсөн гэдгийг Монголбанк судлахад макро эдийн засгийн тогтвортой байдал нөлөөлсөн байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд манай улсын төсөв тогтвортой байж чадлаа. 2016 онд 18 хувийн алдагдалтай байсан төсөв 2019 онд алдагдалгүй шахуу болсон. Валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар хүртлээ өссөн. Ханшин дээр ямар нэгэн дарамт байгаагүй, өнгөрсөн онд төгрөг 3.4 хувиар суларсан. Монгол Улсын эдийн засаг зургаан хувийн өсөлттэй байсан. Нэг үгээр хэлбэл, макро эдийн засгийн тогтвортой байдал нь зээлийн хүүг бууруулах орон зайг бий болгож чадсан.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)