12-р хэсэг
Гансүх босож, Цэцэгээд хандан:
- Эгчээ хоёулаа гаръя. Аав шөлний юм явуулсан байсан. Бид хоёр ирэх гээд амжихгүй жаахан удчихлаа.
- Яахнав дээ. Бид болоод л байгаа. Хөөрхий минь дандаа л идэш хоол явуулах юм. Ажил амжихгүй очиж тус болж чадахгүй юм даа.
Цэцэгээг дагуулан машинаасаа цаасан хайрцагтай мах өгснөө мөн л дугтуйтай мөнгө гарт нь атгуулав.
- Яах нь вэ. Миний дүү байнга битгий эгчдээ өгч бай. Хэрэг болвол би өөрөө чамд хэлнэ.
- Яаж болох вэ, эгч минь. Ах минь бид хоёрт ямар их тус хүргэлээ дээ. Дүү нь ямар ч байсан ахаасаа авсан мөнгөө өгнө. Хүүхдүүд томрох тусам хэрэгтэй шүү дээ. Эгч минь хадам ээж жил тойрон эмнэлэгээр явлаа. Бие нь нэг л тэнхрэхгүй л байна. Бид хоёр ч хэрүүлээс салахгүй. Ер нь жаахан хэцүү байна шүү . Танд л гэж хэлэхэд манай Баярмаа үнэхээр сэтгэлд хүрэхгүй юм. Танай хүүхдүүдээс заавал нэгийг нь авна гэж дайраад байсан бичиг баримт хүртэл үйлдээд...
- Юу гэнэ ээ. Юун бичиг баримт.
-Харин тийм ээ, Аав харин тэрийг нь олж үзчихээд аймар их уурласан. Би ийм охин төрүүлээгүй. Хэрэв эгчдээ тэгж хандвал чи дахиж намайг ааваа гэж битгий бодоорой гэж хүртэл хэлсэн. Тэрнээс хойш Баярмаа тэр талаар ярихаа байсан .
- Их л дуу шуутай хүн. Чимээгүй байхаар нь гайхаад юм аа.
- Тэрнээс өөр юм бий. Бид хоёр саяхан хүүхэдтэй болоод бөөн баяр байлаа. Даанч хүсвэл хясна гэгчээр дахиад л тогтсонгүй. Баярмаагаа их өрөвдөх юм даа. Тэрнээс хойш үг дуу цөөтэй ярилцахаараа л муудчих юм. Би бүр аргаа олохгүй. Бид хоёр зөндөө удаан хамт амьдарлаа. Хүүхэд гаргахгүй болохоор манай ээж бас юм хэлээд байдаг бололтой. Аав минь ч үр үндсээ үлдээхгүй, ажил төрөл гэсэн яасан хүмүүс вэ гэж хүртэл хэлсэн. Тэрэнд уурласан юм уу, мэдэхгүй. Сүүлдээ надаас сална гэх болсон. Та хамгийн ойр байсан хүн нь болохоор л танд хэлж байна дүү нь.
-Тийм үү. Миний дүү чинь уг нь их сайн хүн. Миний хань дүүдээ амь байсан юм . Миний ханьтай зарим талаараа их адилхан шүү. Тийм болоод ч тэр үү, Баярмаадаа би гомдож, уурлаж чаддаггүй юм. Миний хань чамайг сүрхий таньсан байна шүү Энэ Гансүх ёстой сайн залуу. Би энэ хүнд туслана аа. Манай Баярмаа л харин ааш нь олдохгүй, хүний хүн зовоох вий гэж хэлж байсан удаатай. Миний дүү эр хүн байна даа. Юмны цаад талаар нь сэтгэж яваарай. Эмэгтэй хүмүүс гэдэг чинь наанаа бүх юм аа хэлчихээд дараа нь харамсах үедээ уйлж суудаг улс шүү дээ. Битгий миний дүүг хаяарай. Болж л таараа, хүүхэдтэй ч болно.
- Ах минь байсан бол... хөөрхий минь надад яг ингэж захиж билээ.
Гансүхийн нүдэнд нулимс цийлэгнэнэ. Яагаад гэвэл Баясгалан үнэхээр Гансүхэд сайн ханддаг, өөрөө эрэгтэй дүүгүй тул түүнийг төрсөн дүү шигээ санаж туслаж хайрладаг байсан юмсанж. Гэрт орвол гэрийнхэн бүгд ороод ирчихсэн байх ба Хоролоо хөгшин нилээн янзгүй сууж байгаа харагдав. Баянмөнх өлгийтэй Энхцэцэгийг үнсэн:
- Миний дүү ахыгаа ирэхэд өндөөр болчихсон байгаарай. Санах байхдаа ах нь. Баянжаргал сая Баянмөнхийг явах гэж байгааг ойлгосон бололтой:
-Та нээрээ явах гэж байгаа юм уу?
- Тийм ээ, миний дүү гэрийн ажлаа хийх нь байна шүү дээ. Чадах уу?
- Чадна аа. Би таныг зөндөө харсан амархан шүү дээ. Харин би ус авч чадахгүй.
- Ах нь удахгүй ирнэ ээ... За баяртай, ээжээ...
Цэцэгээ хашааны гаднаас машин хөдөлтөл хүүгээ үдээд гэрт орж ирэв. Энхриймаа:
-Яагаад Баянмөнхийг энэнтэй явуулчихав.Энэ ямар санаатай ч байгаа юм билээ. Ээж нь үнэхээр өвдсөн ч юм уу, үгүй ч юм уу. Айлд ирчихээд хүүхдээс түлхүүр нэхэж авдар ухуулаад. Би тэсэхгүй нэг хэлэх гэснээ хүүхэд унтаж байсан болохоор охиноо цочоочих вий гэж бодоод...
- Төв дээр манай байшингаас өөр орох газар байхгүй. Тэр нь аргагүй байлгүй яахав. Хадам базаахгүй байгаа нь үнэн гэнэ. Гансүх хэлж байхыг бодоход нилээн ядарч дээ, зайлуул. Уг нь би очиж асрах хүн юм байгаа юм даа. Хань минь ээжийг минь анзаарч байгаарай гэж хэлдэгсэн.. Баянмөнх өвөөгийн хүү шүү дээ. Хөөрхий хөгшин баярлаг. Сая хүртэл шөлний юм явуулж. Бид нарт санаа нь зовоод алсын бараа ширтэж суугаа даа аав минь .. Намайг жаахан охин юугаа ч мэдэхгүй бэр болж очиход энэ хоёр буурай минь зааж, сургасан ачтай хүмүүс минь шүү. Баярмаа минь жаахан зүд рүү байгаа бололтой.
- Зүдрүү гэнэ шүү. Хялам хялам хийгээд л. Намайг хэзээ энэ гэрээс зайлах хүүхэн бэ гэсэн янзаар хараад байна лээ. Миний охиныг хараад уйлж энэ тэр, жүжиглээд л. Нөхөр нь аргадаад л гарна лээ.
- Хэзээ тэр вэ?
- Чамайг ирэхээс өмнө, яагаад ч уйлсан юм бүү мэд.
- Энхрий минь адилхан эмэгтэй хүн байж, юмыг бодож бай. Хөөрхий жирэмсэн байж байгаад хүүхэд нь дахиад тогтоогүй гэнэ лээ.
- Юу тийм үү. Ээ тэгээд л миний охин руу нүд гүйлгээд бүлтэлзээд байсан байна шүү дээ. Хөөрхий гэж. Яаж ам муруйчаагүй юм.
Хоролоо эмгэн санаа алдан “Тийм учиртай байж. Хүүхэд тогтддоггүй юм аа даа. Манай удмын үзэж хардаг бариач нэг хөгшин бий. Их сайн хүн дээ. Нас дээр гараад барагтай хүн үзэж өгөхөө байсан. Намайг хэлвэл магадгүй учир шалтгааныг нь хэлээд өгч магад. Дараа ирвэл надтай нэг уулзуулчихаарай. Юм ч учиртай шүү дээ хүүхдүүд мин” гээд гэрээс гарав.
Цэцэгээ Баярцэцэг рүү харан “Чи ингэхэд яагаад эгчдээ худлаа ярив”.
- Намайг ажил хийж байна гээд мэдчихвэл эмээд хэлчихнэ. Эмээ таныг загнавал яах юм бэ?
- За юу гэж...
- Баярцэцэгээр ажил хийлгэлээ. Хүүхэд нааш нь явуул гэж... бүгдийг нь заавал хэлэх албагүй биз дээ. Манай гэрийнхэн л мэдэж байхад боллоо. Өөр хүнд заавал хэлэх албагүй тийм ээ, Энхрий эгч ээ....
Энхриймаа толгой дохив. Цэцэгээ инээмсэглэн Энхриймаа хүүхдүүдтэй үлддэг цор ганц том хүн болохоор тэр л зааж өгсөн байх нь гэж бодно. Энхриймаа үнэхээр зарим зүйлсийг зарим хүмүүсээс нууж байхыг зааж өгсөн байж болох юм. Эсвэл Баярцэцэг өөрөө ингэж бодсон ч байж болох. Баянмөнх явсаар хэдий 10 хоног өнгөрчээ.
13- р хэсэг
Цэцэгээгийнх шинэ байшин руугаа нүүх бэлтгэлээ базааж эхлэв. Цэгмидийн тарьсан хэрэг хэсэгтээ чимээгүй. Цэгмид өдөр бүр цагдаад очиж цагаа бүртгүүлдэг ажилтай. Хэргийн эздийг хайж байгаа гэх боловч олдохгүй л байлаа. Баярцэцэг ажилдаа явсаар. Одоо хэд хоног ажиллаад нүүх тул ажлаасаа гарна гэхээр дотроо дургүй байвч явахаас өөр яах билээ. Цэцэгээ харин шинэ салбар руу шилжих боломжтой болсон ч хэдий гэр хол ч гэсэн дассан газраа үлдэхээр шийдсэн юмсанж. Харин Хоролоо хөгшин тэднийхийг нүүх гэсэнтэй эвлэрсэн ч, цаанаа их л дурамжхан гуниг аргамжих нь илхэн. Нэгэн өдөр Энхриймаа хүүхдүүдтэйгээ гэртээ үлддэгээрээ үлдэв. Өдөр тийш болох үед нар баруунаас гарав уу гэлтэй аав, ээж, дүү Золоо гурав хамтдаа инээмсэглэсээр ороод ирэв. Сүрэн гэрт оруутаа ач охин руугаа харан:
- За, та нар минь сайн сууцгааж байна уу. Миний охин сайн уу. Алив харъя, охиноо. Ямар их санав даа. Ишш, хөөрхий минь ямар том болоо вэ. Манай Баянжаргал чинь яасан ажилтай болоо вэ. Аяга угааж байгаа юм уу?
Энхриймаа босон баярлахын ихээр баярлан:
- Хэлж ярихгүй гэнэт ороод ирэх чинь вэ. Ямар гоё өдөр вэ. Та хэд минь сайн уу. Аав хэзээ ирсэн юм бэ. Царай зүс нь цайгаад ямар гоё болоов дээ. Хөөрхөн байна, миний аав. Баянмөнх хөдөө явсан. Баянжаргал бид гурав л гэрээ сахиад үлддэг юм шүү дээ. Энэ маань надад туслана гээд их хөөрхөөн ...
- Ишш... нялх юм байж яасан хөөрхий юм бэ. Нэг том охин байсан даа.
- Аан Баярцэцэг үү. Ажил хийж байгаа. Сүрхий охин... Эгчийнхээ үсчний газар ажилд бас хажуу талынх нь нэг цайны газар бас давхар ажилладаг юм.
- Их сүрхий хэрсүү охин харагдсан. Арай л жаахан байна даа, ажил хийхэд..
- Бид хоёрын үгийг авахгүй зөрөөд ажилд орсоон. Ажилдаа дуртай гэж жигтэйхэн.
- Тийм байж, алив охиноо тэврье. Ивий минь гэж. Өвөө нь хүрээд ирсэн. Охиноо хардаа хөгшөөн. Яг Энхрийгийн хамар байгаа биз....
Энхрийгийн аавыг Бадарч гэдэг. Гэрийнхэн, зарим найз нөхөд нь Ба гэж дуудах нь элбэг. Бадарч, Энхриймааг үнсэн тэврээд өлгийтэй Энхцэцэг рүү ойртон ирээд толгойгоо бөхийлгөн зулайг нь үнэрлэн ...
- Тэр чигээрээ ээж байна даа. Миний охин чинь яг ийм байсан байхгүй юу, бага даа. Өвөө нь ирлээ. Цоо шинэ хүн болсон. Чи минь намайг өөрчилсөн сахиусан тэнгэр минь шүү дээ. Одоо өвөө нь чинийхээ төлөө хичээнээ. Алив өвөөд нь тэврүүл дээ. Сүрэн Бадарчийн энгэрт охиныг тэврүүлээд Энхриймаагийн хийж өгсөн цайг оочлонгоо:
- Дүү чинь хөдөө уурхай руу явчихсан. Ер ярихгүй юм. Утасны сүлжээ муу газар байгаа юм байх даа. Санаа зовоод нойр хүрэхээ байлаа. Их мөнгөтэй ирнэ гээд л хөөрөөд явсан хөөрхий... Хүүгээ өрөвдөөд байх юм. Таньж мэдэхгүй хүмүүстэй хол газар яаж яваа юм бол доо.
- Над руу бүр яриагүй . Яаж байгаа юм бэ. Золоо минь чи юу болж байна?.
- Би юу. Сайн байгаа... Гарын мөнгө ч сайн авч байгаа. Шинэ гутал, хувцас авсан. Миний өмссөн юм гологдоод байсан юм аа.
- Тэр яахав ажил хийж чадаж байгаа биз . Хошуугаа унжуулчаад эрхлээд байна уу. Ээжийн эм тариаг авсан уу. Өөрийгөө л гоёод байна уу?
- Үгүй дээ эгч минь. Миний бүх хумс байхгүй, та хараа миний гарыг. Хүн ингэж ажиллаж байхад чинь эхний хэдэн өдөр ёстой хэцүү байсаан. Харин урьдчилгаа мөнгө буухад ёстой урам орсон шүү. Энхриймаа дүүгийнхээ эвэршиж эхэлсэн гарыг хараад өрөвдөх хэдий ч зоригжуулан “Сайн байна. Хичээлээ эхэлтэл ажиллаарай миний дүү” ...
- Намайг хагас, бүтэн сайнд ирж байж болно гэсэн. Бас хичээлгүй өдөр ирж болно гэсэн. Гоё байгаа биз ...
- Өө тийм үү. Би ямар ч байсан найзтайгаа ярьж чамайг нэг асуунаа ...
Золоо , Энхриймаагийн хажуунаас босч Энхцэцэгийн хажууд суун аав руугаа харснаа:
- Аав та уйлаад байгаа юм уу. Нулимс чинь гарчихаж.
Бадарч инээмсэглэн Энхцэцэгийг, Золоогийн энгэрт тэврүүлэн нүүрээ шувтран Энхриймаагийн нүд рүү инээмсэглэн өрөвдөлтэйгөөр хараад:
- Миний охин аавыгаа уучлаарай. Аав нь мөн ч их зовоосон доо, лхиноо. Бодохоор л өөртөө гомдоод байх юм. Арчаагүй муу хог. Архинд живээд юу ч хийчхэв дээ. Одоо бүр очих газар, хашаа ч үгүй .. Хүүхдүүдээ гуйлгачин болгочихлоо... Үхмээр байвч та хэдийгээ бодохоор үхэж чадахгүй юм . Аавыгаа уучлаарай, охин минь. Тэр үед миний дотор чөтгөр шүгэлчихсэн байж. Одоо муу хар усыг урууландаа ч хүргэхгүй ээ. Бадараа ах нь аавыг нь сайхан эмчилгээнд явуулж хүн болголоо. Муу дүүгийнхээ энэ сайхан итгэл сэтгэл рүү ус цацвал би амьд яваад яах ч билээ.
Бадарч хоолой зангируулавч дусал нулимсандаа эр хүн хэзээд харам тул ил гаргасангүй. Энхриймаагийн догдолсон сэтгэл илхэн нулимс унаган аав дээрээ ирэн чинь сэтгэлээсээ баярлан инээмсэглэн тэврээд:
- Миний аав мундаг хүн шүү дээ. Та эргээд л босоод ирнэ, би танд итгэж байна. Охиноо харин уучлаарай. Гадуур хонож гэртээ тогтохгүй . Таны үгэнд орохгүй. Том толгой гаргаад явж байсан шүү дээ. Охинд нь ч буруу байгаа, аав минь. Намайг харин уучлаарай та минь... Таныг үхээсэй гэж хэлсэн дээ одоо ч харамсдаг би....
- Юу гэж дээ. Эцэг, эх хүн үрдээ гомдоно гэж юу байхав. Чиний зөв шүү дээ. Тийм хүний үнэргүй архичин амьд байгаад яахав дээ. Аав нь үнэхээр та хэдийгээ ингэж зовоож байхаар уугаад үхье гэж нээрээ бодсон шүү. Бурхан тэнгэр намайг нэг удаа харж үзэхээр шийдээд энэ бяцхан сахиусан тэнгэрийг минь явуулжээ. Алив охиноо дахиад сайн хараадахъя. Яасан ч сайхан үнэртэй юм . Яг л миний охины үнэр дээ. Аав нь чамайг төрөхөд залуухан аав. Ёстой юугаа ч мэдэхгүй. Ээж чинь ажилдаа нэг их удаагүй орчихсон. Угжийг чинь лааны гэрэлд хүртэл бүлээсгэж өгч байж билээ. Миний охин чинь аавынхаа энгэрт торнисон юм байхгүй юу...
Энхцэцэг жаахан уйлагнах хэдий ч өвөөгийнхөө энгэрт тэврүүлээд чимээгүй болчихов. Сүрэн инээн:
-Аав чинь та хэдийг ёстой газар тавихгүй хүн болгосон доо. Хамгийн их авч бүүвэйлж хуурайлдаг хүн нь аав чинь байсан юм шүү дээ. Тээр хараа яаж хүүхэд тэвэрч саатуулахаа сайн мэдэж байгаа биз....
Энхриймаа аавынхаа нүднээс итгэл найдвар бас гэмшил , аз жаргал , баяр баясгалан бүгдийг харан зөөлхөн инээмсэглэн баярын нулимс хааяа дуслан байлаа....
Үргэлжлэл бий.
Хард Билгүүн
Өмнөх нь
Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060
Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071
Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/https://www.24tsag.mn/a/184097
Зүрх сэтгэл-II /4-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184146
Зүрх сэтгэл-II /5-р хэсэг https://www.24tsag.mn/a/184164
Зүрх сэтгэл-II /6-р хэсэг https://www.24tsag.mn/a/184203
Сэтгэгдэл (83)