Цар тахал нүүрлэж, эдийн засаг хямарсан болоод ч тэр үү, энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд хэт хөөсөрсөн поп амлалт харьцангуй бага байсан гэхэд болно. Гэхдээ яаж зүгээр байх вэ гэсэн шиг зээлийн хүүг нэг хувиас хэтрүүлэхгүй барина гэж МАН амалж, мөрийн хөтөлбөртөө тусгасан нь энэ удаагийн сонгуулийн хамгийн их хүлээлт үүсгэсэн амлалт байв. Шинээр байгуулагдсан парламент төсөв тодотгох ажилдаа ханцуй шамдан орж, завгүй хуралдаж байна. Гэвч мөрийн хөтөлбөртөө тусгаж, ард түмэндээ амласан зээлийг нэг хувиас хэтрүүлэхгүй гэсэн амлалт яг одоо хэлэлцэгдэх гэж буй хуулийн төслүүдэд огтхон ч тусгагдаагүй нь хачирхалтай. Нөгөөтээгүүр, арилжааны хоёр банк дампуурах эрсдэлтэй гэж Үндэсний аудитын газраас мэдэгдсэн нь банк санхүүгийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэл алдраад буй.
Тэгвэл яг энэ цаг үед ипотикийн зээлийн хүү жилийн зургаан хувь болно гэсэн албаны мэдээлэл байна.
Тодруулбал, Монголбанкнаас зээлийн тооцооллыг хийж дууссан бөгөөд тун удахгүй албан ёсоор мэдэгдэж, эрх бүхий байгууллагад нь танилцуулах бололтой. Харин Монголын банкны холбооны зүгээс ипотикийн зээлийн хүү жилийн таван хувь байх ёстой гэсэн саналтай байгаа бөгөөд үүнийгээ ч уламжилсан сурагтай.
Банкны холбооноос таван хувь гэсэн санал гаргасан учир нь инфляц 2.8-3.8 хувьтай байгаа энэ нөхцөлд импотикийн зээлийн хүү хамгийн ихдээ таван хувь байж гэмээнэ иргэдийн орлогыг хамгаалж чадна гэж үзсэнтэй холбоотой юм байна.
Гэтэл яагаад ч юм бэ, Монголбанкны зүгээс зургаан хувиар тооцож, тооцоолол хийсэн нь энэ. Хэрвээ зээлийн хүүг Монголбанкны тооцооллоор жилийн зургаан хувь болгох санал дэмжигдвэл ипотекийн зээлтэй бүх иргэний зээлийн хүү зургаан хувь болох юм байна.
Тэгвэл эл мэдээлэлтэй зэрэгцэн ипотекийн зээлийг 4-6 хувьд хүргэх талаар Шадар сайд Я.Содбаатар “Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар жилийн дотор ямар нэгэн багц төлөвлөгөө гарах байх. Тодорхой схем гарсан. Зах зээлийн хүрээнд амьдрах схем байх ёстой. Зээлийн хүүг бууруулахад ч мөн адил зохицуулалт хэрэгтэй. Эдийн засгийн арга замаар бууруулах ёстой. Тиймээс мэргэжлийн багийн судалгаатайгаар, хэдий үед хэдэн функтээр бууруулах юм. Банкуудын монопольд байгаа эзэмшлийн хувийг хэзээ задлах юм. Үүнийг дагаад гаднаас орж ирэх ам.долларын урсгал, мөнгөн хөрөнгийн эргэлтээ яаж авч үзэх зэрэг олон талын тооцоо хийх ёстой. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар зээлийн хүүг бууруулах стратеги батална. Энэ дагуу бодлого явна” гэсэн юм.
Эндээс үзвэл, ипотекийн зээлийн хүү найман хувиас доош буурах нь тодорхой бололтой. Гэхдээ иргэдийн хүсэж, хүлээж байгаа шиг өнөө, маргаашгүй зээлийн хүү буурахгүй.
Монголбанкнаас хийсэн тооцооллоо танилцуулсны дараа Их хурлаар хэлэлцэж, тодорхой шийд гарна гэж үзвэл 2021 оны босго давах нь тодорхой.
Нэг талаас нь харвал, зээлийн хүү хоёр хувиар буурснаар ард иргэдийн нуруун дээрх ачаа нимгэрэхэд дөхөмтэй ч, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нэг хувь гэсэн тоог ард түмэн нэхэж шаардах нь цаг хугацааны асуудал болж үлдэх нь дамжиггүй.
Г.Нацаг
Сэтгэгдэл (9)