8 – р хэсэг
Амгалангийн утас дуудаад авсангүй. Урнаа руу залгасан ч авахгүй байв. Цэцэгээгийн санаа зовинон охинтойгоо гэрийн зүг алхана. Баярцэцэг халааснаасаа гоёмсог дэлгэдэг утас гаргаж ирээд:
- Ээж, энийг хар даа. Өнөрөө эгч надад өгсөн юм. Бас энэ мөнгө, анхны цалингаа авлаа.
- Ямар мундаг юм бэ. Миний охин ийм хурдан цалинтай болчихож байгаа юм уу. Том хүн болжээ, миний үр. Энэ одоо юу гэдэг утас вэ. Их л гоё юм.
- Тийм байгаа биз. Бүр дуу суулгаж болно. Энэ чихэвч нь фм татна гээд бод доо.
- Миний охин өөрийн хөдөлмөрөөрөө ийм гоё утастай боллоо шүү дээ. Ажлын амт гоё байгаа биз.
- Тиймээ гоё байна. Даанч сургууль орохоор намайг ажиллуулах болов уу. Би хуучин утсаа Баянмөнхөд өгнө. Дүү маань ёстой их баярлах байхдаа.
- Бид удахгүй нүүнэ шүү дээ. Хол нүүх болохоор энд ажиллах худлаа л болох байх даа. Миний охин гэхдээ ажлаас юм сурч авна гэдэг том олз юм шүү дээ.
- Дараа зун би хол байсан ч Өнөрөө эгчтэй ажиллана аа.
Цэцэгээ охиныхоо гарнаас хөтлөн явахдаа түүний булбарай гар аль хэдийн эвэршиж, чангарсан байгааг мэдрэв. Ишшш, миний муу охин. Нялх юм шүү дээ. Заавал ажил хийнэ гээд зөрөх юм. Болв гэж хэлмээр байвч баяр хөөр болж байгааг нь хараад чадахгүй хий санаа алдав.
Баярцэцэг гэртээ орохын өмнө:
- Ээж дэлгүүр орьё. Дүү нартаа юм авья.
- Цалинтай хүн чинь тэгэхээс яах вэ.
Тэрбээр Энхцэцэгт памприс, Баянмөнх , Баянжаргал хоёрт чихэр амттан, Энхриймаад идэх дуртай жимснээс нь аваад ээждээ үлдсэн бүх мөнгөө өгөн:
- Мөнгөө цуглуулж байгаад танд том юм авч өгнө өө. Би үрчихнэ, танд байж байг.
- Яахнав дээ. Миний охин өөртөө хэрэгтэй юм аа ав. Чиний өөрийн мөнгө шүү дээ.
-Гэхдээ та аваа...
- За хэрэгтэй үедээ авч байгаарай. Ээж нь охиныхоо мөнгийг үрэхгүй ээ.
Цэцэгээ охиныхоо инээмсэглэл аз жаргалтай байгаад үнэхээр баяртай байлаа. Хоёр тор дүүрэн жимс, чихэр барин орох хоёрыг харсан Баянмөнхийн нүд эргэлдэн:
- Хөөх ямар гоё юмнууд вэ. Ээж энэ одоо юун хоол үнэртээд байна.
- Харин тийм ээ, Баярцэцэгийн ажлын эзэн эмэгтэй бэлтгэж өгөөд. Нэрийн хоол нь гэнэ ээ.
- Би гялс ширээгээ цэвэрлээдхье. Гоё үнэртэж байна шүү.
Баянмөнх ширээгээ гялс цэвэрлээд, аяга таваг бэлтгэн ширээн дээр тавин савтай мах, будаа, хачир гээд бүгдийг дэлгэж аяга таваганд хийж тавив. Цэцэгээ хувцсаа солингоо инээмсэглэн:
- Ямар ажилтай хүү вэ. Сайн байна шүү дээ.
Энхриймаа цай аягалангаа:
- Харин тийм ээ, манай Баянмөнх надаар юу ч хийлгэхгүй юм. Би харин хөдөлгөөнгүй суусаар таргалах шинжтэй. Гэрийн ажил мундаг хийж байгаа шүү.
Баярцэцэг халааснаасаа утсаа гарган Баянмөнх рүү харан:
- Одооноос чинийх. Чи сайн байгаа болохоор чамайг шагнаж байна.
- Айн тоглоод байгаа юм уу. Та өөрөө яах юм бэ?
- Би өөр утастай болсон. Чи одоо энэ утсаар хэзээ ч хамаагүй өвөөтэй ярьж болохоор боллоо.
- Ёстой их баярлалаа. Одоо нэгж байгаа юу?
- Байгаа, би чамд юу гэж нэгжгүй утас өгөх вэ.
Баянмөнх баярлан утсаа аван гэрээс гарав. Баярцэцэг инээн:
-Өвөөтэй ярих гээд гараад явчихлаа. Өвөө, Баянмөнх хоёр юу ярьдаг юм бол доо. За хоолоо идэцгээе. Өө нээрээ Энхцэцэгтээ энийг, харин эгээдээ энийг, хөөрхөн дүүдээ энийг. Миний цалин буусан юм аа.
Энхриймаа инээмсэглэн:
-Хүүе яахнав дээ. Яасан мундаг охин бэ, баярлалаа. Миний охины памперс дууссныг яаж мэдсэн юм.
- Өчигдөр шөнө таван удаа уйлж сэрсэн. Памперстай бол хоёр удаа л сэрдэг биздээ.
- Манай Баярцэцэг яасан сэргэг унтдаг юм бэ?
- Би чинь хоёр дүүтэй хүн шүү дээ. Баянжаргал бага байхад бид нар нэг оронд унтдаг байсан юм. Тэгээд сэргэг болчихож, хэ хэ.
Гэрийнхэн хоол ундаа идэж сая дуусаад Баярцэцэг, Баянжаргал хоёр орой болгон ёс юм шиг Хоролоо эмгэнийд зурагт үзэхээр оров. Баянмөнх аяга, тавагаа угааж цэвэрлэх ажилдаа үлдэв. Баярцэцэг ажил хийж эхэлсээр гэрийн ажлаас чөлөөлөгдсөн билээ. Цэцэгээ, Баянмөнхөд хандан:
-Миний хүү орхичихоо. Ээж нь хийчихье. Орж зурагт үз. Өвөөтэйгөө ярьсан уу. Юу гэж байна. Бие нь сайн гэнэ үү?
- Өвөө есөн сард ирнэ гэсэн. Сайн байгаа, санаад байна гэсэн.
- Миний хүү өвөөгөө бас санаж байгаа биз дээ.
- Тэгэлгүй яахав. Харин эмээтэй яриулахгүй юм.
- Эмээ нь сайн гэнэ үү?
- Сумандаа эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Гэртээ байгаа гэсэн. Нээрээ Янжаа эгч дугаарыг чинь асуугаад байна гэж байна лээ. Таны утас холбогдохгүй байна гээд өвөөгийнд ирээд явсан гэнэ.
Цэцэгээ “Нээрээ би чинь дугаараа сольсон шүү дээ. Янжаа минь сайн байгаа даа. Ганц найзтайгаа яриагүй удаж шүү. Ямар нэг хэрэг болоод зорьж очиж асуусан байх, миний муу найз” хэмээн бодож амжив. Баянмөнх гэрээс гарч хойшоо зурагт үзэхээр гарав. Энхриймаа төрснөөс хойш зурагт асааж дуу шуу болж суухаа бүр больсон нь энэ юм.
Энхриймаа аяга тавгаа угаан зогсох Цэцэгээг ажиглан:
-Миний найз зүгээр үү. Ажлаар сонин сайхан.
-Зүгээрээ, өө нам тайвоон. Ажил хэвийн.
-Нэг л бодолд дарагдсан царайтай байх чинь.
-Харин тийм ээ, миний ахын ганц хүү Цэгмид хэрэг тарьсан бололтой. Урнаатай ч олигтой юм ярьж чадсангүй. Баярцэцэгийн ажил дээр сууж байхад хаагаад явчихаж.
- Хэрэг тарьсан гэнэ ээ. Хэн билээ Цээнээ билүү. Ямар хэрэг тарьсан юм бол. Хэдэн настай билээ. Их өсгөлүүн хүү харагдаж байсан.
-Тийм ээ, Цэгмид гэдэг юм. Баярцэцэг л нэг тийм юм цухуйлгаад. Цагдаа сэргийлэхэд Урнаа минь уягдаж байгаа гэсэн ойлголт авлаа. Утсаа авахгүй юм. Ах, Урнаа хоёр хоёулаа...
- Ярих байлгүй дээ. Миний найз мессеж бичээд үлдээчих, санаа зовоод байна гээд...
- За нээрээ тэгье. Өө мартах шахлаа. Өнөөдөр Төрөө орж ирээд. Ээж нь эмнэлэгт хэвтсэн. Хэд хоног биш ээ, бараг сар гаран сахисан бололтой. Бүр нүднээс гарч, турчихсан амьтан явж байна лээ. Найз нь их өрөвдсөөн, хөөрхий хоол унд муутай байх шиг байна лээ.
- Тийм үү. Ээж нь гэнэ ээ. Хууч өвчтэй хүн байгаа юм аа, хөөрхий. Уг нь ойрын жил гайгүй байсан юмсан. Хоёулахнаа амьдардаг юм. Төрөө ганц охин дүүтэй гэж ярьж байсан. Гэхдээ холбоогүй байдаг юм шиг байна лээ. Ёстой тулж түших хүн ховор хүн дээ.
Энхриймаа санаа алдав. Цэцэгээ Энхриймаагийн ярианаас Төрөөгийн талаар сайн мэдэх мөн нилээн эртний найз танилууд гэдгийг мэдэв. Үнэхээр Энхриймаа санаа зовнин байгааг хараад түүний зүрх сэтгэлд Төрөө бүр байхгүй болчихоогүйг ойлгов. Ярилцах зуур Цэцэгээгийн утас дуугарав. Энэ ах Амгалан нь байлаа.
9-р хэсэг
- Байна уу?
- Байна аа. Ах аа, яагаад утсаа авахгүй байв.
- Та хэд сайн уу. Ах нь сайн. Харин завгүй байлаа.
- Урнаа утсаа авагүй юм. Баярцэцэг хэлэхдээ ...
- Тийм ээ. Муу золигийн хүүхэд хэрэг тарьжээ. Ямар ч байсан мөнгөний асуудалтай болж байх шиг байна. Бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж хулгайн хэрэгт орооцолдсон гэнэ.
- Ямар баларсан юм бэ. Урнаа хаанаа байгаа бол...
- Сая харьсан байх. Чи очоод уулз. Ах нь маргааш ямар ч байсан хэдэн төгрөг явуулахаас.
- За ойлголоо... Дэлгэр ярьсан уу?
- Дэлгэрт битгий хэлээрэй . Ганц хүүг минь зодож занчаад сүйдлэчих ууртай золиг байгаа юм. Маргааш ярья за баяртай.
Цэцэгээ хэдий орой болсон ч хувцсаа өмсөн Урнаагийнх рүү явахаар босов. Энхриймаа гайхсан нүдээр:
-Юу болов. Хаачих нь вэ, ийм орой.
-Урнаатай уулзаад ирье ээ. Нэг л биш сураг дууллаа. За миний найз хүүхдүүдээ унтуулаад унтаж амар. Найз нь тэндээ хоночихож магад.
Цэцэгээ Урнаагийнх руу явав. Урнаагийн гэрийн гадаа ирвэл Дэлгэрийн машин байв. Гэрт Дэлгэрийн дуу хадна. Сонсвол:
-Чи муу, хувхай амьтан. Тамхи татна, одоо бүр архи уухна. Багаасаа шоронгийн тав болох нь дутаж гэнэ ээ. Ах захгүй муу шаар. Чамайг бие бялдар сайтай юм гэж бодоод бөхийн дугуйланд явуулсан. Чи муу хоёр ч хонохгүй хөөгдөө биз дээ. Тэнд чи ядаж хүмүүжих байсан юм. Тэвчээргүй муу хог. Чамайг би алчихая л даа. Миний ах тэнд яаж зовж мөнгө хурааж байгаа билээ. Хэний төлөө гэж бодож байна. Чиний төлөө. Тэгэхэд чиний байж байгаа царай энэ үү... түс няс чимээ гарна.
Цэцэгээ сандран орвол Цэгмид\Амгалангийн том хүү\ уйлчихсан, Дэлгэр цэргийнхээ суран тэлээгээр хайр найргүй ороолгож байв. Урнаа баруун орон дээрээ охиноо тэврэн уйлж суух нь харагдав. Цэцэгээ зог тусан гайхснаа “Үгүй, та нар чинь харанхуй шөнө юу болцгоож байх нь энэ вэ. Хүүе Дэлгэр ээ, чи чинь яаж байна аа. Хүүхэд аллаа боль. Алив миний дүү, нааш ир” хэмээн Цэгмидийг өөрийн хамгаалттанд авав.
Дэлгэр үнэхээр их уурласан байх ба саяхан шахуурдаж байсан тэлээгээ хөл дороо шидээд сандал дээр суув. Дэлгэр хэдий ууртай ч эгчийнхээ үгнээс гардаггүй мөн эгчээсээ эмээдэг юмсанж. Тэрбээр
- Энэ муу новш. Хэрэг тариад бөөн юм болж байна. Та юунд өмөөрдөг юм. Наадахыг чинь сайн сургаад өгвөл таарна. Амыг нь татаж авахгүй бол шоронгийн хадаас болсон хойно нь уйлж унжсан ч оройтоно биз.
- Чи чинь ямар билиггүй юм ярьдаг юм бэ. Уураа дар. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж. Яасан юм, юу болсон юм бэ.
- Би зөндөө л тус болох гэж хичээсэн. Зөв замыг нь зааж чиглүүлж, анхаарал ч их тавьсан. Харин дандаа зөрж том толгой гаргаад байсан. Муу хог ингэх гээд байж л дээ. Өөрөөс нь асуу. Маргааш яг цагтаа ирээрэй. Ирэхгүй дахиж зугтаавал би чамайг алаад хаячихна шүү, ойлгов уу? гэсээр Дэлгэр гач явав.
Цэцэгээ Дэлгэрийн хамгийн сүүлд хэзээ ийм ууртай байсныг ч мартаж орхиж. Тэрбээр уурлахаараа гэрт тогтдоггүй, гадаа суух юм уу эсвэл гадуур алхаж уураа гаргадаггийг мэдэх билээ.
-Урнаа минь, энд юу болоод байгааг надад нэг хэлээдэхээч.
- Цэгмид хэд хоног цагдаагийн үүд сахиуллаа. Энэ гудамжны цаана сургууль завсардсан, хийсэн ажилгүй залуу байдаг юм. Тэднийхээр дандаа болж бүтэхгүй залуучууд цуглардаг. Уг нь аав, ээж нь их сүрхий хүмүүс байдаг юм. Харин энэ зун хөдөө урт хугацаагаар яваад. Нөгөө хүү нь гэр орноо бүтэхгүй залуусаа орогнуулдаг оромж болгож гэнэ. Гэрт нь өөр хэлэх хүн байхгүй юм чинь...
- Тэгээд хүний явдал энэнд ямар хамаатай юм бэ.
- Хамаатай, Цэцэгээ минь. Эхэндээ наадах чинь тамхи үнэртүүлдэг боллоо. Би хэлээд дийлээгүй. Дараа нь хоёр , гурван удаа архи үнэртүүлж орж ирсэн. Одоо харин хэрэгт орооцолдож, шар махтай минь хатааж байна.
- Юу, чи дөнгөж 15, 16-тай хүүхэд биз дээ. Яаж галзуурч байгаа чинь энэ вэ?
- Өсвөр насны хүүдээ анхаарал сул тавилаа гэж би л баахан хүнд загнууллаа. Ёстой ингэнэ чинээ санасангүй. Олон үйлдэлтэй хулгайн хэрэгт оролцсон гэж байцаагдаж байна. Шөнө оройтоод байдаг байсан. Тэр айлд л эх захаа алдаж явж дээ, наад чинь. Нөгөө хэдэн том залуус нь зарим хэргээ наадахад чинь тохчихоод “Мэдэхгүй” гээд сууж байна.
- Юу, за арай ч дээ. Цэгмид тийм юм арай ч хийхгүй байлгүй дээ. Эгчдээ үнэнээ хэл дээ. Яагаад ийм юм болчихов. Алив наад хувцас хунараа соль нил шороо.
Цэгмид гэмшингүй нулимс унаган цамцаа солиход цээж, нуруу нь хөхөрч хавдсан харагдана. Энэ мэдээж Цэцэгээгийн танил ором байв. Бага байхад аав нь Амгалан, Дэлгэр хоёрыг буруу юм хийхэд ингэж цээрлүүлдэг байсан нь санаанд буув. Гэхдээ энэ удаа арай хэтрэхээр ороолгосон нь харагдав.
Цэцэгээ уурлан:
- Урнаа минь, хүүхэд алах нь байна шүү дээ. Арай ч дээ, ингэж их ороолгосон байхдаа яахав дээ. Яах вэ, чамайг даа хэмээн Дэлгэрийг буруутгана. Урнаа дүүгүй сууж байснаа “Би дийлэхгүй байна. Хол байгаа аав нь утсаар хичнээн хэлж, гуйгаад хэрэг алга. Аргаа бараад ахад нь хэлэхгүй өөр яах юм бэ. Болж, муу хог. Бүр гарыг нь хугалвал таарна. Хулгай хийсэн гараар яадаг юм”.
Цэгмид сая нэг нулимс нь татарсан бололтой. Цэцэгээ рүү харан:
-Эгчээ би хулгай хийгээгүй. Би дахиж архи амсах ч үгүй. Намайг машин тэрэг харж бай гээд л нэг хаалганы урд зогсоосон. Би согтуу байсан болохоор унтчихсан. Нэг мэдсэн хоёр цагдаа намайг авч явсан, би мэдэхгүй. Тэр ах нар ирэхгүй бол ална гээд. Архины мөнгө хүртэл олж ирэхийг даалгадаг байсан. Намайг хэд хэд зодож байсан. Би айгаад л очдог байсан юм. Би айлд орж хулгай хийгээгүй.
- Чи тэгээд хэдэн удаа айлын хашааны урд зогссон юм бэ. Чи оролцсон л байна даа.
-Ганц энэ удаа л дагаж явсан. Өмнө нь хулгай хийх, хулгай хийдэг талаар мэдээгүй. Тэр өдөр намайг эр хүн мөн л юм бол бидэнтэй яв. Чадахгүй бол чи эр хүн биш гээд шордоод байхаар нь ...
Цэцэгээ Цэгмидийг үнэн хэлж байгаад эргэлзэвч ямар ч байсан хэрэгт орооцолдсон, дээр нь үнэхээр зодуулах хэмжээнд буруу зүйл хийснийг нь ойлгов.
Урнаа чангаар:
-Худлаа ярьж байгаа юм. Мөчийг нь санжуулаад хаячих юмсан. Муу хог, чамайг бид хоёр яаж өсгөж байгаа билээ дээ. Даанч дээ.
- За чи тайвшир. Тэгээд одоо яах талаараа ярилцъя. Цагдаа юу гэж байх юм. Нөгөө хүүхдүүд нь баригдсан юм уу?
- Юу гэхэв дээ. Хохирсон хүмүүс нь алдсан юмныхаа үнийг хэд нугалж хэлээд л. Тэр хүүхдүүд биш ээ. Насанд хүрсэн залуус. Хоёр нь сураггүй, олдоогүй байгаа. Ер нь тавуулаа явсан гэсэн. Гурав нь цагдаа дээр эцэг, эхээ шар махтай нь хатаагаад байцаагдаж байна. Цэцэгээ Цэгмидийн нуруун дээр тос түрхэж, өвчин намдаах эм өгөөд аргадан “Миний дүү, үнэнээ хэлээрэй. Би чамд итгэж байна аа. Арай ч хулгай хийж, худлаа хэлэх хүн биш гэдэгт. Одоо унтаж амар” гээд оронд нь хэвтүүлэв.Түүнийг чичирч байгааг хараад ямар их хорсож байгааг ойлгож байв. Амгалан ахдаа хамгийн сайн дүү нь Цэцэгээ байсан юмсанж. Аавдаа тэлээгээр ороолгуулахад Цэцэгээ ахыгаа их өрөвдөж тос түрхэж өгдөг ч Амгалан тэгэхээс тэгэх гэсэн юм шиг зөрж дахиж зодуулдаг байсан нь сонин. Гэхдээ Амгалангийн хувьд бол хичээл таслах, дүү нараа харахгүй дэмий тэнэх, гэрийн ажлаа хийхгүй алга болох, хамгийн том хэрэг нь л төгсөх жилээ согтуу ирж орон дотроо бөөлжсөн нь юмсанж.
Харин Цэгмидийн хажууд одоо бодоход тэгж их ороолгуулахаар хэрэг биш байсан юм шиг. Үнэндээ Цэгмидийг хэдий өрөвдөв ч ахыгаа бодохоор зөв шийтгэл хэмээн дүгнэв.
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн
Өмнөх нь
Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060
Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071
Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/https://www.24tsag.mn/a/184097
Зүрх сэтгэл-II /4-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184146
Зүрх сэтгэл-II /5-р хэсэг https://www.24tsag.mn/a/184164
Зүрх сэтгэл-II /6-р хэсэг https://www.24tsag.mn/a/184203
Сэтгэгдэл (22)