6 – р хэсэг
Орой болж Цэцэгээ, Баярцэцэг хоёр ажлаасаа ирэв. Энхриймаа инээд дүүрэн сууж байх ба мөн өөрийнхөө гарын сайхан амттай хоол бэлтгэн бяцхан ширээ зассан байв. Баярцэцэг ширээг харан5
- Хөөх ямар гоё юм бэ. Өнөөдөр ямар нэгэн баярын өдөр юм уу. Та хэдий завандаа ийм их юм амжуулаа вэ?
- Тийм ээ, өнөөдөр Хоролоо эмээгийнх нь төрсөн өдөр. Эрт бэлдчихсэн байсан юм. Бумаа л бэлдсэн дээ бараг. Би хоол хийсэн төдий...
- Тийм үү. Надад хэлэхгүй яасан юм бэ. Бэлэг бэлдэх байсан юм.
- Цэцэгээ чи хэлээгүй юм уу, Баярцэцэгт ...
- Мартчихсан байна лээ. Бумаа байгаа юм уу?
- Хоролоо эгчтэй ойрхон гарчихаад ирье гэсэн. Удахгүй ирнэ ээ.
Ярилцах Бумаа, Хоролоо хөгшин хоёр ирэв. Цэцэгээ авчирсан жимс, бялуу ширээн дээр тавин лаа хатган асаав. Удахгүй Хоролоо хөгшин түрүүлж орж ирэв. Тэрбээр:
- Өө манай хоёр ирчихээ юү. Яасан гоё ширээ засаа вэ. Бялуу тавьчихсан, хэний??? ....
- Таны төрсөн өдөр шүү дээ, эгч минь. Цэцэгээ, Бумаа бид гурав гэр бүлийн хүрээндээ тэмдэглье гэж ярьсан юм.
- Өнөөдөр чинь долдугаар сарын .... сүүлийн долоо хоног гэдэг чинь... Тийм байх шүү. Яахнав дээ, хөгшин настай хүн төрсөн өдөр тэмдэглэнэ гэж юу байхав дээ.
- Бид ширээ тойрч суугаагүй удлаа шүү дээ. Наадмаар ч олигтой баярласангүй.
- Тийм шүү ... Жил бүр л муу хөгшинтэйгөө ....
Хоролоо эмгэн санаа алдснаа “Энэ Бумаа хааччихав даа. Эгч нь дуудаад ирье байз” гээд гарч явав. Цэцэгээ хоол таваглангаа:
- Хөөрхий минь хэцүү байгаа даа. Олон жил ханилсан хань нь явчихаар ямар сайн байхав дээ.
- Харин тийм ээ. Төрсөн өдөр гэхгүй өөр юм хэлдэг байж уу. Сая гэнэт санаа зовчихлоо.
- Харин тиймээ, Бумаа санаачилсан юм чинь мэдэж байгаа байлгүй дээ.
Энхриймаа болон хүүхдүүд бүгд ширээнд ойртон сууцгаав. Бумаа, Хоролоо хөгшинтэй орж ирэн:
- За манайхан болчихсон уу. Яасан гоё хоол хийгээ вэ. Баярлалаа Энхрий ...
- Зүгээр дээ. Бэлдчихсэн юм чинь амархан шүү дээ.
-За тэгэхээр өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр, мөн шинэ төрсөн Энхцэцэгийгээ угаахад ширээ засаж тэмдэглэж амжаагүй. Наадмаар мөн олигтой баярлаагүй шүү дээ. Тэгээд бяцхан ширээ засаад нэг өдөр ярьж хөөрж сууцгаая гэсэн санал гаргасан юм шүү ээжээ гэж Бумаа хэлж дууссаны дараа Баярцэцэг Хоролоо хөгшин рүү:
- Эмээ та одоо лаагаа үлээгээрэй ...
- Үлээхээ заавал би үлээх юм уу. Миний охин үлээчих ээ...
- Үгүй ээ, та заавал үлээх ёстой байдаг юм. Алив эмээ таныг үлээвэл хоолоо идэж эхлэх гээд байна.
- За ойлголоо, эмээ нь үлээе ...
Хоролоо лааг үлээгээд инээмсэглэн “Миний ээж хэлэхдээ “Миний охин долдугаар сарын 5-нд үүрээр төрсөн юм шүү” гэж хэлж байсан санагдчихлаа. Харин бичиг баримт иргэний үнэмлэх дээр 27-нд гэж бий. За хүүхдүүд минь хоолоо идэцгээ” гэв.
Нэг хашааны гэр бүлийнхэн халуун дулаан уур амьсгалтай инээд хөөртэй нэгэн оройг өнгөрүүлж байгаа нь энэ юм. Цэндээ өвгөн тэнгэрт хальснаас хойш төдийлөн баярлаж дуу шуу болоогүй билээ. Тэд хэн ч харсан нэгэн цусны гэр бүл мэт дотно болцгоожээ. Хүүхдүүд торт хуваасны дараа зурагт үзэхээр Хоролоо хөгшнийх рүү орцгоожээ. Харин Бумаа болон Энхриймаа, Цэцэгээ, Хоролоо хөгшин мөн бяцхан охин Энхцэцэг үлдэв. Хоролоо хөгшин инээмсэглэн үрчгэр нүүрээ гараараа шувтран:
- Танай ээж байсан бол сайхан ярьж суух байлаа. Яаруу явах шиг байсан. Дараа ирвэл манайхаар нэг ороорой гэж хэлээрэй, хүүхээ гээд Энхрий рүү харав.
- Харин тийм ээ. Замдаа жаахан ажилтай гээд явцгаасан. Манай аавыг Оросоос ирэхээр ирнэ байх аа, хэлнэ ээ.
Цэцэгээ ярианы дунд орж:
- Танай ээж ирсэн юм уу. Бие хаа нь сайн уу?
- Сайн сайн, өдөр ирээд явсан юм аа.
- Аан за за...
- Нөгөө нүүх талаар хэлсэн үү. Хашаанд буух талаар...
- Тэгсээн, хэлсэн. Бууна гэсэн. Зээ охиноо харах юм гэсэн.
- Өө за за, ашгүй минь. Санаа амарлаа. Бидэнд ч ханьтай.
Хоролоо хөгшин гайхасхийн:
- Ингэхэд юун нүүх талаар яриад байгаа билээ. Та нар нүүх гэж байгаа гэж үү?
Цэцэгээ, Энхриймаа хоёр биен рүүгээ харан дуугүй сууснаа Цэцэгээ ам нээн:
- Бид харин удахгүй нүүх санаатай. Манай аав, ээж, ах дүү нар нийлээд хамаатнаасаа хашаа байшин хямдхан авсан юм. Тэндээ очих санаатай.
Хоролоо хөгшны саяхан мишээж байсан мишээл нь үл мэдэгхэн алга болж:
-Тэгээд бүр нүүхээр шийдчихсэн хэрэг үү?
- Тийм ээ, хашаа эзгүй байгаа болохоор удахгүй нүүх бодолтой байна.
Эмгэн хий ханиалгасан дүр үзүүлэн юу ч дуугаралгүй гараад явчихав. Бумаа чимээгүй сууж байснаа:
-Манай хэд тэгээд хаана очих юм.
-Долоон буудалд амьдарна даа..
- Аан тийм үү. Гэнэтийн мэдээ байна шүү. За сайхан амарцгаагаарай.
Бумаа ч мөн гараад явав. Цэцэгээ, Энхрий рүү харан:
-Чи ингэхэд нүүх талаар хэнд ч хэлээгүй юм уу?
- Үгүй, чи хэлээгүй юм уу. Мэдэх байх гэж бодсон шүү дээ.
- Би чамайг хэлсэн байх гэж бодож байсан юм.
- Одоо яаана аа. Хөөрхий гомдсон байх даа.
- Харин тийм ээ, бүр санаа зовчихлоо. Бидэнд ямар сайн ханддаг билээ дээ.
- Чи маргааш амрах юм чинь өглөө эртхэн хоёулаа орж цай ууж жаахан ярьж сууя. Хөөрхий минь сэтгэлд нь сэв суулгачих вий дээ.
- Тэгье сайхан санаа байна. Хэн хэндээ итгэчихсэн байж хоёулаа. Бумаад ч хэлээгүй байсан байна шүү дээ.
- Тийм ээ, сая л мэдэж байгаа юм биш үү?
- Харин тийм ээ. Хашаа байшин эзэнтэй байсан бол эндээ дахиад нэг жил баймаар. Даанч айл нь нүүсэн болохоор очихоос аргагүй юм даа.
Удалгүй хүүхдүүд орж ирэн унтахаар хэвтэцгээв. Баярцэцэг ээж рүүгээ харан:
- Хоролоо эмээ өнөөдөр талийгаач Цэнд өвөөгийн өрөөнд ороод унтчихсан. Сонин байгаа биз. Ерөөсөө тэнд орж унтдаггүй юм.
Цэцэгээ бодлогошрон ханиа өнгөрөхөд ямар хэцүү байснаа санан мөн Хоролоо хөгшинд ямар байгааг төсөөлөхөд хоолой нь зангирав. Өглөө нь Цэцэгээгийн амралтийн өдөр тул Энхриймаа тэр хоёр тохирсон ёсоороо хөгшнийд орж цайлав. Хоролоо хөгшин урд нь ямар байсан, яг тэр хэвээр сэрсэн нь илт байлаа. Харин ч улам сайн хандаж байгаа нь анзаарагдав. Ийнхүү даруй хэдэн хоног өнгөрөв.
7-р хэсэг
Цэцэгээ ажилдаа явсаар. Харин Соёлоо охин гурван хоног ажилдаа ер ирсэнгүйд санаа зовниж эхлэв. Түүн рүү залгахад утас нь холбогдохгүй байлаа. Төрөө харин энэ өдөр орж ирэв. Тэрбээр орж ирэлгүй нилээн уджээ.
- Сайн байна уу. Ажил сайн уу, Цэцэгээ.
- Сайн, сайн байна уу. Ямар сонин хүн бэ. Ойрд харагдаагүй хүн байх чинь.
- Харин тийм ээ. Ээжийн бие муудаад эмнэлэгт сахиур хийж суугаад ...
- Өө яагаа вэ. Хаана хэвтэж байгаа юм бэ. Одоо гайгүй юу. Яаж байна?
- Одоо арай дээрдсээн. Өнөөдөр л ажил дээрээ ирж байна .
- Тэгээд ээжийг чинь хэн асрах билээ.
- Дүү нь ирсээн, хөдөөнөөс. Ажлаа хийхгүй бол эм тарианы мөнгө гээд л хэрэгтэй болж байна оо. Энхриймаа сайн уу?
- Сайн сайн, гэртээ байгаа. Охиноо хараад л ...
- Аан тийм үү. Уутас нь холбогдохгүй.
- Дугаараа сольсон... 9962 ...... дугаар дээр байгаа .
- Баярлалаа. За ажилдаа гаръя даа, найз нь...
- Чи хоол идэхгүй юм уу?
- Үгүй дээ баярлалаа.
- Юу ярьж байгаа юм бэ. Би дайлна аа, наанаа суу... Найз нь одоохон.
Цэцэгээ гал тогоонд өрөөнд орж түүний захиалж иддэг хоолыг аягалж урд нь тавив. Төрөө ч Цэцэгээтэй танилцаад бас ч үгүй мэдэх болсон тул санаа зовохгүйгээр идэж орхив. Төрөө инээмсэглэн:
- Баярлалаа ... Одоогоор бэлэн мөнгө алга. Найз нь орой буухдаа өгчихнө өө.
- За боль доо. Би дайлсан юм чинь хамаагүй ээ. Чи харин аягүй турсан байна шүү . Биеэ бодохгүй бол яаж ээжийгээ асрах юм бэ. Хоол унд муу байгаа юм аа даа.
- Зүгээр дээ, зүгээр. Баярхүү ойрд ярив уу?
- Үгүй ээ. Орж ирээгүй бас удаж байна...
- Аан цаадах чинь гадаадад яваа. Ажилтай явна гэсэн. Ирэх есдүгээр сард багтаж ирэх юм гэсэн. Чамайг утсаа авахгүй байна гэж байсан даа.
- Мэдэхгүй ээ. Залгаагүй дээ. Нээрээ энэ олон тоотой дугаар юм болов уу?
- Алив харъя. Мөн байна, мөн мөн. За найз нь ажилдаа гарлаа баярлалаа.
Төрөө турж нүднээс гарсан байв. Ээжтэйгээ хоёул амьдардаг гэхээс өөр мэдээлэлгүй ч түүнийг ямар сайн хүн болохыг Цэцэгээ мэдэх билээ. Харин Баяхүүгийн хувьд байнга залгаж юм уу, эсвэл зурвас үлдээдэг хүн. Энэ удаа ер хэлээгүй мөн мессеж бичээгүй явсан нь түүний сэтгэлийг тайвшруулав. Яагаад гэвэл, түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж сэтгэлдээ шийдсэн болохоор билээ. Орой болж Цэцэгээ гэрийн зүг явахдаа Баярцэцэгийн ажлаар оров. Урнаа цэвэрлэгээгээ хийж байв.
Урнаа:
- Сайн уу. Ямар сонин хүн бэ?
- Сайн сайн, Баярцэцэг харьчихсан юм уу?
- Үгүй ээ. Хажуу цайны газартаа бэлтгэлээ хийж байгаа .
- Аан тийм үү. Аль хаалга нь билээ .
- Наад өөдөөс харсан хаалга нь.
Цэцэгээ хаалгаар оров. Цайны газарт хүмүүс хоол идэж байх ба Баярцэцэг гал тогооны хэсэгт төмс хэрчиж байгаа харагдав. Тэдний цайны газарт цөөхөн хүн ажиллах хэдий ч үйлчлүүлэгч тасардаггүй бололтой. Цэцэгээ нэг ширээны хажууд сандал дээр суув.
Өндөр бүсгүй ирэн:
-Сайн байна уу. Та юу захиалах вэ?
- Сайн сайн байна уу. Охиноо хүлээж байна аа.
- Өө та Баярцэцэгийн маань ээж байх нь.
- Тийм ээ, мөн хэ хэ.
- За та байж байгаарай. Би одоохон...
Өндөр туранхай бүсгүй инээмсэглэн гал тогооны хаалгаар оров. Нэг их удалгүй Баярцэцэг гарч ирэн ээжийнхээ дэргэд ирэн суун:
- Та яасан эрт тараа вэ. Надад 30 минутийн ажил үлдсэн байдаг. Гялс хийчихээд хамтдаа харья.
- Алив ээж нь үнсье. Миний охин ядарч байна уу. Ээж нь хүлээж байя, тэгвэл.
- За одоохон, ээж хүн хараад байхад хошуугаа цорвойлгоод л... Би ямар жаахан хүүхэд биш дээ.
Баярцэцэг буцаад гал тогооны хаалгаар оров. Яг зөрөөд нөгөө өндөр бүсгүй гараад ирэв. Тэрбээр нэрийн хоолоо Цэцэгээгийн өмнө тавиад:
- Тантай танилцаяа даа гэж бодож байсан юм. Та хоол ид. Манай хүний нэрийн хоол байгаа юм.
- Өө ямар их хоол вэ. Би ганцаараа яаж барах вэ дээ. Тэгээд ч эгч нь өөрөө зоогийн газар ажилладаг хүн. Сая гарахдаа юм идчихсэн амсчихья.
- Зүгээрээ саванд хийлгээд авч яв. Танай зоогийн газрын хэмжээнд биш ч та нэг амталгаа хийгээд хэлээрэй. Баярцэцэг таныг гоё хоол хийдэг гэж ярьдаг юм.
- Миний хоол хийх гэж юу байхав. Ёстой амттай байна . Энэ олон хачир нь ...
- Солонгос хоолыг дуурайлгаж хийсэн хонины шарсан мах. Порц нь янз бүр. Гэр бүлийн порцыг танд хийсэн юм.
- Аан тийм үү гоё хоол байна аа. Ёстой рестораны төвшинд хийжээ.
- Баярлалаа .. Ингэхэд танилцаагүй юм байна шүү дээ. намайг Өнөрчимэг гэдэг. Өнөрөө гэхэд болно.
- Намайг Цэцэгдэлгэр гэдэг.
- Манай Баярцэцэг мундаг ажилтай охин шүү. Ёстой том тус болж байгаа. Их хэрсүү охин. Надад маш их таалагддаг юм.
- Баярлалаа. Миний охин бас яриад л байдаг юм. Их гоё ах , эгч хоёр гээд ...
- Манай хүн тогоочийн курс төгсөөд олон газар ажилласаан. Би нэг хувийн газар ажиллаж байгаад саяхнаас хувиараа юм хийе гээд ингээд сууж байна даа. Өөрийн юм гэж арай өөр юм аа эгч...
- Тэр тэгэлгүй яахав. Өнөрөөгийн утас дуугаран ширээнээс босов. Баярцэцэг ажлаа хийн дуусаад гарч ирэв. Цэцэгээ ширээнээс босч охиноо дагуулан гарах гэвэл, Өнөрөө саванд хоол, хачир бэлтгэн хийсэн байх агаад Цэцэгээд өгөөд дараа гэр бүлээрээ заавал ирээрэй. Баярцэцэг минь сайхан амраарай миний дүү гэв. Цэцэгээ инээмсэглэн гарав. Урнаа хэдий нь хаагаад явчихсан байв. Цэцэгээ инээн Баярцэцэг рүү харан:
- Урнаа чинь одоо яаж байгаа юм бол. Явлаа ч гэхгүй . Хаагаад явчихаж.
- Өнөөдөр ажилтай гэсээн. Ойрд Урнаа эгч нэг л сонин байгаа.
- Яаж байна.
- Мэдэхгүй ээ. Цээнээ ах л\Урнаагийн том хүү\ хэрэг тарьчихсан байх гэж бодсон.
- Тэр золиг уу. Юү гэнэ ээ. Чи мэдэж байгаа юм байна уу?
- Би л тэгж бодсон юм аа. Өглөө цагдаа дээр хонолоо гээд Амгалан ахтай ярьж байсан. Уйлаад байсан.
- Юу гэнэ ээ. Цэцэгээ утсаа цүнхнээсээ гарган шууд Амгалан руу залгав.
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн
Өмнөх нь
Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060
Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071
Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/https://www.24tsag.mn/a/184097
Зүрх сэтгэл-II /4-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184146
Зүрх сэтгэл-II /5-р хэсэг https://www.24tsag.mn/a/184164
Зүрх сэтгэл-II /6-р хэсэг https://www.24tsag.mn/a/184203
Сэтгэгдэл (23)