Үргэлжлэл нь....
3–р хэсэг
Цэцэгээ ажил дээрээ ирэн өдрийн хийдэг ажлаа шуурхайлан хийнэ. Соёлоо гэх өхөөрдөм охин мөн зуны амралтаараа ажиллаж буй юм. Соёлоогийн инээмсэглэл энэ өдөр ер харагдсангүй. Цэцэгээ өдрийн хоолны цагаар Соёлоогийн хажууд суун:
- За миний дүү ядарч байна уу. Яагаад гунигтай царайтай байгаа юм бэ?.
- Ядраагүй ээ эгчээ, зүгээрээ ...
- Зүгээр биш л байна даа. Эгчдээ хэлэх дургүй бол яах вэ?
- Дургүй ч юу байхав. Найз залуу маань гадаад явах гэж байгаа...
- Аан тэгээд сэтгэлээр унаа юу. Дүү минь тэр эргээд л ирнэ шүү дээ.
- Мэдэхгүй юм даа. Ээж нь саяхан ирсэн надтай уулзсан. Аав, ээжийг асуугаад би юу хэлэхээ ч мэдээгүй.
- Тийм байж. Тэгээд найз чинь юу гэж байна.
-Тэр минь даанч ээжийнхээ үгээр л дээ. Бид салж байгаа байхаа. Надад ээж нь дургүй, таагүй хандсан. Та сонсоод яахав дээ. Би жирэмсэн гэдгээ ч хэлж чадаагүй .
- Жирэмсэн гэнэ ээ. Миний дүү үнэнээсээ ярьж байна уу. Хэлэхгүй яагаад ....
- Би хэлэхгүй ээ. Угаасаа бид бүтэхгүй болж байх шиг байна. Та харин хэнд ч битгий хэлээрэй...
Охин босч гал тогооны өрөө рүү явав. Цэцэгээ үргэлж инээмсэглэх охины нүдэнд бөөн гуниг зангирсан байгааг хараад үнэндээ юу ч хэлж чадсангүй. Түүнийг бүтэн өнчин өвөө, эмээ дээрээ байдаг гэхээс өөр нарийн ширийн зүйл мэдэхгүй болохоор сэтгэлдээ өрөвдөнө. Харин хүүхэдтэй болсон явдал нь л түүний санааг зовинуулж байв.
Үдийн алдад хаалга онгойн нэгэн хүн орж ирэв. Цэцэгээ зог тусан нүдэндээ итгэсэнгүй. Бүрнээ нэгэн нас ахимаг эмэгтэйтэй орж ирэв. Тэрбээр ёжтой инээмсэглэн:
- За сайн уу. Ажил сайн биз дээ. Цэцэгээ дуугарсангүй.
- Энхриймаа танайд байгаа гэсэн үү. Би хүүхдээ харах гэж ирлээ.
- Чиний хүүхэд гэж байхгүй. Чи зүгээр л явж үз. Яахаараа чиний хүүхэд болчихдог билээ.
- Эцэг нь юм чинь, би мэдэхгүй өөр хэн мэдэх юм.
- Чи өөрөө хаяж явчихаад. Одоо ямар нүүрээрээ ирж байгаа юм бэ. Чи хүн биш араатнаас дор амьтан зайл....
Хажууд зогсох эмэгтэй хөмсөгөө атируулан:
-Танай энэ омгор газраас хөөгдөх нь ч хаашаа юм. Би ганц хүүтэй хүн. Ач охиноо харах эрхтэй гэж бодож байна шүү. Хууль гэж нэг юм байгаа шүү . Яасан хэл амтай хүүхэн бэ? Одоохондоо чам шиг юмаар хөөгдөхгүй чадалтай тэнхээтэй хүмүүс шүү...
- Та чинь нас тогтсон хүн байж ямар аймар хүн бэ. Хүүгээ сайн хүмүүжүүлэхгүй яасан юм бэ.
- Могой шиг хэлтэй тийрэн бэ. Явъяа тэр овоохойд нь л байгаа биз.
Бүрнээг дагуулан гарч одов. Цэцэгээ юу болох гэж байгааг мэдэн ажлаа хүлээлгэн өгөөд түр гарчихаад ирье гэсээр автобусны буудал руу гүйхээгээрээ явав. Яарсан хэдий ч автобус хэтэрхий удаан тул Цэцэгээ байж ядан 20 минут өнгөрсний дараа Энхриймаа руу залгав.
- Байна уу? Цэцэгээ чи хаана байна аа. Бүрнээ ирчихсэн дарамтлаад байна. Баянжаргал бид гурав байна. Хойд хэд алга. Цагдаа дуудаахаач .... гэж хурдан хэлээд утас нь тасрав.
Цэцэгээгийн хоолой зангиран автобуснаас буун такси барив. Замдаа утсаар цагдаад дуудлага өгч амжив. Бараг 25 минутын дараа очив. Бүрнээгийн машин байгааг харан гэрт оров. Энхриймаа болон Баянжаргал уйлчихсан. Өнөөх эмэгтэй Энхцэцэгийг тэвэрчихсэн сууж байв.
Цэцэгээ уурлан :
- Та нар чинь хүн мөн үү. Миний жаахан охиныг хүртэл уйлуулчихсан. Алив наад хүүхэд аваад ир. Би тийм сайхан ааштай хүн биш шүү гээд Энхцэцэгийг өгөхийг шаардан ойртвол өнөөх эмэгтэй Цэцэгээгийн яахаас ч буцахгүй нүднээс эмээн инээмсэглэн Энхцэцэгийг гар дээр нь тавиад:
-Би ач охиноо л харах гэж ирсэн юм шүү дээ. Та нар чинь уйлж хайлаад, яасан сүртэй юм дээ. Бид яагаа ч үгүй шүү.
- Одоохон цагдаа хүрээд ирэхээр яасныг чинь хэлээд өгнө. Тайван хүлээж бай чи..
- Тэгээ тэг. Гэр бүлийн ийм асуудалд бензин тосыг нь бараад дүүрчихсэн хүүхэн юм аа. Яавал гэж дээ.
- Бүрнээ чи ёстой хөгийн амьтан юм даа. Хүүхэн дагуулаад намираад байсан гэсэн. Тэр хүүхнээ хаана гээчихээв.
- Хэн тэгж байна. Тийм юм ерөөсөө байхгүй шүү. Чи наад чихээ сайн ухаж бай мэдэв үү?Удалгүй цагдаа ирэв.
Энхриймаа айсандаа дуугарахгүй байсан ч цагдааг харан ам нээн:
-Энэ хүмүүс намайг айлгасан. Намайг дарамталсан. Энэ араатан намайг алгадсан. Наадах чинь хүн биш ...
- Амрыг эрье. Та ойлгомжтой хэлээд өгөхгүй юу. За ямар ч байсан хэлтэс рүү явцгаая даа.
Бүрнээ инээн:
-Танайх аль хэлтэс билээ. Бид их ажилтай хүмүүс л дээ. Энд ямар ч асуудал болоогүй. Охиноо харах гэж ирсэн чинь л миний эхнэр таарамжгүй байдлаасаа болоод цагдаа дуудчихаж, гэр бүлийн асуудал.
- Та хоёр тэгэхээр эхнэр, нөхөр юм уу?
- Мэдээж тийм байлгүй яахав дээ. Та нар арай хорьж цагдах биш юм байгаа биз дээ, айн.
- Ямар ч байсан хэлтэс дээр очиж ярилцая даа.
Энхриймаа босон хувцсаа өмсөв.
Цагдаа залуу:
- Та хэрэггүй ээ, шаардлагатай бол бид дуудна аа. Харин та цуг яв гээд Цэцэгээг дагуулан явав. Цэцэгээ болсон явдлыг анхнаас нь эхлэн учирлаж хэлэв. Өнөөх эмэгтэй Бүрнээ хоёр удалгүй яваад өгчихсөн байв. Цэцэгээ энэ хүмүүс дахиж ирж дарамталвал яах вэ. Би жаахан хүүхдүүдтэй эх хүн. Та нар яагаад явуулчихаж байгаа юм.
- Гэр бүлийн маргаан байна шүү дээ. Бид хуулийн дагуул ажлаа хийдэг. Тэглээ ч хууль ёсны гэр бүлийн хүмүүс юм байна. Та харин хөндлөнгийн хүн гэдгээрээ буруудана шүү. Хутга барьж айлгасан хүн нь та юм биш үү?
- Юун хутга вэ. Би юу даа. ...
- Саяны эгчийн мэдүүлэг дээр танд зөрүүлж гомдол гаргасан. Гэхдээ энэ удаа гомдлоо буцаая гэсэн шүү..
- Юу гэнэ ээ, битгий инээд хүргээд байгаарай.
- Одоо та явж болно оо. Бид хуулийнхаа дагуу л ажиллана.
- Танил талтай баян хүмүүс ч өөр юм аа. Та нар ядаж тэр хөөрхий эмэгтэйтэй уулзаж мэдүүлэг авахгүй юм уу?
- Бид шаардлагатай бол дуудна аа.
Цэцэгээ инээмсэглэн юу ч хэлэлгүй гараад явав. Ямар ч байсан Энхриймаатай уулзаж юу болсон талаар нарийн ширийн зүйл мэдэхээр яарав. Бүрэнхийтэй уралдан гэртээ ирэв. Хоролоо эмгэн Бумаа, Баянмөнх гурав зах руу хоол хүнсээ цуглуулахаар яваад сая ирсэн бололтой. Цэцэгээ гэрт орвол Хоролоо хөгшин хоол хийж байв.
Цэцэгээ , Энхриймааруу харвал тэрбээр толгой сэгсрэв. Тэрбээр Баянжаргалыг тэврэн миний охин зүгээр биз дээ. Ээжийгээ зөндөө хүлээсэн үү?
- Би зүгээрээ. Гэхдээ Энхриймаа эгчийг аймар зодох гээд, би айгаад..
- За ээж нь мэднэ ээ . Хоёулаа гаръя.. Дэлгүүр орж зайрмаг авья, тэгэх үү. Эгчийгээ бас тосьё.
- Тэгье, эгээгээ тосьё .. Баянжаргал инээмсэглэн баяр хөөр болон гарав. Цэцэгээ охиныхоо нүдээр болсон явдлыг яриулаад нулимсаа үе үехэн чимээгүй дуслуулан алхав. Баярцэцэг тэдний урдаас гүйж байгаа харагдав. Баянжаргал ч эгчийнхээ өмнөөс гүйв. Эгч дүү хоёр тэврэлдээд гараасаа хөтлөлцөн ээжийнхээ дэргэд ирээд гуравуул гэр рүүгээ алхав.
- Миний охин ядарсан уу. Ажил хийгээд тийм гоё байна уу?
- Ядраагүй ээ. Тиймээ гоё байна. Цайны газрын эгч намайг сайн ажиллавал гоё дэлгэдэг утас авч өгнө гэсэн.
- Тийм үү. Тэр чинь их үнэтэй утас шүү дээ.
- Цалингаас гадна авч өгнө гэсээн, гоё байгаа биз . Харин энэ утсаа Баянмөнхөд өгнө өө.
- Дүү чинь дор нь алга хийчихнэ дээ.
- Яах вэ. Өвөөтэй ярьж байг. Өвөөг санаад байдаг юм.
- Тийм үү. Надад юу ч хэлээгүй шүү дээ.
- Би Баянмөнхийг сайн мэднэ. Өвөөгийн зургийг хараад чимээгүй суучихдаг. Аавын .... гээд чимээгүй болчихов.
Цэцэгээ , Баярцэцэгийн хажуунаас харвал нулимс нь урсаж байв.
- Миний охин яасан бэ. Яагаад уйлав.
- Аавыгаа санаад байна. Бас эмээгээ санаад өвөөгөө ч бас. Цэцэгээ, Баярцэцэгийг тэврэн тайвширтал нь зогсов. Тэд гэр рүүгээ алхах зуур юу ч ярьсангүй. Баярцэцэг , Баянмөнх хоёр ухаан орох цагаасаа өвөө, эмээгийнхээ өвөр дээр өссөн хүүхдүүд болохоор санах нь аргагүй юм гэдгийг ойлгохын дээдээр ойлгож байв.
4 – р хэсэг
Гэртээ гурвуул орж ирхэд Хоролоо хөгшин гэртээ орчихсон байв. Цэцэгээ , Баярцэцэгийг дүү нартайгаа хойшоо Бумаагийнд орж зурагт үз. Ээж нь Энхрий эгчтэй нь ярих юм байна гэж хэлээд хүүхдүүдээ явуулав. Энхриймаагийн инээмсэглэл хаашаа ч юм алга болсон харагдав. Цэцэгээ :
-За, найз минь юу болсон юм бэ. Яагаад энэ авгай бас гараад ирэв.
- Бүрнээг ороод ирнэ чинээ санасангүй. Бүрнээгийн ээж. Насанжаргал гэдэг авгай. Ёстой айхтар хүн дээ. Ганц хүү нь Бүрнээ . Бид хоёрыг суулгана гэнэ ээ ....
- Юу, суулгах аа. Чи тийм араатан шиг юмтай арай ...
- Үгүй ээ, би суухгүй цаанаа ямар санаатай байгааг би мэдэхгүй байна. Намайг яаж зовоолоо доо, дахиж би очихгүй ээ..
- Тийм байдаг байж өөр юу гэж байна. Юун гэр бүл гэж яриад байсан бэ?
- Харин тийм ээ, би гэж тэнэг амьтан сэтгэлийн хөөрлөөр очоод гэрлэлтээ батлуулчихсан. Цаасан дээр бид хоёр эхнэр, нөхөр болчихоод .....
- Юу чи .. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна шүү Энхрий минь.... Тэгээд л тоохгүй байсан юм байна л даа.
- Тэр үед Бүрнээтэй би насан туршдаа цуг амьдарна гэж итгэсэн байсан... Салах өргөдлөө өгөөд байхад хариу байдаггүй юм билээ... Би Бүрнээг гарын үсгээ зураад баяртай нь аргагүй явчих байх л гэж бодсон ...
- Ээж нь ч яахав. Та хоёрыг суулгах санаатай байж. Харин Бүрнээ юу бодож байгаа юм бол доо . Найз нь ярилцая Бүрнээтэй....
- Бүрнээ нэг эгчтэй. Эгчээс нь хүүхэд гардаггүй гэж сонссон. Бүрнээг анхны хүүхдээ эгчдээ өргүүлнэ шүү гэж ээж нь байнга захидаг гэж ярьдаг байсан.. Надад сайндаа ч биш байх аа.
- Тэр ч тэгж ярихгүй шүү . За за, миний найз тайвшир. Найз нь тэр авгайд чинь ойлгогдохоор хэлээд өгнө өө.
Энхриймаа нулимсаа нууж гүнзгий амьсгаа авж харагдав. Цэцэгээг бодвол Энхриймаа хэл ам сайтай хэнээс ч айхгүй хэлэх юмаа хэлчихдэг билээ. Харин нэг Цэцэгээ ажиглаж амжсан нь Бүрнээгээс үнэхээр их айдаг нь мэдрэгджээ. Түүнийг орж ирхэд нүдний цог нь арилсан орон дээр чичрэн сууж байсан нь өрөвдмөөр. Магадгүй өөр хүн байсан бол Энхриймаа аль хэдийн загнаад аашлаад хөөгөөд явуулчихсан байх байсан биз. Ингэж их зовлон амтлуулсан хүнтэй сууж нэг гэрт орно гэдэг төсөөлөгдөх нь битгий хэл ой ухаанд нь багтсангүй. Цэцэгээ элдвийг бодох зуур Баярцэцэг болон хүүхдүүд орж ирэв. Баянмөнх ээжрүүгээ харан:
- Ээж өнөөдөр манайд цагдаа ирсэн юм уу?
- Юу, хэн тэгж байна..
- Хажуу айлын хүүхэд тэгж байна лээ. Гэрт хүмүүс хашгиралдсан гэсэн. Юу болсон юм бэ.
- Аан айл андуураад ирсэн гэсэн. Дүү нь л чанга уйлсан юм байгаа биз.
- Аан би дахиад муу Баярмаа шулам ирж зовоосон юм байх гэж бодоод...
- Юу, том хүнийг тэгж ярьж болдог юм уу?. Тэгээд ч муу, сайн ч авга эгч чинь шүү.
- Шулам юм чинь. Би том болохоороо хашраагаад өгнө өө. Та харж л байгаарай.
- Ах захаа алдаад байгаарай чи ... сайхан мэдээрэй. Хачин хачин юм яриад байх чинь. Маргаашнаас гэр цэвэрлэнэ шүү. Эгч чинь ажил хийдэг болсон болохоор чи одоо гэрийн ажлаа хийнэ ойлгов уу. Нялх хүүхэдтэй эгчийгээ битгий зараад байгаарай чи . Энхриймаа чи битгий өмнүүр нь юмыг нь хийж өгөөд байгаарай. Баянмөнх ойлгосон уу????.
Ээж нь үнэхээр уурлахаараа хатуу гэдгийг Баянмөнх мэдэх учир толгой дохин зөвшөөрснөө илэрхийлэв. Цэцэгээ ганц хүүгээ ёстой их хайрлаж , эрхлүүлж өсгөсөн ч түүнд анхаарлаа улам их хандуулах цаг нь ирснийг энэ үед ойлгожээ. Өглөө бүр ээж охин хоёр ажилдаа явж Баянмөнх гэрийн ажил хийдэг болжээ. Нэгэн өдөр Энхриймаагийн ээж мөн охин дүү нь ирэв. Түүний ээжийг Сүрэн гэдэг бөгөөд зах дээр лангуун дээрээс мах зардаг ажил хийж байсан юмсанж.
Насаараа хүйтэн подволд ажилласандаа ч тэр үү, бөөрний өвчнөөр шаналдаг болсон нь саяхан. Угийн толиотой царайлаг эмэгтэй өвдсөнөөс хойш тамир тэнхээ нь илт муудаж, үсэнд нь ч буурал нэмээд ажлаа ч хийхээ байсан билээ. Дүү охин Золоо нь намар төгсөх ангид орох юм мөн л ээж , эгч хоёрыгоо дуурайсан царайлаг бүсгүй болж байгаатай хэн ч маргахгүй билээ. Энхриймаа ээжийгээ ирсэнд машид ихэээр баярлан нүдэнд нь нулимс дүүрнэ хавар уулзсанаас хойш дахиж царай ,царайгаа хараагүй нь энэ юм.
- Ээж минь, охин нь очих гэсээр чадсангүй уучлаарай...
- Алив харьяа миний охин харин ээж нь ирсэнгүй. Уучил, төрөхөд нь ч эмнэлэгт царайгаа харуулаад хэвтчихсэн байсан. Ээж нь муу ээж юм даа. Охиноо гэртээ ч авчихаж чадсангүй. Архичин эцгийн чинь л хар гай.
- Ээж минь та минь л бие сайн байвал болох нь тэр, би яах вэ? Цэцэгээгийндээ харин ч сайн байгаа.
Сүрэн инээмсэглэн Баянмөнх , Баянжаргал хоёрыг үнсээд "Эгч нь Энхриймаа эгчийх нь ээж байгаа юм аа. Алив" гээд тортой чихэрнээсээ атгуулав. Энхриймаа дүүгээ тэврэн үнсээд цай аягалан тавагтай идээ тавих зуур орны аравчны ардаа хүүхдийн цангинасан дуу хадав. Сүрэн босч охин минь сэрчихэв үү. Эрдэнэ минь гэсээр ойртов. Энхрий охиноо хөхүүлээд Сүрэнгийн энгэрт тэврүүлэв. Золоо мөн ээжийнхээ хажууд өхөөрдөн харцаа салгахгүй байх ба "Өлив ээж ямар хөөрхөн юм бэ. Одоо би нэг тэвэрчихье л дээ" гэсээр хоёр биенээсээ салгахгүй тэврэнэ. Сүрэн :
- Хоёр охиноо гэртээ авна аа. Яаж айлд байж болох вэ. Ийм хөөрхөн эрдэнэ ээ хажуудаа байлгамаар байна шүү. Аав чинь удахгүй ирэх байх эмчилгээ нь дуусаж байгаа гэж ярьсан . Ирэхээр нь авна аа охидыгоо.
- Би ч гэсэн гэрээ санаж байна шүү. Аав архи уухгүй бол би очноо, гэр бүлээрээ байна. Харин нөгөө хашаа юу болж байгаа вэ? Зоригоо ....
- Чи мэдчихсэн юм уу. Хашаа ч өнгөрч байх шиг байна. Айлын хашаанд л гэрээ барих байх даа. Орлого байхгүй ядуу, чадалгүй, өвчтэй хүмүүст чинь хар элгийн битгий хэл, хамаатан садан ч халширдаг бололтой. Уг нь нагац эгчийнд чинь гэрээ барья гэж хэлсэн. Хариу өгөхгүй юм. Муу эгч нь ч яахав, цаад нөхөр нь л дургүйцээд санаа нь зовоод хэлж чадахгүй байгаа байх даа.
- Аав нээрээ даанч дээ. Хашаагаа зараад уучихдаа яахав дээ. Үнэхээр гомдоод байх юм. Бүр хармааргүй санагдаж байна...
- Нэгэнт болоод өнгөрсөн хойно. Одоо яалтай. Харин муу аав чинь эмчилгээнд явья. Би гарья, зээ охиноо төрж байхад хар ус үнэртүүлээд сууж байх гутамшиг юм байна лээ. Хань нь больё. Одоо зогсохгүй бол ямар ирээдүй хүлээж байгааг ойлгосон. Хүүхдүүддээ сайн аав байж чадаагүй ч ач, зээ нартаа сайн өвөө баймаар байна гээд л явсан. Ер гарна гэж ярьдаггүй хүн юу болсон юм гэмээр л яваад өгсөн зардал мөнгий нь дүү нь гаргасан хөөрхий хүний төрсөн гэж цаанаа л амь нэг байх юм даа.
- Харин тийм ээ. Бадараа ахад баярлаад л байгаа би. Бид хэдийг нүүхээр та хэд яваад ир дээ. Цэцэгээгийн хашаанд ..
- Юун хашаа билээ. Цэцэгээгийнд үү?
- Тиймээ манай Цэцэгээгийнх хашаа байшинтай болж байгаа юм.
- Тэгээд нүүж очиж болох уу даа . Ах дүү нь дургүйцэх байлгүй.
- Харин ч Цэцэгээгийн хамаатан ах дүү нь ёстой сайн хүмүүс байдаг юм. Дургүйцэх айл байхгүй. Энэ жил ганц айлаараа буух юм. Тэгээд ч олон жаахан хүүхэдтэй болохоор хүүхэд харах хүн маш их хэрэгтэй . Би бас ажилдаа орно. Тэгэхээр та Энхцэцэгийг харна гэсэн үг шүү дээ, эмээ минь. Цэцэгээ баяртай байгаа манайхыг очиход...
Сүрэн сая л нэг санаа нь амарсан маягтай магнай нь тэнийн:
- Энхцэцэг гэнэ ээ. Та хоёрын өгсөн нэр үү. Сайхан нэр байна. Нээрээ л Энх, Цэцэг хоёрын хүүхэд дээ. Эмээ нь охиноо харалгүй яахав. Одоо ч аваад явчихмаар байна шүү. Би нээрээ чамаас асуух гээд. Охины аав гэж ямар хүн... Чи ямар надад юм ярих биш ...
- Энэ тухай дараа хэлнэ ээ ээж минь.
- Амьд мэнд ер нь байгаа юу .... л
- Байгаа байгаа, та чинь юу ярина вэ. Юу гэж үхсэн хүний хүүхэд төрүүлдэг юм.
- Одоо холбоотой байдаг юм болов уу ?
- Дараа тухтай ярина аа, ээжээ ... Та минь л бие сайн бодох хэрэгтэй шүү.
Ийн ээж охин хоёр ярилцах хооронд Хоролоо хөгшин халуун хоол хийн барьчихсан уур савсуулан орж ирэв.
5 – р хэсэг
Хоролоо хөгшин гадны хүмүүс рүү харан :
- За сайн байцгаана уу?
- Сайн сайн байна уу , та
- Та хэд зочидтой сууж байсан юм уу. Эгч нь жаахан юм хийчихлээ. Халуун дээр нь идэцгээ.
Энхриймаа инээмсэглэн "Миний ээж , дүү хоёр байгаа юм аа. Та хоол хийж яахнав дээ.Бид нар сая будаа агшаагаад одоо хоолоо хийх гэж байлаа".
- Өө тийм үү. Ээж нь гэхэд залуухан бүсгүй байна шүү дээ, аманай Энхриймаагийн ээж. Энэ охин дүү нь үү, тийм байна. Яг эгч юм аа.
- За юу гэх вэ эгч минь, эмээ болчихоод байна шүү дээ. Энхриймаа миний охин халуун дээр нь идчих шинэ махны шөл байгаа юм. Зочиддоо бас хийгээд өг. Ээ элээ минь гэж Энхцэцэгийнхээ давуунуудыг мартчихаж одоохон гэсээр Хоролоо гараад явав.
Золоо инээн :
- Энэ инээдтэй эмээ хэн бэ. Ямар түргэн ярьдаг яааруу хүн бэ?
- Хоролоо гэдэг юм. Манай хойд байшинд байдаг хөгшин, хөөрхий бид хоёрт их сайн.
- Өвгөн , эмгэн хоёр байдаг гэлүү?
- Өвгөн нь өнгөрөөд удаагүй байгаа юм. Бид хэдийг явчихаар гэж бодохоор өрөвдөөд байх юм. Хөөрхий минь ёстой сайн хүн шүү.
- Тийм байна аа. Танай хадам юм болуу гэж бодлоо шүүдээ . Миний охин нтр гээд л ...
- Хэ хэ чи нээрээ ажил хайж байгаа гэсэн юу болсон . Хичээлээ хаяна гэж ярьсан гэсэн үү? Та тэгэхгүй шүү ..
- Эгч минь дээ. Зоригт ахыг цаашлуулсан юм шүү дээ.
- Тэгсэн ч гэсэн дээ. Ийм юмаар тоглоом хийдэг юм уу? Би нэг ажилд гуйсан. Манай нэг найз байгаа юм. 24\24-өөр гарна. Өндөр зэрэглэлтэй ресторан шүү. Аяга,тавгийг нь хагалвал цалин багасана шүү. Тогтвортой ажиллаарай, эрхийн балай минь...
- За даа. Нээрээ ойрд эгчдээ эрхэлсэнгүй, алив нааш ир .....
- Яанаа энэ жаахан хүүхдүүдээс ичээч, өдий том болчихоод. Баянаа миний дүү шоолоорой энэ эгчийгээ ....алив цаашаа ээж энэ хүүхдээ аваа. Би охиноо авья, хүүе чи чинь хаашаа гараа хийгээд байгаа юм бэ ...
- Ямар том болчихоо вэ? хэхэ заза больё...
Сүрэн , Энхцэцэгийг тэвэрсээр ээжийнх нь өвөр дээр тавиад Золоо руу харан :
- Миний охин ч гэсэн нэг өдөр том мээмтэй болно доо. Энгэртээ сүүний үнэртэй магнайг нь үнэрлэх үртэй болдог нь бүсгүй хүн бүрийн заяа шүү дээ. За бид хоёр хөдлье дөө.
- Ээж хоол унд идээд яв. Та хоёр яарах юун Цэцэгээ ч ирэх дөхөж байна.
- Замаараа амжуулах ажил байгаа. Удахгүй ирнэ ээ ээж нь .. Сүрэн Энхриймаа зээ охин хоёроо үнсэн хаалга руу алхав...
Энхриймаа Бүрнээ ирснээс хойш сэтгэл зовниж байсан ч ээж, дүүтэйгээ уулзан бүх зовинолоо мартан үнэхээр сэтгэл нь тэнийн зүрхнээсээ инээмсэглэн мишээнэ. Баянмөнх зочдын цай уусан аяга , тавгийг угаан хогоо шүүрдэн гэрээ цэвэрлэнэ. Энхриймаа :
- Миний дүү орхио, дүү нь унтхаар эгч нь чийгтэй цэвэрлэгээ хийе.
- Зүгээрээ ээж хэлээ биз дээ. Таныг битгий урдуур ороод байгаарай гэж...
- Ээж нь гэхдээ байхгүй байна шүү дээ. Эгчийн дүү хойшоо орж зурагт үз дүүтэйгээ..
- Үгүй ээ, ээж танийг хийсэн миний хийсэн хоёрыг ялгана. Эгч бид хоёрын угаасан аягыг ялгадаг хүн шүү дээ .. болохгүй эгч минь...
- Сүрхий хүү шүү .. За за өөрөө мэд дээ. Энхриймаа ,Баянмөнхийг харан сүрхий золиг юмаа. Цэцэгээ хүүхдүүдээ яаж ингэж хүмүүжүүлсэн байна аа. Ёстой мундаг бүсгүй шүү, миний найз чинь ...... бодох зуур .. Хорлоо хөгшин Энхцэцэгийн даавуунуудыг оруулж ирэн:
- Зочид явчихсан юм уу.Охины давуунуудыг дэлгээд мартчихаж. Бохир даавуунуудаа наад баанандаа хийчиж бай.
- Явчихсаан . Одоо би өөрөө угааж байя аа. Тэгээд ч гам барих хугацаа дуусчихсан танд ажил удаад санаа зовоод байх юм.
- Зүгээр гэм, өдөржин заваас өөр юмгүй надад ажил биш .... Ээж нь их толиотой залуухан хүн юм байна шүү.
- Тийм байна уу. Өвчин тусаад харин царай дарчихаад байгаа юм. Бид хоёрыг эгч дүү нар гэдэг байсан юм хэхэ..
- Тийм байхаа, аргагүй адилхан хүмүүс байна. Өвчин тусаад гээд хөөрхий яаагаа вэ?
- Бөөрний дутагдалтай хааяа бас айлгах гээд байдаг юм. Өвдөж байгаагаа хэлэхгүй хэвтчихээр бид нар ч анзаарахгүй хүндрүүлчихсэн юм.
- Ээ хөөрхий амьтан эх хүн гэдэг агуу шүү. Миний муу ээж эмнэлэгт ч очоогүй өнгөрсөн юм. Дээр үед ямар ийм сайхан байсан ч биш дээ. Эмнэлэг элбэг мөнгө л байвал үхлээс харамлаад үлдээдэг цаг болж дээ. Энэ үе шиг эмнэлэг элбэг байсан бол муу ижий минь тийм амар явахгүй л байсан байх. Дараа нь харамсдаг юм байна лээ шүү охин минь. Ижийнхээ дэргэд байх ямар сайхан байгаа вэ?.
Энхриймаа , Хоролоо хөгшний санаа алдахыг хараад ижийгээ ямар их санадаг болохыг ойлгов. Хэдий нас өндөр болсон ч ижийгээ гэсэн сэтгэл нь он цаг улирсан ч яг л хэвээр байдаг юм гэдгийг Хоролоо хөгшин Энхриймаагийн зүрхэнд хүртэл ойлгуулсан байлаа.
Үргэлжлэл бий....
Хард Билгүүн
Өмнөх нь
Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060
Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071
Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/https://www.24tsag.mn/a/184097
Зүрх сэтгэл-II /4-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184146
Зүрх сэтгэл-II /5-р хэсэг https://www.24tsag.mn/a/184164
Зүрх сэтгэл-II /6-р хэсэг https://www.24tsag.mn/a/184203
Сэтгэгдэл (15)