УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг ирэх сарын 17-нд товлон хуралдуулахаар болсон. Энэ хүрээнд:
1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
8. “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтоосон байна гэжээ.
УИХ-ын даргын онцолсноор ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь банкны зээлийн хүү байх бололтой.
Худалдаа хөгжлийн банкны Хүндэт Ерөнхийлөгч Б.Мэдрээ
Арилжааны банкны зээлийн хүү үндсэндээ дөрвөн хүчин зүйлээс хамаардаг. 1 - рт, хүүгийн зардлаа тооцдог. Үүнд, хадгаламж эзэмшигчдэд тооцож буй хүүгийн зардлаас гадна харилцагчид тооцож буй хүүгийн зардал багтана. Мөн арилжааны банкууд дулаан, цахилгааны мөнгө, тоног төхөөрөмж, түрээс, цалин зэрэг үйл ажиллагааны зардлаа нэмнэ. Үүнээс гадна, эрсдэлийн нэмэгдэл гэж бий. Зээл авсан иргэн зээлээ бүрэн төлөхгүй байх явдал дэлхийн аль ч банкинд тохиолддог. Тиймээс арилжааны банк эрсдэлийн сан байгуулдаг. Эцэст нь, цэвэр ашгийг нэмснээр зээлийн хүү тогтдог учиртай.
1990-ээд оны эхээр инфляц 300 гаруй хувь, зээлийн сарын хүү 25 гаруй хувьтай байсан. Үүнийг бууруулахаар банкууд л ажилласаар 1998 онд төгрөгийн зээлийн хүү жилийн 45.8, валютын зээлийн хүү жилийн 34.2 хувьтай болгож байсныг тайлан баримтаас харж болно. Энэ үед хууль гараагүй, төр ч дэмжээгүй, банкуудыг ч шахаагүй. Харин банкууд өөрсдөө л зээлийн хүүг бууруулсаар өдгөө 2019 оны 2 - р улирлын байдлаар төгрөгийн зээлийн хүү жилийн 17.0, валютынх 10.3 хувьтай байгааг Төв банкны тайлангаас харж болно.
2008 оноос валютын хадгаламжийн статистикийг тооцож эхлэхэд төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13.6, валютын хадгаламжийнх 7.4 хувьтай байсан. 2019 оны 3 - р сарын 31 - ний байдлаар төгрөгийн хадгаламжийн хүү 13.5, валютынх 4.2 хувьд хүрээд байна. Эдгээрээс харилцах хадгаламж эзэмшигчдэдээ төлдөг хүү нь банкуудын нийт зардлын 60 орчим хувийг бүрдүүлдэг хамгийн том зардал юм.
Санхүүгийн систем хөрөнгийн зах зээл, даатгал, банк гэсэн гурван тулгууртай ч сүүлийн 30 орчим жил ачааны хүндийг зөвхөн Монголын арилжааны банкууд үүрч ирлээ. Монгол Улсад таван субьект зээл олгох эрхтэй. Иргэний хуулиар Иргэд1 хоорондоо зээл олгох эрхтэй бол байгууллагын түвшинд Арилжааны банк2, Хадгаламж зээлийн хоршоо3, Банк бус санхүүгийн байгууллага4, Ломбард5 зээлийн үйлчилгээ үзүүлж болно.
Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.0 (17.0 – 30.0%) хувьтай байгааг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 2 – р улирлын тайлангаар Хадгаламж зээлийн хоршооны жигнэсэн дундаж зээлийн хүү жилийн 34.8 (30,0 – 40%), Банк бус санхүүгийн байгууллагынх 37.2 (24.0 - 40.0%), Ломбардынх 42.0 (36.0 – 60.0) хувьтай байна. Албан мэдээлэлд үндэслэн тооцоход санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагын зээлийн хүүгийн жигнэсэн дундаж 32.7 хувьтай тэнцэж байна. Зээл олгодог таван субъектээс хамгийн бага 17.% хувийг “муу нэртэй, луу данстай” банкууд санал болгож байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
Хүүг бид санаанаасаа зохиогоод тавьдаггүй. Хүү яаж тогтож байгааг маш товчхон хэлье. Төгрөг гэдэг өөрөө нэг бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүний үнэ цэнэ нь зээлийн хүү. Бараа бүтээгдэхүүний үнэтэй адилхан. Монголд яагаад хүү өндөр байгааг макро зургаар харвал, манай улсын зээлжих зэрэглэл маш бага буюу Moody’s CAA1, Fitch B- тэй байна.
Микро түвшинд банкууд зээлийн хүүгээ хэрхэн тогтоодог вэ гэхээр дийлэнх банкуууд дотоодын хадгаламжийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Дундаж хадгаламжийн хүү 14 хувь гэж бодъё. Үүн дээр үйл ажиллагааны зардал 1.5-2 хувийг нэмлээ, Монголбанканд заавал байршуулах ёстой нөөц гэж бий. Түүний 1 хувь. Дээрээс нь өмнө ярьсанчлан эрсдлийн сангийн зардал нэмэгдэнэ. Ингэж явсаар зээлийн хүү 16-18 хувиар тогтдог доо.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Манайд зээлийн хүү буурах нь банкны салбарын шинэчлэлийг яаж хийхээс шалтгаална. Зээлийн хүү буурах нь хадгаламжийн хүүгийн түвшин буюу эх үүсвэрийн зардал, инфляц, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, эдийн засгийн эрсдэл, банкны үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэл гэх мэт макро, микро олон хүчин зүйлүүдтэй шууд холбоотой. Банкны зээлийн дундаж хүү жилийн 16.5 хувь гэж үзвэл 10.8 хувь буюу 65 хувийг нь хадгаламж болон харилцахын хүү, бусдад өгөх өглөгийн хүүнд төлж байна. Иймд эх үүсвэрийн зардлыг багасгах нь зээлийн хүүг бууруулах бодит боломжийг бий болгоно.
Банкуудад эх үүсвэрийн зардлаа бууруулах боломжийг олгох зорилгоор харилцах дансанд хүү тооцохгүй байх зохицуулалтыг холбогдох хуулинд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ зохицуулалтыг хийснээр банкуудын харилцахын хүүний зардлын хэмнэлтээр төгрөгийн зээлийн жилийн хүүг нэг орчим хувиар бууруулах боломж бүрдэнэ. Банкууд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, орон тоог оновчтой болгох замаар зардлаа бууруулах боломж байна. Энэ мэт маш их асуудлыг ярьж болох юм.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
Зээлийн хүүг бууруулах асуудал үеийн үед төрийн бодлогуудын гол зүйл нь байсаар ирсэн. Тэр дундаа хэрэглэгчдийн зүгээс байнгын хүлээлтэд байдаг том сэдвийн нэг шүү дээ. Зээлийн хүү гэдэг манай улсын эдийн засгийн төлөв ямар байгаагийн тусгал. Энгийнээр хэлбэл, халууны шилэнд гарч ирж байгаа заалт гэж ойлгож болно. Эдийн засаг өөрөө асуудалтай байх юм бол санхүүгийн зуучлалын өртөг өндөр байна гэсэн үг.
Зээлийн хүүг бууруулах гэж захиргааны арга хэмжээ авъя, эсвэл хадгаламжийн хүүг бууруулъя гэдэг. Үйл ажиллагааны зардлыг нь бууруулъя. Банкны эзэд ашгаасаа тодорхой хэмжээнд татгалзаж, зээлийн хүүг бууруулах боломжтой гэх мэт янз бүрийн гарц гаргалгааг хэлдэг. Эдгээр зүйлс бодит шалтгаанууд мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ нь зээлийн хүүг дорвитой бууруулах суурь шалтгаанууд болж чадахгүй. Зээлийн хүү огт буурахгүй гэж би хэлээгүй. 1990, 2000, 2010 оныг харьцуулбал зээлийн хүү тодорхой хэмжээнд буурсаар ирсэн. Цаашид ч аажим аажмаар буух төлөвтэй байна. Зээлийн хүүг буулгах ёстой хамгийн том шалтгаан нь макро тэнцвэр шүү дээ. Бид уул уурхайгаас хамааралтай эмзэг эдийн засагтай. Гадаад худалдаа нь хоёр хөршөөсөө хамааралтай. Манай улсын зээлжих зэрэглэл ямар түвшинд байгаа билээ. Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө зээлэхэд сарын 5-7 хувийн хүүтэй байна. Банкууд олон улсын санхүүгийн зах зээлээс сарын 8-9 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж байгаа. Үүнийг нь эрсдэлийн түвшин болон төгрөг рүү хөврүүлэх зардлыг нэмбэл гадаад зах зээлээс банкууд сарын 12 хувийн хүүтэй эх үүсвэр татаж байна гэсэн үг.
Энэ нь улсын эдийн засаг болон зээлжих зэрэглэлд олон улсын зах зээлээс өгсөн үнэлгээ. Ийм л эх үүсвэр бидэнд олдож байгаа. Дотооддоо шингэхдээ ямар хүүтэй байх нь ойлгомжтой шүү дээ. Төр өөрөө санхүүгийн тогтвортой байдал, макро тэнцвэрээ хангасны дараагаар инфляциа таван хувиас доош барьчихаад, захиргаадалтын арга хэмжээ авах ёстой юм. Төр үүргээ биелүүлж суурь өртгийг багасгаж, инфляцийг бууруулж, зээлжих зэрэглэлээ сайжруулна. Дараа нь хэт их ашгийн төлөө зээлийн хүүг өндөр байлгах ёсгүй, зээлийн хүүг нэг хувьд байлгах ёстой гэж шаардах хэрэгтэй. Ийм байдлаар шат дараатай захиргааны арга хэмжээ болон макро бодлого явуулах ёстой юм. Төр санхүүгийн өртгийг доороос нь өндөр болгочихоод, дээрээс нь зээлийн хүүг бага байлгаж барих ёстой гэвэл санхүүгийн бүтцээ эргэж нураах эрсдэлтэй.
С.Сүлд
Сэтгэгдэл (7)