Үргэлжлэл нь...
26-р хэсэг
Должин эмгэний сэтгэл онгойсон бололтой Саруул руу харан:
- За миний хүү буцацгаая даа гээд хацар дагасан нулимсыг нь арчаад духан дээр нь үнсэн:
- Эвий минь гээд машин зүг алхав. Ингээд бүгд машин, мотоциклоо асааж хѳдѳлцгѳѳв. Тэднийг эргэн явах замд тэнгэр цэлмэг хэдий ч хэсэг бөөгнөрсөн үүлнээс бороо шиврэв. Должин эрхээ эргүүлэн “Сэмжид минь бид хоёрыг харжээ. Хөөрхий минь хүлээгээд байсан байж шүү дээ” гэв. Саруул машин жолоодон явах хэдий ч зөөлѳн гунигтай хэрнээ ээжтэйгээ уулзсандаа сэтгэл нь өег байлаа. Ийнхүү гэрт ирвэл багын найз Багахүү ирчихсэн байв. Багахүү Саруулыг тэврэн өргөөд:
- Миний найз ирэхгүй ямар их удав аа. Нилээн жин нэмжээ. Нэг барилдмаар санагдаад байх чинь. Нэг үзчих үү гэвэл:
- За боль доо чамайг яаж давах вэ. Чи чинь сумын цол авсан гээ биздээ хэмээн инээмсэглээд “Баярлалаа, найздаа. Муу байшин минь танигдахын аргагүй болжээ” гэв. Багахүү “Зүгээр дээ, харин ч бүр гоё болгох байсан юм. Чи Нарааг мэднэ дээ. Залхуураад кино үзээд суучихдаг юм. Би бүр сүүлдээ бухан Ганаа, хар Эрдэнээтэй нийлж хийсэн” гэв. Ингэж хоёр найз уулзан ярилцах зүйл мэдээж дуусашгүй. Сампил машинаа асаан хоёр хүүхэд суугаарай. Хэдүүлээ Должин эгчийнхээ гэрийг авч ирье гээд хөдлөв. Удалгүй ч гэрээ ачаалсаар ирээд гэрээ барьцгаан Должин эмгэн галаа асаан цай чанав. Должин:
- Яасан сайхан юм бэ. Наддаа бол орд харш л юм даа гээд энэ Пунцагийнхаа ажлыг баахан алдуулчихлаа гээд харвал Пунцаг :
-Зүгээр дээ. Ерөөлт эмч байгаа. Харин ч гэрээ хурдан барилаа гэв. Сампил Саруул Багахүү хоёр руу харан:
- Та хоёр Нараатайгаа уулзах гээд л шивнэлдээд байна уу? Миний машинтай яваарай. Хашаанд байгаа хэдэн шургааг банзнуудыг ачаад яв. Би хоёр хоногоос очноо. Хашаагаа томруулахгүй бол болохгүй нь гэвэл Багахүү Саруулын чихэнд:
- Хонин сүрэг нь хотондоо багтахгүй, хашаандаа хашихаар хагас нь л орно тэгэхээс яахав гээд жуумалзвал Саруул:
- За дэмий юм яриад бай. Чи бүр хүн шоолох гэж төрсөн байхаа гээд инээмсэглэв. Цай ч болж бүгд цайлж дуусаад гарцгаав. Саруул Должин эмгэнд:
- Би Нараа дээрээ очлоо. Хэд хонох байх даа гэвэл Должин:
- Тэг дээ. Миний хүү хамаагүй машин. Морьтой давхив гэж захиад би алзахгүй ээ юунд нь санаа зовох вэ? маргаашнаас нутгийн найз нартайгаа уулзаад уйдахгүй би гээд инээмсэглэв. Саруул Должин эмгэний инээмсэглэлийг их цөөхөн хардаг хэдий ч нутагтаа ирснээс хойш харин байнга нүүрэндээ мишээлтэй байх болсонд баяртай байв. Саруул Багахүү хоёр хэлсэн бүгдийг ачиж дуусгаад болов. Сампил зам зааж өгөөд:
- Аяар яваарай, хүүхдүүд ээ гэв. Саруул жолоо барин Нараагийнх руу хѳдѳлцгѳѳв. Замдаа Багахүү ам хуурайгүй бүх сонин сайхнаа хамж ярина. Саруул ч сонирхолтой нь аргагүй яриулна. Нилээн явсны эцэст сая нэг Нараагийн зуслангийн барааг харав. Саруул машинаа зогсоон гадагш гаран саравчлан харна.
Бараа нь зэргэлээтэх танан цагаан гэрүүд
Тэнгэрт мацах хѳх суунаг утаа
Тал дүүрэн бэлчих таван эрдэнийн сүрэг
Тэнгэрийн хаяа дэрлэх цэнхэр цэнхэр уулсаа
харан ѳѳрийн эрхгүй самсаа шархирна. Багахүү:
- Нараагийнх тэр хамгийн баруун талын хоёр гэр бас морь уячхаж ээ. Нараа түрүү жил сумаас нэг айраг аваад бѳѳн баяр. Намайг дагуулж баахан явсан. Хэн мэдхэв, морь нь сайн болоод л явсан байх. Нараагийн уях гэж би итгэдэггүй юм гээд инээв. Саруул:
- Чи нээрээ Нарааг цаашлуулдаг яг хэвээрээ шүү. Та хоёр хэзээний ийм хоёр доо. Нэгнээ муулаад ч байгаа юм шиг эсвэл, нэг их сайн хүн болоод магтана гээд инээн “За за явцгаая” гээд хѳдлѳв. Явсаар Нараагийн гадаа ирэв. Нараа гэрээс гарч ирэн Саруулыг хараад:
- Хүүе, Энэ чинь миний найз уу даа гээд түргэн түргэн алхан ирэээд Саруулыг тэврэв. Багахүү машинаас буун:
- За сайн уу. Чи чинь юун баахан морь барьчхаав дээ бас. Олигтой уяарай даа. Сүүлдэж онигоо болов гээд инээв. Нараа:
- Сайн сайн Саруулаа, Энэ нэг сумын начин болсон ухаантай. Тэрнээс хойш их үг хэлдэг болчхоод байгаа юм. Ядаж аймгийн цол авсан бол яахав, тэ гээд инээв. Саруул:
- Хоёр найзтайгаа уулзаад бүүр хѳѳрчихлѳѳ. Сайхан байна. Баярлалаа, та хоёртоо гэв. Ийн гэрт орцгоон элдвийг ярилцан инээлдэнэ. Нараа:
- Би ч аав ээж, тѳв хѳдѳѳгийн хооронд явдаг болсоон. Аав маань нэг унаж ойчоод бүр сандаргасан шүү гээд “Би яахав, тэгээд хэдэн малаа хараад л сууж байна даа” гэвэл Багахүү цаанаас хараад:
- Гэчихэж ээ, хажуу айл чинь энэний туслах малчин айл. Хүн зараад л амар болсон наад чинь гэвэл Нараа:
- За чи дут. Энэ бүүр дандаа үг ѳддѳг хэвээрээ. Хааяа мань хоёр барилцаад авчихдаг гэж байгаа гээд инээн:
- Энэ айлын ахтай дээр адуунд явж байгаад танилцсан юм. Ядарч яваа юм, хѳѳрхий. Сая би тав арван юм тасдаж ѳгсѳн. Хүүхдүүд нь ч сургуульд яваад бие биендээ дэмтэй л байгаа. Хонь л хариулдаг юм даа. Би яахав, адуу, үхрээ харчихна болоод байгаа гэв. Саруул Нарааг магтаад Багахүү рүү харан:
- Битгий ингэж бай, миний найз гэвэл Багахүү
- За юу гэж дээ. Тоглоод л хэлж байхгүй юу даа. Үнэн голоосоо юу гэж ингэж бодох вэ дээ гэв. Саруул:
- Нараа минь одоо эхнэр л авах болж дээ. Хоол унд гээд хэцүү биз гэхэд:
- За тэр яах вэ, болно биз дээ. Тѳѳргѳѳрѳѳ гэв. Саруул гаднаас цүнхээ оруулж ирэн чихэр, боов гарган ширээн дээр тавиад Нараа руу харан:
- Чамд авсан юм гээд хоёр нүдний дуран ѳгѳв. Нараа баярлан:
- Өѳ. За, чи ч том бэлэг ѳглѳѳ дѳѳ. Яаж хариу барина даа гэвэл Саруул:
- Чамд харин баярласан шүү. Өвѳл идэш явуулсан байна лээ. Байшинг минь ч сайхан засчээ. Харин ч наад чинь багадна гэв. Нараа инээмсэглэн:
- Энэ Багахүү уйллаа, хараа гэвэл Саруул:
- Үүнийг чамд гээд монгол гутал гарган ѳгѳѳд:
- Чи ч барилдах хоббитой. Өѳрѳѳ ч дуртай л даа. Тэгээд найз нь авсан юм. Харин барилдаж байгаа чинь сайн хэрэг гээд За, яахав. Тэгж байгаад начинтай нэг үзнэ ээ гэв. Багахүү мѳн л баярлан:
- Энэ жил цол ахих юм шиг болоод цээжинд багтаад ирэх чинь вэ гээд мишээнэ. Саруул цүнхний ёроолоос нэг шил виски авч ширээн дээр тавиад:
- Хоёр найзтайгаа найрлана аа, ѳнѳѳдѳр гэвэл Нараа, Багахүү хоёр:
- Энэ одоо юу вэ. Яасан сүртэй шилтэй юм бэ дээ. Бид хоёр хааяа найрлана аа, бүр хэд хоног найрлачихдаг хоёр доо гэв. Юм ярьсаар цаг ч орой болж мал ч хотлов. Нараа боов, чихэр аваад:
- Хажуу айлдаа оруулж ѳгье дѳѳ. Би идэхгүй хатаачихна. Хайран юм, хүүхдүүдэд ѳгчхѳѳд ирье гээд гарав. Энэ хооронд өнѳѳх хатуу юмнаасаа бүгд хэд хэд татсан учир үг нь ч ивлээд ирлээ. Нараа малчин ахыгаа дагуулан орж ирээд Саруулыг танилцуулан магтана. Ийн найзууд энэ шѳнѳ бие биендээ сэтгэлээ уудалж уйлахдаа уйлж дуулахдаа дуулж ѳнгѳрѳѳсѳн, санасан сэтгэл байлаа. Ийнхүү ѳдѳр хоног ѳнгѳрсѳѳр сумын наадам дѳхжээ. Саруул тѳв, хѳдѳѳ хоёрын хооронд хүнс болон хэрэгтэй юмсыг зѳѳдѳг болж Нараад туслан завгүй ѳдрүүд ѳнгѳрсѳѳр...
Саруул ѳглѳѳ эртлэн босч Нарааг сэрээнэ. Нараа нойроо харамлан “Яасан бэ” гэвэл:
- Маргааш наадам эхлэх гэж байхад догдлохгүй байна уу. Өнѳѳдѳр морьдоосоо эрт хѳлс авна гэсэн яасан. Чи ч нээрээ морь уях гэж амьтан зовоочих юм аа гэв. Нараа хѳнжилнѳѳсѳѳ цухуйн:
- За за бослоо. Чамайг ирснээс хойш ѳглѳѳ ч унтаж чадахаа байлаа гээд ѳндийв. Хоёул цайлж дуусаад гарцгаав. Мѳн Нараагийн эгчийн хүү Амгалан цуг алхана. Нараа уяан дээр очин:
- Үгүй чи хэзээ морьдоо барьчаав гэвэл Саруул чамайг унтаж байх хойгуур. Чи нээрээ уяач хүн мѳн үү. Багахүүгийн хэлдэг ортой л юм байна гэв. Нараа:
- Та хоёр малаас хѳндий хүмүүс. Юугаа мэдхэв. Харин энэ жил миний бага нас л давхина даа гэв. Саруул цавдир азаргаа нэмнэж, эмээл тохоод ѳѳрѳѳ мордоод “Миний найдвар энэ дээ. Холын зайнд нэхдэг л адуу байна лээ” гэвэл Нараа:
- Чи л ѳѳрѳѳ мэд дээ гээд эргэн алхав. Саруул ташуур ѳгѳн хээр талаар цогиулан довтолгоно. Хэсэг хугацааны дараа эргэн ирж мориноосоо буун нэмнээгээ задлан хѳлсийг нь хусуураар хусан:
- Нараа гараад ирээ. Чи нэг хар даа, яаж байна гэвэл Нараа гэрээс гарч ирэн дѳхѳж ирээд:
- Өнѳѳдѳр хоолыг нь тааруулчихвал маргааш чиний аз байвал давхина даа гэв. Саруул инээмсэглэн:
- Амгалан минь сонсож байна уу. Чи л хамгийн чухал хүн шүү дээ. Унаач хүүхдийн ухаан гэж бас бий шүү гэнэ. Ийн үд болохын алдад Сампил мөн Хишгээ ирэв. Сампил гэрт орон:
- За, хүүхдүүд Сайн байцгаана уу. Морьдыг чинь харах гэж ирлээ дээ. Одоо тѳв рүү хѳдлѳх гэж байна уу гэвэл Нараа:
- Тийм ээ, дѳхѳж хононо оо, аав гэв. Сампил гэрээс гарч морьдын уяа руу очиж хэсэг харж харж байснаа эргээд ирэв. Сампил:
- За, Нараа минь их нас, шүдлэн хоёроо тавчихаа. Энэ жил уралдахгүй нь. Их нас чинь бүр болоогүй байна. Хээр шүдлэн чинь ѳнгѳ ч засаагүй байна шүү гэв. /Сампил бол морь уях гэдэггүй ч моринд сүрхий гярхай хүн билээ/ Саруул инээмсэглэн:
- Би хэлээ биз дээ. Сунгаанд яалаа гэтэл Нараа Саруул руу нүдээ ирмээд:
- За, аав аа гэв. Ийн мордоход бэлдээд гэрт орцгоож дээл хувцсаа ѳмсѳнѳ. Хишгээ баадантай зүйл задлан Саруулд хандан:
- Май үүнийг ѳмсѳѳд үз миний дүү. Должин эгч бид хоёр хийсэн юм гээд цэнхэр ѳнгѳѳр ѳнгѳлсѳн тэрлэг ѳгѳѳд Нараагийн дээлнүүд амьтан хүнд нүдлэгдчихсэн яаж хүний юм ѳмсѳж болох вэ гэв. Саруул маш их баярлан ѳмсѳж үзээд:
- Ямар гоё юм бэ. Баярлалаа эгч минь гэнэ. Нараа мѳн инээмсэглэн:
- Миний найз ч гараад ѳглѳѳ дѳѳ. Найзынхаа энэ малгайг духдчих гэнгүүтээ “Аав ташуураа Саруулдаа бариулчаач” гэвэл Сампил инээмсэглэн мѳнгѳн тоногтой эмээл хазаараа зааж:
- Тэр иж бүрнээрээ байхад ганц ташуураар яахав. Ах нь моринд мордож гоёхоо байгаад удаж байна. Миний дүү ирэхээрээ гоёж бай гээд Саруул руу харав. Нараа:
- Өѳ, за за. Саруул ч бүр гангарах юм байна л даа. Амгалан миний дүү ѳнѳѳдѳр аав, ээжтэй тѳв орж сайхан амар. Маргааш сэргэлэн цовоо босоод ир. Жилийн ажлыг минь чи л мэднэ шүү дээ гэвэл Хишгээ:
- Хүүхэд загнаад ороолгосон сураг байсан. Сайхан мэдээрэй, чи гэв. Нараа:
- Хүүхэд байхад аавд тэр байтугай л ороолгуулж явлаа. Зүгээр хатуужилтай хүн болгож байгаа юм. Аав ээж нь эрхлүүлсэн нялцгай хүүхдийг нь харин ч би эр хүн болгож байна гэвэл Сампил хѳхрѳн:
- Энэ надад гомддог юм байна л даа. Харин бага байхдаа хэн ээжийнхээ хормойн дор нуугддаг байсан бол доо гэв. Ийн хоол цай идэж дуусаад Нараа Саруул хоёр морьдоо хѳтлѳн сумын тѳв рүү гэлдрэв. Орой ч болж хоёул тѳв рүү ойртон морьдоо аргамжиж чѳдѳрлѳѳд богцоо задлан дэвсгэр дэвсэн эмээлээ дэрлэн дээлээ нѳмрѳн хэвтэцгээв .
27-р хэсэг
Саруул:
- Хээр талдаа ингэж хэвтээгүй яасан их удаа вэ? Хоёул бага байхдаа ахыг чинь дагаад ингээ л явдагсан. Олон ч наадам, олон ч айраг түрүү авсан даа гэвэл Нараа:
- Муу ах минь надад их юм зааж сургасан даа. Даана ч тэнгэрт арай эрт заларсан даа гээд нулимсаа нуун “За унтъя, цавдир азрага, даага хоёроо үүр цайхаас ѳмнѳ барьж уяна шүү .Хоол нь ихдвэл бидний ажил талаар болно” гэв. Маргааш ѳглѳѳ болж хоёул босон морьдоо эмээллэн хѳдлѳв. Нараа:
- Би нам унтаж орхиж. Чи харин нэг сэрсэн морьдоо барьчхсан байх юм. Сэргэг юм аа гэв. Ийн сумын тѳв хѳл хѳдѳлгѳѳнтэй наадам болж буйг илтгэнэ. Саруул азаргаа эмээллэн Амгаланг мордуулж:
- За дүү минь, Нараа ахынхаа захисныг мартав гээд явуулав. Багахүү мотоциклтэй давхиж ирэн:
- За хоёр уяач. Сайхан хонов уу. Энэ Саруулыг хар даа. Дээл, эмээл, хазаар, ташуур гээд байна аа, байна гээд барилдана шүү. Би чамайг бүртгүүлчихсэн. Олигтой хүн ч алга. Би гурвын даваанд чамайг авчихъя гэвэл Нараа инээн:
- Энэ бүр улсын цолтой хүн шиг юм ярих юм аа гэв. Саруул:
- Би барилдахгүй ээ, ѳмсгѳлч байхгүй. Тэглээ ч барилдалгүй удаж гэвэл Нараа:
- Наадхаасаа айх юун. Нэг үзчихээч. Должин эгч баярлана даа. Муу аав чинь залуудаа барилдаж л явсан гэлцдэг юм даа гэв. Багахүү:
- Миний хуучин гутал, зодог байгаа. Айлтгүй ээ, эр хүн байна даа гэв. Ийн нэгийн даваа эхэлж Саруул зодог шуудаг ѳмсѳн дэвэн гарав. Нэгийн даваанд жаахан 10 жилийн хүүтэй таарсан тул тѳвѳггүй даван туг тойрон дэвнэ. Асар дээр ирвэл Должин эмгэн нулимсаа арчин:
- Миний хүү чинь барилдаж байгаа юм уу гээд үнсэв. Багахүү :
-За гурав руу очих ч ѳнгѳрлѳѳ л дѳѳ. Чамайг сумын заан Гочоо ах амлаж гэнэ. Их эвгүй барилддаг хүн. Зайнаас л барилдана шүү гэв. Хоёрын даваа эхэлж Саруул дэвэн гарав. Гочоо заан Саруул руу харан:
- Чи харин бие хаа тэгш сайхан бяр суусан харагдаад ах нь авчихлаа. Сайхан барилдъя гээд дайрав. Саруул ухарсаар байв. Гочоо заан Саруулыг ухрах тусам шунан дайрна. Саруул ухарч ухарч гишгэгдлийг нь тааруулан ганц хавирахад Гочоо дѳрвѳн хѳллѳв. Саруул ард нь ухасхийн гаран дээшээ ѳргѳн газар буулгав. Гочоо ѳвдѳглѳн гараа хавсран цохиод тахимаа ѳгѳн үнсээд:
- Сайн барилдаарай, миний дүү гэв. Саруул туг тойрон дэвээд ирвэл Багахүү инээмсэглэн:
- Чи сая яачив. Дархан хавираагаа хийчхэв үү. Одоо гурвын даваан дээр би авчихъя гэвэл Саруул:
- Чи ѳѳрѳѳ цааш барилдахаа бод оо. Миний хуруу нэг л эвгүй болчихлоо гэв. Багахүү:
- Наадмын дэвжээн дээр шудрага барилдана шүү. Би чамд ѳгѳх гээгүй. Амьтан хүний нүдэн дээр барилдах амттай бус уу, нэг үзчихье. Арван жил бараагүй хүнтэйгээ даагаа нэхэх нь зүйн хэрэг биз гээд инээв. Нараа:
- Чи яаж зѳѳлхѳн унахаа л бод. Энэ бүр улсын цол авбал яанаа. Онгироо золиг гэв. Наадамд цугласан олон “Азарга ирлээ” гэцгээв. Саруул Нараа хоёр ухасхийн барианы зурхай руу мордов. Нараа дурандан:
- За даа, ѳнгѳнд нэг хээр азарга явна. Манай цавдир харагдахгүй л байна даа гэвэл Саруул дуран шүүрэн:
- Алив би харъя. Тэр тэгэхгүй хаачих вэ. Манай цавдир долоо дээр явна. Амгалан минь одоо шүү дээ гээд шивнэв. Ийн барианы зурхай дѳхөхѳд цавдир азрага дөрөв дээр гараад ирэв. Нараа ѳндѳлзѳн:
- Саруулаа!, Тэр хараа. Манай цавдир гээд тосох гээд ухасхийв. Зурхай руу орохдоо цавдир азрага гуравдугаарт орж ирэв. Саруул магнайгаа хагартал баярлан давхин очин Амгаланг үнсэн:
- Миний дүү мундаг байлаа. Сайн байна, ухаантай хүү гээд магтана. Нараа азарганыхаа хѳлсийг хусч дуугарах ч сѳхѳѳгүй баярлана. Сампил ирэн азарганаасаа хѳлс авч, магнайг нь илээд:
- Буурлын буян минь. Биднийгээ ингэж баярлуулах гэж гээд инээмсэглэн зогсоно. Багахүү ирж баяр хүргээд гурвын даваа эхэллээ нэр дуудаад байна гэв. Саруул наадмын талбай руу явав. Гурвын даваанд харин Багахүүгийн дээр эрэмбэтэй хүн Саруулыг авчихаж. Багахүү уурлан:
- Энэ муу одоо хэн бэ. Миний найз наадахтайгаа сайхан золгоорой. Айх юмгүй, зайлчих гээд л байдаг юм. Өѳр юмгүй наад чинь гэв. Саруул ч дотроо бухимдан найзтайгаа барилдах хүслийг үгүй хийсэнд нь огшоод ирэв. Ийн барилдаан эхэлж Саруул шууд л золгоод авав. Үнэхээр ч хѳдѳлгѳѳнтэй залуу байв. Юу л бол юу хийчих гээд их эвгүй байв. Саруул ямарч байсан задгайгаас болохгүйг мэдэв. Саруул дотроо хѳл л цѳмѳрвѳл гэж бодон хүлээнэ. Удаан золгож барилдаад хоёул нэлээд цуцжээ. Багахүү учраа бѳхѳѳ арай хийн орхин нилээн ядарсан бололтой дэвж харагдав. Саруул эмчид хуруугаа үзүүлж хэсэг амраад дахин золгов. Учраа бѳх яарсан уу, эсвэл ядарсан уу Саруулыг хавирах гээд хѳлѳѳ наав. Саруул энэ агшныг л хүлээж байсан тул хѳлийг нь авангуут тэр чигтээ дайран давав. Багахүү баярлан шүгэлдэнэ. Ийн наадмын эхний ѳдѳр дуусав. Маргааш нь болж дөрвийн даваа эхлэв . Шѳвгийн найман бѳх үлдэж ээ. Багахүү Саруулыг аван:
- За сайхан барилдъя, хоёулаа гэв. Саруул гаран Багахүүтэй нилээн ноцолдов. Хоёул золгоод бие биенээ хүлээнэ. Саруул ганцхан суганд нь сэжин дайрахад Багахүү зайлчихав. Саруул босон тахимаа ѳгѳѳд инээмсэглэв. Багахүү ч инээмсэглэн туг тойрон дэвэв. Нараа Саруулыг асарт ирэхэд
- Өгчив үү. Чи ч тэгнэ л дээ. Зайлахыг нь мэдсээр байж гээд уурлах аядан хэлэв. Саруул инээмсэглэн:
- Үнэхээр бяраар дутуу юм чинь яахав дээ гэв. Ийн Багахүү түрүүлж сумын заан болж, цавдир азрага нь гуравт орон айрагдсан наадам дуусав. Нараа Багахүү Саруул 3 оройдоо найрлан сууна. Багахүү халамцан:
- Миний найз надад ѳгчихсѳн юм. Би мэднэ ээ. Чи их бяр суужээ. Хотод юу хийсэн бэ. Сайхан залуу болжээ. Цэцэгмаа гээд манай доод ангийн охин чамайг асуугаад л байна лээ. Должин эгчтэй наалдаад л гээд инээв. Нараа:
- Саруулын минь уясан цавдир айрагдлаа. Миний уясан давхисангүй шүү гэнэ. Ийн гурван найз инээлдэн найрлацгаав.
Саруулын энэ зуны амралт харвасан сум шиг л ѳнгѳрѳв. Нутаг орон, найз нѳхдийнхѳѳ хажууд болохоор хурдан санагдах нь ч дамжиггүй. Саруул ѳнѳѳдѳр Улаанбаатар буцахдаа бэлтгэж буй нь энэ. Нараа Саруулын ачаа барааг янзлангаа:
- Чамайг явна гэхээр гунигтай л байна. Дараа жил ирээрэй дээ, чи минь гэв.Саруул нүдээ ирмээд:
- Тэгэлгүй яахав дээ, чамд баярлалаа сургалтын тѳлбѳрийг минь тѳлж байгаад маш их баярлалаа гэвэл Нараа:
-Зунжин морь, машин дээр давхиулж хурууны үзүүртээ муу найзыгаа зѳндѳѳ зарлаа. Хөлсөнд нь юм ѳгѳх нь зүйн хэрэг. Тэгээд ч чи миний найз шүү дээ гээд инээмсэглэн Өѳр мѳнгѳ хэрэгтэй бол хэлээрэй. Санаа зоволтгүй шүү, чи минь гэнэ. Багахүү ч удалгүй ирж:
-За явахдаа бэлдээд байна уу. Нэг даагаа нэхчих юм уу гэснээ найз нь удахгүй очно оо. Хот орж эхнэр авна аа гэж жуумалзаад очихоороо, найздаа захисныг чинь аваад очъё гэв. Должин эмгэн гэрээс гарч ирэн:
- Миний хүү түрүүлээд яв даа. Очоод байр саваа хѳѳцѳлдѳхгүй бол болохгүй биз. Би нэг мѳсѳн гэрээ аваад очъё доо гэвэл Багахүү:
- Санаа зоволтгүй ээ, би Должин эгчтэй цуг очно гэв. Ийн байх зуур хот явах машин ирэв. Сампил түүнд нэг адуу махалж ѳгѳѳд:
- Мѳнгѳ хийж аваарай. Муу аавд чинь тэр жил амласан ам байгаа юм гээд духан дээр нь үнсэн “Эрдэм номоо сайн сураарай, миний дүү” гэж хэлэв. Хишгээ ч цагаан идээ баадагнан ѳгѳѳд үнсэв.
28-р хэсэг
Саруул баярласанаа илэрхийлээд машинд суув. Машин хѳдѳлж явах үед цээжин дотор явмааргүй, эндээ бүгдэнтэй нь цугтаа нутагтаа байх хүсэл чангаана. Гэвч хүсэн мѳрѳѳдсѳн зорилго ѳѳрийн гэсэн чин эрмэлзэл, мѳн ээжийнхээ хамгийн сүүлчийн хүслийг биелүүлэхээр хүүгийн ёсоор амласан болохоор нулимсаа арчаад арагш харан инээмсэглэн даллаад зориг төгөлдөр явж буй нь энэ ээ. Саруул ѳмнѳх ѳдѳр нь ээжийнхээ газрыг эргэж бас эмнэлэг дээр очсон юмсанж . Эмнэлэгт ээж нь 30 орчим жил ажилласан тул Саруулыг хараад бүгд баярлан мѳн ѳрѳвдлийн харцаар харах нь ажиглагджээ. Саруул сургуулиа сайн тѳгсѳѳд нутагтаа эргэж ирнэ ээ гэж шивнээд баярлалаа гэх үгийг нүдний харцаараа хэлэх шиг нутгийн бараа тасартал эргэн эргэн харан явсаар. Ийн шѳнѳ хагаслаж явсаар ѳглѳѳ хотод орж ирэв. Саруул Сампилын ѳгсѳн адууг зарчхаад шууд л Сэргэлэнгийнд очив. Сэргэлэн хаалга нээн:
- Өѳ миний дүү сайн явж ирэв үү. Ээж сайн уу гэнэ. Саруул:
- Сайн сайн. Та нар минь сайн сууж байв уу. Эгч хэд хоногоос ирнэ гээд нутгийн жолоочтой хамт гэрт оров. Гэрийнхэн бүгд Саруулыг ирсэнд баярлах нь мэдээж. Цай ууж хэсэг тухлаад ачаа бараагаа буулгаад хувцсаа солиод:
- Дүү нь сургууль орохгүй бол болохгүй нь. Байр саваа хѳѳцѳлдье гээд Шүрээд мѳнгѳ атгуулан хэрэгтэй юм байвал аваарай. Должин эгч ѳгүүлсэн юм гэж хэлээд явж одов. Ѳѳрѳѳсѳѳ ѳгч байгаа гэвэл авахгүйг сайн мэдэх билээ. Шүрээ “За” гэж авсан хэрнэ ээ, “Ѳѳрѳѳ л хувцас хунараа авахгүй дээ” гэсэн харцаар харах шиг. Саруул сургууль дээрээ ирвэл Болор, Энхжин хоёр байж байв. Энхжин Саруулыг харан:
- За сайхан амарсан уу. Хѳдѳѳний залуу минь ямар оройтож ирдэг юм бэ. Дотуур байрны ѳрѳѳ дүүрлээ шүү дээ гэв. Болороо:
- За гоё юм авчраа биз дээ, айн гээд инээмсэглэн “Би тамхинаас гарчихсан” гэж шивнээд “Чи ямар их борлоо вэ” гээд тас тас инээв. Саруул Мандахыг асуувал Энхжин:
- Шилжчихсээн. ШУТИС-т орж байгаа гэсээн. Уулзаагүй л байна гэв. Саруул:
- За за, дараа уулзъя. Би байр орлоо гэсээр явав. Саруул байрандаа ирвэл Бек,Түмээ хоёр гадна зогсож байв. Бек:
- Чи яасан удав аа. Чамайг бүр гайхаад, утас чинь холбогдохгүй хэмээн уурлангуй хэлэв. Түмээ:
- Байрны даргыг яаж найрах уу. Ёстой чанга байна даа. Хуучин ѳрѳѳндѳѳ л орчихмоор байна гэв. Саруул Цэнгэл рүү залган гэрээс жаахан цагаан идээ, нэг хѳл мах авчрахыг үүрэгдэв. Цэнгэл ч одоо тэдний гэр бүлийн гишүүн хэдий нь болжээ. Цэнгэл ч ирж:
- За юу болоов. Би эс хэл лүү. Хэрэг болно оо. Юм аваад яв гэж “За за, би явлаа ажилтай. Амжилт” гэж хэлээд яваад ѳгѳв. Саруул, Бек, Түмээ гурван найз байрны даргын ѳрѳѳнд орж үнэн учраа хэлнэ. Саруул ч хѳдѳѳнѳѳс ирээд хоцорсноо уламжилж, шуудайны ёроолоос бэлдсэн зүйлээ барьж, авахыг гуйн “Бид томоотой хүүхдүүд, асуудалгүй найзууд” гээд 3, 4 цаг гуйсны эцэст нэг юм байрандаа, хуучин ѳрѳѳндѳѳ орцгоов. Тэднийг хѳгжѳѳдѳг Цахиур ах энэ жил жилийн чѳлѳѳ авсан тул хамт байхгүй нь харамсалтай байв. Тэгсэн хэдий ч тэдний ѳрѳѳнд Бархас хэмээх 1- р курсын нилээн хѳгжилтэй гэмээр яриатай байнга инээмсэглэх хүү орж иржээ. Ийн бүгд ѳрѳѳндѳѳ орж тѳвхнѳв. Байрны дарга ѳрѳѳнд орж ирэн:
- За асуудал гаргахгүй шүү, нѳхдүүд. Түрүү жил чи нѳхѳр бас хэл ам таталсан шүү гэж Саруул руу ширүүн хараад гараад явчихав.
Саруул гэрээс юм хумаа авчран, эмхэлж дуусаад байрны ойролцоо нээгдсэн интернет кафед оров. Яагаад ч юм, э-мейл хаяг шуудангаа шалгахаар суув.Тэрбээр “Уянгаас захиа ирж үү, үгүй юу” гэж мэдэх гэж л орж байгаа нь мэдээж билээ. Мѳн түүнийг санахгүй, бодохгүй ѳдѳр, хоног ховор байсан нь тодорхой. Интернет хаягаа шалгавал Уянгаас олон захиа ирсэн байв. Саруул хамгийн сүүлчийн захиаг нээвэл ажил хийж байгаа, санаж байна, хариу гэсэн утгатай байлаа. Он сарыг харвал 1 сарын ѳмнѳ бичсэн байв. Саруул би сая л ирлээ хѳдѳѳнѳѳс, байрандаа орчихсон тѳвхнѳчихсѳн, санаа зоволтгүй энд ирэх гэж битгий яараарай. Ярьсандаа байгаарай, үнсье гээд явуулав. Тѳд удалгүй хариу ирж хоёул чатаар яг л уулзаж ярилцаж буй мэт харилцан, нэг нэгнээ ямар их санасан, Саруул мѳн хѳдѳѳ болсон хѳгжилтэй явдлуудаасаа ярина. Ийн Саруул ойрхон интернеттэй болсондоо баярлан хааяа орж байна хэмээн амлаад интернетээс гарав. Саруул энэ үед л Уянгаас салж хагацаж чадахгүй гэдгээ ойлгож байв. Ингээд хичээлийн шинэ жил эхэлж завгүй ѳдрүүд үргэлжилсээр. Саруул ажилдаа хагас бүтэн сайнд очдог хэвээр. Должин эмгэнд унаа олдохгүй удсаар сая л нэг хот орж явна гэж хэл ирэв. Саруул Должин эмгэн мѳн Багахүү хоёрыг тосохоор автобусанд суув. Зүүн салаанд ирвэл Должин эмгэн, Багахүү хоёр ирчихсэн байх ба гэрээ барьж байв. Саруул Багахүү рүү харан инээмсэглэн:
- За хотод ирсэн хѳдѳѳний залуугаар сонин сайхан юутайв дээ гэвэл Багахүү:
- Тайван даа найз минь. Захисан юмыг чинь авчирсан шүү гээд шуудайтай зүйл рүү заав. Саруул шуудайг нээвэл хоёр, гурван том тарваганы тулам байв.Саруул:
- Баярлалаа. Хоёулаа гэрээ барьчхаад явнаа гэв. Должин эмгэн Саруул руу харан:
- Миний хүү хичээлдээ орчихсон уу гээд доороос дээш хүртэл хараад Саруулыг үнсэв. Цэнгэл ч ирэв. Ийн бүгд гэрээ барьж дуусан гэрт тухлан хоол цай идэцгэээв. Саруул Багахүү рүү харан:
- За явна аа хоёулаа, манай ажил дээр очноо. Сайн ах бий надад захисан юмыг нь хоёулаа хийж ѳгье гээд Цэнгэлээ миний найз хүргээд ѳг гэнэ. Ингээд Сэргэлэн ахад нэгийг үлдээгээд явцгаав. Саруул ажил дээрээ ирвэл Бат ах болон Тѳмѳрѳѳ, ажлын сайн найз Анар бүгд байв. Бат Саруулыг угтан ирж мэндлээд:
-За миний дүү сайн биздээ. Бид ч сүүлчийн ажлаа дуусгах гээд л байж байна гэв. Саруул:
- Бат ахаа нѳгѳѳ юм чинь ирсээн. Энэ миний багын найз Багахүү гэж танилцуулаад “Ах хаана хийж ѳгѳх үү” гэвэл Бат:
- Өѳ тийм үү. Жилжингээ гуйсан даа хэмээн инээмсэглэн “За, манай зуслан руу явна аа хѳ. Болд ахыг дуудчихъя, цаад чинь бас их дуртай” гэв. Ингээд Бат, Цэнгэл, Тѳмѳрѳѳ, Багахүү, Анар, Саруул ажлаа дуусгаад Бат ахын зуслан руу хѳдлѳв. Бат замдаа Багахүүтэй нилээн яриа ѳрнүүлж явав. Ийн ирцгээн Багахүү, Саруул хоёр ч нѳгѳѳх хоёр тулмаа янзлан бэлтгээд гал түлэн чулуу улайсган ойр зуурын сонин сайхан ярьж сууна. Бат гадаа ширээ засч:
- За, эрчүүдээрээ цугласных хэдүүлээ бяцхан найрлачихъя гээд инээнэ. Цэнгэл, Тѳмѳр, Анар гурав Саруул, Багахүү хоёрын хийж буйг сайтар ажиглан харж зогсоно. Багахүү:
- За, зэрэг боох уу гэвэл Саруул:
- Нэг нэгээр нь бооё доо. Чи ам барь. Би чадахгүй аягүй бол гэв. Ингээд нэгийгээ боон гаднаас нь шарж байтал Уянгын аав Болд, том хүү Билэгттэйгээ ирэв. Бат :
-Өө, ах сайн уу. За, наашаа сууцгаа. Манай Саруул ховор юм авчраад гэв. Болд Саруулын зүг инээмсэглэн:
- За сайн уу. Саруулаа гэв. Саруул Болд руу ирэн гар бариад “Та сайн байна уу. Сайн би хичээлдээ яваад л, ажлаа хийгээд л байж байна гэв. Билэгт ч мѳн гар барин мэндлэв
29-р хэсэг
Удалгүй ховор хоол бэлэн болж ширээн дээр тавин задлав. Болд болон Бат ах халуун чулуу атган:
-За үнэр ч гэж байна аа, байна гээд тавагласан махнаас идэцгээн сайхан болжээ. Хээрийн юм болохоор аргагүй сайхан байна гэнэ. Саруул нѳгѳѳ үлдсэнээ боохоор босов. Билэгт Саруулыг даган босоод:
- За Саруулыгаа хараад сурч авъяа байз. Би ч хѳдѳѳ гадаанаас хол хүн, мэдэхгүй шүү дээ гээд инээв. Саруул эхнээс нь зааж ѳгѳѳд чулуу хийж ѳгѳхийг үүрэгдэн “Би их муухан хийдэг хүн. Манай найзууд бол мундаг” гээд ам бариад “За, одоо хий гэхээр чулуунаасаа хийгээд байгаарай ах” гэв. Билэгт ч хэлсэн ёсоор гүйцэтгэв. Саруул:
- За одоо гаднаас нь галаар үлээгээд хуйхална даа, май гээд хутга ѳгѳн хуйхаа сайхан хусна шүү дээ гээд инээв. Билэгт:
- Их нарийн мѳртлѳѳ амархан ч юм шиг санагдлаа. Харахад л тийм байхдаа гээд ярианы сэдэв ѳѳрчлѳн Уянгатай ойрд ярьсан уу гэв. Саруул “Ярьсаан, хэд хоногийн ѳмнѳ” гэв. Билэгт “Ээж санаад байна гэж дуудаад гэтэл чамайг байхгүй гээд энэ зун ирээгүй. Янзын хүүхэд шүү. Бат ах чамд их сайн манайд ирэхээрээ л магтах юм. Би ганц охин дүүтэй, чамд ч их сайн юм. Би дуулсаан чамайг, хүний амьдралыг таашгүй шүү дээ. Хичээгээрэй. Би дүүдээ аз жаргал л хүснэ. Манай аав хатуу харагдав ч их зѳѳлхѳн хүн. Харин ээж цаанаа их хатуу чанга шүү” гээд инээн “Би чамд итгэж байгаа шүү, нѳхѳр минь. Май, миний утсаар ярь. Гадаад руу ярих эрхтэй” гээд утсаа ѳгѳв. Саруул инээмсэглэн маш их баярлаж буй нь илхэн утсыг аван:
- За та тэгвэл сайхан тос гялтайгаад иртэл нь эргүүлээд л шарж бай гэв.Саруул жаахан зайдуу очоод Уянга руу залгав. Уянга утсаа аван:
- Сайн уу, Агаа ямар сонин хүн бэ. Би таны захисан тэр юмыг чинь ѳгѳѳд явуулсан шүү, каргогаар. Танайхан сайн уу дүү нараа санаж байна шүү. Хүүе агаа байна уу гэв. Саруул сонсч хэсэг байснаа:
- Байна аа, миний хайр сайн уу гэхэд Уянга:
- Хүүе, хайраа хаана байгаа юм бэ. Утас чинь холбогдохгүй, интернетэд ч байхгүй. Би ямар их санасан гээч. Ингэхэд чи ахын утсаар залгасан биз дээ. Агаатай байгаа юм уу гэвэл Саруул:
- Аав чинь ч байна. Ах чинь бас Бат ах байна. Би Бат ахад тарвага хийж ѳгнѳ гэж амласан юм аа. Тэрийгээ хийж ... гэв. Уянга:
- Ямар гоё юм бэ? Ах чамд утсаа ѳгсѳн гэхээр миний хайрд сайн хандаж байгаа юм байна даа. Аав юу гэж байна. Миний хайр янз бүрийн юм яривал надад хэлээрэй. Ѳѳр юм ярь л даа, хайраа. Хичээл нь яаж байна. Намайг санаж байна уу. Хайр нь юм явуулна аа. Чамдаа гоё юмнууд авсан. Должин эгчид ч бас гэв. Саруул:
- Санаж байна аа. Надад юу ч хэрэггүй ээ. Чи минь л байхад, намайг гэсэн сэтгэл чинь л байхад болно гэв. Уянгын дуу ч нулимсаа залгиж байгаа нь мэдрэгдэнэ. Саруул удаан яривал Уянга уйлахыг мэдэх учир:
- За маргааш ѳѳрийнхѳѳ утсаар ярьяа, хайраа гээд утсаа таслав. Билэгт дээр ирэн “Баярлалаа” гээд утсыг ѳгѳв. Билэгт Саруул руу харснаа:
- Зүгээр дээ. За, энэ болж байна уу гэв.Саруул:
- За болж болж гээд усаар угаагаад нѳгѳѳ хэдийн дунд ширээн дээр тавив. Саруул задлан чулуу гарган бүгдэд атгуулж харвал ширээн голд байх архи ёроолдоо орж ээ. Болд болон Бат халсан маягтай Багахүү нилээн халсан бас Анар ч нүүр нь улайж сууж байх нь тэр. Саруул Багахүүг нудран том харвал Багахүү толгой дохин “Ойлголоо доо, мэдэж байна” гэв. Болд:
- За хэн ч дуугараагүй байхад юу мэдчихэв гэвэл Багахүү:
- Саруул “Уулаа” гээд уурлахгүй юу. Нүдний харцаар нь мэдчихлээ гэвэл Бат:
- Өѳ, за за. Та хоёр нүдээрээ ярьчихдаг юм биш үү гээд инээв. Болдын яриа согтож буйг илтгэнэ. Билэгт:
- Миний хүү, нѳгѳѳ юм аваад ир гээд Саруул наашаа хажууд суу. Өѳрѳѳ ид. Одоо үнэхээр сайхан боллоо, баярлалаа гэв. Саруул хажууд нь суувал Болд:
- Чамд энэ хүмүүс хачин сайн юм аа. Хайрлаж яваарай. Ээ дээ хүний итгэлийг алдаж болохгүй шүү. Би чамд хэлсэн дээ. Уянга та хоёрыг хорихгүй ээ гэж. Ээж нь л санаад байна гээд байх юм. Сүүлдээ чи явуулсан гээд надад уурлах янзтай гээд инээн Саруулаа. Миний хүү сайхан сургуулиа тѳгсчих. Дараа нь хоёулаа ярина аа. Би ганц охиноо гэхдээ тийм амар ч ѳгчихгүй шүү. Та хоёр болж бүтэх нь цаг хугацааны асуудал. Чи ухаантай залуу мэдэж байгаа. Хоёр ах нь багаасаа ээжээсээ ѳнчирсѳн бас зовлон амссан хүмүүс. Бат чамд сайн байдаг нь ѳѳрийн залуу насаа хараад байхгүй юу. Ишш, миний муу дүү гээд нилээн юм ярив. Билэгтийн авчирсан архийг Болд аван шууд Багахүүд барин:
- Энэ дүү яриа хѳѳрѳѳтэй, их дажгүй залуу байна шүү. Хээгүй жинхэнэ монгол эр хүн. Баярлалаа, миний дүү архи уу гэж ѳгч байгаа юм биш. Хүндэлсэн хүндээ ѳргѳн барьдаг дээж гэдэг утгаар шүү гэв. Багахүү задлах гэвэл Болд:
-Одоо болсон, миний дүү. Хѳдѳѳ найз нартаа задал гэв. Багахүү босон:
- Сайхан хүмүүстэй танилцлах сайхан байна аа.Та бүхэн манай нутгаар зочлоорой. Чадахаараа угтаж авна аа хэмээн урив. Ийн бүгд нэгэн оройг мартагдашгүй ѳнгѳрѳѳн Болд, Бат ах нар зүрхний гүнээс хүүхдүүдэд илэн далангүй хуучилж ярилцсан өдөр байв. Цэнгэл л харин уух ч үгүй, дуу цѳѳтэй байхыг Саруул хараад нэг юм болж дээ гэж хардана. Ийн бүгд босоцгоон хотын зүг хѳдѳлцгѳѳв.
Хард овогт Ц.Билгүүн
Үргэлжлэл бий...
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (80)