Баримт 1.
Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургуулийг 1979 онд төгссөн тэрбээр 1983 онд Омск хотын Технологийн техникумыг фото зураг, 1990 онд Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэжээ. Ажлын гараагаа Монгол Радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборантаар эхлүүлжээ.
Баримт 2.
Улмаар 1990-2003 оныг хүртэл Монголын үндэсний телевизэд редактороос ахлах, хариуцлагатай болон дэвшиж, “ММ" агентлагийн ерөнхий редактор, захирлаар ажилласан байна. 2003 онд тэрбээр ТВ5 телевизийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллах болжээ.
Баримт 3.
Энэ үедээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр 2005 онд сонгогдож, 2011 оныг хүртэл уг албан тушаалыг хашсан байдаг. МНСЭ-ийн ерөнхийлөгчийн албанаас буусан тэрбээр МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. 2012 оны сонгуулиар тогтолцооны дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч ар гэрийн шалтгаанаар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байв.
Баримт 4.
Тэрбээр өргөдөлдөө “У.Хүрэлсүх миний бие 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын нэр дээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Миний гэр бүлийн хүний /эхнэр/ эрүүл мэндийн байдал хүнд, цаашид дотоод гадаадад урт хугацаанд эмчлүүлэх, асрамжлан хамгаалах зайлшгүй шаардлага, амьдралын гачигдал гарсан тул УИХ-ын гишүүний үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэснийг УИХ-аас ёсоор болгож байлаа.
Баримт 5.
Түүний оронд намын жагсаалтын 10 дугаарт бичигдсэн Д.Сарангэрэл анх удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллахаар болсон юм. Тэрбээр “Эмэгтэй хүнийхээ хувьд хатуу улс төрийг зөөллөх, нийгмийн чиглэлийн асуудалд түлхүү анхаарах зэрэг бүсгүй хүний оролцоо шаардлагатай асуудал, нөхцөл байдал хааяа үүсдэг. Сонгогчид маань итгэл даах хүн гэж сонгосон болохоор зүтгэл гарган ажиллахыг хичээдэг. Тэгэхээр сонгогдсон гишүүний үүрэг нэн чухал. Харин манлайлагч байх нь өмнөх ажлаа сайн хийх, залхуурч хойш суулгүй идэвхтэй ажиллах тухай ойлголт гэж бодож байна” хэмээн ярьсан байдаг.
Баримт 6.
Д.Сарангэрэлийн хувьд 2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсны дараа тэрбээр Эрүүл мэндийн сайд болон дэвшсэн юм. Түүнийг сайдаар томилогдох үеэр мэргэжлийн бус хүн боллоо гэсэн шүүмжлэл багагүй явсан байдаг.
Баримт 7.
Харин Д.Сарангэрэлийг сайдаар ажиллах үед урд хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарч, дэлхий нийтийн хэмжээнд цар тахлын төвшинд хүрч, Монгол Улсад ч бүртгэгдэх болсон юм. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, түүний харьяа эмнэлгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласны хүчинд дотооддоо коронавирусийг алдаагүй улсаар тодроод байгаа юм.
Баримт 8.
Түүний хувьд коронавирусийн цар тахалтай холбогдуулж нэгэн уриалга гаргасан нь Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх. Тодруулбал, “Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань коронавирусийн халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТ-д тусгаарлан сэжиглэсэн зургаан хүний хариу сөрөг гарч коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Гэхдээ бид огт тайвширч болохгүй. Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусийн халдвар бүртгэгдсэн.
Баримт 9.
Хятад улс вирусийн халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусийн халдварлах “чадвар” маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна.
Баримт 10.
Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцөлийг бүрдүүлдгийг бид эхлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна.
Баримт 11.
Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл" хэмээн бичсэн байдаг.
Баримт 12.
Түүний уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээд Цагаан сарыг цуцлах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Ерөнхийлөгчийн зүгээс уг шийдвэрийг дэмжиж “Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай” хэмээн зарлиг гаргасан билээ.
Баримт 13.
2019 оны аравдугаар сард МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох хурал Тусгаар тогтнолын ордонд болж байлаа. Энэ үеэр намын дүрмийн дагуу Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлсэн байдаг. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас өөрийн нэрийг дэвшүүлсэн юм.
Баримт 14.
НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа дахин нэг удаа улиран сонгогдох боломжтой ч өөрөө нэрээ дэвшүүлээгүй. Ийнхүү Д.Сарангэрэл, Х.Булгантуяа хоёр НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн байдаг. Улмаар НАМЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын дүн гарахад Д.Сарангэрэл 75.4 хувиар ялалт байгуулсан юм.
Баримт 15.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй харилцсан хувийн чатыг хакердаж, олон сая төгрөг нэхэмжилсэн тухай тэрбээр мэдэгдэж байв. Тодруулбал, “Өнөөдөр уг нь “сөрөг” мэдээлэлтэй сайхан өдөр байлаа. Гэвч та бүхэндээ хэлэх зүйл байна. Өмнөх парламентад 11 эмэгтэй сонгогдож бид нам харгалзахгүй хамтран ажилласан билээ. Дөрвөн жил нэг "ангид" байсан болохоор хүний хувьд тэдэнтэйгээ гэмгүй байдаг.
Баримт 16.
Одоо ч хэн нэгэнд маань зовлон жаргал учирвал хуваалцаад л явдаг. Харамсалтай Л.Эрдэнэчимэг гишүүн бид хоёрын хэнийх нь ФБ мессенжерийг хакердсаныг мэдэхгүй байна. Түүнтэй харилцаж байсан мессежийг гартаа оруулж олон нийтэд түгээнэ гэж сүрдүүлэн олон сая төгрөг надаас нэхлээ. Би татгалзсан. Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг өгч шалгуулж байгаа болно.
Баримт 17.
Өмнө нь ч, одоо ч хэн нэгэнтэй, тэр дундаа Л.Эрдэнэчимэгтэй ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл огт хийгээгүй учраас надад санаа зовох зүйл алга. Гагцхүү энэ хүнд хариуцлагатай үед гол үйл явдлаас хөндийрүүлэх, олон нийтийн анхаарлыг сулруулах, өөр асуудалд хандуулах ад муу санаархал явж байж мэднэ гэж болгоомжилж буй учраас төрийн хариуцлагатай албыг онцгой үед хашиж байгаа хүний хувьд та бүхэндээ мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Баримт 18.
Миний хувьд улс орон, ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүхнийг умартан зүтгэж байгаа олон хүний л нэг. Өөрийн болон гэр бүл, хамтран зүтгэгчид, найз нөхөд, олон түмнийхээ нүүрийг улайлгаж, итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийгээгүй, хийх ч үгүй гэдгээ илэрхийлье" гэж байв.
Баримт 19.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үрээслээд өмчлөх орон сууцны 80 хувийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгож өгөхийг гишүүдээс хүсч байв.
Баримт 20.
Тэрбээр “Тогтоолын төсөлд анх байснаараа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагч гэх нь зүйтэй санагдаж байна. Цагдаа, онцгой зэрэг байгууллагууд эрүүл мэндийн салбарынхнаас илүү алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг. Гэтэл манай эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал хүнд байна.
Баримт 21.
4000 орон сууцанд төрийн албан хаагчдын оруулна гэж байна. Үүний 80 хувьд нь эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй. Бусад салбарынхан өөр өөрсдийн салбарын орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Үүнийг УИХ-ын дарга анхааралдаа аваасай гэж хүсэж байна” гэсэн байдаг.
Баримт 22.
Авлигатай тэмцэх газарт 2016 онд хүргүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээр сайд Д.Сарангэрэлийн жилийн орлого 166 сая төгрөг. Гэр бүлийн орлого нь 56 сая. Стимо ХХК, Концепт сити ХХК, Гэгээн секюритиз ХХК, Гэгээн далай ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн Концепт ХХК зэрэг зургаан компаниас хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлсэн байдаг.
Баримт 23.
Тэрбээр дансандаа 102 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 68 сая төгрөгийн үнэтэй, AUDI, A4, SUZUKI,GRAND VITARA машинтай. 588 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр үйлдвэрлэлийн байгууламжтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.
Баримт 24.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хувьд энэ удаагийн сонгуулиар Хан-Уул дүүрэгт Засаг дарга Ж.Алдаржавхлан, Хөгжлийн банкны захирал асан, “Хас”-ын гэх тодотголтой Г.Амартүвшин нарын хамт МАН-аас гурав дахь удаагаа нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр ирэх дөрвөн жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцан ажиллахаар болж байна.
Сэтгэгдэл (82)