ЭШЛЭЛ 1.
Ж.Чинбүрэн гэдэг хүнийг эмч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ одоо бол улстөрч болохоор зорьж яваа эмч хүн.
ЭШЛЭЛ 2.
Намайг эрүүл мэндийн салбарт үлдээх гэсэн ард иргэдийн чин хүсэл байна. Монголчуудыг ихээр зовоож байгаа өвчний нэг нь хорт хавдар. Би өдөрт чадан ядан хоёр хүнд хагалгаа хийж амийг нь авардаг. Гэтэл цаана нь 12 хүн нас барж байна. Энэ чөтгөрийн тойрог хэдий болтол үргэлжлэх юм бэ.
ЭШЛЭЛ 3.
Би нийтдээ 30-аад жил энэ салбарт ажиллаа. Тэр үед ч хорт хавдартай хүмүүс хожуу үед оношлогддог байсан. Одоо ч хэвээрээ байна. Хэдий болтол үргэлжлэх юм бэ. Энэ тойрогт цэг тавих ёстой. Зөв бодлогоор тэр цэгийг хатгах боломжт бий. Тиймээс л улс төрд орохоор шийдсэн.
ЭШЛЭЛ 4.
Элэгний хорт хавдараар Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Энэ үгийг би хэлэхээсээ ч ичдэг. Уг нь В, С вирусийг устгачихвал хорт хавдарын тохиолдол эрс буурах боломжтой. Тиймээс 2015 оноос эхлэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Б.Гантигмаа, яруу найрагч Ц.Хулан нарын хүмүүстэй хамтарч акц өрнүүлсэн.
ЭШЛЭЛ 5.
Хамгийн гол нь УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН, АН гэсэн хоёр нам хоёулаа элэгний талаарх асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Сонгуулийн дүнгээр МАН ялалт байгуулсан. Энэ үед нь "Элэг бүтэн Монгол хөтөлбөр" хэрэгжүүлэх хэрэгтэй гэж лобби бүлэг байгулсан. Үүний ачаар хөтөлбөр хэрэгжсэн.
ЭШЛЭЛ 6.
Хөтөлбөрийн хүрээнд нэг сая гаруй иргэнээ В, С вирусний шинжилгээнд хамруулсан. 100 мянган иргэнээ С вирусгүй болгосон. Гэтэл С вирусний курс эмчилгээ гаднын улсад 90 мянган ам.долларын үнэтэй байхад манай улсын иргэд зөвхөн даатгалаараа эсвэл, зөрүү үнэ болох 300-400 мянган төгрөгийг нь төлсөн. Энэ бол амжилт. Зөв бодлого хэрэгжүүлж чадвал олон хүний амь аварч болж байгаа биз дээ.
ЭШЛЭЛ 7.
Хорт хавдартай хүн гадаадад очиж эмчилгээ хийлгэвэл хэдэн төгрөг зарцуулах бэ. Нэг хүнээс хамгийн багадаа 40 мянган ам.доллар гарна. 20 хүн гэвэл, ойролцоогоор нэг сая ам.доллар болно. Бид энэ мөнгийг Монголдоо үлдээж чадсан.
ЭШЛЭЛ 8.
Энэ бол зөвхөн хавдрын асуудал биш. Эрүүл мэндийн салбарын бодлого тодорхой байх ёстой. Парламент төлөөллийн байгууллага. Өнөөдрийг хүртэл 500 гаруй төлөөлөл сонгож. Гэтэл эдгээрийн дунд хүний өвчин зовлонтой нүүр тулж үзсэн хоёрхон эмч байсан.
ЭШЛЭЛ 9.
Өмнө нь цөөнх болсон нам нь Эрүүл мэндийн яамыг авдаг байсан. Энэ юу гэсэн үг юм бэ. Айлын хажуу өрөө юм уу. Монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг онцгой салбарыг ингэж гадуурхаж болох уу. Ач холбогдлынхоо хувьд Батлан хамгаалахтай зэрэгцэж явах учиртай.
ЭШЛЭЛ 10.
Э-гээр эхэлсэн салбар гэхээр өргөмөл хүүхэд шиг байж болохгүй. Муугаар хэлбэл, эрүүл мэндийн салбар ямар чухал бэ гэдгийг ковид батлан харууллаа.
ЭШЛЭЛ 11.
Эрүүл мэндийн салбараа хувьчлахгүй байхын давуу тал цар тахал харууллаа. Европийн улсуудад юу болов. Зарим эмч, эмнэлгийн ажилтан нь "Бид өөрсдөө эрсдэлд орж байна" гээд ажлаа хаясан. Төрөөс нь тэднийг битгий гээд барьж чадаагүй. Гэтэл манай улс босоо тогтолцоотойн үр дүнд маш шуурхай арга хэмжээ авч чадлаа. Эмч нэр зөвхөн хувь хүн гэдэг өнцгөөр биш нийгмийн асуудал, эмч хүний үүрэг гэж асуудалд хандаж байна. Энэ бол бидний хамгийн том давуу тал. Тиймээс Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага санхүүгийн хувьд бие даасан, төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх ёстой.
ЭШЛЭЛ 12.
Учир нь нэг аппарат эвдэрлээ гэхэд эхлээд Эрүүл мэдийн яам, дараа нь Сангийн яаманд ханддаг. Энэ процесс бараг сар гаруй болж байж аппарат засах мөнгө орж ирдэг. Энэ хугацаанд хэдэн иргэний эрүүл мэнд эрсдэлд орох вэ. Энэ утгаараа эрүүл мэндийн салбарыг хувьчилж болохгүй. Харин санхүүг нь хараат бус байлгах ёстой.
ЭШЛЭЛ 13.
Хүнд өвчтэй хүнийг хувийн эмнэлэг авах сонирхол бага байдаг. Учир нь Ж.Чинбүрэн гэдэг хүн үүдний эмнэлэг нээж болно. Ирсэн хүмүүсийг үзээд ийшээ, тийшээ яв гэж чиглүүлж болно. Гэхдээ энэ бол эмнэлэг биш. Орчин үеийн тусламж үйлчилгээ бол багийн оролцоотой том бүтцээр ажиллахыг хэлнэ. Хувийн хэвшил дунд ийм жишгээр ажилладаг цөөн хэдхэн эмнэлэг бий.
ЭШЛЭЛ 14.
Үүнийг хөгжүүлэхийн тулд бодлого, санхүүжилт нь тодорхой байх ёстой. Эрүүл мэндийн салбар дахь өрсөлдөөн ухаалаг байх ёстой. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд ашигладаг тоног төхөөрөмж асар үнэтэй. Хувийн эмнэлэг оруулж ирлээ гэхэд ашигтай ажиллаж чадахгүй. Туяа эмчилгээний тоног төхөөрөмж гэхэд 70 сая ам.доллар. Тиймээс төр оролцохоос аргагүй.
ЭШЛЭЛ 15.
МАН бол зүүний төв үзэлтэй. Нэг ёсондоо нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг. Эмч хүн дайснаа ч эмчлэх үүрэгтэй. Буу бариад ирсэн ч шүү. Би улс төрд орох болсон шалтгаан нь хувиа бодсон доо биш. Улс төр бохир гэж иргэд хэлдэг. Тэгвэл тэр бохир юмнаас эрүүл мэндийн салбараа аваръя гэж л сонгосон.
ЭШЛЭЛ 16.
Эмч хүн өвчний учир шалтгааныг мэдсэн хэрнээ түүнийг хэлж, ярихгүй суувал чөтгөр болно биз дээ. Эмч хүн чагнуур бариад суувал эмч, үзэг бариад суувал нийгмийн ажилтан. Энэ утгаараа би асуудалд хандаж байна.
ЭШЛЭЛ 17.
Бусдын төлөө ажилладаг хүн олон бий. Би дөрвөн хүүхэдтэй. 20 жилийн дараа би өвөө болно. Тэр үед өвдвөл яах вэ. “Миний аав алдартай эмч байсан. Бидэнд туслаач” гэх үү. Хэрвээ энэ тогтолцоогоор явбал шүү. Би хэчнээн хичээж ажиллаад л олигархууд шиг эд хөрөнгө үлдээж чадахгүй. Тиймээс би эрүүл нийгмийг үлдээхийг хүсч байна.
ЭШЛЭЛ 18.
Эмч хүн өвчтнөөсөө зугтаж биш угтаж авдаг байх ёстой. ХСҮТ-өөс тэтгэвэрт гарсан мэс заслын эмч байдаггүй. Насалж чаддаггүй гэсэн үг. Ахмад үеийн эмч нар маань нүцгэн гараараа хагалгаа хийдэг байсан. Хагалгааны үеэр цус нүд рүү үсэрч халдвар авсан тохиолдол олон бий.
ЭШЛЭЛ 19.
Эмч хүний цалин хэд билээ, хэдэн жил суралцдаг билээ. Үүнийг мэдсээр байж эмч болохоор суралцаж байгаа залуучууд сэтгэлийн дуудлагаар сонголтоо хийсэн. Энэ бол үнэн. Түүнээс биш ашиг харсандаа энэ мэргэжлийг сонгоогүй. Тэд бусдын төлөө, дуртай мэргэжлээ сонгосон. Тиймээс ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой.
ЭШЛЭЛ 20.
Өвчний хожуу үедээ ирсэн хүмүүсийг хараад ямар их харамсдаг гээч. Надад сэтгэлийн олон сорви бий. Эрүүл мэндийн салбарын нэг онцлого бий. Энэ нь өөртөө авсан сорвио дараагийн үедээ бага үлдээдэг. Нэг үгээр хэлбэл, өөрийнхөө алдааг дараагийн үедээ бага давтуулдаг. Миний шавь нар ганц биш бүр хоёр, гурван гадаад хэлтэй.
ЭШЛЭЛ 21.
Би амьдралаа хангалттай авч явж явдаг. Заавал бид өөр хоорондоо уралцах ямар шаардлагатай юм бэ. Заавал өрсөлдөх ёстой юм уу. Бусаддаа мэдлэг, мэдээллийг түгээж, соён гэгээрүүлж яагаад болохгүй гэж. Дэлхий нийт үүнийг ойлгочихлоо.
ЭШЛЭЛ 22.
Хүсэл мөрөөдлийн ард хүч байдаг. Цар тахлын үед эдийн засаг уруудана. Гэхдээ бид буу худалдаж авахаасаа өмнө нийгмээ, эрүүл мэндээ хамгаалахаа бодох хэрэгтэй. Өлсөж үхэхээр өвчин тусаад хэд хоног ч гэсэн илүү амьдаръя гэж та бодож байх шиг байна. Үгүй шүү. Та буруу бодож байна.
ЭШЛЭЛ 23.
Эмчийн гарыг хүндрүүлдэг асуудалд хариулъя. Аливаа юмны шалтгааныг олчихвол гарах гарцыг олж чадна. Саяхан нэг залуу эмчийнхээ өрөөнд ортол нэг эмээ сууж байлаа. Гэтэл нэг набор өгсөн юм байна. Хоёулаа сандарсан. Улсын эмнэлэг ямар их ачаалалтай билээ. Иргэд аргаа бараад нэг нэгнээрээ яриулна. Гэтэл асуудлын учир шалтгаан нь хүртээмжийн асуудал шүү дээ. Хүчин чадал нь тэгш байвал хэн бусдаар яриулж, нэгнийхээ гарыг хүндрүүлэхийг хүсэх юм бэ.
ЭШЛЭЛ 24.
Надад "Баярлалаа" гээд хүн мөнгө өгч байсан. Би авч үзсэн. Худлаа хэлэхгүй.
Сэтгэгдэл (14)