Баримт 1.
Ж.Энхбаяр Нэгдүгээр сургуулийг 1990, Цэргийн нэгдсэн дээдийг 1991, МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр 1999 онд тус тус төгсчээ. “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирлаар 1996 оноос ажилласан байдаг. Улмаар 2000 оноос төрд орж, Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд даргаар 2004 оныг хүртэл ажиллажээ. 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх хийсэн Ж.Энхбаяр 2006-2008 онд Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга болон дэвшжээ.
Баримт 2.
Мэргэжлийн хяналтын дэд даргаар ажиллаж байсан Ж.Энхбаяр 2008 оны сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Түүний аав Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Ш.Жадамбаа Говь-Алтай аймгийн уугуул. Ж.Энхбаярыг Говь-Алтай аймгаас сонгогдоход аавынх нь нэр нөлөө их байсан гэдэг.
Баримт 3.
Ерөнхий сайд асан Сү.Батболдын танхимд хамтарч эрх барьж байсан АН-ынхан 2012 оны нэгдүгээр сард сонгуулиа бодож, Засгийн газраас гарсны дараа Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалахын сайдаар томилогдож байв. Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдын албаа хүлээж аваад сар хүрэхгүй хугацааны дараа асуудалд орсон нь Сайдын зөвлөлийнхөө хурал дээр нийслэл хотод ойрхон байрлалтай цэргийн ангиудыг бэлэн байдалд байлгах санал оруулж, мэргэн буудагчдыг бэлтгэж эхэлсэн нь хэвлэлээр цацагдаж, маргаан дагуулж байлаа.
Баримт 4.
Уг асуудал нь нийгэмд шуугиан дэгдээхтэй зэрэгцэн тэрбээр яаран хэвлэлийн бага хурал зарлаж, “Мэргэн буудагч цэргийн анги салбаруудад байх ёстой. Мэргэн буудагчийг тасралтгүй бэлтгэж ирсэн. Цаашдаа ч бэлтгэнэ. Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэн хоёр ротын тухайд сая яамнаас тодрууллаа. Л.Болд сайдын үед 2010 оноос хойш тушаал гаргаад бэлтгэж байгаа юм байна. Үүнийг би зөв зүйтэй гэж үзэж байгаа. Цаашдаа ч бэлтгэнэ. Өнөөдөр бид дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэж байна.
Баримт 5.
Энхийг сахиулах үйл ажиллагаа гэдэг маань тухайн улс орон асуудлаа дотооддоо зохицуулж чадахаа больчихсон, иргэний дайн гарчихсан, гүн гүнзгий зөрчилд орчихсон улс оронд очиж энхийг сахиулдаг. Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан н.Аззаяа маш ур чадвартай буудсаны хүчинд тэр баазад алба хааж байсан олон мянган хүний амь насыг аварч байсан. Тэгэхээр мэргэн бууч гэдэг Зэвсэгт хүчинд маш хэрэгтэй, зайлшгүй бэлтгэх шаардлагатай нарийн мэргэжил.
Баримт 6.
Энэ үйл ажиллагааг Л.Болд сайд маань их дэмжиж явуулж байсан юм билээ. Цаашаа яривал нууцтай холбоотой зүйл хөндөх болж байгаа учраас ойлгоно биз. Гол нь бид бэлэн байдлыг хангах ёстой, залуучуудаа өндөр ур чадвартай болгох ёстой гэдэг утгаар л бэлтгэгдэж байгаа. Түүнээс мэргэн бууч бэлтгээд сонгуулийн үеэр ашиглана гэсэн юм байхгүй. Онц байдлын тухай хууль гэж маш том хууль бий. Р.Гончигдорж гишүүн маань өөрөө батлалцаж явсан. Яагаад тийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна” гэж байв.
Баримт 7.
Засгийн газрын тусгай зориулалтын 29 сан байдаг. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үүний дөрвөн сангаас зээл авснаараа бусдыгаа “тэргүүлдэг”. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн жилийн гурван хувийн хүүтэй зээлээс өөрийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд болох “Газар Агро” ХХК, “Газарбуудай” ХХК-иараа дамжуулан нийтдээ тэрбум 950 сая төгрөг авсан байдаг.
Баримт 8.
Харин Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөг авсан нь ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурж, “Газар Агро” ХХК-д нь санхүүжилт олгосон баримтаар тодордог. Мөн 0 хувийн хүүтэй “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас тэрбум төгрөг авсан нь ил болсон юм.
Баримт 9.
Үүгээр зогсохүй Ж.Энхбаяр гишүүн 2003 онд Боловсролын сангаас Нидерланд улсын Маастрихтын удирдлагын сургуульд сурахаар 6000 ам.долларын зээл авсан байдаг. Тэрбээр 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл төрийн тусгай сангуудаас хөнгөлөлттэй зээл хүртэж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж ирсэн нь энэ.
Баримт 10.
Энэ тухайгаа тэрбээр “Шаардлагатай бол би бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн. Нийгэмд бухимдал үүсгээд буй ЖДҮ-тэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд хурдан шалгаж, нэг тийш нь шийдэх хэрэгтэй. ЖДҮ гэсэн нэрээр улс оронд маш чухал бодлогын ажлуудыг алдагдуулж байна. Хэрэв прокуророос намайг шалгах хэрэгтэй байна. Бүрэн эрхээсээ түтгэлз гэвэл би шалгуулахад бэлэн" хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.
Баримт 11.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр “Тэгээд одоо яах вэ, нэгэнт ийм асуудал үүсчихээд цагдаа шалгаж тогтоогоод, прокурорын үндэслэлтэй шахаж байгаа гэдэг чинь их эвгүй байхгүй юу. Алга таших юм биш шүү дээ. Тэгэхээр Батзориг сайд аа, бодит үнэнийг хэлээч. Нөгөө талаас ЖДҮ-ийг дэмжинэ гэдэг чинь юу юм бэ. Олон түмэнд тараагаад өгчих юм яриад байгаа. Боломжгүй улсуудад тарааж өгөх төсөл байсан гээд байгаа.
Баримт 12.
Ер нь үйлдвэрлэл хөгжүүлэх ямар бодлого байдаг юм бэ. Үүнийгээ та нар ярь л даа. Ярих юм алга. Нэгэнт энэ дотроосоо хэдэн нөхдөө шоронд явуул гэдэг улс төр хийсэн шүү дээ. Тэрийгээ Мөнхбат хэлж л байна. Бодит үнэнийг хэл. Юу болсон юм бэ. Миний хувьд ЖДҮ-гийн зээл авсан хүн. Дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалтад ороод ирсэн. Зориулалтын дагуу ашигласан. Шалгасан. Дууссан. Нуугаад, хаагаад байх юм байхгүй. Ил тод шүү дээ.
Баримт 13.
Ямар авлига авсан биш, хулгай хийсэн биш, улсын мөнгө ашигласан биш. Салбарыг нь зарласан. Төсөл хөтөлбөрт нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод авсан. Ийм л улсууд байж байгаа. Мэдээж, улс төрийн байгууллага хурдан шуурхай ажиллаж, харж байна.
Баримт 14.
Тийм том том асуудлууд, том том хулгайн асуудал байхад л орохгүй хаяж үлддэг мөртлөө энэ ЖДҮ-гийн асуудлыг ямар хурдан оруулж, энэ жагсаал цуглаантай холбоотой дөрвөн гишүүний асуудлыг яаж хурдан оруулж ирж байна вэ. Их л хурдан шуурхай ажилладаг юм байна. Тэгэхээр Батзориг сайдын үгийг сонсмоор байна. Та үнэнийг хэлээч” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байдаг.
Баримт 15.
2016 оны сонгуулийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ж.Энхбаяр гишүүн АН-ын дарга С.Эрдэнэд хандан “АН-ын бүлгийн хоёр дарга сууж байна. Хоёулаа сайд байсан. Оруулж ирж байгаа төсөл олон зүйлээрээ танай Засгийн газраас давуу гэдгийг та нар мэдэж байгаа. 19 сайдтай байсан. Бид 13 болголоо. 16 давхар дээлийг чинь зургаа долоо болголоо. Данхайсан төрийн бүтцийг чинь цомхотгоод ороод ирлээ.
Баримт 16.
С.Эрдэнийг сайдын үүрэг гүйцэтгэгч болчихоод нэг тушаалаар Монгол Улсын бүх аймаг, дүүргийн Нийгмийн халамжийн газар, хэлтсийн дарга нарыг өөрчилж байсныг санаж байна. Харин одоо таныг ийм дүр гаргаад байхаар гайхаад байна. Тэгэх тусам дүр чинь улам ил болж байна. Нийгмийн даатгалын сангаас нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авдаг, завшдаг, мөн мөнгө байршуулдаг, зээл авдаг бузар булай их юм хийсэн. Тэр чинь удахгүй ил болно. Бид нотлоно.
Баримт 17.
Матрын нулимс гаргаад байх хэрэггүй. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина. Таниулна. Наад улс төр чинь явахгүй. Монголын ард түмэн биднийг сонгосон. Тэгэхлээр бид бүтцээ батална. Цаашаа явна. Та улстөрд нэлээд хэдэн жил явсных байр суурьтай байж үзээч. Дөрвөн жилийн өмнө та нарыг бүтцээ батлаж байхад бид хүндэтгэлтэй хандаад бүх бололцоог чинь олгосон шүү” гэж байлаа.
Баримт 18.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хөрөнгө орлогоороо ангийнхнаасаа хоёрт бичигдэж ирсэн нэгэн. ХҮН-аас “Орлогоо нотол” хөдөлгөөнийг эхлүүлэх үеэрээ “Ж.Энхбаяр гаалийн байгууллагад 2000-2006 оны хооронд, 2006-2008 оны хооронд мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байж. Ингээд 2008 оноос хойш УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тэрбээр 1999 онд их сургуулиа төгссөнөөс хойш төрийн байгууллагад тасралтгүй ажиллажээ.
Баримт 19.
Түүний хөрөнгө орлого 2015 онд 4.2 тэрбум, 2016 онд 4.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум төгрөгийн орлоготой гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна. Ж.Энхбаяр гишүүнээс асууя “Төрийн ажлын хажуугаар бизнес эрхлээд ийм их орлоготой болтоо бизнесийг амжилттай удирдаж яваа нууцаасаа бидэнд хуваалцаач” хэмээн түүнээс ам асууж байв.
Баримт 20.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн цол тэмдгээр шагнасан байдаг. Учир нь, гишүүн Ж.Энхбаяр 2016-2020 оны парламентад ажиллах хугацаандаа Батлан хамгаалах салбарын томоохон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, ажилчин албан хаагчдын нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэснийг ийнхүү үнэлсэн гэдэг.
Баримт 21.
Тухайлбал, Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Цэргийн албаны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Коронавируст халдвар цартахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан гэжээ.
Баримт 22.
Ж.Энхбаяр хоёр дахь удаагаа гишүүнээр сонгогдсоныхоо дараа буюу 2011 оны өвөл Говь-алтай аймагт 270 чоно нутгийн анчдаар агнуулж байв. Үүнээс үүдэж түүнийг “Чоно” Ж.Энхбаяр гэж дуудахад хүргэсэн байлаа. Үй олноор нь чоно агнасан хэргээс болж тэрбээр нэлээдгүй зэмлэл хүртэж, Байгаль орчны байнгын хорооны гишүүнээсээ чөлөөлөгдөж байсан юм.
Баримт 23.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй. Уг шалтгаанаа тэрбээр Одоо өөр салбарт ажиллах цаг болсон. Нэг газар удаан суух зохистой биш. Зорилт тавьсан түүнийгээ биелүүлсэн. Одоо улс төрийн шинэ замаар явна. Улс төрд орсон зорилго маань Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлах, үүнтэй холбоотой батлан хамгаалах салбарын багц хуулиудыг өөрчлөх, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага, төрийн тусгай алба зэрэг тангараг өргөж мөрдэс зүүдэг байгууллагуудын хуулийг өөрчлөн шинэчлэх байсан.
Баримт 24.
12 жилийн хугацаанд энэ салбаруудын хууль, эрхзүйн орчин иж бүрэн шинэчлэлт оруулсан. Ж.Энхбаяр гэдэг хүн улс төрд орсон зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа учраас намаа энэ удаагийн сонгуульд ялуулахын тулд намынхаа штабын үйл ажиллагаанд оролцоно. Миний улс төрийн карьер одоо л эхэлж байгаа байх. Улс төрийн нас ч эхэлж байна. Бид ялах нь чухал” гэсэн байдаг.
Сэтгэгдэл (8)