Баримт 1.
Төв аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн Д.Оюунхорол 1986 онд Улсын багшийн дээдийг математикийн багш мэргэжлээр дүүргэжээ. Тэрбээр ажлын гараагаа нийслэлийн 26 дугаар сургуулиас эхэлж 1989 оныг хүртэл багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан байна. Улмаар 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад нийслэлийн 32 дугаар сургуулийн эрхлэгчээр очсон байна. Харин 1991 оноос Отгонтэнгэр их сургуулийг үүсгэн байгуулж, 2000 он хүртэл ректороор нь ажиллажээ.
Баримт 2.
Д.Оюунхорол 2000 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгаас нэр дэвшин анх удаагаа гишүүнээр сонгогдож байв. Тухайн үед Н.Энхбаяраар удирдуулан сонгуульд оролцсон МАН парламентад 72 суудлыг авч байсан түүхтэй. Намын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаярын МАН доторх эрх мэдлийн хана, хэрэм “зузаарч” эхэлсэн үе байсан болоод ч тэр үү, Д.Оюунхорол нарын шинэ гишүүд төдийлөн тодорч чадаагүй юм.
Баримт 3.
Анх удаагаа УИХ-д сонгогдсон ч танигдаж чадаагүй Д.Оюунхорол 2004 оны сонгуульд дахин нэр дэвшсэн ч өвдөг шороодсоноор Отгонтэнгэр сургуульдаа эргэн очиж ерөнхийлөгчөөр нь ажилласан байдаг. Харин 2008 оны сонгуульд дахин өрсөлдөж хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Улмаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар 2009 оныг хүртэл ажилласан байна.
Баримт 4.
Үүний дараа 2010 онд Улс тунхагласны баяраар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр шагнуулжээ. Мөн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллах болсон юм.
Баримт 5.
2012 оны сонгуульд Д.Оюунхорол Завхан аймагтаа нэр дэвшин ялалт байгуулснаар гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Үүгээр зогсохгүй Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо дараа тухайн үеийн сөрөг хүчин МАН-тай хамтарч Засгийн газраа байгуулахад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар очиж байв.
Баримт 6.
Д.Оюунхорол гишүүнийг сайдаар ажиллах хугацаанд хууль бусаар шонхор шувуу хил давуулсан гэх асуудал сөхөгдөж байв. Мэргэжлийн Анчдын холбооны тэргүүн Б.Хурцгэрэл түүнийг 750 шонхор хилээр гаргасан хэмээн хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдсэн удаатай. Хариуд нь гишүүн Д.Оюунхорол “Бид өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байна. Гэхдээ бүхэл бүтэн яам, засгийн холбогдолтой мэдээлэл хийж байгаа бол үндэслэлтэй, үнэн зөв мэдээллийг хүргэх шаардлагатай.
Баримт 7.
Өнөөдөр Д.Оюунхорол гэгч сайд нэг ширхэг шонхорыг ч дур зоргоороо гадагш гаргах зөвшөөрөл олгох эрх байхгүй. Хүний санаанд багтамгүй худал зүйлийг мэдээллийн хэрэгслээр цацсанд харамсаж байна. Тийм учраас манай яамнаас энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно.
Баримт 8.
Идлэг шонхорыг гадагш гаргах энэ төрлийн бизнес өмнө нь цэцэглэж байсан. Ц.Оюунгэрэл сайдын үед үүнийг соёлын зориулалтаар болон төрийн өндөр дээд хэмжээний булангийн орнуудыг айлчлах үед олгоно гэсэн Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Энэ дагуу олгодог уламжлал хэвээрээ байгаа” гэж байв.
Баримт 9.
Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хандан шонхор шувууг хууль бусаар хилээр гаргасан тухай баримт хэлж, шаардлага тавьж байлаа. Тэрбээр “Н.Цэрэнбат сайд аа, ажлаа хий. Танай байгаль орчны салбар авлига хээл хахуулийн үүр уурхай болсон. Байгалийн баялаг, ургамал, ан амьтан бүгдийг зарж байна. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна.
Баримт 10.
Монголын нууц товчооны 850 жилийн ойд зориулаад шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаад, хилээр гаргахыг Монгол Улс хорьсон юм. Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нууц тогтоол гаргаад 750 шонхор шувууг зарсан байна.
Баримт 11.
Үүнтэй холбоотойгоор олон сая ам.долларын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг байнгын хорооны хурлаар нээлттэй мэдээлэл сонсмоор байна, Байнгын хорооны дарга аа. Гааль, тагнуулын байгууллагын бүхий л мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна. Н.Цэрэнбат сайд та залуу хүн байна. Ажлаа хий” хэмээн эгдүүцэж байв.
Баримт 12.
Гэвч Ж.Энхбаяр гишүүний уг шүүмжлэлд “Жилдээ 250-270 орчим шонхор шувуу барих зөвшөөрлийг олгодог байсан. Одоо ч иймэрхүү хэмжээнд л олгож байгаа. Төрийн ажлын залгамж шинж чанар үргэлжлээд л явж байна гэсэн үг. Ж.Энхбаяр гишүүний хувьд, аливаа зүйлд ямар ч үндэслэлгүйгээр, сэтгэл хөдлөлөөр хандаж, улс төрийн “попорсон” мэдэгдэл хийж явдаг гэж би хардаг. Их баримжаа, баримтгүй ярьдаг. Улстөрч хүн өөрөө од болох гээд бусдыг гүтгэж болохгүй.
Баримт 13.
Тэр тусмаа төрийн албаны ажилтнууд руу дайрах, илэрхий байдлаар дээрэлхсэн юм шиг хандах нь зохимжгүй үйлдэл. Тийм учраас аливаа шийдвэрүүдийн талаарх мэдээллийг цаасан байдлаар байдлаар харж, тоо баримттай нь танилцчихаад ярих хэрэгтэй гэж хэлмээр байна. Ж.Энхбаяр гишүүний яриад байгаа шиг жилдээ 750 идлэг шонхор гаргасан зүйл огт болж байгаагүй. Ийм олноор гарч байхад манай тагнуул, цагдаагийн байгууллага нүд нь аниатай сууж байсан гэж ярьсан.
Баримт 14.
УИХ-ын гишүүн юу ч ярьж болно. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэх өнцгөөс асуудалд хандаж болохгүй гэж хэлмээр байна. Ер нь өнөөдөр манай улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл хийдэг байдал хэрээс хэтэрлээ. Нийгмийг талцуулсан, хуваасан энэ мэдэгдлүүдийн аль нь үнэн болохыг иргэн хүн шууд шүүж чадахгүй. Үнэхээр тийм юм байна аа л гэж боддог.
Баримт 15.
Үүнийг нь хэвлэл мэдээлэл залруулаад бичихээр тэднийг буруу бичлээ гээд дайрдаг. Ийм нөхцөл байдал үүсдэг учраас би Ж.Энхбаяр гишүүнийг хариуцлагагүй зүйл нь ярьсан нь буруу гэж харж байгаа” хэмээн тухайн үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол байр сууриа илэрхийлж байлаа.
Баримт 16.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас Хонгконгт суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайханыг томилох шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан. Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр юм. Үүнтэй холбоотойгоор Д.Оюунхорол гишүүнийг нөхрөө Ерөнхий консулаар томилогдоход нөлөөлсөн гэх шүүмжлэл, хардлага хэсэгтэй явж байв. Харин энэ талаар Д.Оюунхорол гишүүн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Баримт 17.
Тэрбээр “Миний нөхөр мэргэжлийн дипломатч, ЮНЕСКО-д 10 шахам жил ажиллаж байсан. Дипломат ажилтанд тавигдах наад захын шаардлага болох англи, франц, орос хэлтэй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан туршлагатай. Би УИХ-ын гишүүн учраас харин ч надаас болоод хэлмэгдэж байсан байж магадгүй. Засгийн газрын томилгоонд би нөлөөлөөгүй” гэсэн удаатай.
Баримт 18.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж байв. Харин тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол “Бид олон улсын жишигт нийцсэн казино байгуулаад үзье. Баар, буудал болгоны доор, эсвэл байшин болгоны доор рулет машин тавьж замбараагүй, хяналтгүй тоглуулдгийг маш хатуу хориглоё. Казино байгуулах 10 жилийн зөвшөөрөл авахын тулд 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлье. Улмаар 700 саяас нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар казино байгуулна. Түүний 85 хувь нь үйлчилгээ байна. Хоол, баар, ресторан гээд үйлчилгээний салбарыг нэлээн сайн хөгжүүлнэ.
Баримт 19.
Энд ажиллах бүх хүн монгол иргэн байна. Гадныхан том хөрөнгө оруулалт хийж, гадны ажилчид оруулж ирэхийг хуулиар хорьж өгөөд, машины ард зогсоод тоглуулдаг бүх дилер монгол ажилчин байна. Ингэхээр маш том ажлын байр бий болно. Сүүлийн хэдэн жил төр зохион байгуулалттайгаар ажлын байр бий болгож чадаагүй. Өнөөдөр хувийн хэвшлийнхний хийсэн ажил дээр ажлын байр бий болоод байгаагаас биш төр өөрөө бий болгосон ажлын байр гэвэл ердөө байхгүй. Тэгэхээр энэ тодорхой хэмжээний дэмжлэг болох юм.
Баримт 20.
Казино байгуулснаар төсөвт жилдээ ойролцоогоор 74-138 тэрбум төгрөг ордог болох боломж бүрдэх юм. Ширээ бүр татвартай байя. Харуул хамгаалалт, хяналт нь маш өндөр тогтолцоотой байх хуулийн төслийг гишүүд өргөн барьсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр 80 хувийн саналаар дэмжигдсэн. Ганц хоёр гишүүн өмнөх алдаатай түүхийг давтвал яах вэ, энийг батлаад дэмий юм биш үү гэсэн зүйл ярьж байгаа. Гэхдээ Монгол алийн болгон дандаа хөгжлийн ард явах юм бэ. Монголын эдийн засагт ордог урсгалыг нэмэгдүүлье гэсэн хандлагаар энэ хуулийн төслийг оруулсан” хэмээн ярьж байв.
Баримт 21.
Авлигатай тэмцэх газраас 2011 онд Авлигын эсрэг өдрөөр “Шударга ёсны төлөө-2011” шагналыг бий болгон улс орны хэмжээнд шударга ёсны төлөөх хүсэл эрмэлзэлтэй, авлигаас ангид байж чаддаг, шударга иргэдийг олон нийтийн санал асуулгаар тодруулж байв. Тэдгээр иргэний нэгээр Д.Оюунхорол гишүүн тодорч, уг шагналыг авч байлаа.
Баримт 22.
2016 оны сонгуулийн үеэр 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-ийг зөрчиж, мөнгө тараахыг хориглоно гэснийг зөрчсөн тухай асуудал сөхөгдөж байв. Уг асуудлыг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар шийдвэрээр тогтоосон байдаг. Харин н.Энхзаяагаас Сонгуулийн ерөнхий хороонд “Шүүхийн шийдвэрээ гар дээрээ аваагүй байна. Би давж заалдана” гэсэн хүсэлт хүргүүлснээр уг асуудал тэгсхийгээд намжсан юм.
Баримт 23.
Д.Оюунхоролыг сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан ч Авлигатай тэмцэх газраас үгүйсгэсэн байдаг.
Баримт 24.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Д.Оюунхорол гишүүнийг Баянзүрх дүүрэгт дахин өрсөлдөх магадлал өндөртэй хүмүүсийн нэгээр тодруулж байсан ч тэрбээр намаасаа дэмжлэг хүлээж чадаагүй юм. Түүнийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ намын дарга У.Хүрэлсүх Бага хурлынхаа үеэр мэдэгдсэн гэдэг.
Сэтгэгдэл (18)