Баримт 1.
О.Содбилэг Швейцарийн Кеймбриджийн Эйллон коллежийг 1998 онд, АНУ-ын Жорж тауны их сургуулийг 2002-2006 онд тус тус төгссөн. 2010 онд Францын INSEAD-д бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Бээжин хотын Чинхуагийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. 2003-2004 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт атташегаар ажилласныг эс тооцвол түүнд төрийн албанд ажилласан туршлага үгүй.
Баримт 2.
2004-2005 онд Капитрон банкинд гадаад харилцаа төслийн газрын дарга, 2005 оноос "НИК" компанийн тэргүүн дэд захирлаар ажиллах болжээ. Харин 2007-2012 онд "Петровис" ХХК-д дэд захирлын албыг хашсан байна. Үүнийхээ хажуугаар "Мон ойл энд Газ" компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг давхар хашжээ.
Баримт 3.
Төрийн албанд ажилласан туршлагагүй, хувийн хэвшилд ажиллаж ирсэн О.Содбилэг 2012 оны сонгуулиар Орхон аймагт МАН-аас нэр дэвшиж, анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. О.Содбилэгийг УИХ-ын болоход түүний аав Хөдөлмөрийн баатар, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол захирал, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэр нөлөө их байдаг гэдэг.
Баримт 4.
Тухайн үед аавынхаа, нөхрийнхөө нэрээр хүү нь, эхнэр нь УИХ-ын гишүүн болж байна гэсэн шүүмжлэл улс төрд хэсэгтээ гарч байв. Түүний ээж Д.Туяа нь 2004- 2008 онд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байсан нь ийм яриа гарах шалтгаан болсон гэлтэй.
Баримт 5.
Удтал чимээгүй явсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гэнэт олны анхаарлын төвд орж ясваар эцэстээ 2016 онд нэр бүхий гурван хүнд шүүхээс ял ногдуулсан байдаг. Хэргийг шийдвэрлэх явцад Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч нар үйлдсэн гэх яриа нийгэмд өрнөөд байсан юм. Гэхдээ уг яриа албан ёсоор баталгаажаагүй.
Баримт 6.
Харин О.Содбилэг гишүүн “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна. Хэдэн сарын өмнө нөлөө бүхий нэг хүн намайг дуудаж, аавыг чинь С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн. Хоёулаа учир битүүлгээр амиа алдсан энэ хоёр хүний хэргийг хооронд нь холбох гэсэн улс төрийн зорилготой зохиол явж байна” гэсэн удаатай.
Баримт 7.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж О.Содбилэг гишүүнд хандан нэгэн шүүмжлэлийг дайж байв. Тэрбээр “Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар нэг, хоёр сонгогдоод л сайд, Ерөнхий сайд болцгоосон. Отгонбилэгийн Содбилэгийн аав нь УИХ-ын гишүүн, ээж нь УИХ-ын гишүүн, өөрөө гишүүн. Монголын төр энэ гэр бүлийг маш их харж үзсэн.
Баримт 8.
Албан тушаал болохоор би, би гэчихээд ард түмний амин чухал асуудал болохоор яагаад алга болчихдог юм бэ? Яагаад өглөө 10 цагт хуралдаа ирж сурдаггүй юм бэ? Бүтэн 3 жил зарим нь унтлаа. Одоо болоо юм биш үү? Лүндээ бид нарыг янз янзаар нь дуудаад өчнөөн л юм болж байгаа. Бид та нараас ичиж байна аа.
Баримт 9.
Энэ этгээдүүдээс болж Баасанхүү гишүүнээр өдөр болгон бичлэг хийлгүүлж, Пүрэвдорж гишүүнээр өдөр болгон загнуулж байна. МАН-ын гишүүд ийм сахилгагүй байсныг энэ 30 жилийн хугацаанд би үзээгүй юм байна. УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч тааллаараа ирнэ гээд Үндсэн хуульд биччихсэн байдаг юм. Бусад нь энд сууж байх ёстой юм. Сая нэр дурдсан гишүүдээ хуралд нь дуудаж суулгаач ээ гэж УИХ-ын даргад би горимын санал тавьж байна” хэмээн эгдүүдэж байлаа.
Баримт 10.
Харин О.Содбилэг гишүүн “Тухайн өдөр би ямар ажилтай байгаагаа Бүлгийн Ажлын албаны даргад мэдэгдээд явсан. Миний багийн найз маань гэнэт бурхан болоод, ажил явдалд нь би оролцсон. Найзын хувиар ажил явдалд нь оролцож, ээжтэй нь уулзах ёстой хүн гэж би өөрийгөө бодож байгаа учраас явсан. Тэгэхдээ Ажлын албанд мэдэгдсэн.
Баримт 11.
Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт би оролцоод явж байгаа. Бүлгийн болон байнгын хороодын хуралд оролцож, өөрийнхөө саналыг өгөөд, дэмжиж байгаагаа дэмжээд, дэмжихгүй бол саналаа хэлээд явж байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа, мягмар гарагт чуулган хуралдахаар зарласан. Би ирсэн. Гэвч ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Ямар нэгэн байдлаар хаяж явж, бойкотолсон зүйл байхгүй” гэсэн юм.
Баримт 12.
Д.Хаянхярваа нарын 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх үеэр гишүүн О.Содбилэг “ЖДҮХС-гаас мөнгө авчихаад уучлал гуйгаад, зээлээ төлөөд явах нь учир дутагдалтай. Гэтэл жирийн иргэдийн дунд зээл авах гээд төсөл бичээд явж байгаа олон хүн байдаг. Энэ нь өмнөх Засгийн газрыг унагах, энэ Засгийн газрыг дэмжих шагнал байсан биш үү. Ингэж ойлгогдоод байна” гэж байв.
Баримт 13.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ сайн юм боллоо. Шалгалт оруулаад хоёр сар болж байна, цаашдаа ч олон юм илрэх байх. Өнөөдөр та нар сайхан харагдахгүй, шударга үнэний туйл болсон гэж бодож байна уу, би та нарыг мэднэ шүү дээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг мэднэ. Намаа цэвэрлэх цаг болсон юм байна гэдгийг бүр сайн ойлголоо. Энд байгаа зарим нөхөд МАН-ын нэрээс дэвших боломжгүй шүү гэдгийг дахиад хэлчихье.
Баримт 14.
Эртхэн зам мөрөө хөөгөөрэй. Надад намын ард түмэн байна, ард түмэн байна. О.Содбилэгээ нефтийн үйлдвэрийг битгий нураачих гээд бай. Үнийг нь өсгөж байгаа, ард түмний өмчийг “шааж” байгаа хүмүүс та нар шүү. Би энэ байр суурь дээрээ хатуу зогсоно. Өөрсдөө хулгайч байж бусдыг хулгайч гэж хэлээд хэрэггүй. Цаг нь болохоор өөр олон зүйл ярина аа. Шударга ажиллаж байгаа” гэсэн хариу өгч байлаа.
Баримт 15.
Харин О.Содбилэг гишүүн "У.Хүрэлсүх сайд та нефтийн үйлдвэрийг бариулахгүй байгаа хүмүүс байна Содбилэгээ гээд байх юм. Би нефтийн салбараар энэ танхимд сууж байгаа гишүүдээс илүү олон жил ажилласан туршлагатай хүн. Монгол Улс нефтийн үйлдвэртэй болоосой гэж хамгийн их ажиллаж явсан хүн. Та мэдэх учиртай. Танд хаанаас тийм мэдээлэл ирээд байгааг асуумаар байна. Хариуцлагын асуудлыг ярихаар сүүлдээ халиад байна. ЖДҮ Засгийн газрыг огцруулах гол асуудал болгож гишүүд ярьж байгаа шүү дээ. Гэтэл та тойруулаад яриад байна” гэж байв.
Баримт 16.
Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ЖДҮ-ийг хамгаалсан зүйл байхгүй. Зарим нэг компани улсаас хэдэн тэрбумаар нь идэж уусны хажууд бол энэ жижигхэн асуудал. Нефтийн үйлдвэрийн асуудлаар та нар бүгдээрээ намайг дэмжих хэрэгтэй. Та нар бензин шатахууны үнийг хямдруулаарай. Засгийн газар хийх ёстой бүх зүйлийг чинь хийгээд өгчихсөн. Холбогдох татваруудыг чөлөөлсөн. Та нар одоо хангалттай баяжсан байгаа шүү. Олсон мөнгө чинь амаар чинь гарахаар болсон шүү. Одоо ард түмнээ бод. Үнээ хямдруулбал өөрийг чинь харин дахиад сонгож магадгүй, Содбилэг гишүүн ээ" гэсэн байдаг.
Баримт 17.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан "Цахим бодлогын түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 76.7 хувийн саналаар баталсан байдаг. Үүний дараа бүрэлдэхүүнд нь багтах сонирхолтой байгаагаа гишүүд илэрхийлсэн. Гишүүдийн ийн ярихыг харж суусан О.Содбилэг гишүүн “Манай гишүүд сошиал facebook л яриад байх юм. Бид хиймэл оюун ухаан, робот ярих ёстой” гэсэн нь тухайн үедээ анхаарлын төвд орж байсан юм.
Баримт 18.
Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр О.Содбилэгийн зүгээс нэгэн санал гаргасан нь гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох тухай байв. Түүний тайлбарласнаар “Хэдий нэг жилийн ялгаатай юм шиг боловч ихээхэн өөрчлөлт гарна. Нэг жилийн ялгааг би ажлын хэсэгт өгсөн танилцуулгадаа оруулсан. Нэгдүгээрт, манайд олон сонгуулийн мөчлөг явагддаг. Их хурлын гишүүд ажлаа бүрэн хийж байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн үеэр гишүүд тойрогтоо очиж ажилладаг.
Баримт 19.
Хоёрдугаарт, Хөгжлийн төлөвлөгөөг таван жилээр хийхэд илүү тохиромжтой байгаа юм. Францын парламент хөгжлийн төлөвлөгөөг хэдий хугацаанд үргэлжлүүлбэл үр дүнтэй талаар туршлагаасаа үндэслэн ярьсан байсан. Энэ нь гурваас найман жилийн хугацааг харахад таван жилийн хөтөлбөр төлөвлөгөө хамгийн зөв шийдэл гэснийг тодотгосон байсан. Хэрвээ ийм бодлого нэвтрүүллээ гэхэд түүний хэрэгжилтэд алдаа дутагдал байвал засах боломжтой.
Баримт 20.
Мөн үр дүнг нь харж, хянах боломжтой. Энэ үүднээс таван жилийн хугацаанд дунд хугацааны бодлого хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. НҮБ болон ихэнх олон улсын хөтөлбөрүүд таван жилийн мөчлөгөөр ажлаа төлөвлөдөг. Тухайлбал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тав, таван жилээр дүгнэж байгаа. Энэхүү мөчлөгт нийцүүлж манайх бодлогоо уялдуулж болно гэж үзсэн л дээ” гэсэн байдаг.
Баримт 21.
Т.Аюурсайхан тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Монголбанкнаас 2012-2016 оны хооронд хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл, хөтөлбөрт шалтгалт хийсэн байдаг. Мөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван их наяд төгрөгийг хэвлэж тараасан гэх асуудлыг шалгасан юм. Тэгэхэд О.Содбилэг гишүүн хамаарал бүхий Петровис ХХК-ийн охин компани болох НИК, Петростар ХХК-иуд 81 434 526 720 /наян нэгэн тэрбум дөрвөн зуун гучин дөрвөн сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун хорин төгрөг/-ийг Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн нь ил болж байлаа.
Баримт 22.
О.Содбилэг гишүүний жилийн орлого нь 22 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүдийнх нь 120 сая төгрөг. Хувьдаа Mercedes Benz,SLS 500, Mercedes Benz,G 500 машинтай. 1219 м2, 50000 м2 газар эзэмших эрхтэй. 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 62 сая төгрөгийн хадгаламжтай. Дижиком ХХК, Лапис Прожект ХХК, Новодин ХХК, Висдом Пикчерс ХХК, Ажигана Групп ХХК, Ажигана Махимпекс ХХК, Ажигана Майнинг ХХК, Ажигана Монголмедиа ХХК, Ажигана ХХК, Петро Матад Лимитед ХХК, Эл Эс Өү ХХК зэрэг компаниас хувь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ.
Баримт 23.
УИХ-ын ээлжит сонгуулиар дахин нэр дэвших эрх О.Содбилэг гишүүнд олдоогүй. Шалтгаан нь тэрбээр дэлхий нийтээр цар тахлын хэмжээнд хүрээнд байгаа коронавирусээс үүдэж гадаадад гацаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, О.Содбилэг хуулийн хугацаанд амжиж эх орондоо ирэх боломжгүй болсон хэрэг. Харин тэрбээр “Би дөрвөн жил завсарлах болсноо жилийн өмнө шийдэж, У.Хүрэлсүх даргад 2019 оны есдүгээр сард Эрдэнэт хотод ажил хэргээр очиход нь хэлсэн.
Баримт 24.
Би улс төрд 25 насандаа орж, УИХ-ын гишүүнээр сүүлийн найман жил ажиллахдаа чадах бүхнийг цааргалахгүй хийж, ёс суртахууны болон хуулийн зөрчил доголдол гаргаагүй ажилласан. Цаашид би улам ихийг хийж бүтээхийн төлөө энэхүү шийдвэрийг гаргасан ба хүмүүсийн сайн сайхны төлөө зогсохгүй ажилласаар байх болно” хэмээн тайлбарласан юм.
Сэтгэгдэл (9)