Баримт 1.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийг 1980 онд төгссөн Д.Хаянхярваа 1986 онд хойно буюу Москва хотын удирдлагын дээд сургуулийг Барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр тус тус дүүргэжээ. Төгсч ирээд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагчаар ажиллаж байгаад 1989-1990 онд МАХН-ын хороонд зааварлагч хийх болсон аж. Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга хийж байгаад Ардчилсан хувьсгал гарсны дараа Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч даргаар ажилласан байна.
Баримт 2.
Үүний дараа 1993 оныг хүртэл Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч даргаар ажиллажээ. Улмаар 1993-2000 оныг хүртэл Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргын албан тушаалыг хашсан байна. Харин 2000 онд аймгийн Засаг даргаар сонгогдож, 2008 оныг уг албанаасаа буулгүй ажиллажээ.
Баримт 3.
Д.Хаянхярвааг Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед нэгэн хэрэг 2007 онд гарч байв. Тэр нь тус аймгийн Хонгор суманд хууль бусаар алт олборлож байсан хятад иргэд цианит натри, мөнгө усаар шороо угааж, их хэмжээний газрыг бохирдуулсан тухай асуудал. Энэ үеэс тус нутгийн иргэд үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, мал амьтан ч элдэв гаж төл гаргах болсон гэдэг.
Баримт 4.
Тухайн үед Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан С.Отгонбаяр “Онц байдал тогтоох байдалд орчихсон байна. Нөхцөл хүнд. Агаар дахь мөнгөн усны хэмжээ 6-120 дахин их, усанд нь цианит натри илэрсэн” гэж ярьж байлаа. Харин Байгаль орчны сайд асан Л.Гансүх “Хараа голоор дамжин хор тархах аюултай байна. Тиймээс бохирдсон ус цэвэрлэх талаар гадаадын мэргэжилтнүүдээс тусламж авъя” гэсэн саналыг гаргаж байсан удаатай. Гэвч Д.Хаянхярваа аймгийн Засаг даргаас УИХ-ын болтлоо дэвшсэнээр Хонгор сумын эл асуудал тэгсхийгээд намжсан, бүр дарагдсан гэдэг.
Баримт 5.
Анх удаагаа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон Д.Хаянхярваа бүрэн эрхийнхээ эхний хоёр жилд төдийлөн тодорч чадаагүй. Харин үлдсэн хоёр жил нь түүний хувьд улстөрчийн карьераараа дээшлүүлэхэд томоохон түлхэц болсон байдаг. Учир нь, Сү.Батболдын танхимын тодорхой хэсгийг бүрдүүлж байсан АН-ын удаахь сонгуулиа бодоцгоож, Засгийн гарсан нь 2012 оны нэгдүгээр сар.
Баримт 6.
Тэгэхэд Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт ч намынхаа шийдвэрийн хүрээнд ажлаа өгөхөөр болсон юм. Энэ нь Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваад боломж олгож, тэрбээр Сү.Батболдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж эхэлсэн байдаг. Гэвч Сангийн сайдаар ажиллах болсон Д.Хаянхярваагийн зам тийм дардан байсангүй.
Баримт 7.
Сонгуулийн жилд улсын сан хөмрөгөөс захиран зарцуулах нэгдүгээр эрх бүхий Сангийн сайдын албанд очсон тэрбээр “Эх орны хишиг” нэрээр иргэдэд олгосон нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 330 мянган төгрөгийг аймгийнхаа ахмад настнуудад хугацаанаас нь өмнө түрүүлж олгох шийдвэр гаргасан нь тухайн үедээ багагүй шүүмжлэл дагуулж байв. Түүний эл шийдвэр гаргасны дараа Ерөнхий сайд асан Сү.Батболд нэр бүхий банкаар орж, ахмад настнуудтай уулзан учирлаж байсан түүхтэй.
Баримт 8.
Хожим Д.Хаянхярваа “Нэг сая төгрөгийг хууль зөрчиж тараасан гэдэг л юм. Дархан-Уул, Архангай, Дундговь гэсэн гурван аймагт тараасан. Эдгээр гурван аймагт нэг сая төгрөгийг гүйцээж өгсөн маань үнэн. Үүнийг би ганцаараа шийдээгүй. Ингэснээр намайг эрх мэдлээ хэтрүүлээд нэг сая төгрөгөө тараачихлаа гэж ярих болсон. Би хуулиа л хэрэгжүүлсэн” хэмээн аймгийнхаа ахмадуудад түрүүлж, мөнгө тараасан шалтгаанаа тайлбарласан удаатай.
Баримт 9.
Ийнхүү анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохүй Байнгын хорооны дарга, Сангийн сайдаар ажилласан Д.Хаянхярваа аймгийнхаа ахмадуудад 300 мянган төгрөг тараасныхаа “ачаар” 2012 оны сонгуульд дахин нэр дэвшиж, Дархан-Уул аймгаас хоёр дахиа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Гэвч эрх баригч МАН сонгуульд ялагдсанаар Д.Хаянхярваа ямар нэгэн албан тушаалд очсонгүй. 2012-2016 онд Бүлгийнхээ хамтаар сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсэн юм.
Баримт 10.
Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН 65 суудлыг авч, үнэмлэхүй олонхи болоход гуравдахь удаагаа сонгогдсон Д.Хаянхярваа Бүлгийн даргаар ажиллахаар болсон юм. Гэвч олдоод өлдөхийн зовлон гэгчээр УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ын бүлэг дотроо зөрчилдөж, эцэстээ хоёр хуваагдаж, эмхлэн байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад хүргэсэн байдаг.
Баримт 11.
Энэ бүхний шалтгааныг Бүлгийн дарга Д.Хаянхярваа гишүүдээ зангидаж чадаагүйтэй холбон тайлбарлаж ярих хүн олон. Гэхдээ МАН-ын бүлгийн дотоод зөрчил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар зогссонгүй. 60 тэрбумынхан, ЖДҮ-ийнхэн хэмээн хуваагдсан тэд УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг огцрохыг шаардаж, УИХ-ын үйл ажиллагааг гацаах болсон юм.
Баримт 12.
65 гишүүний зөрчил дан ганц МАН-ын бүлгийн бус Монгол төрийн гацалт болтлоо ужгирсан нь 2018 оны сүүл, арваннэгдүгээр сар. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч “УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой.
Баримт 13.
ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй” гэж байв. Хариуд нь Д.Хаянхярваа гишүүн Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлал дотор энэ нам ормооргүй байна.
Баримт 14.
Намын дарга болж бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас хэлэх ёстой газар нь үүнийг хэлж, алдаа оноог нь засах ёстой. Би өнөөдөр УИХ-ын гишүүн байгаа нөхцөлд бүлгийн даргын албан тушаал байх эсэх нь сонин биш. Өнөөдөр Монгол Улс хүчирхийлэл, дарангуйллын системээр явах зам руу орж байна. Жирийн МАН-ын гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй.
Баримт 15.
Ер нь У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болсон. Гишүүдийг доромжилдог, дарамталдаг, намын даргаа шүүмжиллээ гэж, намын даргын нэр хүнд өндөр, УИХ-ын нэр хүнд муу байгаа гэж яриад байгаа нь Үндсэн хуульд харш гэдгийг би хэлж байгаа юм.
Баримт 16.
Иймд Удирдах зөвлөлийн хурлын үеэр би “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гарын үсэг цуглуулаад өргөн барина” гэж хэлсэн” гэдгээ онцолж байлаа. Удсан ч үгүй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцсэн байдаг.
Баримт 17.
Хуралдааны эцэст санал хураалт явуулсан боловч 29:29 гэсэн харьцаатай саналын тоо тэнцэж байв. Тиймээс дахин санал хураалт явуулахад 32:27 гэсэн санал хураалтын дүнгээр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулсан юм. Огцорсон шалтгаанаа тэрбээр “Намын даргыг шүүмжилсэн. Мөн ЖДҮХС-тай холбогдсон гишүүдээ өмөөрч, хамгаалахгүй байна гэсэн хоёр үндэслэлээр намайг ажлаа өгөхийг шаардсан” гэж тайлбарласан. Түүний оронд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар томилсон билээ.
Баримт 18.
Хариуд нь Д.Хаянхярваа өөрийнхөө албан бланк дээр 27 гишүүний гарын үсэг зуруулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг парламентад өргөн барьсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар нэгдсэн нэр бүхий 27 гишүүний тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцсэн ч Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн билээ.
Баримт 19.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зүгээс шаардлагатай бол УИХ-ыг тараах асуудлыг хөндөнө хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлж байсан удаатай. Үүнд нь эгдүүцсэн Д.Хаянхярваа гишүүн “Монголын төр өнөөдөр амаргүй, хүнд хэцүү сорилтын өмнө тулгараад байгаа энэ үед төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд гэж нэрлэгддэг эдгээр хүн хоёр нь дотроосоо УИХ-ыг тараана.
Баримт 20.
Улс төрийн тогтворгүй байдал үүсгэх тухай асуудлыг ард түмэнд турхираад сууж байна гэдэг Үндсэн хууль зөрчих асуудлыг өөрийн биеэр үлгэрлэж байна гэж үзэх үндэс байна. Бид энэ асуудалд дуугүй сууж болохгүй. Бид муу ч сайн ч ямар ч бай одоо мөрдөгдөж Үндсэн хуульд захирагдаж, төрийн өмнө, олон түмний өмнө ажлаа хариуцаж хийх үүрэгтэй гэдгийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрт хандаж, хаяглаж хэлмээр байна.
Баримт 21.
Ийм бусармаг үйлдэл дахин, дахин ярьж болохгүй. УИХ-ыг тараах эрх Үндсэн хуулиар зөвхөн өөрт нь бий. Үнэхээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэвэл гуравны хоёроороо шийдээд дахин сонгууль явуулж болно. Энэ асуудлыг цааш цаашдаа бодоосой билээ гэж хэлмээр байна. УИХ-ын гишүүддээ хандаж хэлэхэд хүн бүр ёс зүйтэй, зарчимтай, хуулиа сахидаг байя, тэгээд хууль биелүүлэхийг хүнээс шаардъя гэсэн юм” гэж байлаа.
Баримт 22.
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тухай ярьсан. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр шүүмжлэлтэй хандсан гишүүдийн нэг нь Д.Хаянхярваа байсан юм. Тэрбээр “Шийдэх асуудал нь мэдээж Их Хурлаар орж байж шийдэгдэнэ. Өөр ямар ч гарц байхгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл 3 хүн мөнгө төгрөгний асуудал шийддэг болчихвол энэ улс оронд чинь эмх замбараагүй байдал үүснэ. Мөнгө төгрөгний асуудлыг хамаагүй хэдхэн нийлээд шийдэж болохгүй.
Баримт 23.
Бэлэн мөнгө төгрөг тараах гэх зэрэг асуудал 2010 оноос хойш байсан үүнийг таслан зогсоох гэж чамгүй хөдөлмөр гарсан. Тэгэхээр бид алдаагаа дахин давтаж болохгүй. Манай улс их өртэй улс шүү дээ, тийм байж бид өр зээл давхар дарах боломжгүй. Монгол улсын гадаад өр 30 гаруй тэрбум ам доллар байгаа. Улсын Их Хуралд оруулалгүйгээр шууд ийм байдлаар ард түмэнд мэдэгдэнэ гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл юм” хэмээн эгдүүцсэн байдаг.
Баримт 24.
УИХ-ын ээлжит сонгуулиар Д.Хаянхярваа гишүүнийг Дархан-Уул аймагт дахин нэр дэвших тухай таамаг байсан ч тэрбээр нэр дэвшсэнгүй. Энэхүү шалтгаанаа “Олон жил түшиж тулж явсан намын журмын нөхөд, эрхэм хүндэт Дарханчууддаа гүн хүндэтгэл илэрхийлж байна. Улстөр хэмээх хатуухан тогоонд олон жил чанагдаж, амьдралын хат суулаа. Дарханыхаа зон олныг УИХ-д төлөөлөх итгэл хүлээлгэж байсан та бүхэндээ баярлалаа” гэсэн юм.
Сэтгэгдэл (4)