Баримт 1.
Дарханд төрж өссөн Б.Жавхлан 1990 онд төрөлх хотынхоо 17, 1992 онд Сүхбаатар аймгийн Нэгдүгээр дунд сургуулийг тус тус төгсчээ. 1997 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчаар ажиллах болжээ. 1999 оныг хүртэл эл албан ажилласан түүнийг ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагчаар 2000 оныг хүртэл томилсон байна.
Баримт 2.
Банкнаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн түүнийг Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч болгон дэвшүүлжээ. 2004 оныг хүртэл тус албанд ажилласан Б.Жавхлан буурь сэлгэж, Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал болсон байна. 2006 онд тэрбээр тушаал дэвшиж тус банкны дэд ерөнхийлөгчөөр жил гаруйн хугацаанд ажиллажээ.
Баримт 3.
Харин УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдоржийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсны дараа 2010 онд түүнийг Тэргүүн дэд ерөнхийлөгчид, Н.Золжаргалыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь УИХ-аас дэмжлэг хүлээж байв. Үүнээс хоёр жилийн дараа буюу АН Засгийн эрхэнд гарсны дараа Л.Пүрэвдоржийг чөлөөлснөөр Н.Золжаргал Төв банкны ерөнхийлөгч болж дэвшсэн байдаг.
Баримт 4.
Б.Жавхлан нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны арванхоёрдугаар сард Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцөж, Эдийн засгийн Байнгын хороонд хүргүүлсэн байдаг. Тэрбээр 2016 оны сонгуульд нэр дэвшихээр хуулийн дагуу төрийн албан хаагчийн ажлаа өгөх хүсэлт гаргасан нь энэ юм. Түүний хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн.
Баримт 5.
Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Жавхлангийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээх авах эсэхээр санал хураалт явуулахад 50 хувийн дэмжлэг авсан удаатай. Энэ тухай УИХ-ын дарга асан З.Энхболд “50 хувийн саналаар асуудал дэмжигдсэнгүй. Б.Жавхлан ажилтайгаа үлдлээ” гэж байв. Мөн тэрбээр МАН-ынханд хандан “Намын даргаа надтай уулзуулаарай” гэсэн удаатай. Улмаар үдээс хойш хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Жавхланг чөлөөлөх асуудлаар дахин санал хурааснаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Баримт 6.
Б.Жавхланг гишүүнээр сонгогдсоны дараа УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Монголбанкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд зарим асуудлаар шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчил илэрч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг хуулийн байгууллагаас шалгах шалтгаан болсон. Уг асуудалд Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан гишүүнийг мөн буруутай гэж харах, хардах, шүүмжлэх хүн тухайн үед цөөнгүй байв.
Баримт 7.
Уг асуудал сөхөгдөх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа "Монголбанкнаас зээл авсан аж ахуй нэгжид хариуцлага тооцох асуудал байхгүй. Яагаад гэвэл аж ахуй нэгж буруутай биш. Хууль зөрчиж шийдвэр гаргаад, давуу боломжийг олгосон удирдлагууд буруутай. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа аль ч намын ямар ч хүнд хямд хүүтэй зээл олговол “үгүй би авахгүй” гэж хэлэхгүй. Харин зориулалтаар нь аваад зориулалтын бус хэрэглэсэн байвал хариуцлага ярих ёстой.
Баримт 8.
Тиймээс Монголбанкнаас хууль зөрчиж цөөн тооны хэдэн компанид давуу эрх олгосноос болоод Монгол Улс ийм байдалд хүрсэн. Харин Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Б.Жавхлангийн хувьд асуудал тодорхой. Зээл олгох шийдвэрийг гаргахад буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Гэхдээ Монголбанкинд ажиллаж байсан чиг үүрэг нь зээлийн асуудалд хамаарахгүй" гэсэн тайлбарыг өгч байв.
Баримт 9.
Нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, дарга нар мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авч, иргэдийн боломжийг хулгайлсан тухай асуудал сөхөгдөх Б.Жавхлан гишүүний нэр ч дурдагдаж байлаа. Түүнийг ЖДҮХС-гаас “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-д 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн тухай баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн өдрүүдэд цацагдаж байлаа. Уг мэдээлэлд “Б.Жавхлан гишүүн АНУ-д суралцаж байхдаа танилцсан, Монголд ирээд түүний туслахаар ажиллаж байсан С.Төгсбилэг гэх залууг ЖДҮХС-гийн захирлаар томилуулсан байна.
Баримт 10.
Өөрөөр хэлбэл, түүний зээл ногоон гэрлээр бүтсэн шалтгаан нь ч дээрх томилгоотой холбоотой байх магадлалтай юм. Үүний дээр Б.Жавхлан гишүүний зөвлөх н.Эрдэнэцогт гэдэг хүний оролцоотой “Жетте майнинг” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая төгрөг, барилгын чиглэлээр дагнадаг “Пример инвестмент групп” ХХК нь арьс, ширний үйлдвэрийн төслөөр 900 сая төгрөг авсан нь ч олон нийтийг хардахад хүргээд байгаа юм” гэсэн байдаг.
Баримт 11.
Харин Б.Жавхлан гишүүн уг мэдээллийг үгүйсгэж “Миний нэр холбогдоод байгаа “Премьер инвестмент групп” компанид хүсэлт тавьж, өчигдөр уулзлаа. Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. Төрөөс явуулж буй ЖДҮХөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан. Ингэхдээ “Долоон болдог” ХХК-ны 25 хувийн оролцоотой байжээ. Харин жилийн дараа “Долоон болдог” ХХК-иас хамааралгүй болсон юм байна.
Баримт 12.
Миний хувьд 2010-2015 онуудад “Долоон болдог” ХХК-ны бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа “Премьер инвестмент групп” компанитай холбоогүй. Ямартай ч энэ компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Зээлээ ямар зориулалттай ашиглаж байгааг нь судаллаа. Дархан-Уул аймагт үхрийн шир боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил нь 80 хувьтай байна. ЖДҮХС-аас зээл авч, банкнаас зээл авч амжилттай явж буй компани юм байна.
Баримт 13.
Үйлдвэр ашиглалтад орвол цэвэр импортоор орж ирдэг, өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд хэрэглэдэг үхрийн ширийг дотооддоо үйлдвэрлэж, импортыг орлох, үүнийг дагаад жижиг, дунд үйлдвэр хөгжих боломжтой юм байна. УИХ-ын гишүүний хувьд тойргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрүүд дэмжлэг хүсэж ханддаг бөгөөд тодорхой шүүлтүүрээр дэмжлэг үзүүлэхийг уламжилдаг” хэмээн няцааж байлаа.
Баримт 14.
Монгол Улсыг ФАТФ-аас “Саарал жагсаалт”-д оруулсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хариуцлага хүлээж үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан байдаг. Энэ хүрээнд чөлөөлөх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүн Б.Жавхлан “2016 оноос хойш эдийн засгийн хүнд нөхцөлд Монголбанк сайн ажилласан. Сүүлийн хоёр жил УИХ-тай хамтарч банк, санхүүгийн тогтвортой байдлын төлөө маш сайн ажиллаж ирсэн. Үүний дүнд эдийн засаг тогтворжих чиглэлд явж байгаа. 2011-2014 онд манай улс саарал жагсаалтад ороод гарахад Төвбанк маш том үүрэг гүйцэтгэж авч гарч байсан.
Баримт 15.
Харамсалтай нь түүнээс хойш “Саарал жагсаалт” гэхээр улстөрчид Төвбанкны үүрэг мэтээр ойлгодог, хардаг гажиг тогтсон. Тиймээс одоогийн “Саарал жагсаалт”-д орох эх үүсвэр болсон. Цаашид Монгол Улс мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэнэ гэвэл тогтолцоогоороо хөдлөх ёстой болохоос ганц Төвбанкинд үүрүүлдэг явдал хэвээр үлдэх вий. Энэ том тогтолцооны асуудал яригдах учиртай. Үүнийг дарга нар юу гэж харж байна вэ. Тагнуул, Төвбанк, Засгийн газар, хууль хүчний байгууллага, шүүх, прокурор, АТГ, тэр байтугай УИХ хяналт тавьж ажиллаж оролцох ёстой” гэсэн шүүмжлэлтэй байр сууриас хандаж байв.
Баримт 16.
Б.Жавхлангаар ахлуулсан 20 гаруй гишүүний зүгээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн онцлох нэг заалт нь гадаадын банкны салбар нэгж үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан юм. Энэ тухай тэрбээр “Хуулийн төсөл батлагдсанаар гаднын банкны салбар, гадаад хөрөнгө оруулалтаар Монголд байгуулагдах хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалтын сангууд манай улсын банк, санхүүгийн салбарт ажиллах хүсэлтэй байвал ажиллах хуулийн зохицуулалтыг хийж өгч байгаа юм.
Баримт 17.
Нөгөө талаар одоо байгаа банкны системдээ хамгаалалт хийж өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн хүрээнд гаднын банк дотоодын банкуудын зах зээл дээр ажиллахгүй . Тухайлбал, иргэдийн хадгаламж, аж ахуйн нэгжүүдийн харилцах хадгаламж татахгүй. Зөвхөн гадаадын эх үүсвэрээр ажиллах юм. Мөн банкны зээл талдаа манай жижиг зах зээл дээр ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн зээл, малчдын зээл олгохгүй. Зээл олгохдоо манай банкуудын хүрч ажиллаж чаддаггүй, 100 сая ам.доллараас дээш зээл, төслийг санхүүжүүлэхээс гадна банк хоорондын зах зээл дээр ажиллана.
Баримт 18.
Банкуудад хямд эх үүсвэрээр зээл олгож болно гэсэн үг. Энэ бүх зохицуулалтыг хийснээр дотоодын банкны зах зээлийг хамгаална. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа банкны тухай хуулиар гадаадын банкны салбар үйл ажиллагаа явуулж болно. Орж ирлээ гэхэд дотоодын банкуудын зах зээл дээр л шууд өрсөлдөх хуулийн зохицуулалт юм. Тиймээс дотоодын банкны зах зээлээс зааглаад, тусдаа хуулиар зохицуулна” гэж тайлбарлаж байлаа.
Баримт 19.
Эзэмшсэн мэргэжил нь эдийн засагч болоод ч тэр рүү Б.Жавхлан төдийлөн улстөржиж, бусадтайгаа ар зөрөөд байдаггүй цөөн гишүүний нэг. Сүүлд цар цахалтай холбогдуулж төсөвт тодотгол хийх ёстой гэсэн шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс шаардаж эхлэхэд тэрбээр “Эдийн засгийн хамгаалалтын арга хэмжээ нь хөрөнгийн, хөрөнгийн бус гэсэн арга хэмжээ авч байна. Төрийн зүгээс авах гол арга хэмжээ нь Төв банк, төсөв санхүүгийн бодлогоор удирдаж, Засгийн газар арга хэмжээгээ авах ёстой. Коронавирусаас үүсэх эдийн засгийн хямрал нь 2008, 2012 оны хямралаас бүтэц нь өөр. Энэ удаад эдийн засаг автоматаар тэг зогсолт хийсэн учраас үйлчилгээний байгууллага, жижиг, дунд үйлдвэрүүд хүчтэй нэрвэгдэж, хувь хүмүүс орлогогүй болж байна. Энэ нь дэлхийн эдийн засаг идэвхгүй болсонтой холбоотой учраа манай уул уурхайн салбарын эдийн засагт нөлөөлөх төлөвтэй байна. Цаашид яаж өрнөх нь тодорхойгүй байна.
Баримт 20.
Нэгэнт тэг зогсолт хийсэн үеийн аж ахуй нэгж, иргэд давж гарах хэмжээний эдийн засгийн тусламж, татаасыг төрөөс зохион байгуулахаас өөр арга байхгүй. Төв банк мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгаа дэмжих бүх сувгаа нээх хэрэгтэй. Эхнээс нь арга хэмжээгээ авч байна. Засгийн газар Сангийн яамаар дамжуулан татвар, НӨАТ-аар дамжуулан арга хэмжээ авч байна. БНХАУ-д гэхэд 2020 онд аж ахуй нэгжүүд нь ашиггүй ажиллах нь тодорхой болсон учраас цаашид 2021, 2022 онуудад ашигтай ажиллавал 8 жилийн хугацаанд энэ жилийн алдагдлыг шингээж, ашгийн татварт нь хөнгөлөлт үзүүлэх зэрэг ажил олгогчийг дэмжсэн, ажлын байрыг хадгалж үлдэх, бизнесээ хадгалж үлдэх бодлого барьж байна.
Баримт 21.
Бид ч гэсэн ийм чиглэл рүү ажиллах хэрэгтэй. Ажил олгогч, баялаг бүтээгчдийн бизнесээ авч үлдэх, ажлын байр хамгаалж үлдэх боломжийг бүрдүүлэх, мөн орлого багатай, ажилгүй иргэдээ хавтгайруулахгүйгээр халамжийн бодлогоор дэмжих ёстой. Бодит байдал дээр арай гэж боож оруулж ирсэн төсвийг задлах нь эрсдэлтэй” гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлсэн байдаг.
Баримт 22.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Тэрбээр “Бидний нэн тэргүүний зорилго хоккейн битүү ордонтой болох. Саяны тэмцээнд түрүүлснээрээ бид дэлхийн аваргын зоонд орж тоглох бүрэн эрхтэй болж байгаа юм. Гэтэл техникийн шаардлага хангахгүй, битүү ордонгүй учраас оролцох боломжгүй болчихсон. Тийм болохоор ордонтой болтлоо л бид одоо оролцож байгаа ангилалдаа л тоглоно.
Баримт 23.
Хоккейн спортыг илүү хөгжүүлье гэвэл битүү ордонтой л болох шаардлагатай. Одоо байгаагаараа үзүүлж болох хамгийн дээд амжилтыг бид үзүүлчихлээ. Үүнээс цаашаа амжилт ахих ямар ч боломжгүй. Битүү ордон барихаар сүүлийн 10-аад жил янз янзаар үзсэн, бид. Төсөвт суулгаж үзсэн. Олон улсын байгууллагуудад хандсан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ч татахаар оролдож байлаа. Харамсалтай нь одоохондоо ажил хэрэг болж чадаагүй байна” хэмээн ярьсан байдаг.
Баримт 24.
Хоккейн спортыг илүү хөгжүүлье гэвэл битүү ордонтой л болох шаардлагатай. Одоо байгаагаараа үзүүлж болох хамгийн дээд амжилтыг бид үзүүлчихлээ. Үүнээс цаашаа амжилт ахих ямар ч боломжгүй. Битүү ордон барихаар сүүлийн 10-аад жил янз янзаар үзсэн, бид. Төсөвт суулгаж үзсэн. Олон улсын байгууллагуудад хандсан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ч татахаар оролдож байлаа. Харамсалтай нь одоохондоо ажил хэрэг болж чадаагүй байна” хэмээн ярьсан байдаг.
Сэтгэгдэл (5)